Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/02146

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.С-т холбогдох

Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 6 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,  хариуцагч О.С, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б нь 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр О.С-тай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөрийг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгээр тохиролцон 3258068 арлын дугаартай, Тоёота приус маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг О.С худалдан авсан. Талууд автомашины нийт үнийг 12 500 000 төгрөг байхаар тохиролцож үүнээс 3 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр О.С төлж, үлдэгдэл 9 500 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар гэрээнд заасан боловч Б.Б нь хугацаандаа төлж амжаагүй бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 3 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөгийг төлсөн байсан. Худалдан авагчийн зүгээс О.С-т хандан үлдэгдэл төлбөрийг 2015 оны 8 дугаар сард багтаан төлж барагдуулах тул үүрэг гүйцэтгэх хугацааг 8 сар хүртэл хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан боловч хүлээн аваагүй бөгөөд О.С 2015 оны 7 дугаар сард автомашинаа буцаан авч байна, танай төлсөн 6 500 000 төгрөгийг би буцааж өгнө гэж хэлээд авто машинаа аваад явсан. О.С нь тухайн үед гэрээнээс татгалзаж, автомашинаа буцаан авсан өдрөөс хойш одоог хүртэл 6 500 000 төгрөгийг буцаан төлөөгүй байгаа тул Иргэний хуулийн 205.1, 264.1-д заасныг тус тус үндэслэн иргэн О.С-аас 6 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Харин хариуцагч О.С нь Н ХХК-тай гэрээ байгуулсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээнд О.С нь өөрөө гарын үсэг зурсан гэв.

Хариуцагч О.С болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-ын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 6 500 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Б.Б нь зээлээр худалдах, худалдан авах гэрээг анх Н ХХК-тай байгуулсан байдаг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан гэрээнээс тодорхой харагдах ба уг машин нь манай Н ХХК-ийн нэр дээр орж ирсэн, манай компанийн өмч гэж бүртгэгдсэн байгаа. Энэ талаар гаалийн мэдүүлэгт бичигдсэн байгаа бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь О.С биш гэж үзэж байна.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.С-т холбогдуулан 6.500.000 төгрөг  гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. 

 

            Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч О.С нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдсан автомашинаа буцаан авсан тул автомашины үнийн урьдчилгаанд төлсөн 6.500.000 төгрөгийг О.С-аас гаргуулна” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч О.С “ автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ Б.Б, Н ХХК нарын хооронд байгуулагдсан бөгөөд хариуцагч нь О.С-аас биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

2015 оны 2 сарын 17-ны өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнд худалдагч Н ХХК гэж, худалдан авагч Б.Б гэж тодорхойлсон байх ба талууд гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ хавтаст хэргийн 4-5 талд авагдсан байна.

Түүнчлэн уг автомашиныг 2014 оны 11 сарын 06-ны өдөр Н ХХК нь өөрийн компанийн нэр дээр Япон улсаас оруулж ирж, бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 1217763 тоот мэдүүлэг, автомашин худалдах-худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх байдлуудаас дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд хариуцагч О.С нь Н ХХК-ийг төлөөлж оролцсон байх тул гэрээний нэг тал гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, хариуцагч О.С болон нэхэмжлэгч Б.Б нарын хооронд дээрх гэрээний дагуу ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй байх тул дээрх гэрээний үүргийг О.С-аас шаардах үндэслэлгүй байна.  

 

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон               

                                                                                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч О.С-аас 6 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  дурдсугай 

                                  

 

 

 

    ДАРГАЛАГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