Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 39

 

Б.Галаа, Э.Тэлмүүн нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч Э.Тэлмүүн, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Галаагийн өмгөөлөгч Т.Төгөлдөр, П.Сарантуяа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 752 дугаар магадлалтай, Б.Галаа, Э.Тэлмүүн нарт холбогдох эрүүгийн 201525021467 дугаартай хэргийг шүүгдэгч Э.Тэлмүүн, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн, шүүгдэгч Б.Галаагийн өмгөөлөгч Т.Төгөлдөр нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Баярцолмонгийн Галаа нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Товгор сайр овогт Энхбаярын Тэлмүүн нь Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.          

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Галааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Э.Тэлмүүнийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Галаагаас 8.117.598 төгрөг гаргуулан хохирогч А.Даваадорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сайнбаяр нарт олгож, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Галаа, түүний өмгөөлөгч Т.Төгөлдөр, шүүгдэгч Э.Тэлмүүн, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Б.Галаагийн өмгөөлөгч Т.Төгөлдөр, П.Сарантуяа, шүүгдэгч Э.Тэлмүүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Тэлмүүн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… болсон явдлыг харсан миний бие удаа дараа тогтвортой үнэн зөв мэдүүлээд байхад үгийг гуйвуулж өөрөөр хэлсэнгүй гэж заавал буруутган ял шийтгэж байгаад гомдолтой байна. Мөн А.Даваадоржийн эх Д.Сайнбаяр, дүү А.Халиун нар намайг үндэсгүй гүтгэн доромжилж байгаад гомдолтой байна. Шүүхэд энэ байдлаа хэлэхэд шүүх үнэн зөвийг олж тогтоохын оронд тэдгээр хүмүүсийн үгээр намайг хэлмэгдүүлэн яллаж байгаад бүр ч их гомдолтой байна. Шүүх үнэнийг олж шударгаар шийдвэрлэнэ гэж итгэж байгаа учир уг хэрэгт намайг буруугүй болохыг тогтоож, оногдуулсан торгуулийн ялаас чөлөөлж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Э.Тэлмүүний өмгөөлөгч Л.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Уг гэмт хэргийн бүрдэл хангагдаагүй, эргэлзээ бүхий олон баримттай. Иймд хэргийг шүүгдэгч Э.Тэлмүүнд ашигтайгаар шийдвэрлэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Галаагийн өмгөөлөгч Т.Төгөлдөр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна. Хэргийн гол гэрч таксиний жолоочоос огт мэдүүлэг аваагүй. Шүүгдэгч Б.Галаагийн үйлдсэн хэргийг санаатай гэж үзэх боломжгүй бөгөөд хохирогчид учирсан хохирол шүүгдэгч Б.Галаагийн үйлдлээс болж үүссэн гэж үзэх шалтгаант холбоо байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар бус харин 97 дугаар зүйлд зааснаар буюу бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэж зүйлчлэх боломжтой. Мөрдөн байцаалтын шатанд дахин шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч дээрх ажиллагааг хийгээгүй. Дээрхээс харахад хохирогч Даваадорж хэрэг гарснаас хойш гэмтэл авсан байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Анхан шатны шүүх хэргийг анх хэлэлцэхэд нийт 6 асуудлыг тодруулах шаардлагатай гэж нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Дээрх асуудлууд бүхэлдээ мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих асуудлууд байсан бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд шүүхийн тогтоолд дурдагдсан шалгавал зохих ажиллагаанууд огт хийгдээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Б.Галаагийн өмгөөлөгч П.Сарантуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... мөрдөн байцаалтын шатанд анхан шатны шүүхийн 278 дугаар тогтоолд дурдагдсан асуудлуудыг огт шалгаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн асуудлыг хохирогчийн өмгөөлөгч хэлдэг. Хяналтын шатны шүүх хэрвээ хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь шүүгдэгч Б.Галаа нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Шүүгдэгч Б.Галаа нь Улсын Дээд шүүхэд гаргасан гомдолдоо “хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлоо би бүрэн төлсөн, миний хувийн байдлыг харгалзаж үзээд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байгаа” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа “... шүүгдэгч Б.Галаа нь бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Э.Тэлмүүн нь мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотолсон, хохирогч уг хэрэгт анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн нь шинжээчийн дүгнэлт болон бусад гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал шүүгдэгч Э.Тэлмүүнийг худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр шийтгэх тогтоол, магадлал нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

2015 оны 8 дугаар сарын 5-ны шөнө Б.Галаа нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 50 дугаар байрны гадаа өөрийн найз эмэгтэй Э.Тэлмүүнтэй хамт явсан иргэн А.Даваадоржийг зодож хүнд гэмтэл учруулсан үйлдэлд 2015 оны 8 дугаар сарын 17-нд эрүүгийн хэрэг үүсгэн байцаан шийтгэх ажиллагаа явуулжээ.

Мөрдөн байцаагч нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэхийн тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.6-д зааснаар иргэнээс тайлбар авах эрхтэй боловч уг тайлбар нь мөн хуулийн 79 дүгээр зүйлд заасан нотлох баримтад хамаарахгүй тул хууль зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэдэггүй билээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол гарсны дараа мөрдөн байцаах байгууллага байцаан шийтгэх ажиллагаа явуулж эхлэх бөгөөд мөрдөн байцаагчийн дуудсанаар ирж хэргийг нотлоход хамааралтай бүхий л байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, хэрэв мэдүүлэг өгөхөөс санаатайгаар татгалзах, эсхүл санаатайгаар худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр урьдчилан бичгээр сануулж байцаасан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, байцаалтын тэмдэглэлийг нотлох баримтын эх сурвалжид тооцдог болно.

Гэтэл прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө буюу 2015 оны 8 дугаар сарын 10-нд иргэн Э.Тэлмүүний өгсөн “Галаа Даваадоржийг хавсарч унагасан” гэх тайлбарыг гэрчийн мэдүүлэгтэй адилтган нотлох баримт мэтээр үнэлж “Даваадорж Галаагийн хөл дээр гишгэж Галаа хөлөө татахад унасан” гэсэн гэрчийн мэдүүлэгтэй нь харьцуулж үзээд Э.Тэлмүүнийг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, шүүх Э.Тэлмүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Түүнээс гадна шүүгдэгч Э.Тэлмүүн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар өөрийн ойлгож ухамсарласан хэмжээнд өгсөн гэрчийн мэдүүлгийн агуулга хохирогчийн өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байгаа нь түүнийг зориуд илтэд худал мэдүүлэг өгсөн гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Тэлмүүнд холбогдох Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.Тэлмүүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ талаар гаргасан шүүгдэгч Э.Тэлмүүний өмгөөлөгч Л.Даваасүрэнгийн гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Галаа нь эр эмийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас хохирогч А.Даваадоржийг зодож бие махбодид нь “дагз ясны шугаман хугарал, дагзны хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүух хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигт тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаас гэмшиж, хохирогчийн эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлыг бүрэн төлж барагдуулсан шүүгдэгч Б.Галаагийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах боломжтой гэж үзнэ.

Харин хэргийн бүрдэл хангагдаагүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах тухай шүүгдэгч Б.Галаагийн өмгөөлөгч Т.Төгөлдөрийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 350.1.4-д заасныг тус тус удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 752 дугаар магадлалд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Э.Тэлмүүнд холбогдох Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Товгорсайр овогт Энхбаярын Тэлмүүнийг цагаатгасугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Б.Галаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Галаагийн өмгөөлөгч Т.Төгөлдөрийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                    ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

                    ШҮҮГЧ                                               Б.ЦОГТ