Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч Э.Баасанбямба,  

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаяр, хохирогч А.Даваадоржийн өмгөөлөгч Ш.Цэцэгмаа /ҮД: 1584/

Гэрч Ж.Энхбаяр

Шинжээч эмч Н.Туяа

Шүүгдэгч Б.Галаа, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл /ҮД: 2090/, шүүгдэгч Э.Тэлмүүн, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн /ҮД: 0-594/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Баярцолмонгийн Галаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товгорсайр овогт Энхбаярын Тэлмүүн нарт холбогдох эрүүгийн 201525021467 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Хил хамгаалах Ерөнхий газрын 0218 дугаар ангид бүлгийн дарга ажилтай байсан гэх, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, 63 дугаар байрны 29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бэсүд овгийн Баярцолмон овогт Галаа /РД: УП 88110536/,

 

Монгол Улсын иргэн 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, Батлах хамгаалах яаманд мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 50 дугаар байрны 33 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Товгорсайр овгийн Энхбаяр овогт Тэлмүүн /РД: У389112840/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Тэлмүүн нь 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч Б.Галаа хохирогч А.Даваадоржийг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө "Тухайн үед манай найз залуу тэр орой надруу 30 аад удаа залгасан байсан би утсаа аваагүй тэгээд манай байрны гадаа ирсэн тэгээд таксинаас буухад манай найз залуу Даваадоржийг хавсраад унагаасан" гэж мэдүүлэг өгсөн ба 2015 оны 12 сарын 23-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Галаа цаанаас ирж таарсан... Даваадорж бууж таарсан ба Галаагийн хөл дээр Даваадорж гишгэсэн тэр үед Галаа хөлөө татаж авахад Даваадорж газар унасан" гэж илт зөрүүтэй худал мэдүүлэг өгсөн,

 

Шүүгдэгч Б.Галаа нь 2015 оны 8 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна хохирогч А.Даваадоржийг өөрийн найз охин Э.Тэлмүүнтэй хардсаны улмаас зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Галаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Э.Тэлмүүнтэй уулзана гээд тохирсон байсан болохоор Э.Тэлмүүн рүү удаа дараа залгасан нь үнэн. Э.Тэлмүүн утсаа авахгүй мөн маргааш нь би ажилтай байсан учраас гэрийнх нь гадаа яваад очсон. Гэтэл гэрийнх нь гадаа цагаан өнгийн приус маркийн машин ирж зогсоод гэрэл нь асахад Э.Тэлмүүн дотор  нь сууж байгаа харагдсан. Тэгээд би машинаасаа буугаад яваад очтол өөдөөс А.Даваадорж машинаас бууж ирээд миний баруун талын хөлөн дээр гишгээд хойшоо унасан. Тухайн үед бид нарын хооронд хардалт сэрдэлт, хэрүүл маргаан, зодоон болоогүй. Хохирогч А.Даваадорж боржур мөргүүлж, зодсон гэж мэдүүлдэг боловч тухайн хэргийн газар боржур байгаагүй. Мөн А.Даваадоржийг зодсон, цохисон зүйл байхгүй. Тэнд юм яриад зогсож байтал Э.Тэлмүүнийг аав нь дуудахад гэртээ орсон. Би ч бас машиндаа очоод суусан. Гэтэл А.Даваадорж ирээд “би байсан бол ингэх байсан” гээд уучлалт гуйгаад байсан. А.Даваадорж яагаад уучлалт гуйгаад байсныг мэдэхгүй байна. Тэгээд А.Даваадорж явсан. Харин би Э.Тэлмүүнтэй уулзана гээд тохирсон байсан болохоор Э.Тэлмүүнийг гараад ирэх бол уу гэж бодоод хэсэг хүлээж байгаад явсан...” гэв.

