Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 92

 

Б.Ванчинсүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 847 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0052 дугаар магадлалтай, Б.Ванчинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ванчинсүрэнгийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Ванчинсүрэнг Завхан аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 6,357,409 /зургаан сая гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун есөн/ төгрөгөөс зохих суутгалыг хийж Цагдаагийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Б.Ванчинсүрэнгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0052 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононгийн давж заалдах гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 847 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0052 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн.

Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалын өөрт холбогдох гомдлоо Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэлгүй шүүхэд хандсан нь дээрх хуулийг зөрчсөн байна.

Иймд Б.Ванчинсүрэнгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар Завхан аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ванчинсүрэнг “...тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон” гэх үндэслэлээр цагдаагийн албанаас халж, цагдаагийн дэслэгч цолыг хураасан, нэхэмжлэгчээс “... таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад ... үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Б.Ванчинсүрэн нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 115 дугаар тушаалаар албанаас халагдаж, уг тушаалыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан, маргааныг гурван шатны шүүхээр хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 181 дүгээр тогтоолоор “... Б.Ванчинсүрэн нь ... /журам зөрчиж/ баривчлах байранд захиргааны шийтгэл эдэлж байсан өөрийн найз...ыг дур мэдэн гадагш авч гарсан зөрчил гаргасан нь тогтоогдсон, ... төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ ... дэг журмыг сахиж, ... албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээлдэх ... /хуулийн/ заалтыг биелүүлээгүй буруутай” болох нь тогтоогдсон, харин захиргааны байгууллага төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байхад 1 сар 04 хоногийн дараа шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй болохыг үндэслэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Б.Ванчинсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийн хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/66 дугаар тушаалаар /шүүхийн шийдвэрийг үндэслэн/ Б.Ванчинсүрэнг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгожээ.

Нэхэмжлэгч Б.Ванчинсүрэн нь “... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тээврийн хэрэгсэл жолоодон ... замын хөдөлгөөнд оролцож яваад ... осол гаргаж, иргэн Б-ын амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогдсон, анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг “гэм буруутайд тооцож”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 03 жил, 01 сар хорих ялаар шийтгэж, ... Өршөөл үзүүлэх тухай хууль...д зааснаар ... нэмэгдэл болох ... хорих ялыг өршөөж” шийдвэрлэсэн, хяналтын шатны шүүхээс “... зам тээврийн ослын дүгнэлтийг шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин гаргуулж, ослын үндсэн шалтгааныг тогтоох” үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон /бол төрийн албанаас халах/”-аар заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Ванчинсүрэнг албанаас халсан, энэ тохиолдолд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байх тул маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд зөв, харин нэхэмжлэгч Б.Ванчинсүрэн нь уг тушаалыг эс зөвшөөрч, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол болон шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулиар тусгайлан тогтоосон хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байхад шүүхүүд уг асуудлаар буруу дүгнэлт хийжээ.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батдэлгэр 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б.Ванчинсүрэнд мэдэгдэж, танилцуулахад “...шийдвэрийг зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй, өмгөөлөгчөөс зөвлөгөө авна гэж мэдэгдлийн хуулбарлан авч явсан”,  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... иргэн ... захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах”-аар заасны дагуу иргэн Б.Ванчинсүрэн нь уг тушаалд холбогдох гомдлоо Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны Салбар зөвлөлд  2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дотор гаргах байтал, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шуудангаар гомдлоо хүргүүлсэн нь дээрх хууль болон Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т “... төрийн жинхэнэ албан хаагч ... гомдлоо төрийн албаны салбар зөвлөл ...-д 1 сарын дотор гаргах”-аар заасантай нийцээгүй, энэ үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны Салбар зөвлөл гомдлыг хяналгүй орхиж, уг зөвлөлийн гишүүн Б.Бат-Өлзийгийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр “...эрх зөрчигдсөн асуудлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дууссан” талаар гомдол гаргагч Б.Ванчинсүрэнд хариу мэдэгджээ.

Нэгэнт, гомдол гаргагч хуулиар тогтоосон гомдол гаргах хугацааг хэтрүүлсэний улмаас захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх, гомдол хянуулах эрхээ алдсан, ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар маргаагүй, үүний улмаас хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй болсон байхад шүүх уг хугацааг үл хэрэгсэн маргааныг шийдвэрлэсэн нь буруу юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т “... захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой /бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар зааснаас үзвэл, “захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх” хуулийн шаардлагыг шүүх үзэмжээр эсхүл нэхэмжлэгчийн сонголтоор хэрэглэхгүй, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх боломжтой маргааны хувьд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн иргэн заавал биелүүлэх хуулиар тогтоосон журам болно.

Нэхэмжлэгч Б.Ванчинсүрэнгийн уг журмыг зөрчиж гаргасан нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2754 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн, харин 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4547 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэхдээ “... шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн үндэслэлээ тайлбарлаагүй, давж заалдах шатны шүүх “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж ... урьдчилан шийдвэрлээгүй нь хууль бус” гэх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл, Б.Ванчинсүрэн нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар өөрийн эрх зөрчигдсөн гэж үзвэл, уг актыг хүлээн авсан эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх гомдлоо төрийн албаны Салбар зөвлөлд гаргах үүрэгтэй,  гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаанд гомдлоо гаргаагүй, ийнхүү гомдол гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгааны талаар маргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтээ зохих ёсоор гаргаагүй байхад шүүх уг маргааныг шууд шийдвэрлэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар өөрийн санаачлагаар дүгнэсэн нь буруу байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас /хэргийг хянан үзээд/ гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн” тохиолдолд уг шийдвэрийг хүлээн авсан эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гомдол гаргагчийн эрхийг хуульчилсан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэргийг хяналгүй буцаасан шийдвэрийн хувьд энэ нь, гомдол гаргагч уг актын талаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд, маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах хугацаа хэтрүүлсний улмаас гомдлыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүхээс уг асуудалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...  захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа ... хуульд заасан журмын дагуу явагдсан бол ... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах”-аар, 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “.../хуульд заасан/ гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой /бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар тус тус заасантай нийцээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч ... хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад ... /шүүх/ хууль зөрчсөн” гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3-т тус тус заасныг баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 847 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0052 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ванчинсүрэнгийн  “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.ТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХТУЯА