| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 181/2019/01204/И |
| Дугаар | 001/ХТ2020/00494 |
| Огноо | 2020-09-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2020/00494
Б.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1904 дугаар магадлалтай,
Б.Х-ын нэхэмжлэлтэй,
АШУҮИС-ьд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, өмгөөлөгч Б.Баатарсайхан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...АШУҮИС-ийн захирлын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерээр томилогдон ажиллаж эхэлсэн. Мөн оны 7 дугаар сард Нүүр Ам Судлалын Сургуулийн Шүд Эрүү Нүүрний Эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил эхлэхэд захиалагчийн хяналтын инженерээр ажиллаж, ажлын зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлж, 2017 оны 5 дугаар сард барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. 2016 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шинэ цогцолборын А, Б блок барилгын угсралтын ажил хийгдэж эхэлсэн ба тус барилгад мөн захиалагчийн хяналт хийсэн. Барилга одоо ашиглалтад орсон. 2018 оны 5 дугаар сард Шинэ цогцолборын 1200 оюутны дотуур байрны барилгын ажил эхэлж, 40 хувийн гүйцэтгэл хүртэл нь захиалагчийн хяналт хийсэн болно. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа тус сургуулийн Монгол Япон сургалтын эмнэлгийн барилгад ашиглагч талын төлөөлөгч болон барилга угсралтын ажилд оролцож байсан. Захиалагчийн хяналтын инженерээр ажиллахдаа тус барилгуудын гадна шугам сүлжээний ажил, техникийн нөхцлийг мөн давхар хариуцаж, ажилдаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн захирлын Б/196 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Үндэслэл нь 2018 оны төсөвт хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд батлуулаагүй, үндэслэл тооцоогүй, зураг төсөвгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, мэргэжлийн алдаа гаргасан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон, ажилдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, ноцтой зөрчил гаргасан гэх хуулийн заалтыг удирдлага болгосон байсан. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд хугацаа заагаагүй, түр авсан гэх хугацааг дууссанаас хойш ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн тул гэрээний хугацаа хуулийн дагуу сунгагдсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталсан нь буруу. Түүнчлэн мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар холбогдох мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргаагүй. Сахилгын зөрчил гаргаж байгаагүй учир давтан гаргасан гэж үзэхгүй, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй тул тушаал үндэслэлгүй. Тухайн ажлын байр одоог хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд Б.Отгон гэх хүн ажилладаг. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Х-ыг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлд Б.Х- өөрөө гарын үсэг зураагүй байдаг тул түүнийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Тус сургууль Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургуулийн сургалт, эмнэлгийн цогцолбор бүхий нийт 12 блок барилга угсралтын ажлыг 2016 онд эхлүүлсэн. Энэхүү ажлын явцад захиалагчийн инженер шаардлагатай байсан учир захирлын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерээр нэхэмжлэгчийг түр хугацаагаар авч ажиллуулсан. Зоорьтой 6 давхар 1 блок, 5 давхар 1 блок, А, Б блокийн барилгын ажилд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс улсын комисс ажиллаж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр акт гарч хүлээн авсан. Тиймээс Б.Х-ын ажлын байр одоо шаардлагагүй болсон тул хасагдсан. Анхнаасаа түр ажлын байр байсан учир түүнийг түр хугацаагаар ажилд авсан. Одоо энэ ажлын байр байхгүй ба түр хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Сургуулийн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 005 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар АШУҮИС-ийн дүрмийг баталсан бөгөөд уг дүрмийн 3.4.3-т удирдлага нь их сургуулийн дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, алба, хэлтэс, бусад нэгжийн дарга, багш, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг хянах, батлах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх, ажлаас чөлөөлөх, халах, багш, ажилтны цалин урамшууллыг зохих хууль дүрмийн хүрээнд олгох бүрэн эрхийг олгосон. Дүрэмд заасан эрхийн хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/01 тоот захирлын тушаалаар хяналтын инженерийн орон тоо батлагдсан ба 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дугаар захирлын тушаалаар бүтэц орон тоог шинэчилсэн. Үүнд хяналтын инженерийн орон тоо батлагдаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалаар сургуулийн багш, ажилчдын бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг баталсан. Энэ баталсан бүтэц зохион байгуулалтын орон тоо, цалингийн сүлжээнд хяналтын инженерийн орон тоо батлагдаагүй. Үүнээс гадна Б.Х- нь үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа алдаа, дутагдал гаргасан нь шалгалтын дүнгээр тогтоогдсон. Шалгалтын дүн шалгалт хийгдсэнээс хойш гарсан хэдий ч 2018 оны төсөвт хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд батлуулаагүй, үндэслэл тооцоогүй, зураг төсөвгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, мэргэжлийн алдаа гаргасан нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр илэрхий болсон байсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01784 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Х-ыг АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын гэрээт хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 12 150 673 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар Б.Х-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг тухайн сургуулийн удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 209 361 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1904 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01784 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч АШУҮИС-ь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 361 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Б.