| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2019/0003/Э |
| Дугаар | 2019/ДШМ/17 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2019/ДШМ/17
| 2019 оны 02 сарын 27 өдөр | 2019/ДШМ/17 Зуунмод |
О.Ж-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор И.Мөнхцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл
Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 01 сарын 03-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч О.Ж-д холбогдох 1834005640437 дугаартай 1 хавтас, 173 хуудас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Эрдэнэ хүнс” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Төв аймаг .... оршин суух, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23а тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, О.Ж /РД:....13/.
Шүүгдэгч О.Ж нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Боовын ам гэх газарт байрлах иргэн Ө.Гантөмөрийн хаваржаанаас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд 300 ширхэг өвөлжөөний дээврийн шургааг модыг учрах саадыг арилгах зорилгоор 53-88 ТӨҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Улиастай гэх газарт байрлах иргэн Р.Нэргүйгийн өвөлжөөнөөс 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өвөлжөөний дээврийн 170 ширхэг шургааг модыг учрах саадыг арилгах зорилгоор 53-88 ТӨҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж. нууцаар хууль бусаар авч, бусдад 850.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 03-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч О.Ж-г машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 53-88 ТӨҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 53-88 ТӨҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, №01969167 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №736580 дугаартай жолооны үнэмлэх зэргийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Ж-г машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, 53-88 ТӨҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч О.Дашбатад буцаан өгөхөөр тус тус шийдвэрлэсэн байна. Шүүхээс иргэний нэхэмжлэгч О.Дашбатын эзэмшлийн 53-88 ТӨҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах, эсхүл түүний үнийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн зарчимд нийцээгүй байна гэж дүгнэлээ.
Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д тус тус заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “.... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөх ..” гэсэн 3 төрлийн ойлголт байгаа. Улсын орлого болгох гэсэн ойлголт байхгүй. Тиймээс прокурорын гаргасан эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: “... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах байтал орхигдуулсан. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж дээд шатны прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхээс О.Ж-н үйлдсэн гэмт хэрэгт хийсэн хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэсэн шаардлагыг хангаагүйгээрээ үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Ж хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно гэж дүгнээд, О.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг хөдөлбөргүй нотлохоор хуульчилсан.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогч Р.Нэргүйгийн “...манай өвөлжөөний дээврийн 170 ширхэг шургааг хулгайд алдагдсан, шургааг 4 метр 50 см урттай шинэс мод байсан.” /хх-ийн 31,34 хуудас/ гэх мэдүүлэг, хохирогч Ө.Гантөмөрийн “...саравчны хашааны дээврийн шургаагнуудыг бүгдийг нь хулгайлсан байсан. Нийтдээ 300 орчим ширхэг 3 метр 50 см урттай бүдүүн хар модон шургаагнууд байсан юм.” /хх-ийн 68 хуудас/ гэх мэдүүлэг, яллагдагч О.Ж-н “...Нэргүйн өвөлжөөний дээврээс яг тоог нь санахгүй байна, 100 гаран шургааг мод хулгайлан авч, 1 ширхэгийг нь 3000 төгрөгөөр Галаад зарсан. Би Галаа гэх хүнд 4 удаа мод өгсөн. Гантөмөрийн өвөлжөөний дээврээс Портер маркын 53-88 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2 удаагийн үйлдлээр 300 ширхэг шургааг ачиж, Галаад 1 ширхэгийг нь 3000 төгрөгөнд бодож зарсан” /хх-ийн 61,91 хуудас/ гэх мэдүүлэг, гэрч С.Галбадрахын “...О.Ж 2 удаа цэнхэр портертой 120 гаран шургааг авчирч буулгасан, модны мөнгө гэж 130000 орчим төгрөг өгсөн. Авчирч зарсан мод 4 метр урттай моднууд байсан” /хх-ийн 35 хуудас/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд О.Ж гэмт хэргийг хэдийд, хэдэн удаагийн үйлдлээр хэрхэн яаж үйлдсэн, хохирогч нар яг хэдэн шургааг мод хулгайд алдсан болох, хохирлын хэмжээ бодитой эсэх, хохирогч Ө.Гантөмөр, Р.Нэргүй нарын өвөлжөөнөөс 3.5-4 метрийн урттай, 470 ширхэг шургааг модыг 2 удаагийн үйлдлээр ганцаараа хулгайлсан гэх шүүгдэгчийн мэдүүлэг өөр бусад ямар нотлох баримтаар нотлогдож байгаа болох, 3.5-4 метрийн урттай 470 ширхэг бүдүүн шургааг модыг 2 удаагийн үйлдлээр Портер маркийн ачааны автомашинд ачиж тээвэрлэх боломжтой эсэх, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “О.Ж оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй” /хх-48-49 хуудас/ гэсэн байх боловч хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон актанд “”оюуны хүндэвтэр хомсдолтой” /хх-92 хуудас/ гэснээс үзвэл түүний онош зөрүүтэй байх ба тэрээр хэрэг хариуцах чадвартай эсэх, тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой эсэх нь тодорхойгүй, дээрх байдлуудаар хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байхад шүүх шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.” гэсэн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Түүнчлэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаасан прокурорын №239,240 дугаартай тогтоолд /хх-55,85 хуудас/ дурьдагдсан ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.
Хохирогч нараас ирүүлсэн “өвөлжөөний дээврийг зассан, хохиролгүй болсон” гэх баримт нь /хх-149,150 хуудас/ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Гэтэл шүүх дээрх баримтыг үнэлж “шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээг багасган ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг зөв хэрэглэх шаардлагатай байна.
Дээр дурьдсан үндэслэлээр гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 03-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч О.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ц.ӨРНӨНДЭЛГЭР
Г.БОЛОРМАА