Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00718

 

“Э..финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02166 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1804 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Э..финанс ББСБ” ХХК

          Хариуцагч: Г.Н..д холбогдох

          109,206,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Идэрбулган, хариуцагч Г.Н.., түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Г.Н.. нь манайхтай 2014-5-28-ны өдөр 14/14 тоот зээлийн гэрээ байгуулж 100сая төгрөгийг сарын 3%-н хүү, сарын 0.6 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Н..ийн өмчлөлийн 607 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэтгээгүй, байгууллагын зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг амаар болон бичгээр шаардсан боловч зээлдэгч нь удаа дараа хойшлуулах хүсэлт тавьсаар өдийг хүрээд байна. Зээлдэгч Г.Н.. нь 2018-12-19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 30 сая төгрөг, гэрээний дагуу төлөх хүү 64,480,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,726,000 төгрөг, нийт 109,206,000 төгрөг байгаа тул түүнээс уг төлбөрийг гаргуулж шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Би Э..финанс ББСБ ХХК-с зээл аваагүй, миний найз Д.Алтанцэцэг авсан бөгөөд улмаар зээлийг төлж дуусгасан гэж хэлсэн. Тус банк бус санхүүгийн байгууллага нь Д.Алтанцэцэгт зээлийг төлж дуусгасан талаар баримт өгсөн. Дээрх зээлийн гэрээг сүүлд хийж гарын үсэг зуруулчихаад зээл авсан гэж зээлийн төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд Э.. финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний өмчлөлийн 607 м.кв газрын гэрчилгээг барьцаанаас суллаж өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 101/ШШ2019/02166 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Г.Н..ээс 58,256,000 төгрөг гаргуулж Э..финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 50,950,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар  Г.Н.. шүүхийн шййдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Н..ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Өлгийн ... дугаар гудамжны ...А тоотод орших 607 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон, нэгж талбарын дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар  даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 774,180 төгрөгийг улсын орлогод үлдээж, Г.Н..ээс 519,430 төгрөг нөхөн гаргуулж Э..финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1804 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “58 256 000” гэснийг “46 950 000”, “50 950 000” гэснийг “62 256 000” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “519 430” гэснийг “392 700” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 449 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Мөнхсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүүг суутган тооцсон нь ИХ-н 216.4-т заасан журамд нийцээгүй гээд нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх тус хуулийн заалтыг хэрэглэснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх ийнхүү хэрэглэхдээ буруу хэрэглэж нэхэмжлэлээс их хэмжээгээр хасч тооцсон байна. Магадлалын хянавал хэсэгт “..зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2015-02-06-ны өдөр 4сая төгрөг, мөн оны 04-30-ны өдөр 5 сая төгрөг, 09-02-ны өдөр 50,000 төгрөг, 2016-02-08-ны өдөр 95 сая төгрөг, нийт 114,050,000 төгрөг зээлийн үүрэгт төлсөн” гэжээ. Энэ хэсэгт шүүх хариуцагчийн зээлийн төлөлтүүдийг баримттай тулгаж зөв тодорхойлсон боловч нийлбэр дүнг буруу гаргасан. Учир нь дээрх 4 төлөлтийн нийлбэр дүн нь 104,050,000 төгрөг байтал 114,050,000 төгрөг гэж 10 сая төгрөгөөр илүү нэмж тооцсон. Иймд магадлалд өөрчлөлт оруулж 10 сая төгрөгийг нэмж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Г.Н.., өмгөөлөгч Ш.Оюумаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: миний бие зээлийн гэрээгээр нэг ч төгрөг аваагүй, Д.Алтанцэцэг мөнгөний хэрэг гараад байна гээд намайг хөдөө явсан хойгуур миний эхнэр Л.Алтанцэцэгээс гуйж байгаад миний эзэмшлийн газрыг барьцаанд тавьж 100 сая төгрөг авсан байсан. Д.Алтанцэцэг зээлээ цаг тухайд нь төлнө, ямар ч асуудалгүй гээд миний итгэмжлэлээр миний хүү Жавхлантөгөлдөрийг зээлийн гэрээнд гарын үсэг зуруулан авсан байсан. Миний хүү гадаадад сургуульд явах болоход нэр дээр нь зээл гарч энэ хэрэг мандсан. Зээлээ төлөөгүй юм уу гэж Д.Алтанцэцэгээс асуухад төлсөн гэж хэлсэн. Би хүүгээ сургуульд нь явуулахын тулд тус ББСБ гэрээний дагуу зээл төлөлт дууссан гэхдээ гэрээг өөрчлөн таны нэр дээр болгохгүй бол болохгүй гэхээр нь гарын үсэг зурж өөрчилсөн. Түүнээс биш би дахин зээл авч буюу өөрт хэрэглэсэн зүйлгүй. Ямар ч зүйлд туйлын үнэн гэж байх ёстой.. бодит байдалд хэн зээл аваад төлж байгааг ББСБ сайн мэдэж байсан. Иймд байхад иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна. Д.Алтанцэцэг зээлийг төлж дууссан гэж мэдүүлж байхад шүүх энэ нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Хэрэгт авагдсан бүх баримт Д.Алтанцэцэгээр төлөгдсөн ба би энэ ББСБ-тай харьцаагүй. Анхан шатны шүүх хуралд ББСБ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Жавхлантөгөлдөрийн өр дууссан гэж ярьсан. Алтанцэцэгтэй харьцаж зээлсэн гэх 100сая төгрөгөө 170 сая болгож авчихаад дахин надаас 100сая төгрөг зээлсэн зээлийн үлдэгдэл гэж нэхэж байгаад гомдолтой байна.Хүүлсэн мөнгөнийхөө санхүүгийн баримтыг ч шүүхэд гаргаж өгөөгүй байсан. Шүүх дүгнэхдээ зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитойгоор авсан талаар маргажээ хэргийн 52 дахь талд байгаа кассын баримтаар нотлогдож байна гэжээ. Гэтэл энэ зээлийн гэрээг анх хийхдээ би байгаагүй, миний хүү итгэмжлэлээр гэрээ байгуулан, мөнгийг Алтанцэцэг авсан гэдэг нь баримтуудаар нотлогдож байхад зөвхөн хэт нэг талыг барьж шийдсэнд гайхаж байна. ББСБ зээлийн гэрээг Жавхлантөгөлдөрийн зээлийн гэрээг шилжүүлж авсан энэ тооцоо нь 109 сая болсон гэж тайлбарлаж байгаа ба хэрэв зээлийн гэрээ шилжүүлж авсан гэж байгаагаа зөвшөөрч байсан байж бэлэн мөнгийг кассаар дамжуулан анхнаасаа аваагүй болж таарч байгаа нь ойлгомжтой байна. Зөвхөн кассын баримтыг үнэлсэнд гомдолтой байна. ББСБ-н төлөөлөгч олон янзаар тайлбар өгснийг шүүх анхаарах хэрэгтэй болов уу.. магадлалын хянавал хэсэгт: .. Г.Наранцэцэг... / Наранцэцэг гэх хүн бэ хаанаас Наранцэцэг гэдэг хүн гаргаад ирэв/ буцааж төлөх үүргийг гүйцэтгэж байсан гэх тайлбар нь Г.Наранцэцэг, Л.Алтанцэцэг нарын мэдүүлгээр нотлогдож байгаа гээд Г.Наранцэцэг нарын хооронд зээлийн гэрээ хийсэн гэх үндэслэлгүй гэж дүгнэжээ. Г.Наранцэцэг гэх огтоосоо мэдэхгүй дуулаагүй хүн гаргаж ирж хуулийн заалт зааж зөв гэж дүгнэсэн нь хуулийн дагуу шийдвэр гарсангүй гэж үзэхээс гадна иргэн намайг гүнээсээ их доромжилж шийдсэн шийдвэр боллоо гэж үзэж байна. Юу гээд бичсэн ч энэ өвгөн яадгийн гэсэн бололтой, маш их гомдож байна.. Иймд хэргийг хянуулж, Их-н 56-р зүйлд зааснаар хийгдсэн гэх гэрээг, хүчин төгөлдөр бусад тооцож, ИХШХШТХ-н 115.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа тул Монгол Улсын Дээд шүүхэд хэргийг хянуулахаар гомдол гаргалаа гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Э..финанс” ББСБ ХХК 2018-12-31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Г.Н..ээс нийт 109,206,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардахдаа “... хариуцагч 2014-05-28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 100 сая төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж үүргийн гүйцэтгэлд газар барьцаалсан...зээлд 104,050,000 төгрөг төлсөн ч үүргээ бүрэн биелүүлээгүй тул 2018-12-19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 30 сая төгрөг, хүү 64,480,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,726,000 төгрөг авна..” гэжээ. 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...зээлийг би биш, харин Д.Алтанцэцэг авсан....надаар хожим гарын үсэг зуруулсан...зээл төлөгдсөн гэж хэлж байсан..” гэж маргасан байна.

        Анхан шатны шүүх хариуцагчаас 58,256,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас  46,950,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Хариуцагчийн гомдлын талаар.

       а/. Нэхэмжлэгч нь Н.Жавхлантөгстэй 2012-09-03-ны өдөр 14/12 дугаартай зээлийн гэрээ байгуулж /хх64/ 100 сая төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 0,60 нэмэгдүүлсэн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлж, үүргийн гүйцэтгэлд нэг хүний буюу Г.Н..ийн өмчлөлийн 607 кв.м газрыг барьцаалсан нь нотлогдсон бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна.Н.Жавхлантөгстэй байгуулсан зээлийн гэрээний дагуу олгох 100 сая төгрөгийг Гашууны гол групп ХХК-ийн захирал Д.Алтанцэцэг авсан үйл баримт /хх20/ тогтоогджээ. 

        2012-09-03-ны өдрийн гэрээний үүрэг биелэгдээгүйгээс хариуцагч 100 сая төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 0,60 нэмэгдүүлсэн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх, үүргийн гүйцэтгэлд нэг хүний буюу Г.Н..ийн өмчлөлийн 607 кв.м газрыг барьцаалах гэрээг 2014-05-28-ны өдөр нь Э..финанс ББСБ ХХК тай байгуулж /хх9/ Н.Жавхлантөгсийн зээлийн гэрээний төлбөрийг төлсөн талаар зохигч маргаагүй байв.

        б/. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр  зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм.

       2014-05-28-ны өдрийн гэрээний дагуу Г.Н.. 100 сая төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан байх тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ. 

        в/. Зээлдэгч Г.Н.. 2014-05-28-ны өдрийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй нь тогтоогдсон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

       г/. Давж заалдах шатны шүүх зохигч болон гэрч нарын нэрийг магадлалын “хянавал” хэсэгт хольж, мөн алдаатай бичсэн нь дутагдалтай байх боловч энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөөгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

       Иймд хариуцагчийн гомдолд заасан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн агуулгыг зөрчинө.

       Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

       2. Нэхэмжлэгчийн гомдлын талаар:

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зээлдэгч зээлийн төлбөрт үндсэн зээл 100 сая төгрөг, гэрээнд заасан хугацааны хүү 18,400,000 төгрөг нийт 118,400,000 төгрөгийг 2014-11-18-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн гэх боловч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь, гэрээний хугацааг хэтрүүлэн төлбөрийг төлөхдөө нийт 104,050,000 төгрөг төлсөн нь тус тус тогтоогдсон байна. 

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа, зээлийн гэрээний үүрэгт   зээлдэгчээс гаргуулах төлбөрийн талаар Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийсэн боловч тооцооны алдаа  гаргасан  байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчаас 56,950,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг тооцох өөрчлөлтийг  магадлалд оруулав.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1804 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...46 950 000..” гэснийг “...56,950,000...” гэж., 62 256 000...” гэснийг “... 52,256,000..” гэж., “...392 700..” гэснийг “...442 700...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа  хариуцагчаас 2019-12-02-ны өдөр төлсөн 392,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 2019-11-19-ний өдөр төлсөн 174,950 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