Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2134

 

Д.Жы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01654 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Жы, хариуцагч Ч.Тт холбогдуулан гаргасан 53 223 995 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Тийн 37 201 676 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

             Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Тийн надаас зээлсэн 74 466 ам.долларын үлдэгдэл 8 424 ам.доллар, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх нэг сарын хугацааны зээлийн хүү 2 978.64 ам.доллар, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 36 хоногийн алданги 13 403.88 ам.доллар, зээлийн үлдэгдэл 8 424 ам.доллар, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх 14 хоногийн алданги 589.68 ам.доллар, нийт 22 417.56 ам.доллар, өөрөөр хэлбэл, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ханшаар 1 ам.доллар 2 374.2 төгрөгтэй тэнцэж байна. 

            Өөрөөр хэлбэл 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, алданги тохиролцоогүй бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 32 000 000 төгрөгийн 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, алданги тохиролцсон, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 000 ам.долларыг зээлдүүлсэн энэ гэрээ хүчин төгөлдөр бус, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийг аман хэлцлээр өгсөн, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 14 000 000 төгрөгийг, 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн ба нийт 254 736 200 төгрөг болж байна. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 154 000 000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч хэлсэн. Иймд 100 736 200 төгрөг болж байгаа боловч 53 223 995 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Т нь Д.Жаас ам.доллараар зээл авч байгаагүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу уг зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүлээн авсан гэсэн ч ам.долларыг шилжүүлэн аваагүй тул зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй. Түүнчлэн ам.доллараар гэрээ байгуулахыг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх болон Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт тус тус зааснаар хийхийг хориглосон. Ч.Т нь Д.Жтай 1998 оноос хойш найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд өнгөрсөн 18 жилийн турш түүнээс 2 хувийн хүүтэй, алданги тооцох нөхцөлтэйгөөр их хэмжээний зээл авч, хүүтэй нь буцаан төлдөг байсан. Өмнө байгуулсан төгрөгийн Зээлийн гэрээний тооцоо байсан боловч 2016 оны 10 сарын 29-ний өдөр төлбөрийг хаасан. Харин нэхэмжилж буй 74 466 ам.долларыг шилжүүлэн аваагүй тул зээлийн гэрээний үүрэг үүсээгүй. Иймд ам.долларын зээлийн гэрээний үүрэгт 53 223 995 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч.Т нь Д.Жд дээрх таван зээлийн гэрээний үүрэгт нийт 123 998 324 төгрөгийг төлөхөөр байна. Гэтэл Ч.Т нь эрх зүйн мэдлэггүйгээсээ болж, 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Жд 154 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бөгөөд 30 001 676 төгрөгийг илүү төлсөн. Иймд Д.Жаас илүү төлсөн 30 001 676 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 7 200 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 37 201 676 төгрөгийг нэхэмжлэгч Д.Жаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Ж сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ нь хүү, алдангийг төлөхөөр тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ юм. Сөрөг нэхэмжлэлд бичсэн 5 удаагийн 10 000 000 төгрөг тус бүр өгсөн гэх аман гэрээг байгуулаагүй. Сөрөг нэхэмжлэлдээ хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд 80 000 000 төгрөгийн болон 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр Ч.Т үндсэн зээл, хүү, алдангийн хамт 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн зөвшөөрч 154 000 000 төгрөгийг төлсөн. Ч.Т нь миний эзэмшлийн Голомт банкны ам.долларын хадгаламжийг цуцлуулсан ба ам.долларын ханш өсөж байгаа болохоор 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр авсан зээл, зээлийн хүүг төлөхийн тулд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ам.долларт шилжүүлж 74 466 ам долларын зээлийн гэрээг байгуулсан.