 

              Шүүгдэгч Б.Галаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн найз охин Тэлмүүнтэй холбогдох гээд гар утас руу нь 00 цагийн үе залгахад утасаа авахгүй байсан. Тэгээд 01 цагийн үед утасаа авсан би "Чи хаана юу хийж байгаа юм бэ" гэхэд "Найзтайгаа сууж байна" гэсэн "Ямар найзтайгаа сууж байгаа юм бэ" гэхэд "эмэгтэй найзтайгаа байна" гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи зургаа аваад явуулчих гэсэн тэгээд утсаа тасалсан. Тэгээд дахин залгахад авахгүй байсан тэгэхээр нь би найз охин Тэлмүүний гэрийн гадна очиход манай найз охин Тэлмүүн цагаан машинаас Даваадоржтой бууж ирсэн. Тэгээд би Тэлмүүн рүү яваад очиход Даваадорж миний хөлөн дээр гишгээд унасан... бид 2 маргалдсаны дараа Даваадорж Галаа уучлаарай хөгшөөн гээд байсан. Юунд уучлалт гуйгаад байсан талаар нь мэдэхгүй байна. Тэлмүүн гэр рүүгээ орсон Даваадорж босоод явсан. Надад ямар нэгэн байдлаар Даваадоржтой маргалдсан зүйл байхгүй. Миний хөл дээр гишгэсэн хөлөө татах үед унасан. Намайг хараад таньж байсан ямар ч л байсан согтуу байсан. Намайг машиндаа суугаад толиндоо харахад зүгээр замаар алхаад явж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 27-28, 234 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Тэлмүүн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2015 оны 8 дугаар сарын 05-ны оройн 20 цагийн үед А.Даваадоржтой уулзаад Чингис зочид буудлын зүүн талд байрлах Оршил гэх нэртэй Лоунж руу орж суусан. Тухайн газар 00 цаг болж хаах гэтэл А.Даваадорж “караоке” оръё гэхээр нь би “одоо харъя” гэж хэлсэн. Тэгээд А.Даваадорж “намайг хүргээд өгье” гэхээр нь зөвшөөрөөд таксинд суугаад явсан. Гэрийн гадна ирэхэд Б.Галаа ирж таарсан. А.Даваадорж миний баруун гар талд суусан байсан. А.Даваадорж машинаас эхэлж буусан бөгөөд Б.Галаагийн хөлөнд нь тээглээд газар унасан. Б.Галаа А.Даваадоржийг санаатай зодож, цохисон зүйл байхгүй. Харин А.Даваадорж болгоомжгүй байдлаар унаад гэмтэл авсан байж болзошгүй. Гэрт байхад гадаа юу болж байгаа чимээ сонсогддог бөгөөд аав зүүн талын тагтан дээр тамхи татаад зогсож байсан болохоор машин ирээд зогсохыг сонсоод “Э.Тэлмүүнээ чи мөн үү” гэхээр нь би “мөн байна” гэж хэлэхэд “гэртээ ороо” гэхэд нь “за” гэж хэлээд гэртээ орсон. Гадаа А.Даваадорж Б.Галаа нарын хооронд зодоон болоогүй. Таксинаас буухад боржур байгаагүй. А.Даваадорж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас боржур байсан гэж андуурсан байж болзошгүй. Б.Галаа А.Даваадоржийг зодож, цохисон зүйл байхгүй учраас зодож, цохисон зүйл байхгүй гэж мэдүүлэг өгсөн. Надад зохиомлоор мэдүүлсэн зүйл байхгүй. Намайг худал мэдүүлсэн гэж Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт яллаж байгаад гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч Э.Тэлмүүн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Даваадорж өдөр 14 цагийн үед залгаад бид 2 орой 20 цагийн үед уулзсан... Чингис зочид буудлын хажуугийн “Оршил” гэх лоунж руу орж сууж байгаад 00 цагийн үед гарсан... Тэгээд манай байрны гадна очиж зогссон тэгээд таксинаас А.Даваадорж эхэлж буусан ба тухайн үед манай найз залуу Б.Галаа цаанаас ирсэн тэр үед Даваадорж Галаагийн хөл дээр гишгэхэд Галаа хөлөө татахад Даваадорж биеэ даахгүй газарт уначихсан. Намайг гэр рүү орох үед Даваадорж унаад босож байсан. Тухайн үед би Даваадоржийн ах руу мессеж бичихдээ манай найз залуу таксинаас гараад ирэхэд нь хавсарсан юм гэж бичих гэж байгаад би гээд биччихсэн байсан. Зай авхаар мессежний зарим үсэг нь солигдоод байдаг. Би Даваадоржийг хавсаргаж унагасан зүйл байхгүй. Галаа Даваадоржийг цохиж унагасан зүйл байхгүй. Тухайн үед Даваадорж эхлээд машинаас буусан, дараа нь би буусан...” гэсэн мэдүүлэг /1 хх 16, 114, 132 дугаар хуудас/,

 

      Хохирогч А.Даваадорж нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би МУИС-ийн лицей сургуульд 9,10 дугаар ангид нэг ангид сурдаг байсан Тэлмүүн гэх ангийнхаа найзтай уулзаад Бөхийн өргөөний замын хойд талд “Чингис” зочид буудлаас бөхийн өргөө орох замд нэг пабад орж суусан. Тэндээ сууж байгаад 00 цагийн үед пабаас гарсан. Тэгээд Тэлмүүнийг хүргэж өгөх гээд такси бариад гэр рүү нь явсан. Тэгээд байрных нь гадаа очоод би таксинаас түрүүлж буугаад араас Тэлмүүн буусан намайг таксинаас буунгуут гэнэт намайг цохиод би ухаан балартаад ухаангүй болчихсон. Тэгээд замын хажуугийн боржур дээр ухаан орсон. Тэлмүүний найз залуу миний дээр гарчихсан намайг сэгсрээд миний толгойгоор боржур мөргүүлж байсан... Миний толгой 3 газраар цуурсан, мөн цус хуралтууд үүссэн, 2 гар хөхрөөд хавдсан байсан. Би гомдолтой байна. Одоо Хятад улсад явж эмчилгээ хийлгэх гэж байгаа. Шүүх хуралд суух боломжгүй Хятад улс руу явж хичээлдээ сууна. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ээж Д.Сайнбаяр тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /1 хх 12, 244-245 дугаар хуудас/,

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний хүү А.Даваадорж нь Э.Тэлмүүнтэй 9, 10 дугаар ангидаа их сургуулийн лицейд хамт сурдаг байсан. Миний хүү А.Даваадорж Хятад Улсад сурдаг бөгөөд амралтаараа ирээд найз охинтойгоо Хөвсгөл аймаг явчихаад ирсэн. Гэтэл урьд оройноос нь эхлээд Э.Тэлмүүн утсаар залгаад “Шанхайд сургуулиа төгсөөд ирлээ, надад баяр хүргэ, уулзмаар байна” гэж хэлсэн байдаг. Манай хүү надтай хамт зуслан руу явах байсан. Гэтэл А.Даваадорж “манай ангийн охин утасдаад байна, уулзчихаад очъё” гэж хэлсэн. Э.Тэлмүүн хэдэн өдөр залгасаар байгаад тэр өдөр уулзсан байдаг.  Манай хүү болон Э.Тэлмүүн нар пиво уусан байдаг. Тэгээд Э.Тэлмүүн эмэгтэй учраас гэрт нь хүргэж өгөх гээд явсан байдаг. Таксинаас буугаад Э.Тэлмүүнийг түшээд буулгах гэхэд хөлөөрөө хавсраад унагаахад Б.Галаа ирээд гарыг нь боржур дээр цохисон байдаг. Манай хүү А.Даваадорж эмнэлэгт хэвтэж байхад Э.Тэлмүүн, Б.Галаа нар бид нарын буруу гээд ах, дүү, өмгөөлөгч нартайгаа ирээд уучлалт гуйж байсан. Гэтэл миний хүү А.Даваадоржийг зодоогүй гэж мэдүүлэг өгч байна. Э.Тэлмүүн, Б.Галаа нар буруу зүйл хийгээгүй байсан бол хохирол төлөхгүй байсан. Миний хүү А.Даваадорж толгойндоо 10 сантиметрийн төмрөн тортой насаараа явна. Миний хүү уур нь хүрээд толгойн өвдөхөөрөө юу хийж байгаагаа мэддэггүй. Миний хүү хаана ухаан алдаад унахыг бид нар мэдэхгүй. Би аргаа бараад сонинд нийтлэл бичсэн. Э.Тэлмүүн, Б.Галаа нар миний хүү А.Даваадоржийг бүлэглэж зодсон. Нийт 21.000.000 төгрөг нэхэмжилснээс 13.000.000 төгрөг өгсөн. Одоо 8.117.598 төгрөг өгөх дутуу байгаа. Одоо гомдолтой байна гэв. 

 

               Гэрч З.Айлтгүй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 8 дугаар сарны 06-ны өдөр Налайхын урд байрлах зусланд байж байтал манай охин Дээдэнцэцэг эхнэр рүү залгаад ах А.Даваадорж хүнд зодуулаад ирсэн талаар хэлсэн манай охин Гялс төвд очиж үзүүлээд тархины гэмтэлтэй байна гэж хэлсэн... Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж ЭХО болон томографикт харуулан тархи нугасны тасагт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тархины хагалгаанд орсон хагалгааг эхлэхийн өмнө эмч нар намайг дуудаад танай хүүхдэд хийх гэж байгаа хагалгаа бол хүнд хагалгаа, учир нь тархи руу ордог гол судасны дэргэд цус хуралт үүссэн байна... амь насанд аюултай гэсэн..." гэсэн мэдүүлэг, / 1 хх 13 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр манай охин Тэлмүүн өөрийн ангийн хүүхэд А.Даваадорж дуудаад уулзахаар гарсан тэгээд жаахан оройтоод миний санаа зовоод утас руу нь “ирэх болж байна уу” гэж мессеж бичсэн тэгтэл одоо удахгүй очлоо гэсэн хариу ирсэн ... би зүүн тийшээ харсан тагтан дээрээ гараад тамхи татахаар гарсан тэгтэл манай байрны төмөр хашааны хаалганы цаана нэг машин зогсож байсан тэр машины тэнд манай охин Тэлмүүний дуу гарах шиг болсон би "Тэлмүүнээ чи мөн үү гэхэд тиймээ ааваа гэсэн би “одоо гэрлүүгээ ор” гэхэд “за ааваа” гээд удалгүй ороод ирсэн ийм л юм болсон... өөр ямар нэгэн зүйл харагдаагүй..." гэсэн мэдүүлэг / хх 15 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Нарангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Манай тасагт 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр А.Даваадорж нь ирж хэвтсэн... толгой нь өвдөж байнгын зовиуртай ухаантай ч гэсэн орчиндоо харьцах харилцаа сулавтар, ёолсон байдалтай байсан тэгээд 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хагалгаанд орсон... сүүлд нь 11 дүгээр сард хэвтээд гавлын ясны дутмагшилын хагалгаанд орсон... Даваадоржид учирсан тархины гэмтэл шинэ гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг /хх 116-117/ дугаар хуудас

 

          Гэрч А.Халиун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “… 2015 оны 8 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө би гэртээ байсан. Манай гэрийнхэн лагер явсан байсан. Ах бид хоёр лагер руу араас нь очих байсан. Тэгээд ахын утас байн байн дугараад нэг эмэгтэй уулзая гээд залгаад байсан. Ах “өнөөдөр боломжгүй маргааш болъё” гэхэд залгаад байсан. Тэгээд ах “би уулзаад ирье” гээд гарсан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдсэн. Шөнө унтаж байхад хаалга нүдээд очиход ах Даваадорж байсан. Тухайн үед би нойрмог байсан болхоор буцаад унтсан. Маргааш өглөө нь ах намайг дуудаад бие өвдөөд байна гэсэн. Хувцас нь нил цус шороо болсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “ах нь хүнд зодуулчихсан гэрийнхэнд битгий хэл санаа нь зовчихно” гэсэн. Тэгээд би яах уу гэхэд түргэн дууд гэсэн. Тэгээд би 103 руу дуудлага өгсөн. Эмч ирээд уламжлалт эмнэлэгт үзүүл гээд толгойг нь бариад эм бичиж өгөөд явсан. Тэгээд тэр өдрөө гэрийнхэндээ хэлээгүй. Тухайн үед ах бие засах өрөө рүү ч явж чадахгүй байсан. Тэр өдрийн орой эгч гэрт ирээд маргааш өглөө нь “Гялс” төв рүү очиж үзүүлсэн чинь гавлын яс нь 3 газраа цуурсан байна гээд шууд гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд эгч гэрийнхэнд хэлсэн…” гэсэн мэдүүлгээр /1 хх 247-248 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Н.Туяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр А.Даваадоржийн биед үзлэг хийсэн. Гэмтэл Согог Судлал Үндэсний төвийн өвчний түүхийг үндэслэж А.Даваадоржийн биед дагзны зүүн талын суурь хэсгээс дээш зүүн дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, 2 гарын тохой, өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт төгсгөлөөс хамаарна. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн дүгнэлт гаргасан. Даваадорж өөрийн биеийн жингээр газар унасан тохиолдолд уг гэмтэл үүсэх боломжгүй. Харин өөр хүчтэй хүч үйлчилж, хурдны энерцийн үйлчлэлээр хүчтэй унасан тохиолдолд үүсэх боломжтой. Зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай. Хагалгаанд орохгүй тохиолдолд нас барах эрсдэл өндөртэй. Толгойн ар хэсгийг боржуранд цохиход уг гэмтэл үүсэх боломжтой. Гавал тархины гэмтэлд саруул үе гэж байдаг бөгөөд уг саруул үе тухайн хүний биеийн онцлогоос хамаараад харилцан адилгүй явагддаг. Саруул үеийн хугацааг ямар ч шинжлэх ухаанаар тогтоох боломжгүй байдаг. Гавал тархины гэмтлийг гавал тархины компьютер, томографийн зураг, имрайн шинжилгээгээр тогтооно. Харин нүдээр хараад хэлэх боломж байхгүй. Хохирогч А.Даваадорж толгойндоо гадны биеттэй насаараа байна. Дахиж яс нөхөх боломжгүй. гэв.

Шинжээч эмч Н.Туяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...хохирогчийн биед үүссэн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... өөрийн биеийн жингээр газарт унах үед үүсэх боломжгүй.. тухайн гэмтэл цохих, хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... хохирогчийн биед учирсан гэмтэл 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байж болох шинэ гэмтэл юм..." гэсэн мэдүүлэг /1 хх 91-92 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №11541:

1. Т.Даваадоржийн биед дагзны зүүн талын суурь хэсгээс дээш зүүн дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, 2 гарын тохой, өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

З.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, төгсгөлөөс хамаарна.

5. Дээрхи гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /1 хх 19 дүгээр хуудас/,

 

            Хохирогч А.Даваадоржийн тайлбар: “...Тэлмүүнийг хүргэж өгөх гээд байрны хажууд очтол Тэлмүүний найз залуу Галаа хар өнгийн машинтай байрны тэнд зогсож байсан. Тэгээд гэнэт миний толгойны араас тас гээд л явчихсан. Тэгээд би ухаан балартаад нэг сэрээд ухаан ороход миний толгой болон үснээс боржуур дээр миний толгойг савж байсан...” гэжээ /1 хх 4-5 дугаар хуудас/          

Шүүгдэгч А.Тэлмүүний тайлбар: “...Тэгээд таксинаас бид хоёр буусан чинь манай найз залуу Галаа ирээд Даваадоржийг гэнэт хавсарч унагасан ба Даваадорж хойшоогоо саваад унасан. Тэгээд би найз залуудаа уурлаад гэрлүгээ яваад орсон ба Даваадорж Галаа хоёр гадаа үлдсэн. Тэгээд би маргааш өглөө залгасан чинь Даваадорж утсаа аваад толгой жаахан өвдөж байна гэж хэлсэн...” гэжээ /1 хх 7 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Галаагийн тайлбар: “...Тэлмүүнтэй холбогдох гээд гар утас руу нь 00 цагийн үед залгахад огт утсаа авахгүй байсан ба 01 цагийн үед залгахад утсаа авсан ба “хаана юу хийж байна” гэж асуутал “найзтайгаа сууж байна” гэж хэлэхээр нь “ямар найзтайгаа байгаа юм бэ” гэхэд “эмэгтэй найзтайгаа байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи тэгвэл зургаа аваад явуулчих” гээд хэлсэн. Тэгээд утсаа тасалсан. Дахин залгахаар нь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би найз охин Тэлмүүний гэрийн гадаа явж очиход манай найз охин нэг цагаан өнгийн приүс 20 машинаас Даваадоржтой бууж ирсэн тэгэхээр нь би очоод Даваадоржийг хөлөөрөө хавсарсан ба газар унасан...” гэжээ /1 хх 6 дугаар хуудас/

 

Өвчний түүх /1 хх 97-105/,  Гэрч А.Нандинцэцэгийн мэдүүлэг /1 хх 14/, гэрч гэрч Д.Сайнбаярын мэдүүлэг /1 хх 115, 246 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 31, 133/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32, 134/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 33/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 хх 17, 34-40/, Б.Галаагийн хүсэлт /1 хх 41/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 42-46/, мессеж бичсэн баримт /хх 47/, эмчилгээ болон бусад зардлын баримтууд /хх 48-80, 119-121, 155-192/, хохирогчийг төлөөлөх итгэмжлэл /1 хх 122/, шүүхийн тогтоол /1 хх 228-230/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 хх 238-239/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 хх 2-4/,

