Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00481

 

Э.С, П.А, З.М нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01895 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1976 дугаар магадлалтай,

Э.С, П.А, З.М нарын нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 300/18, 301/18, 302/18 тоот тушаалууд нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийг зөрчиж ажлаас шууд халсан тул хүчингүй болгуулан өмнө нь ажиллаж байсан ажилдаа эгүүлэн томилуулахыг даалгах, “М” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт Э.Сд 9 000 000 төгрөг, П.Ад 5 400 000 төгрөг, З.Мд 6 000 000 төгрөгийг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү.

Нэхэмжлэгч нар согтууруулах ундаа хэрэглэснийг нотолсон баримт хэрэгт байхгүй, хөдөлмөрийн гэрээнд согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажлаас хална гэсэн заалт ч байхгүй, ер нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараалсан арга хэмжээг авахгүйгээр хариуцагч шууд ажлаас халсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн.

Иймд тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба шүүх урьд нэхэмжлэлийг нэг удаа буцаасан байдаг. Шаардлагатай бол шүүх тэр хэргийг харж болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь З.М, П.А, Э.С нарыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой уурхайн кемпэд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн. З.М, П.А, Э.С нар нь 2018 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд энэ тухайгаа компанийн Тайлбар өгөх хуудас дээр өөрсдийн гараар бичиж өгсөн бөгөөд тайлбар болон холбогдох бусад баримтуудад үндэслэн тэдгээрийг ажлаас чөлөөлсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах ёстой тул миний хувьд нэхэмжлэгч нарын бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд тайлбар гаргамаар байна. Нэхэмжлэгч нар ажлаас шууд халсан нь буруу гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Өөр үндэслэлийг заагаагүй байдаг. Анхнаасаа шүүх үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн явдал болсон. Ер нь хувийн компанийн захирлын гаргасан тушаалыг хэн нэгэн хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Үүнээс гадна шүүх иргэний хэрэг үүсгэхдээ буруу үүсгэсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн тул мөн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01895 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан “М” ХХК-ийн дэд захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 300/18, 301/18 302/18 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт бүгд 20 400 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Э.С, П.А, З.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 158 950 төгрөг гаргуулж Э.Сд, 101 950 төгрөг гаргуулж П.Ад, 110 950 төгрөг гаргуулж З.Мд тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1976 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01895 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.22-ны өдрийн №1976 магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т зааснаар “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Хэтэрсэн хугацааг сэргээлгэхээр хүсэлт гаргах эсэх, шалтгаан, үндэслэлээ нотлох нь нэхэмжлэгчийн өөрийн үүрэг болох тухайд.

Э.С, П.А, З.М нар нь “М” ХХК-ийн захирлын 2018.11.14-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бол 2019.05.22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2019.05.29-ний өдөр иргэний хэрэг үүсч, 2019.09.30-ны өдөр анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн.

Хэргийн материалд байгаа баримтаар цаг хугацааны хувьд 2018.11.14-ний өдөр гарсан ажил олгогчийн шийдвэрт 6 сар 15 хоногийн дараа шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул энэ үндэслэл болоод Иргэний хуулийн 74, 82-р зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болсон.

Учир нь 2018.11.14-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалд яагаад 2019.05.22-ны өдөр буюу 6 сарын дараа шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа шалтгааныг тодорхойлж болохуйц нэг ч хүсэлт, нотлох баримт хэргийн материалд байгаагүй юм.

Нэхэмжлэгч тал ч гэсэн шүүхэд хандан хугацаа сэргээлгэх ямар нэг хүсэлт гаргаагүй төдийгүй хугацааг яагаад хэтрүүлсэн талаар нэг ч нотлох баримт хэрэгт өгөөгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйлд зааснаар талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, 5-р зүйлд зааснаар шүүгч хараат бус байх, 6-р зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих, 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогчид өөрт нь хүлээлгэсэн тул ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд хандах хуулийн хязгаарлалтыг яагаад зөрчсөн, хүндэтгэн үзэх ямар үндэслэл, шалтгаан байгаагаа өөрөө тайлбарлаж, хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргах, түүнийгээ нотлох асуудал бол нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг юм.

Гэтэл энэ үүргийг анхан шатны шүүхийн хариуцах ёстой ажил, биелүүлэх үүрэг мэтээр тайлбарлан магадлалын үндэслэл болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ хуулийн үндсэн зарчим зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна /ИХШХШТХ-ийн 4, 5, 6, 25-р зүйлүүд/.

