Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2139

 

А.А.Р-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01974 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн А.А.Р-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Я.О, О.Ө нарт холбогдох

Хариуцагч О.Ө, Я.О нарын хооронд байгуулагдсан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар худалдах, худалдан авах“ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Я.О-ийн өмгөөлөгч С.Ү-ийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г

Хариуцагч Я.О-ийн өмгөөлөгч С.Ү

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн О.Ө-ын өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан 1 дүгээр гудамжны 15-А тоот хашааны газрыг 10 000 000 төгрөгөөр, тус газар дээрх хувийн орон сууцыг 8 000 000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 6 000 000 төгрөгийг О.Өлзийбаярт өгч, нотариатаар батлуулсан. Хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг О.Ө-тай 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч нь гадаад улсын иргэн тул худалдаж авсан газрынхаа өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжгүй байсан тул найзын эхнэр Я.О-д хашаа байшингийн газрын өмчлөх эрхийг амаар түүний өмчлөлд түр шилжүүлж, хашаа байшингаа зарах үед худалдан авсан иргэнд газрыг саадгүй шилжүүлэхээр тохиролцож, Я.О-ийн өмчлөлд дээрх газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн өмчлөлд хувийн сууц, хариуцагчийн өмчлөлд газар бүрэн шилжиж, холбогдох гэрчилгээнүүд гарсан тул иргэн О.Ө-т үлдэгдэл төлбөр 12 000 000 төгрөгийг төлж, төлбөр тооцоо бүрэн дууссан. Нэхэмжлэгч 2013 онд нутаг буцахаар болж хувийн орон сууц, газраа бусдад худалдах гэтэл Я.О 27 000 000 төгрөгөөр худалдаж авья гэсний дагуу түүнд худалдахаар тохиролцсон.

Нэгэнт газар өмчлөх эрх хариуцагчийн нэр дээр байгаа тул 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зөвхөн хувийн орон сууцаа бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж, тухайн өдрөө урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг авч, үлдэгдэл төлбөр 24 000 000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээг талууд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Уг зээлийн гэрээний дагуу Я.О 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 24 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул түүнтэй байгуулсан бэлэглэлийн болон зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2980 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 866 тоот магадлалаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хувийн сууц бэлэглэлийн гэрээ болон 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, хувийн сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож шийдвэрлэсэн. Ийнхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагчийн өмчлөлд байсан газар өмчлөх эрхээ шилжүүлж өгөхийг хүссэн татгалзсан.

Хариуцагч О.Ө, Я.О нарын хооронд байгуулагдсан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг гадаадын иргэнтэй хийсэн хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл мөн татвараас зайлсхийх үүднээс 10 000 000 төгрөгийн хэлцлийг 3 000 000 төгрөгийн хэлцэл мэтээр хийсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ОХУ-ын иргэн А.А.Р, түүний төлөөлөгч Ц.Г-ын нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч О.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны намар өөрийн хашаа, хувийн сууцаа худалдах зар өгсний дагуу ОХУ-ын иргэн А.А.Р өөрийн биеэр ирж үзэн нийт 18 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон. Ингээд 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан 1 дүгээр гудамжны 15-А тоотод байрлах 52 м.кв хувийн сууцаа А.А-д худалдаж түүний нэр дээр шилжүүлсэн. Харин Газрын тухай хуулиар газар өмчлөх эрхийг гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэхийг хориглодог тул А.А “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г өөрийн найзын эхнэр Я.О-ийн нэр дээр хийж, түүнд газар өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хүсэлт тавьсан. Ингээд 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан 1 дүгээр гудамжны 15А тоотод байршилтай 331 м.кв хашааны газраа Я.О-тай гэрээ байгуулж, түүний нэр дээр шилжүүлсэн. А надад 18 000 000 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд иргэн Я.О-аас мөнгө төгрөг авч байгаагүй. 2015 онд А.А өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тодорхойлолт хийж, нотариатаар батлуулж өгсөн. Дээрх хоёр хүний хооронд үүсээд байгаа маргаан нь худалдагч тал миний биеэс хууль журмын дагуу өөрийн эзэмшлийн хашаа байшин болон газрыг худалдан, тэдний эзэмшилд шилжүүлснээс хойш үүссэн тул надад хамааралгүй. Харин иргэн Я.О бид хоёрын хооронд байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ нь худалдан авагч тал А.А-н хүсэлтээр хийгдсэн ба энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.А.Р-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч О.Ө болон Я.О нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Газар худалдах худалдан авах гэрээ нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 175 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 55 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ө болон Я.О нараас 62 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А.Р-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.О-ийн өмгөөлөгч С.Ү давж заалдах гомдолдоо: ...Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ''Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэгт тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцлийг ойлгох ба О.Ө нь Я.О-д газар худалдах, Я.О нь О.Ө-т төлбөр төлөх, улмаар газар өмчлөх эрхийг харилцан шилжүүлэх зорилгогүй, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүй хийсэн хэлцэл болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна" гэсэн байх бөгөөд хэлцэл хийх хүсэл зориг байсан эсэхийг тухайн шүүх хуралдаан дээр тогтоох боломжгүй байхад шүүх өөрөө ийм дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: талуудын хүсэл зоригийнн илэрхийлэл хүчин төгөлдөр эсэхийг зөвхөн талууд өөрсдөө тодорхойлох бөгөөд хүсэл зоригоо Иргэний хуульд заасны дагуу "Газар худалдах, худалдан авах гэрээ" байгуулж Улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрх шилжсэн нь өөрөө талуудын хүсэл зориг хүчин төгөлдөр байгааг тодорхойлж байгаа болно.

Мөн Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зөвхөн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх талаар шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах тухай зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 56 дутаар зүйлд заасны дагуу сонирхогч этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй боловч тухайн сонирхогч этгээд дээрх хэлцлийн улмаас нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн байхыг шаардсан байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх газар худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор ямар эрх зөрчигдсөн нь тодорхойлоогүй буюу нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн хүсэл зориг нөхцөлдөхгүй байна гэж үзэж байна. Шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар төрлийн эрх зөрчигдсөн байх талаар нэхэмжлэгч, шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хуульд бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

       Нэхэмжлэгч А.А.Р хариуцагч Я.О, О.Ө нарт холбогдуулан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Газар худалдах, худалдан авах” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч О.Ө уг гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн гэж зөвшөөрч,  харин хариуцагч Я.О эс зөвшөөрч маргажээ.

         Хариуцагч О.Ө нь нэхэмжлэгч А.А.Р-ийн хүсэлтээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1 дүгээр гудамжны 15-А тоотод байрлах 331 м.кв хашааны газраа хариуцагч Я.О-д 3 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоны дагуу тэдний хооронд 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Газар худалдах худалдан авах” гэрээ байгуулагджээ. /1 х.х-ийн 41/

         Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх газар худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа хариуцагч нар газар худалдах, худалдан авах хэлцэл хийх хүсэл зорилгогүй байсан, хариуцагч О.Ө-аас газар худалдан авахаар тохиролцож, төлбөрт 10 000 000 төгрөг төлсөн боловч тэрээр гадаад улсын иргэн учраас газар өмчлөх эрхийг Я.О-ийн нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

       Дээрхээс үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байхыг хуулиар тогтоосон байхад анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, улмаар үүсэх үр дагавар нь тодорхой бус шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр үр дагаврыг хэрхэн арилгуулах, зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээлгэх талаархи нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан уг шаардлагыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх, уг маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01974 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.О-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Ш.ОЮУНХАНД

                                                                                                            Д.БАЙГАЛМАА