 

Шүүх хуралдаанд хохирогч А.Даваадоржоос гаргасан хүсэлт, хохирол төлсөн баримт, галт тэрэгний тасалбар, шинжээчийн дүгнэлтийн хуулбар зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Галаагийн өмгөөлөгчөөс 2 хуудас зурган баримт гаргасан хэдий ч түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй тул нотлох баримтаар шинжлэх, харьцуулан дүгнэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч Б.Галаа  нь 2015 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна хохирогч А.Даваадоржийг өөрийн найз охин Э.Тэлмүүнтэй хардсаны улмаас зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүгдэгч Б.Галаагийн “...найз охин Тэлмүүнтэй холбогдох гээд гар утас руу нь 00 цагийн үе залгахад утасаа авахгүй байсан. Тэгээд 01 цагийн үед утасаа авсан би "Чи хаана юу хийж байгаа юм бэ" гэхэд "Найзтайгаа сууж байна" гэсэн "Ямар найзтайгаа сууж байгаа юм бэ" гэхэд "эмэгтэй найзтайгаа байна" гэж хэлсэн. Би тэгэхээр нь “чи зургаа аваад явуулчих” гэсэн тэгээд утсаа тасалсан. Тэгээд дахин залгахад авахгүй байсан тэгэхээр нь би найз охин Тэлмүүний гэрийн гадна очиход манай найз охин Тэлмүүн цагаан машинаас Даваадоржтой бууж ирсэн. Тэгээд би Тэлмүүн рүү яваад очиход Даваадорж миний хөлөн дээр гишгээд унасан...” гэсэн мэдүүлгээр,

 

хохирогч А.Даваадоржийн “...Тэлмүүнийг хүргэж өгөх гээд такси бариад гэр рүү нь явсан. Тэгээд байрных нь гадаа очоод би таксинаас түрүүлж буугаад араас Тэлмүүн буусан намайг таксинаас буунгуут гэнэт намайг цохиод би ухаан балартаад ухаангүй болчихсон. Тэгээд замын хажуугийн боржур дээр ухаан орсон. Тэлмүүний найз залуу миний дээр гарчихсан намайг сэгсрээд миний толгойгоор боржур мөргүүлж байсан...” гэсэн мэдүүлгээр,  

 

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д_Сайнбаярын “...Манай хүү А.Даваадорж эмнэлэгт хэвтэж байхад Э.Тэлмүүн, Б.Галаа нар бид нарын буруу гээд ах, дүү, өмгөөлөгч нартайгаа ирээд уучлалт гуйж байсан....” гэсэн мэдүүлгээр,

 

гэрч А.Халиуны “...ах намайг дуудаад бие өвдөөд байна гэсэн. Хувцас нь нил цус шороо болсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “ах нь хүнд зодуулчихсан гэрийнхэнд битгий хэл санаа нь зовчихно” гэсэн. Тэгээд би 103 руу дуудлага өгсөн. Тухайн үед ах бие засах өрөө рүү ч явж чадахгүй байсан. Тэр өдрийн орой эгч гэрт ирээд маргааш өглөө нь “Гялс” төв рүү очиж үзүүлсэн чинь гавлын яс нь 3 газраа цуурсан байна гээд шууд гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд эгч гэрийнхэнд хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

 

шинжээч эмч Н.Туяагийн “...А.Даваадоржийн биед дагзны зүүн талын суурь хэсгээс дээш зүүн дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, 2 гарын тохой, өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн дүгнэлт гаргасан. Даваадорж өөрийн биеийн жингээр газар унасан тохиолдолд уг гэмтэл үүсэх боломжгүй. Харин өөр хүчтэй хүч үйлчилж, хурдны энерцийн үйлчлэлээр хүчтэй унасан тохиолдолд үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №11541: “...1. Т.Даваадоржийн биед дагзны зүүн талын суурь хэсгээс дээш зүүн дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, 2 гарын тохой, өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. З.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.... 5. Дээрхи гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

 Шүүгдэгч Э.Тэлмүүн нь 2015 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих  шөнө шүүгдэгч Б.Галаа нь хохирогч А.Даваадоржийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдлийг лавтай сайн мэдсээр атлаа 2015 оны 12 сарын 23-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Галаа цаанаас ирж таарсан... Даваадорж бууж таарсан ба Галаагийн хөл дээр Даваадорж гишгэсэн тэр үед Галаа хөлөө татаж авахад Даваадорж газар унасан" гэж бодит байдлыг гуйвуулан, хохирогчийн мэдүүлгээс илт зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

хохирогч А.Даваадоржийн “...Тэлмүүний найз залуу миний дээр гарчихсан намайг сэгсрээд миний толгойгоор боржур мөргүүлж байсан...”,

 

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д_Сайнбаярын “...Манай хүү А.Даваадорж эмнэлэгт хэвтэж байхад Э.Тэлмүүн, Б.Галаа нар бид нарын буруу гээд ах, дүү, өмгөөлөгч нартайгаа ирээд уучлалт гуйж байсан...”  

 

гэрч А.Халиуны “...ах намайг дуудаад бие өвдөөд байна гэсэн. Хувцас нь нил цус шороо болсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “ах нь хүнд зодуулчихсан гэсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

 

шинжээч эмч Н.Туяагийн “...Даваадорж өөрийн биеийн жингээр газар унасан тохиолдолд уг гэмтэл үүсэх боломжгүй. Харин өөр хүчтэй хүч үйлчилж, хурдны энерцийн үйлчлэлээр хүчтэй унасан тохиолдолд үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлгээр хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдлүүд нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.Галаа нь шүүгдэгч Э.Тэлмүүнтэй дотно харилцаатай үерхдэг ба хэрэг болох үед Э.Тэлмүүний гар утас руу нь удаа дараа залгаж, хэнтэй уулзаж байгааг асууж шалгаан, уулзаж байгаа хүнтэйгээ зургаа авахуулаад явуул гэх мэтчилэн үг яриа өдөж хардан улмаар Э.Тэлмүүний гэрийн гадаа түүнийг ирэхэд нь хохирогч А.Даваадоржийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулжээ.

 

Шүүгдэгч Э.Тэлмүүн нь өөрийн найз залуу болох шүүгдэгч Б.Галааг хохирогч А.Даваадоржийг зодсон гэдгийг мэдсээр байж бодит байдлыг гуйвуулан түүнийг зодоогүй талаар зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хохирогч А.Даваадорж нь анх цагдаагийн байгууллагад шүүгдэгч Б.Галаад зодуулсан талаар гомдол гаргаж, мөрдөн байцаалтын явцад өгсөн удаа дараагийн мэдүүлгээр энэ тухай тогтвортой мэдүүлснээс гадна түүнийг гадны хүчтэй үйлчлэлийн нөлөөллөөр /зодуулж/ гэмтсэнийг ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №11541, шинжээч Н.Туяагийн мэдүүлэг, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаяр, гэрч А.Халиун, З.Айлтгүй, Б.Нарангэрэл, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үнэн зөв мэдүүлсэн болох нь нотлогдсон гэж үзлээ.   

 

Иймд шүүгдэгч Б.Галааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Тэлмүүнийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай санал гаргасан хэдий ч шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тогтоосон гэж үзсэн тул хэрэгт дахин нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Б.Галаад Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмд эдлүүлэх, шүүгдэгч Э.Тэлмүүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Б.Галаа болон Э.Тэлмүүн нараас гэм хорын хохиролд хохирогчид 13.000.000 төгрөг өгсөн байх ба үлдэгдэл 8.117.598 төгрөгийн хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг шүүгдэгч Б.Галаагаас гаргуулж хохирогч А.Даваадорж, /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаяр/-т олгохоор шийдвэрлэлээ.

Цаашид хохирогч А.Даваадорж өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Галаа, Э.Тэлмүүн нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:          

            1. Бэсүд овогт Баярцолмонгийн Галааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Товгорсайр овогт Энхбаярын Тэлмүүнийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Галааг 5 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тэлмүүнийг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр /192.000*51/ буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Галаад оногдуулсан 5 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солих болохыг шүүгдэгч Э.Тэлмүүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Галаа, Э.Тэлмүүн нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Галаагаас 8.117.598 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 2 дугаар байрны 11 тоотод оршин суух хохирогч А.Даваадорж /ШУ89042413/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаяр /ЗЮ60010105/ нарт олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч А.Даваадорж өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Э.Тэлмүүнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, шүүгдэгч Б.Галаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            9. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

   10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Тэлмүүнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, шүүгдэгч Б.Галаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН

 

               ШҮҮГЧИД                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

        Х.ИДЭР