            Нэгэнт дээрх ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр тооцож үзэхэд 2 гэрээний үндсэн зээл, хүү, алданги 156 140 000 төгрөг болох ба 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 154 000 000 төгрөгийг Ч.Т төлсөн. Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Ч.Т нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 8 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй байгуулсан гэж хүлээн зөвшөөрсөн. Иймд Ч.Тийн гуйлтаар н.Х-т 8 000 000 төгрөгийг өгсөн ба 8 000 000 төгрөгийн хүүг 8 cap хүртэл төлж байсан тул хариуцагчийн 8 000 000 төгрөг авсан гэдэг үйл баримт нотлогдож байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

               

            Шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Таас 53 223 995 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Д.Жы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Жаас 14 170 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Тт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 23 031 676 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Жы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546 082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 228 800 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Тт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчийг солих болсон шалтгааныг анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Тус шүүх тухайн тайлбарыг хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгчийн өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн тодруулга гэх баримтыг үнэн зөв гэж үзэж, өрөөсгөл дүгнэлтийг хийсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт болох 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд “гэрээнд заасан зээл болох 80 000 000 төгрөгийг хүлээлцэв” гэсэн нэхэмжлэгч Д.Ж, хариуцагч Ч.Т нар гарын үсгээ зурсан баримтаар тухайн өдөр мөнгийг хүлээлгэн өгсөн нь нотлогдсоор байхад дээрх нэхэмжлэлийн шаардлагын тодруулга гэх баримтыг үндэслэн өрөөсгөл дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ гэж заасан.

Анхан шатны шүүх 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 6-7 сар орчмын дараа нэхэмжлэгч нь хариуцагчид дахин нэмж мөнгө зээлдүүлсэн цаг хугацааг анхааралгүй /2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээ/ хэргийг шийдвэрлэсэн бөгөөд ирээдүйд зээлэх мөнгийг нэгтгэж гэрээ байгуулсан мэтээр үндэслэлгүй дүгнэлтийг хийж, нотлох баримтыг буруу үнэлсэн.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Ч.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53 223 995 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн төлбөр болох 37 201 676 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган, маргажээ.

  1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талуудын хооронд нийт 5 зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 71 000 000 төгрөг, 10 000 ам.доллар шилжүүлсэн болох нь  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 154 000 000 төгрөг авсан үйл баримтын талаар маргаагүй. Шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тооцоо хийж, хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт 139 830 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлснээр талуудын үүрэг дуусгавар болсон гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан үүрэг хожим дуусгавар болсон байхад түүний дагуу төлсөн мөнгө гэж үзэн, үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтад хүчин төгөлдөр бус болсон үүрэг, эсхүл огт үүрэг байхгүй болсон, эсхүл үүргийг дуусгавар болсны дараа төлөгдсөн мөнгөн төлбөр, дуусгавар болсныг мэдээгүй байхдаа төлсөн үндэслэлүүд хамаарна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт төлбөрийг гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрч, талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээг хийхийг шаардахгүй гэж, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт үүрэг ямар үндэслэлээр дуусгавар болох талаар тус тус заасан.

Хариуцагч Ч.Т нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрөө хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 154 000 000 төгрөг төлсөн нь дээрх хуулийн заалтад нийцсэн байх бөгөөд үүнийг сүүлд нь үүрэг дуусгавар болсон гэж үзэн нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхгүй.

Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үүрэг хожим дуусгавар болсон гэх үндэслэлд хариуцагчийг зээлийн төлбөрт 154 000 000 төгрөг төлөх ёстой мөнгөнөөс илүү мөнгө төлсөн байгаа нь хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн тооцоолол нь зохигчдын хооронд хийгдсэн хүү тогтоосон гэрээ, хуулиар тогтоосон алдангийн дээд хэмжээгээр хязгаарлаж хийсэн тооцоо учир тухайн цаг хугацаанд хариуцагчийг зээлийн үүргээ тооцож төлсөн төлбөрт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хамааруулан үзэх боломжгүй.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01654 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жы 53 223 995 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Ч.Тийн 37 201 676 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                  Ч.ЦЭНД