Хэрэв давж заалдах шатны шүүхийн тайлбарлаж байгаачлан анхан шатны шүүхэд ийм үүрэг хүлээлгэвэл хэргийн оролцогчид ямар ч үүрэг, хариуцлага хүлээлгэх, түүнийг нь тайлбарлан сануулах шаардлага байхгүй болох төдийгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах, шүүгч хараат бус байх талаарх хуулийн үндсэн зарчмууд зөрчигдөж байгааг залруулна гэж найдаж байна.

Хоёр. Хэргийн 48-50-р талд авагдсан баримтуудыг үнэлэх шаардлагагүй, эдгээр баримт анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй тухайд.

Хэргийн 48-50-р хуудсуудад Э.С, П.А, З.М нарын өөрсдийнхөө гараар бичсэн тайлбарууд хадгалагдаж байгаа юм.

Энэ баримтуудыг хариуцагч тал гаргаж өгсөн боловч нэгэнт өөрт эх хувь байхгүй тул үүнийгээ тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, удаашруулахгүй байх зорилгоор нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтаар үнэлэхээс татгалзах талаарх хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан.

Нөгөө талаас анхан шатны шүүх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буюу нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа тул тушаал хуульд нийцсэн эсэх болоод маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ нь бүрэн хууль зүйн үнлэслэлтэй юм.

Учир нь анхан шатны шүүх шалгах ёстой дараалал гэж байдаг бол тэр дагуу асуудалд хандсан бөгөөд хамгийн эхэнд хуульд заасан хугацаанд хандах шаардлага хангагдаагүй тул маргааны үйл баримт руу орох ёсгүй юм.

Энэ шаардлага аргачлал ганц анхан шат гэлтгүй шүүхийн бүх шатанд яригдах ёстой, анхаарах ёстой нөхцөл байдал мөн бөгөөд гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад түүнтэй хамт маргааны үйл баримтыг зэрэгцүүлэн үнэлж дүгнэх хууль зүйн боломжгүй тул энэ талаарх магадлалын үндэслэл буруу болсон.

Нэхэмжлэгч нар 2018.11.14-ний ажлаас чөлөөлсөн тушаалд 2019.05.22-ны өдөр нэхэмжлэл гаргахаас өмнө 2018 оны 12-р сард шүүхэд хандаж байсан эсэх нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байхад тодруулаагүй хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгасныг зөвшөөрөхгүй байна.

Учир нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн гомдлын үндэслэлийг хянахгүйгээр гомдлыг буцаадагтай адил анхан шатны шүүх шүүхэд хандахдаа хуульд заасан хугацаанд хандсан байна уу гэдгийг хамгийн түрүүнд анхаарсан, нэгэнт хугацаа хэтрүүлсэн тул маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

Жишээ нь манай тохиолдолд: согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, хэзээ, хэнтэй хэрэглэсэн, тэр нь юугаар нотлогдох асуудлыг маргааны үйл баримт болохоос бус гомдлоо шүүхэд хэзээ гаргасан нь маргааны үйл баримт биш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай асуудал юм.

Дээрх 3 үндэслэлд дурдсанаар давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн байх  тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.3-т зааснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.22-ны өдрийн №1976 магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.30-ны өдрийн №181/ШШ2019/01895 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.С, П.А, З.М нар нь “М” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх “...хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байдлыг тодруулаагүй, ...түүнчлэн хэргийн 48-50 дугаар талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан  шаардлага хангаагүй байх тул маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна...” гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгч нь нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, ...хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ нотлоогүй, хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргаагүй, ...түүнчлэн магадлалд заасан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэх үндэслэл зааж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж, 129.3.-т энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж,  Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7.-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.С, П.А, З.М нар нь “М” ХХК-ийн Захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №300/18, 301/18, 302/18 дугаартай тушаалуудаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, шүүхэд нэхэмжлэл гаргуулахаар итгэмжлэл үйлдсэн, тус иргэний хэрэг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд үндэслэн хэлэлцэгдсэн байна.

 Хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 02 дугаар сард тус тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан талаар тайлбарласан, хариуцагч эс зөвшөөрч мэтгэлцээгүй байхад шүүх энэ талаар тодруулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх, түүнийг сэргээх үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй атлаа  нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Улмаар хэрэгт цугларсан баримт хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтыг зөрчөөгүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1976 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД