Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/02274

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзий, өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Баясгалан, Б.Болорчимэг, гэрч Р.Зоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/02657 дугаар захирамжаар Б.Э-оос 301.120.000 төгрөг гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нь Б.Э-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б. барилгыг 645.224.000 төгрөгөөр үнэлэн, түүний 70 хувь болох 451.656.800 төгрөгөөр тооцон үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2016 оны 5 сарын 30-ны өдөр хүлээн авсан.

Одоо энэ үл хөдлөх эд хөрөнгө бүрэн ашиглалтад орсон, байрлал нь Нүхтийн аманд буюу агаар, ус, байгалийн сайхан бүрдсэн, тансаг зэрэглэлийн орчинтой, шинээр ашиглалтад орсон уг объектын зах зээлийн ханш нь 900.000.000 орчим төгрөг байхад, уг үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул энэ үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т зааснаар үнэлгээг мэдсэн өдрөөсөө хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргасан. Б.Энхцогт нь үнэлгээтэй 2017 оны 5 сарын 30-ны өдөр танилцаж, баримтад гарын үсэг зурсан байгаа. Энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд  гомдлоо гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 101/Ш32016/02657 дугаар захирамжаар Б.Э 301.120.000 төгрөг гаргуулж, “Ориент инвест ББСБ” ХХК-д  олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх явуулж төлбөр төлөгч Б.Энхцогтод төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч төлөөгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, иргэн Б.Отгонбаатарын өмчлөлд бүртгэгдсэн, Эрхийн улсын Ү-2206022504 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 19/08 тоот 437,2 м.кв талбайтай 4 давхар амины орон сууцыг 2017 оны 01 сарын 03-ны өдөр битүүмжпэн, 2017 оны 02 сарын 15-ны өдөр хурааж, төлбөр төлөгч Б.Энхцогт, өмчлөгч Б.Отгонбаатар нараас дээрх хөрөнгийн талаар үнийн санал авахад 1 м.кв талбайг 3,200,000 төгрөг, нийт 1.399.040.000 төгрөгөөр үнийн санал өгсөн байна. Энэ үнэлгээг төлбөр авагчид танилцуулахад үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй гэж шинжээч томилох хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа болохоос өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцон тогтоосон үнийн хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу, төлбөр авагчийн гаргасан үнийн санал, төлбөр төлөгчийн гаргасан үнийн санал зөрүүтэй байсан тул үнэлгээчнээр хөрөнгийн үнэлгээний тусгай эрх бүхий байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилон зах зээлийн үнэлгээ тогтоолгоход 645.224.000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээг төлбөр төлөгч Б.Энхцогт, өмчлөгч Б.Отгонбаатар нарт 2017 оны 5 сарын 17-ны өдөр 3/14450 дугаар албан мэдэгдлээр мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.-т Мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж заасан байдаг. Үнэлгээний талаар 3/14450  мэдэгдлийг 2017 оны 5 сарын 17-ны өдөр төлбөр төлөгч Б.Энхцогтод баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн 2017 оны 5 сарын 22-ны өдөр энэ тухай утсаар мэдэгдэж баримтжуулсан байгаа гэв.

 

Гуравдагч этгээд “Ориент инвест ББСБ” ХХк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхцогт болон Б.Отгонбаатар нарын 1 тэрбум төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг  үнэлсэн нь хэт өндөр байсан учир манайх звшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт гаргасан.  Уг объект нь суурийн давхартайгаа нийлээд 4 давхар. Шинжээч нар 2 удаа төлбөр төлөгчийн гэрт очих гээд гэрийг олоогүй учраас би зааж өгөхөөр хамт явсан. Хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй байх нөхцөл бүрдээгүй байсан. Хөрөнгийн үнэлгээний хуульд төлбөр төлөгч болон авагчийг байлцуулах талаар хуульчилсан зүйл байхгүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдааны анхны үнийг тогтоосон болохооос биш ингэж зарагдана гэсэн үнэлгээ биш. Нэхэмлэгч нь албаар өндөр үнэлгээ өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  удаашруулах зорилготой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зах зээлийн үнэ гээд байгаа үнэ нь 100 хувийн гүйцэтгэлтэй барилгын үнэ юм.

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс нэхэмжлэгчид үнэлгээний талаар утсаар мэдэгдсэн,  хуульд утсаар мэдэгдэж болно гэж заалт байдаг, төлбөр төлөгч нар  шийдвэр гүйцэтгэгч нарыг ярихаар утсаа авдаггүй.  Дараа нь шүүхэд эрх ашиг хөндөгдлөө гэдэг. Энэ бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа санаатай үйлдэл гэж үзэж байна. 

Шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа, үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Б.Э нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн татгалзлыг дэмжиж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/02657 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 сарын 06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 16261651 дугаар тогтоолоор тогтоогдож байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 сарын 19-ний өдрийн 128 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилжээ.

            “Хөрөнгийн үнэлгээний төв”” ХХК нь барьцаа хөрөнгийг 2017 оны 5 сарын 15-ны өдөр үнэлж ирүүлснийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 5 сарын 17-ны өдрийн 3/14450 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн байна.

            Уг мэдэгдэлд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч 645.224.000 төгрөгөөр үнэлсэн тухай заасан, мэдэгдэл дээр “Монгол шуудан 2017.05.17” гэж дардас тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд энэ өдөр төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдлийг хүргүүлсэн, энэ ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.4.-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хаянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар төлбөр төлөгч, өмчлөгч нарт хүргүүлсэн болохыг нотолж байгаа тул үнэлгээний талаар мэдэгдсэн хугацаа гэж үзнэ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т “төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан.

            Нэхэмжлэгч нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан гомдлоо дээрх хуульд заасан хугацаа хэтрүүлэн 2017 оны 5 сарын 31-ний өдөр шүүхэд   гаргасан байгаа нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Энхцогтыг төлөөлөн Л.Насан-Өлзийгийн гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР