Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл. Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Л.Ганбаатар,

            Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

            Улсын яллагч Ц.Алдархишиг,

            Шүүгдэгч  Б.Гал-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,

Шүүгдэгч Б.Батболд, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Баясгалан,

Шинжээч Б.Ламчин нарыг оролцуулан,

            Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон Баясгалангийн Гал-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Баттөмөрийн Батболд нарт холбогдох 2015 0100 0133 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 10-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

            1.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 49-12 тоотод оршин
суух бүртгэлтэй, төрөөс авсан гавьяа шагналгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулсан,

1996 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 286 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар хорих ял дээр, 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоосон,

1998 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 1-д зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар,

1999 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 427 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар хорих ялаар,

2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 216 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 150.000 төгрөгөөр торгох ялаар,

2001 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 457 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 сар хорих ялаар,

2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Баясгалангийн Гал-Эрдэнэ (РД:ХГ79021614),

нь яллах дүгнэлтэд тэмдэглэснээр 2015 оны 6 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалан, 6 удаагийн давтан үйлдлээр бусдад борлуулсан,

2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй ууттайгаа 1,5 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 8 дугаар байрны 07 тоот гэртээ хадгалсан,

2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар сургуулийн орчимд Б.Батболдод 0,2 грамм "мөс" гэх мансууруулах бодисыг борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

2.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улдаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ-ын 3-1-49 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сандаг овгийн Баттөмөрийн Батболд (РД:ХМ79081013),

нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар сургуулийн орчим яллагдагч Б.Гал-Эрдэнээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Гал-Эрдэнээс мэдүүлэхдээ:-Анх надаас 2015 оны 01 сараас 10 сар хүртэл нийт 6 удаа мансууруулах бодис зарсан гэж мэдүүлэг авсан. Дараа нь 6 сараас 10 сар хүртэл гэж өөр байцаалт авсан. Миний хувьд 6 удаа борлуулсан зүйл байхгүй. 2015 оны 10 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Батболд над руу утсаар яриад байвал өгөөч гэхээр нь зүгээр өгсөн. Тэрнээс биш мөнгөөр Батболдод зараагүй. Мансууруулах бодис зарж борлуулсан зүйл байхгүй. Батболдод 50 дугаар сургуулийн орчимд өгсөн. Тэр үед архи уусан байсан. Би тэр мансууруулах бодисыг Минт барнаас 3 танихгүй залуугаас авсан. Би Батболдод өгөхдөө мөнгө төгрөг өгнө, авна гэж ярилцаагүй. Шээсний шинжилгээ хийхэд протокол үйлдээгүй гэв.

