| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 187/2018/0593/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 152
У.Б- холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Баярхүү,
хохирогч У.А-,
шүүгдэгч У.Б-,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1810000210749 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
У.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00:00 цагийн үед, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн У.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: У.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 56 цагийг хасч, 664 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У.Б- миний бие нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолд доорх шалтгаанаар гомдол гаргасан. Намайг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн болно. Миний бие одоогоор нягтлан бодогч мэргэжлээр “Эм Ай Эс Эс” ХХК болон “Төвхөн Трейд” ХХК-д ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Хүн амын орлогын тайлан, 2018 оны жилийн эцсийн тайланг 2019 оны 2 дугаар сарын 20-ны дотор багтаан гаргаж, тайлагнаж баталгаажуулах үүрэгтэй.
Нийтэд тустай ажил хийлгэх ял нь өдөрт 4 цагаар ажиллах ба ажлын 180 хоног буюу 8 сар гаруй хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ нь манай байгууллагын жилийн хамгийн чухал тайланг тасалдуулах, түүнчлэн цаашид үндсэн ажлаа эрхлэх боломжгүй болгож байна. 720 цагийн ажлыг 8 сарын хугацаанд хийх болоод байна. Энэ ял надад чангадсан, хатуудсан тул ялыг солиулахаар гомдол гаргасан.
Миний хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанарыг харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөнгөн торгуулийн ялаар сольж өгнө үү” гэв.
Хохирогч У.А-тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Гэмт хэрэг гарахад миний буруутай үйлдэл нөлөөлсөн. Тухайн үед би гомдолтой байсан тул мэдүүлэг өгч, үүнийгээ илэрхийлсэн. У.Б- нягтлан бодогчоор ажилладаг тул цаашид ажил хөдөлмөрөө хийхэд нь хэрэгтэй байх гэж үзээд түүний давж заалдах гомдлыг нь дэмжиж байгаа” гэв.
Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 599 дугаартай дүгнэлт, хохирогч У.А-гийн, мөн шүүгдэгч У.Б-гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг үндэслэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, У.Б-д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
У.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн үед, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн У.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч У.А-гийн: “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим над руу найз залуу У.Б-залгаад бид хоёр хоорондоо маргалдсан. ... Би түүнд “эрт харьж амарлаа, маргааш өглөө эрт ажилтай, хоёулаа салъя” гэж хэлээд хувцасаа өмсөөд зогстол У.Б-над руу уурлаад ууж байсан стакантай пиво цацаад тооцоогоо хийгээд пабаас гарсан. ... У.Б-эргэж паб руу орж ирээд намайг “гаръя” гэж хэлэхээр нь би түүнд “гарахгүй” гэж хэлтэл миний энгэр орчмоос заамдаад пабаас авч гарсан. Манай байрны 3 дугаар орцны 2 давхарт гараад “чи надаар тоглолоо, миний сэтгэлийг бодсонгүй” гэж надад хэлээд миний баруун, зүүн хацар луу гарын алгаараа 4-өөс 5 удаа ээлжилж цохиод намайг газарт унагаасан.” /хх-14-17, 38-39/,
шүүгдэгч У.Б-гийн яллагдагчаар өгсөн: “... Орцонд би, У.А-д ойлгуулчих санаатай эвлэрч, аргадах гэхэд У.А- уурлаад бид хоёр хоорондоо ойлголцож чадахгүй байсан. У.А- өөрөө над руу “сална” гээд намайг цохих гээд дайрахаар нь У.А-г өөрөөсөө холдуулах байдлаар түлхэлцэж, зууралдаад, ноцолдсон. ... “тэгвэл одоо больцгооё” гээд гараад явсан. У.А- надтай зууралдаж ноцолдож байхдаа халтираад өвдөгөөрөө унасан. Би урьд өмнө У.А-г зодож, цохиж байсан зүйл байхгүй” /хх-36-37/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 599 дугаартай: “1. У.А--н биед тархи доргилт, баруун нүдний гадна буланд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. …” /хх-22/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч У.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч У.Б-гийн бусдад хүч хэрэглэсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Хэрэгт байгаа баримтаас үзэхэд, шүүгдэгч У.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 23-нөөс 24-нд шилжих шөнө хохирогч У.А-гийн нөхөр болох П.Энхмандахыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ.
Шүүгдэгч У.Б- 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө У.А-гийн биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдснээс хойш буюу 2018 оны 2 дугаар сарын 23-нөөс 24-нд шилжих шөнө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд торгуулийг төлж, уг ял нь 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр биелэгдсэн байна. /хх-63/
Дээрх үйлдлээс хойш 2 сарын дараа буюу 2018 оны 2 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө У.Б- нь хохирогч У.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээр өмнөх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарч У.Б-гийн сүүлчийн үйлдэл буюу 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдсон байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэжээ.
Шүүгдэгч У.Б- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр уг ял нэгэнт биелэгдсэн байх тул хөндөхгүй орхив.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо, хүчин төгөлдөр болсон буюу торгуулийн ял оногдуулсан, улмаас уг ял биелэгдсэн байдлын талаар дүгнээгүй байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх-111/ үзэхэд уг тогтоолын талаар хэлэлцсэн гэж үзэхээр байна.
Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцсэн асуудалд дүгнэлт хийсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байх тул энэ тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд буюу түүнд оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч У.Б- “...720 цагийн нийтэд тустай ажлыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч У.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирчээ.
Иймд шүүгдэгч У.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