Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 01/ХТ2020/00595

 

П.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02210 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1837 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: П.Д-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Хариуцагч: “Хөрөнгө-Эстимэйт” ХХК

          Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: СХД-н ИХАШШ-н шүүгчийн 2017-12-22-ны өдрийн 184/ШШ2018/02943 дугаартай захирамжаар П.Д-аас 108,298,341 төгрөг гаргуулж, “Сидан” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу П.Д- миний өмчлөлийн, СХД-н ..-р хороо, ... байрны .. тоот 66,86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг ШШГТХ-н 55.2.2-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 111,389,100 төгрөгөөр үнэлсэн, 70 хувиар тооцон 77,972,370 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосныг мэдэгдсэн. 2019-03-29-ний өдрийн 4/7920 дугаартай үнэлгээний мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 111,389,100 төгрөг гарсан байх бөгөөд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлжээ. Иймээс уг орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тайлбартаа: 184/ШШ2018/02943 дугаар захирамжаар П.Д-аас 108,298,341 төгрөгийг гаргуулж Сидан ХЗХ-д олгохоор, төлбөр төлөгч П.Д- шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох ..66,86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалган шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч П.Д-д 2018 оны 18271292/01, 18271292/02, 18271292/16, 170/3 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг битүүмжлэн, хурааж ШШГТХ-н 55.2.2-т заасны дагуу Хөрөнгө-Эстимэйт ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 111,389,100 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.. 55.3-т заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг 2019-03-29-ний өдөр 4/7920, 4/7921 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч П.Д-д мэдэгдэж, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч Хөрөнгө-Эстимэйт ХХК тайлбартаа: Манай байгууллага нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 136 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Нарантунгалагийн 2019-03-15-ны өдрийн 89 тоот шинжээч томилох тогтоолын дагуу .. 66,86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоохоор шинжээчээр томилогдсон. Бид үнэлгээг тогтоохдоо тухайн байранд үзлэг, шинжилгээ хийж олон улсын үнэлгээний стандартын дагуу үнэлгээний тайланг бичсэн. Үнэлгээг хийхдээ орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн хандлагаар тооцож зах зээлийн хандлагын аргаар хийсэн үнэлгээнд 100%-н ач холбогдол өгсөн. Зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг хийхдээ тухайн үед уг хороололд зарагдаж байгаа ижил төсөөтэй орон сууцнуудтай харьцуулж зах зээлийн үнэлгээг гаргасан болно. Уг 66,86 м.кв 2 өрөө орон сууцыг үнэлэхдээ 111,389,100 төгрөгөөр үнэлсэн 1 м.кв-ийн үнийг 1,666,000 төгрөгөөр тогтоосон. Москва хороололд судалгаа хийхэд 1 м.кв-ийн дундаж үнэ 1,500,000- 1,600,000 төгрөгийн хооронд зарагдаж байсан. Иймд зах зээлийн ханшнаас доогуур үнэлэх ямар ч үндэслэлгүй болно. Сургууль, цэцэрлэг баригдаж байгаа ба очиж үзсэн. Гэвч орон сууцны үнэлгээнд ямар нэг нөлөөлөл байхгүй. Шүүхээс томилогдсон шинжээч ч зах зээлийн үнэлгээг бодитой гаргасан байна гэжээ.

         Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 184/ШШ2019/02210 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч П.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1837 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 66.86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг ШШГТХ-н 55.2.2-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 111.389.100 үнэлсэн төгрөгийн 70 хувиар тооцон 77.972.370 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн 2019-03-29-ний өдрийн 4/7920 дугаартай үнэлгээний мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 111.389.100 төгрөг гарсан байх бөгөөд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлжээ. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас П.Д-ын өмчлөлийн ..Ү-....... дугаартай сууцыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Уг орон сууц нь байрлалын хувьд сайн, үйлчилгээ, зам, автобусны буудлаас ойрхон ашигтай газар байрлах орон сууцыг маш бага үнээр үнэлжээ. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         П.Д- 2019-04-09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Хөрөнгө-Эстимэйт ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байр, .. тоот 66,86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгохыг шаарджээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, П.Д- 107,602,380 төгрөг төлөхөөр Сидан Хадгаламж зээлийн хоршоотой эвлэрсэн тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017-12-22-ны өдөр 184/ШШ2018/02943 дугаар захирамж гаргасан, захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар захирамжид заажээ.  

        Төлбөр төлөгдөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлж, хариуцагч нь төлбөр төлөгчийн хөрөнгийн 2018-10-16-ны өдрийн 18271292/01 дугаар мэдүүлгийг үндэслэн нэг хүний буюу П.Д-ын өмчлөлийн орон сууц болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, .. дүгээр байр, .. тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, үнэлүүлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй гэж шүүх үзсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтад нийцсэн байна.    

        Эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хариуцагч нар нь хууль зөрчсөн гэх байдал нотлогдоогүй, үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоосон гэж үзэх баримтгүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.  

        Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

        Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлож чадаагүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 116 дугаар зүйлийн 116.2,116.3-т нийцсэн байна. 

       Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02210 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1837 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019-12-03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