Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2019/00082/и |
Дугаар | 001/ХТ2020/00742 |
Огноо | 2020-10-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2020/00742
А.Огийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00786 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1184 дүгээр магадлалтай,
А.Огийн нэхэмжлэлтэй
Ө.Цт холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13 618 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд 7 721 098 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ө.Цын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагч Ө.Ц, түүний өмгөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Должинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.О 2018 оны 4 дүгээр сард Ө.Цтай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, 28в байр, 20 тоот, 46.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 77 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 20 000 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сар хүртэл, үлдэгдэл төлбөрийг сар бүр 1 000 000 төгрөгөөр 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл төлөхөөр тохиролцож орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Ө.Ц байрны түлхүүрийг өгснөөр бид байрандаа орсон. Гэтэл Ө.Ц 2018 оны 9 дүгээр сард анх тохиролцсон тохиролцоогоо дангаараа өөрчилж, надад байрны мөнгө бөөндөө хэрэгтэй байна гэсний улмаас бид 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дээрх орон сууцыг 60 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 15 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 45 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, урьдчилгаа төлбөрт нийт 18 300 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкны зээл хөөцөлдсөн боловч банкны зээл бүтэхгүй байсан тул Ө.Ц байрыг зарах болж, биднийг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр байрнаас хөөж гаргасан. Манай гэр бүл дээрх байранд 4 900 000 төгрөгийн тавилга, 240 000 төгрөгийн гэрлэн бүрхүүл, байранд анх ороход 178 000 төгрөгийн хэрэглээний төлбөрийг төлсөн. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлбөрт төлсөн 18 300 000 төгрөгийн үлдэгдэл 8 300 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгнө гэсэн боловч өгөөгүй байна. Иймд гэрээнээс татгалзсантай холбогдуулан урьдчилгаанд төлсөн 8 300 000 төгрөг, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дах хэсэгт заасны дагуу байранд засан сайжруулахад зарцуулсан буюу тавилга хийлгэсэн, гэрлэн бүрхүүл авсан, хэрэглээний төлбөр төлсөн 5 318 000 төгрөг, нийт 13 618 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон /13360/, Б.Доржийн гудамж, 28в байр, 20 тоот хаягт байршилтай, 46.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч ба уг орон сууцыг 2015 онд захиалан бариулах гэрээгээр захиалан, 2018 оны 3 дугаар сард ашиглалтад ороход нь хүлээж авсан. Уг орон сууцыг худалдан борлуулах зар тавьсны дагуу А.О нь нөхрийн хамт байрыг худалдан авахаар тохиролцож, байранд 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр орж, түлхүүрээ хүлээн авсан. Бид байрыг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдахаар тохиролцсон ба 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу А.О 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 4 000 000 төгрөгийг дансаар, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10 880 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 120 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 600 000 төгрөг төлж талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дах заалтаар тохиролцсон 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Бид урьд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээний тохиролцоог өөрчлөөгүй ба нэхэмжлэгч бид таны төлбөрийг банкнаас зээл авч төлнө, банк 77 000 000 төгрөг зээлэхгүй 60 000 000 төгрөгөөр гэрээ хийе гэж хэлсэн тул би зөвшөөрсөн боловч зээл нь бүтээгүй. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ нь зөвхөн нэхэмжлэгч банкнаас зээл хөөцөлдөхийн тулд хийгдсэн дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Би нэхэмжлэгчийг өвлийн хүйтэнд байрнаасаа хөөж гаргасан үйлдэл хийгээгүй ба гэрээнээс татгалзлаа гэх саналыг нэхэмжлэгч гарган, орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр чөлөөлсөн. Нэхэмжлэгч үлдэгдэл 8 300 000 төгрөг гэж байгаа боловч хариуцагчийн дансанд бодитоор 16 800 000 төгрөг шилжсэн, 6 800 000 төгрөг хүлээн авсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч буцаан төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дах хэсгийн заалт нь хөрөнгийн эзэмшигч байхдаа арчлах, засан сайжруулах зэрэг зарцуулсан зардлыг хэлнэ. Гэтэл тавилга, абжурыг байрыг засан сайжруулсан зардал гэж үзэхгүй. Энэ тавилгыг нэхэмжлэгч байрыг худалдан авах төлөвлөгөөтэй байранд зориулж авсан. Байрнаас гарахдаа аваад гарах эрх нь нээлттэй, саад учруулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч гэрчээр асуулгах хүмүүстэй тохиролцоод 2 000 000 төгрөгөөр зарахаар болсон тул тавилга, эд хогшлоо авч яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч банкны зээл хөөцөлдсөн, түүнтэй холбоотой нотлох баримт банкнаас ирээгүй. Банкны зээл бүтэхгүй болж нэхэмжлэгч төлбөрийг төлөх боломжгүй болсон тул 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байрыг хүлээлгэж өгч, хариуцагчид шилжүүлсэн 16 800 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг буцаан авсан. Нэхэмжлэгч байранд 7 сар амьдарсан, энэ хугацааны түрээсийн төлбөрийг төлөх саналыг тавихад нэхэмжлэгч боломжгүй гэдгээ илэрхийлсэн учраас орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс 6 800 000 төгрөгийг авч үлдсэн. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнээс татгалзсанаас 7 сар өмчлөлийн хөрөнгөө бусдад ашиглуулаагүй нь нэхэмжлэгчийн буруугаас болсон тул энэ хохирлыг шаардаж байна. А.Огаас 7 сар орон сууцанд амьдарсны төлбөрт 4 900 000 төгрөг нэхэмжилж байгаа ба сар бүр 700 000 төгрөгөөр бусдад орон сууцаа түрээслэх болон хөлслүүлэх боломжтой байсан. Мөн байранд амьдарч байх хугацаандаа том, жижиг өрөөний коридорын хэсгийн обой хуурч, урагдсан, том өрөөний тааз цоорсон, жижиг өрөөний хаалга сэнсэрч хагарсан, коридор хэсгийн шалны гарниз алга болсон зэрэг миний эд хөрөнгөд 687 500 төгрөгийн хохирол учруулсан, байрны 10, 11 дүгээр сарын байрны ус, цахилгааны төлбөр төлөөгүй, байранд үнэлгээ хийлгэхэд 55 000 төгрөгийн зардал гарсан. Иймд нийт 850 000 төгрөгийн бодит хохирол учруулсан байсан ба байрнаас гарахдаа акт үйлдсэн. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гэрээний 7 дах заалтад алданги тооцох нөхцлийг заасан. Нэхэмжлэгчийн буруугаас гэрээний үүрэг биелэгдээгүй учир алданги тооцож гэрээнд зааснаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой 20 000 000 төгрөгөөс 10 888 000 төгрөг төлсөн тул 20 000 000-10 888 000 төгрөгийг хасч 9 120 000 төгрөг болно. Үүнээс дараагийн төлөлт хийгдсэн хугацаа буюу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх алдангийг хоногийн 45 600 төгрөг*4 182 400 төгрөгөөр тооцож, мөн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 120 000 төгрөг төлснийг төлөх 9 120 000 төгрөгөөс хасч, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх 5 сарын алдангийг 9 000 000 төгрөгөөс бодож өдрийн 45 000 төгрөгийг 150 хоногоор тооцоход 6 750 000 төгрөг болно. Нэхэмжлэгчээс дээрх алдангийг багасгаж нийт алдангид 2 000 000 төгрөг нэхэмжилж, А.Огийн 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 200 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 600 000 төгрөгийг дээрх алданги тооцсон төлбөрт оруулаагүй. Иймд нийт 7 721 098 төгрөгийг гэрээ цуцалсан хохирол болон зардалд гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Должинсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан зохицуулалт нь гэрээний нэг тал гэрээний үүргээ зөрчсөн байх шаардлагыг хангасан байх ёстой. А.О гэрээний үүргээ зөрчөөгүй. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.2-т ...үлдэгдэл 45 000 000 төгрөгийг банкны зээлээр төлнө гэж тодорхой заасан. Хэрэв банкны зээл бүтэхгүй бол 45 000 000 төгрөг төлөгдөхгүйг талууд мэдэж байсан. Талуудаас үл хамаарах шалтгаанаар банкны зээл бүтээгүй учраас гэрээний нөхцөл биелэгдээгүй тул Иргэний хуулийн 227 дах заалтыг баримтлах боломжгүй. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн гэж ямар агуулгаар тайлбарлаж байгаа нь тодорхойгүй тул хууль зүйн үндэслэлгүй. Цаг хугацааны хувьд нэг нь 5 дугаар сар, нөгөө нь 9 дүгээр сар буюу 5 дугаар сард байгуулсан гэрээнээс 9 дүгээр сард татгалзаж, шинэ нөхцөлтэй гэрээ байгуулсан гэж үзнэ. Мөн 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээг нотариатаар батлуулсан. Анх 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байрны түлхүүрийг гардаж авсан. Авахдаа 1 000 000 төгрөгийг бэлнээр Ө.