Х- нь АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газарт хяналтын инженерийн ажилд 2016 оны 7 сарын 25-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар түр томилогдон ажилласан. Учир нь АШУҮИС-ь нь Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт АШУҮИС-ийн сургалт, эмнэлгийн цогцолбор бүхий сургуулийн нийт 12 блок барилга угсралтын ажлыг 2016 онд эхлүүлсэн. Энэхүү сургуулийн цогцолбор барилга угсралтын ажлын явцад захиалагчийн инженер шаардлагатай байсан учир АШУҮИС-ийн захирлын 2016 оны Б/25 дугаар тушаалаар хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерээр түр хугацаагаар авч ажилуулсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/139 дугаар захирлын тушаалаар бүтэц орон тоог шинэчилсэн ба хяналтын инженерийн орон тоо батлагдаагүй. Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны хяналт шалгалт хийх төлөвлөгөөний дагуу АШУҮИС-ийн 2017 оны эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад баримтын шалгалт хийсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь дээрх шалгалтыг хийж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шалгалтын тайланг ирүүлсэн бөгөөд уг шалгалтаар тус сургуулийн 2017 оны худалдан авах ажиллагааг шалгахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй бөгөөд нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээг журмын дагуу хийгээгүй, татварын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн оролцогчийг шалгаруулсан, татварын өртэй байхад шалгаруулсан, тендерийн баримт бичигт заасан борлуулалтын орлогын шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан, ижил төстэй ажлын туршлагагүй байхад шалгаруулсан, төлөвлөгөөг бүрэн гүйцэт ил тод зарлаагүй бөгөөд төлөвлөгөөнөөс гадуур худалдан авалт хийсэн, нийт төсөвт өртгийг үндэслэн нээлттэй тендер шалгаруулалт зарлаагүй хэд хэд хуваасан, харьцуулалтын арга хэрэглээгүй, жишиг баримт бичгийг боловсруулаагүй буюу ашиглаагүй гэх мэт нийт 10.170.55 төгрөгийн худалдан авах ажиллагааны зөрчил гаргасан зэрэг нийт 19.079.97 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан нь ийнхүү шалгалтаар тогтоогдсон юм. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2-т тус тус зааснаар техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх, тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх ...зэрэг чиг үүрэгтэй бөгөөд энэхүү хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар зохицуулсан байна. Б.Х- 2016, 2017 онд Үнэлгээний хорооны гишүүн, нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байдаг. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Х-, АШУҮИС-ьд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч “...түр ажлын байранд ажиллуулахаар томилсон, ...үнэлгээний хорооны гишүүн байхдаа зөрчил гаргасан, ...шүүхэд хандах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн...” гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажлаас халсан маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн байна.
1. Б.Х-ыг ажлаас халсан тус сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн захирлын Б/196 тоот тушаалд “гэрээний хугацаа дуусгавар болсон” үндэслэл заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулж, нөхцлөө тохиролцохыг, мөн хуулийн 24 дүгээр зүйлд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний хувийг ажилтанд өгөх үүрэгтэйг тус тус заасан байна. Мөн ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд түүнийг ажилдаа эргэж орох хүртэл, эсхүл улирлын чанартай болон түр ажилд эдгээрийн үргэлжлэх хугацаагаар шинээр ажилтан авч хөдөлмөрийн гэрээ байгуулж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т тодорхойлсон.
Б.Х-ыг АШУҮИС-ийн захирлын 2016.07.07-ны өдрийн Б/25 тоот тушаалаар Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерээр томилохдоо тушаалын хавсралтад “түр” гэж заасан боловч зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ бичгэн хэлбэрээр байгуулагдаагүй, “түр” хугацааг тодорхой он, сар өдрөөр эсхүл ирээдүйд болох үйл явдлаар тодорхойлж, ажилтантай энэ талаар тохиролцсон нь тогтоогдоогүй байна. Иймээс зохигчийн хооронд хугацаатай гэрээ байгуулагдсан гэх боломжгүй юм.
Нөгөө талаар, тус сургуулийн сургалт, эмнэлгийн цогцолборын барилга барих хугацаанд нэхэмжлэгч Б.Х-ын эрхэлж байсан хяналтын инженерийн ажлын байрыг түр бий болгосон гэх үндэслэлээ хариуцагч нотлоогүй учир уг ажлын байрыг байнгынх гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.
2. Б/196 тоот тушаалд “Б.Х- нь 2018 оны төсөвт хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд батлуулаагүй, үндэслэл тооцоогүй, зураг төсөвгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, мэргэжлийн алдаа гаргасан, ...ажилдаа тэнцэхгүй нь тогтоогдсон ноцтой зөрчил гаргасан” гэж заасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасантай нийцээгүй байна.
Ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцөл болдог боловч зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаж ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар тусгайлан тохиролцоогүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй байдал тогтоогдоогүй тул тушаалын дээрх үндэслэл хуульд нийцэхгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан байна.
3.Нэхэмжлэгч Б.Х- шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхдээ шүүх хэргийн баримтыг үндэслэн дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4. Хариуцагч тал, нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны орон тоо хасагдсан гэх боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.
5. Дээр дурдснаар шүүх Б.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд заасантай нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01784 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1904 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 209.361 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