Б.Гал-Эрдэнээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Минт” клубт очоод 100 татаад ганц нэг пиво уугаад байж байгаад “Минт” баарнаас тэр “Мөс” гэгч хар тамхийг олж авсан. Надад “Мөс” өгсөн нөхдүүдийг бол танихгүй нэгийг нь хальт зүс харж байсан. Нөгөөдүүлийг нь бол мэдэхгүй надтай эхлээд нэг нь нуруу руу цохиод сонин юу байна, юу хийж байгаа юм, ямар урвагар байна аа гэх зэргээр ярьж байгаад салсан. Тэд нар ч тэр хавиар бүжиглээд л гүйгээд байсан тэгэж байснаа миний нөгөө зүс харсан нөхөртэй цуг явсан нөхөр нь “ямар уравгар байна аа, багаа энийг хэрэглэж үзэх үү сэтгэл санаа гоё болно” гээд “Мөс” гэх бодисыг надад өгсөн. Тэгээд “Минт”-ээс гараад гэр рүүгээ шууд явсан, манайд хүн байгаагүй тэгэнгүүт нь надад бас хэрэглэдэг сав гээд өгсөн байсан, түүгээр нь хэрэглэсэн. Гэртээ хоол цай идсэнийхээ дараа хэрэглэсэн. Энэ үед шөнийн 12 цаг өнгөрөөд 01 цаг ч болж байна уу? Тиймэрхүү л байгаа байх гэж бодож байна. Энэ үед манай найз Батболд гэдэг шиг санаж байна хуучин цагдаад байсан нөхөр одоо машин зардаг, тэр утасдаад архи уух уу гэсэн. Ялалтын тэнд уулзахаар болсон ингээд би гэрээсээ машинаа асааж унаад шууд Ялалтын тийшээ явж очоод залгасан чинь 50 дугаар сургуулийн тэнд хүрээд ирээ гээд л уулзацгаасан. Уулзах үед Батболд ганцаараа явган явж байсан. Уулзаад хаана орж дуулах уу гэсэн чинь Батболд надад хандан “эргээд яръя найзуудтайгаа ууж байна, тэд нараас салчихаад яръя” гээд салаад явсан. Батболдтой ярихаас өмнө Буянаа гээд дүү охин залгаад “юу хийж байна дүү нь найз нартайгаа караокед байна хүүхдийн зуу хавьцаа” гэсэн шиг санаж байна. Ялалтын тэнд уулзахаар болсон, үүний дараагаар Батболдтой уулзсан. Батболд надад найз нь 2 хүүхэн зохицуулчихъя гэсэн болохоор би Буянаатай уулзаад ах нь амжихаа больчихлоо гээд явуулчихсан. Тэндээс хөдлөөд гэрээр орж хувцасаа сольж өмсөе гэж бодоод хорооллын арын замаар буюу бичилийн 28 дугаар сургуулийн тэрүүгээр очиж дэлгүүрээс хүүхдүүддээ жаахан юм аваад гэр рүүгээ дөнгөж хөдлөөд явж байтал замыг маань машинаараа хааж зогсоод дотроос нь бөөн хар хувцастай хүмүүс гарч ирээд бариад авсан. Ийм л зүйл болсон. Ингээд машиныг маань нэгжээд дараагаар гэр рүү очиж нэгжсэн. Тарианы шилийг нь хэрэглэх үедээ ашигласан яаж хэрэглэдэг юм энийг чинь гэсэн чинь тарианы шилэнд хийгээд хэрэглэдэг гэхээр нь хэрэглэсэн чинь хагараад уначихсан. Машинд байсан соруул бол тарианы шилэндээ хийгээд сордог гэхээр нь ундаа авч уугаад соруулыг нь ашигласан байсан. Гэрт байсан зүйлүүд болохоор өөрөө гэртээ хэрэглэх үедээ ашигладаг зүйлүүдийг хийж үзэх гэж байсан юмнууд байгаа юм. Гэрт байсан “Мөс” бол Минт бааранд хүнээс авсан зүйл байгаа юм гэртээ уг нь хэрэглэх гэж байгаад хүн утсаар ярихаар нь үлдээчихсэн байсан юмнууд байгаа юм. Буянжаргалд бол өгөөгүй. Харин Батболдыг намайг гэрт байх үед залгахад нь надад сэтгэл санаа сайжруулдаг юм байна уур хүрээд болохгүй болохоор нь энүүнээс жаахан хэрэглэчихсэн чинь сайхан болчихлоо гэсэн чинь тэгвэл надад жааханг өгчихөөч гэхээр нь бага зэргийг өгсөн. Гуйхаар нь жааханг өгсөн, мөнгө төгрөгөөр өгөөгүй. Би хар тамхи хэрэглэдэггүй, анх удаа л хэрэглэж үзсэн. Тарианы шилэнд хийгээд доороос нь галаар төөнөөд гарсан утааг нь амаараа сордог. Их уур хүрээд байсан сорсон чинь зүгээр болоод л явчихсан. Минт бааранд байсан залуугаас 300.000 төгрөгөөр авсан. Надад “Мөс” гэх бодисыг давтан үйлдлээр борлуулсан үйлдэл байхгүй. Анх удаа л ийм зүйлд холбогдож байна. “Мөс”-ийг хар тамхи гэж мэдэхгүй тийм учраас хууль бус гэж мэдээгүй. Олж авсан “Мөс” хэн нэгэнд зарж борлуулаагүй. гэжээ.

2.Шүүгдэгч Б.Батболдоос шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:-Би 2015 оны 10 дугаар сарын 9-10-нд Гал-Эрдэнээс мөс олж авч хадгалсан. Тухайн өдөр өдөр нь тааралдаад дугаарыг авсан. Орой нь 24.00 цагийн үед энэ зүйлийг байна уу гэж асуугаад авсан. Би ямар үнэтэй байдаг бол гэж асуухад 200.000 төгрөг орчим байдаг байх гэсэн. Би Гал-Эрдэнээс авсанаа маргахгүй. Гялгар ууттай элсэн чихэр шиг цагаан юм байсан. Тэгээд авсаны дараа цагдаа нар машинд үзлэг хийсэн. Ийм юм байсан гээд зураг авсан. Шөнө 04.00 цагийн үед баригдсан. Тухайн үед эрүүл байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтад Б.Батболд гэрчээр мэдүүлэхдээ:-“...2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн үед найз Нацагдоржийн хамт тоёота приус маркийн 52-28 улсын дугаартай манай эхнэрийн автомашинтай гадуур явж байгаад өөрийн утаснаас Галаагийн 88-тэй дугаар руу залгаж 200,000 төгрөгөнд жоохон сорчихмоор юм олоод өгөөч гэж ярьсан. Би сонирхоод Галаатай хэрэглэх гэж байсан юм. Тэгээд Галаатай Баянбүрдийн тэнд уулзахаар болж тохироод 30-40 минутын дараа уулзсан. Галаагаас жижиг ууттай цагаан өнгийн мөс гэх бодис авсан. Галаад мөнгөө өгөөгүй дараа нь өгье гэж хэлээд авсан. Тэгээд тэр чигээр нь авч явж байгаад цагдаад хураалгасан...” гэжээ. (1-р хх-ийн 58-59 х),

Мөрдөн байцаалтад Б.Батболд сэжигтнээр мэдүүлэхдээ: ...Би 2015 оны 10 дугаар сарын 09-10-ны өдөр шөнийн 00 цаг 30 минутын үед найз Нацагдоржийн захирал Мэндбаярын сургалтын төв болох Голдин Бридж дээр уулзсан. Тухайн үед Мэндбаяр хоёр үл таних эмэгтэйтэй хамт байсан. Залуучууд зочид буудал хүргээд өгчих гээд бид нар хамт явцгаасан. Тэгээд би Залуучууд зочид буудлын гадаа машинтайгаа хүлээгээд Нацагдорж Мэндбаяр болон хамт явсан хоёр эмэгтэйг буудлын өрөөнд оруулж өгчихөөд гараад ирсэн. Тэгээд Нацагдорж бид хоёр аптек орж  Нацагаа эм авчихаад гадуур явж байгаад 01-02 цагийн үед Гал-Эрдэнэтэй утсаар ярьсан. Өмнө нь Гал-Эрдэнийг мөс гээд зүйлийг хэрэглэдэг гэж сонсож байсан учраас тэр өдөр сонирхож үзмээр санагдаад Гал-эрдэнээс мөс гэх зүйл байгаа эсэх талаар сонирхож асуусан. Тэгээд Гал-эрдэнэ бид хоёр Баянбүрдийн тойргийн урагш яваад 5-р сургуулийн тэр хавьд уулзсан. Гал-Эрдэнэ гартаа нэг жижиг зип лок түгжээтэй гялгар ууттай уутны ёроол хэсэгтээ цагаан талст мөс шиг зүйл байсныг надад зүгээр өгсөн. Би Гал-Эрдэнэд ямар нэгэн мөнгө төгрөг өгч аваагүй. Гал-эрдэнэ ч надаас мөнгө төгрөг нэхээгүй зүгээр л өгсөн. Тэгээд Нацагдорж бид хоёр машинтайгаа яваад МУИС-ийн урд байдаг нэг зогсоол дээр очиж зогсоод аптекаас замаараа авсан тариурын усны шилэнд нөгөө мөс шиг зүйлээ хийж байгаад доороос нь халаагаад гарсан утааг нь сорж хэрэглэсэн. Тэгээд хэрэглэсэн зүйлсээ машиндаа орхичихоод буудал руу орж амаръя гэж бодоод машинаасаа гартал цагдаа нар бид хоёрыг барьж шалгасан. Би Гал-Эрдэнийг урьд өмнө нь зүгээр дам яриагаар хүнээс мөс гэх мансууруулах бодис зарж борлуулдаг гэж сонсож байсан. Хэн гэдэг хүнээс хэзээ сонсож байсан гэдгээ санахгүй байна. Би урьд өмнө нь Гал-эрдэнээс мансууруулах бодис худалдаж авч байгаагүй анх удаа л авсан гэхдээ надад зүгээр л өгсөн ямар нэгэн мөнгө төгрөг өгч аваагүй. Би Гал-Эрдэнээс мансууруулах бодис авч бусдад зарж борлуулж байгаагүй. Би Гал-Эрдэнийг 1994-1995 оноос эхлэн таних болсон манай найз Дэнжийн мянгад тэдний гудамжинд байдаг байсан тэр үед л зүс мэддэг болсон. Гал-эрдэнэ бид хоёр ямар нэгэн дотно харьцаа холбоо гэх зүйл байхгүй зүс танихаас цаашгүй юм. Би цагдаад баригдахаас 3-4 хоногийн өмнө зам дээр машинтай явж таарсан, тэгээд Гал-Эрдэнийн утсыг авсан юм. Би өмнө нь мөс гэх мансууруулах бодис байдаг гэдгийг интернетээс олж мэдсэн. Анх удаагаа тэгж хэрэглэж үзсэн. Өмнө нь би хэрэглэж байгаагүй. Нацагдорж бид хоёр тэр үед машинд хэрэглэж үзэхэд мансуураагүй, биед ямар нэгэн өөрчлөлт ороогүй зүгээр л байсан. Гал-эрдэнэ жижигхэн гялгар ууттай зүйлийг л өгсөн өөр зүйл өгөөгүй. Тэр нь гялгар уутны ёроол хэсгээр жоохон л цагаан зүйл харагдсан их хэмжээтэй байгаагүй. Эмийн сангаас авсан тариурын усны шил, Гал-Эрдэнийн өгсөн гялгар ууттай мөс гэх зүйлийн үлдэгдэл байсан өөр зүйл байхгүй гэжээ.

Мөрдөн байцаалтад Б.Батболд яллагдагчаар мэдүүлэхдээ:-“...эдгээр ууттай зүйл нь хоёул миний эд зүйл мөн машин дотор байсан нь миний ламд үзүүлээд будаатай авсан зан үйлд хэрэглэчихсэн хоосон гялгар уут юм. Гадна талд нь байсан 3-5 алхамын зайд газарт байсан гээд байгаа ууттай зүйл нь миний Гал-Эрдэнээс авсан эд зүйл юм. ...амьдралдаа анх удаа хэрэглэсэн тэр мөс гэгч зүйлийг би Гал-Эрдэнээс мөнгө төгрөгөөр худалдаж аваагүй санаандгүй сонирхолын журмаар л авсан...” гэжээ. (4-р хх-ийн 109-110х)

Шүүх хуралдаанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлүүд, энэ хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлт зэргийг дүгнэн үзэхэд, НҮБ-ын 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисын 2 дугаар жагсаалтад багтсан бодисыг урвуулан ашиглахыг хориглосон байхад шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ нь дээрх конвенцийн жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2015 оны 6 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалан, 6 удаагийн давтан үйлдлээр бусдад борлуулсан, мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 1,5 грамм (уутны жин орсон)  бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 8 дугаар байрны 07 тоот өөрийн гэртээ хадгалсан, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 50 дугаар сургуулийн орчимд Б.Батболд гэгчид 0,2 грамм “мөс” гэх мансууруулах бодисыг борлуулсан,

шүүгдэгч Б.Батболд нь НҮБ-ын дээрх конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх бодисыг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 50 дугаар сургуулийн орчимд Б.Гал-Эрдэнээс хууль бусаар олж авч, хадгалсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “…Би 2015 оны 10 дугаар сарын 9-10-нд Гал-Эрдэнээс мөс олж авч хадгалсан… Би Гал-Эрдэнээс авсанаа маргахгүй. Гялгар ууттай элсэн чихэр шиг цагаан юм байсан…” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад өгсөн “…эдгээр ууттай зүйл нь хоёул миний эд зүйл мөн, машин дотор байсан нь миний ламд үзүүлээд будаатай авсан зан үйлд хэрэглэчихсэн хоосон гялгар уут юм. Гадна талд нь байсан 3-5 алхамын зайд газарт байсан гээд байгаа ууттай зүйл нь миний Гал-Эрдэнээс авсан эд зүйл юм. …2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн үед найз Нацагдоржийн хамт Тоёота приус маркийн 52-28 улсын дугаартай автомашинтай гадуур явж байгаад өөрийн утаснаас Галаагийн 88-тэй дугаар руу залгаж 200,000 төгрөгөнд жоохон сорчихмоор юм олоод өгөөч гэж ярьсан. Би сонирхоод Галаатай хэрэглэх гэж байсан юм. Тэгээд Галаатай Баянбүрдийн тэнд уулзахаар болж тохироод 30-40 минутын дараа уулзсан. Галаагаас жижиг ууттай цагаан өнгийн мөс гэх бодис авсан. Галаад мөнгөө өгөөгүй дараа нь өгье гэж хэлээд авсан.” гэх мэдүүлэг,

шүүх хуралдаан дээр шинжээч Б.Ламчины өгсөн тайлбар, Б.Гал-Эрдэнийн амьдарч байсан Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 8 дугаар байрны 07 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 8-12 х), тэмдэглэлд хавсаргагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 13-17 х), 55-04 улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 18-19), тэмдэглэлд хавсаргагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 0-21 х), 52-28 улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл болон түүний ойр орчимд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 35-37 х), эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл (1-р хх-ийн 38-40 х), шүүгдэгч Б.Гал-Эрдэнийн биед үзлэг хийх тухай тогтоол, түүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 48-50 х), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 51-53 х), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1-р хх-ийн 54-55х),

“Шинжилгээнд ирүүлсэн Б.Гал-Эрдэнэ гэсэн хаягтай шээсний дээжинд метамфетамины /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Баттөмөрийн Батболд 2015/10/10 06,36 гэсэн хаягтай шээсний дээжинд метамфетамины /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэх 2015.10.22-ны өдрийн ¹9096 тоот шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 80-82 х),

“Шинжилгээнд ирүүлсэн Б.Гал-Эрдэнийн автомашинаас хураагдсан 6 см урттай гол хэсгээрээ хар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, 8 х 11,5 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий харагдах байдал нь мөс талстлаг цагаан өнгийн зүйл, 2 х 2,5 см хэмжээтэй гялгар уутны хамт 0,2 гр мөс мэт талстлаг цагаан өнгийн бодист метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтад багтдаг болно” гэх 2015.11.03-ны өдрийн ¹9243 тоот шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 97-102 х),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015.11.17-ний ¹973 тоот дүгнэлт (1-р хх-ийн 118-119 х), мөн өдрийн ¹975 тоот дүгнэлт (1-р хх-ийн 121-122), Б.Нацагдоржийн яллагдагчаар мэдүүлсэн “...2015 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Батболд, Гал-Эрдэнэтэй уулзаж мансууруулах бодис авах гэж байна гэж огт юм яриагүй, гэнэт утас нь дуугараад хүнтэй уулзах гэж байна гээд уулзсан. Тэр хоёрыг юу ярьсан талаар огт мэдэхгүй, тэгээд Залуучууд зочид буудал орохоосоо өмнө машин дотор Батболд мөс гэх зүйл байна хоёулаа хэрэглэж үзэх үү гээд үзсэн”....гэх мэдүүлэг (1-р хх-ийн 201-202 х), шүүгдэгч Б.Гал-Эрдэнийг баривчлах үед болон түүний оршин сууж байсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 8-7 тоот орон сууцанд үзлэг хийх үед ашигласан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 88-89 х), эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл (4-р хх-ийн 90-92 х), эд зүйлийн үнэлгээ (4-р хх-ийн 93 х), хөндлөнгийн гэрч Д.Наранжаргалын мэдүүлэг (4-р хх-ийн 97-99 х), хөндлөнгийн гэрч А.Амарбатын (4-р хх-ийн 104-105 х) мэдүүлэг, шинжээч Б.Ламчины “...уг зүйлийг савлан ирүүлсэн уутнаас нь гаргаж аналитик жин буюу мянганы нарийвчлалттай жингээр жинлэж үзэхэд бодит хэмжээг уутгүйгээр гаргасан...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 107-108 х),

Эрүүгийн цагдаагийн газрын 2016.3.22-ны өдрийн албан бичиг, “Прокурорын зөвшөөрөлтэй явуулсан Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан ажиллагаагаар Баясгалан овогтой Гал-Эрдэнэ нь хар тамхи, мансууруулах бодис зарж борлуулж байгаа 6 удаагийн үйлдэл нь дүрс бичлэгээр бэхжүүлэгдсэн” гэх Танилцуулга (4-р хх-ийн 151-154 х), Харьцуулах шинжилгээний 2016.6.23-ны өдрийн ¹4097 тоот шинжээчийн дүгнэлт (4-р хх-ийн 157-161 х) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овгийн Баясгалангийн Гал-Эрдэнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4-т заасан ял, шүүгдэгч Сандаг овгийн Баттөмөрийн Батболдыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд  Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан ял тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болгогдсон тул түүнийг 2015 онд анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батболд нь анх удаа Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлаж хорихгүйгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг удаа дараа хууль бусаар борлуулсан болох нь гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт, сэлтээр нотлогдон тогтоогдсон боловч энэ гэмт хэргийг үйлдсэний улмаас хэдий хэмжээний төгрөгийн орлого олсныг нарийвчлан тогтоох боломжгүй тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гаргуулах боломжгүй байна.   

Шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарын жолоодож явсан 52-28 УБҮ улсын дугаатай Т.Приус маркийн автомашин, 55-01 УНП улсын дугаартай, Т.Кроун маркийн автомашинууд нь бусдын эзэмшлийнх болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Баясгалангийн Гал-Эрдэнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Сандаг овгийн Баттөмөрийн Батболдыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4-т зааснаар шүүгдэгч  Баясгалангийн Гал-Эрдэнийг 10 (арав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Баттөмөрийн Батболдыг 3 (гурав) сар 10 (арав) хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Гал-Эрдэнэд оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Гал-Эрдэнийн цагдан хоригдсон 240 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Батболд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Б.Гал-Эрдэнийн жолоодож явсан Тоёота Кроун маркийн авто машинаас хураагдсан 18 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг, тарианы усны ампулын шилний хагархай үзүүр хэсэг 2 ширхэг, Б.Гал-Эрдэнийн гэрээс хураагдсан 10.5 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг, 18 см урттай нэг талдаа ягаан өнгийн гуурс 1 ширхэг, 12.5 см урттай нэг талдаа ягаан өнгийн гуурс шургуулж хар өнгийн лентээр битүү ороосон цагаан өнгийн дөрвөлжин хэлбэрийн сав 1 ширхэг, 6 см урттай, дотор тал нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон ямар нэгэн бичиггүй шилэн бортого хэлбэрийн гаанс 1 ширхэг, 21 см урттай нэг үзүүрт нь хар өнгийн соруул мэт зүйл шургуулсан нөгөө үзүүрт нь 6 см өндөртэй ногоон өнгийн бонго, цагаан өнгийн гуурс 1 ширхэг, Б.Гал-Эрдэнийн гэрээс эд мөрийн баримтаар хураан авсан 8*11.5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар ууттай 1.5 грамм мөс гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, улаан өнгийн зүү зоосон асаагуур 1 ширхэг, шүүгдэгч Б.Батболдын жолоодож явсан Тоёота Приус-20 маркийн авто машинаас хураагдсан 3*5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий дотор тал нь цагаан өнгийн наалдацтай гялгар уут 1 ширхэг, Б.Батболдын авто машинаас 3.5 метрийн зайд газарт байсан 2*2.5 см хэмжээтэй гялгар ууттай 0.2 грамм мөс гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, 3.5 см урттай гадна талдаа ямар нэгэн бичиглэл байхгүй үзүүр нь хагарсан дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны ампулын шил 1 ширхэг, Б.Батболдын автомашинаас 2.5 метрийн зайд газарт байсан 3.5 см урттай гадна талдаа ямар нэгэн бичиглэл байхгүй үзүүр нь хагарсан дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны ампулын шил 1 ширхэг зэрэг зүйлийг устгах, АК2779062, JN3759341 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, JN3759359 серийн дугаартай 100 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монголбанкинд зохих журмын дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Нямсүрэнд даалгасугай.

6.52-28 УБҮ улсын дугаатай Т.Приус маркийн автомашин битүүмжилсэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, 55-01 УНП улсын дугаартай, Т.Кроун маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус  хүчингүй болгосугай.

7.Шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

8.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тэдгээрийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

 

ШҮҮГЧИД                                                            С.БАТГЭРЭЛ

 

                                                                                        Ё.ЦОГТЗАНДАН