Цын хүү Ц.Анхбаярт хүлээлгэж өгөөд байрны түлхүүрийг авсан байхад мөнгө өгөөгүй байхад байрны түлхүүрээ өгсөн мэтээр тайлбарлаж байна. Бэлнээр баримтгүй өгсөн мөнгийг өгөөгүй мэтээр тайлбарлаж байгаад харамсаж байна. 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хариуцагчийн эхнэрт 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэхүү нийт 1 300 000 төгрөгийг тооцоонд оруулахгүй, үүнийг Ө.Ц сайн мэдэж байгаа. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ, энэхүү эрх шилжүүлэх гэрээ нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан. Талууд нөхцөлөө 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчлөөд нотариатаар батлуулсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гэрээг цуцалсан гэж үзнэ. Гэрээ цуцлагдсан учир энэ гэрээний агуулгаар анз шаардах эрхгүй. Хэрэв гэрээг цуцалсан бол гэрээний үүргээс үүсэх үр дагавар буюу гэрээний үүргээс шаардах эрх үүсэхгүй. Иймд 2 000 000 төгрөгийн анз нэхэмжлэх боломжгүй. Хариуцагч тал Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2 дах заалтыг үндэслэн түрээсийн гэрээний хохирол 4 900 000 төгрөгийг нэхэмжилж байгаа ч талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй учраас шаардах эрх тодорхойгүй. Иргэний хуулийн аль зүйл заалтаар хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ А.Огаас болж цуцлагдаагүй, банкны зээл гараагүй учраас гэрээ биелэгдэх боломжгүй болсон учраас хохирол шаардахгүй. А.О нь Ө.Цтай түрээсийн гэрээ байгуулаагүй тул түрээсийн гэрээнд үндэслэсэн 4 900 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Мөн эд хөрөнгөнд учирсан 821 000 төгрөгийг гэрч асуулгаж тодруулах нь зүйтэй байх. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага ямар хуулийн шаардлага хангаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжилж байгаа зүйл нь хэргийн нөхцөл байдалд тохирохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00786 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ө.Цаас 6 835 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 783 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 227 дугаар зүйлийн 227.1, 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Огаас 771 098 төгрөг гаргуулан хариуцагч Ө.Цт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 950 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 040 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 490 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 23 056 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1184 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 183/ШШ2019/00786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ө.Ц хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие нь нэхэмжлэгч А.Отай 2018.05.07-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх” гэрээг байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч гэрээнд заасан орон сууцыг 77 000 000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа 20 000 000 төгрөгийг 2018.06.15-ны дотор төлж, үлдэгдэл 52 000 000 төгрөгийг 2018.07.10-наас 2021.07.10-ны өдрийг хүртэл нийт 3 жилийн хугацаанд сар бүрийн 10-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Уг гэрээ ёсоор нэхэмжлэгч 2018.04.08-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө орон сууцанд орж, орон сууцыг эзэмшилдээ авч амьдарч эхэлсэн ба улмаар дээрх 2018.05.07-ны өдрийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 16 800 000 төгрөг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан, талууд энэ талаар маргаагүй болно. Давж заалдах шатны шүүх хянах хэсэгтээ: “Талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд, 2018 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан гэрээ нь шинээр 2018 оны 09 сарын 27-ны өдөр дахин гэрээ байгуулагдснаар дуусгавар болсон байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт зааснаар олох байсан ашиг 4 900 000 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд шүүх хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүйгээс шүүхийн магадлал хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй юм. Угтаа бол талуудын хооронд 2018 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан бөгөөд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь 2018-05-07-ны өдрийн гэрээний дагуу төлөх урьдчилгаа төлбөр, мөн сар бүр хэсэгчлэн төлөх гэрээний төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй байсаар нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагч түүнтэй 2018.09.27-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан юм. Энэхүү гэрээ байгуулах болсон учир шалтгаан бол нэхэмжлэгч нь гэрээний үүргээ банкнаас зээл авах замаар биелүүлэх зорилгоор байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, бичгийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд банкнаас зээл хөөцөлдсөн боловч зээл нь гараагүй тул нэхэмжлэгч 2018.05.07-ны өдрийн гэрээний үүргээ биелүүлэх болсноор уг орон сууцыг 2018.11.08-ны өдөр буцаан өгч, гэрээнээс татгалзсан юм. Үүнтэй холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэх боломжит хугацаа олгосон ч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагчид учруулсан хохирлыг төлөх үүрэгтэй тул уг байранд 7 сар амьдарсан хугацааны төлбөрийг шаардан сөрөг нэхэмжлэл гаргасан билээ. Өөрөөр хэлбэл талууд нь 2018.09.27-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан нь талуудын хооронд байгуулсан 2018.05.07-ны өдрийн гэрээний эрх зүйн харилцаа нь дуусгавар болсон гэх дүгнэлт нь хууль зүйн хувьд учир дутагдалтай болсон ба энэ тохиолдолд хариуцагчийн 2018.09.27-ны өдөр энэхүү гэрээ байгуулах болсон, учир шалтгаан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн эсэх зэрэг үйл баримтыг давж заалдах шатны шүүх зөв үнэлж дүгнээгүй юм. Иймд дээрхи үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 900 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Ө.Цт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөнөөс буцааж өгөөгүй 8 300 000 төгрөг, хохирол 5 318 000 төгрөг нийт 13 618 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсанд нэхэмжлэгч үүргээ зөрчсөн буруутай гэж үзэж, хохирол 7 721 098 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 6 835 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлагыг, нэхэмжлэгчээс 771 098 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Талууд 2018 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 98 айлын орон сууцны 28в байрны 20 тоот, 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнийг хэсэгчлэн, нэг мөсөн төлөхөөс хамаарч үнийг өөрөөр тогтоон 2 удаа гэрээ байгуулсан, А.О нь орон сууцыг 2018 оны 5 сараас эхлэн эзэмшсэн, урьдчилгаа төлбөрт 16 800 000 төгрөгийг өгсөн боловч 2018 оны 11 сарын 01-ний өдөр орон сууцыг буцаан өгсөн үйл баримтаас үзвэл талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээнээс, татгалзсан, гэрээнээс татгалзсны үр дагаврыг арилгах, хохирол гаргуулах асуудал маргааны зүйл болсон байна.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл талуудын байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээнд орон сууцны үнийг төлөхдөө 45 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр талууд тохиролцсон боловч зээл авч чадаагүй, үүнд зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, улмаар худалдан авагч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул хариуцагч Ө.Ц гэрээнээс татгалзсан байна.
Гэрээнээс татгалзсан явдалд хоёр талын аль нэгийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул ийнхүү татгалзсантай холбоотой хохирлыг гаргуулах үндэслэлгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй ба нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй юм.
Иймд үндсэн нэхэмжлэлээс, гэрээнээс татгалзсны дараа буцааж өгөөгүй үлдэгдэл мөнгө 6 800 000 төгрөг, ашиглалтын зардал 35 000 төгрөг нийт 6 835 000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээс эд хөрөнгийг эвдэж гэмтээсний улмаас хийх засварын зардал 687 500 төгрөг, гэмтлийг тогтоолгоход гаргасан зардал 50 000 төгрөг нийт 771 098 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д нийцсэн гэж үзнэ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...нэхэмжлэгч нь 7 сар орон сууцанд амьдарсан, энэ хугацаагаар орон сууцаа бусдад хөлсөлж орлого олох боломжтой байсан гэж сөрөг нэхэмжлэлээс 4 900 00 төгрөгийг хангаж өгөх”-ийг хүсчээ. Гэрээнээс татгалзсан явдалд талуудын хэн алиныг буруутгах боломжгүй болохоос гадна гэрээний дагуу харилцан шилжүүлсэн зүйлийг талууд аль аль нь гэрээг цуцлах хүртэл ашигласан тул сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00786 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1184 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА