Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00514

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02691 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2036 дугаар магадлалтай,

Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Н Г ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх  олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх, илүү цагийн нэмэгдэл хөлс 4.602.185 төгрөгийг алдангийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О-, түүний өмгөөлөгч В.Чимгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ... Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Н Г ХХК-ийн хүний нөөцийн албаны дарга, менежментийн багийн гишүүнээр томилогдон ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зааварчилгаа бүхий ажиллах дүрэм журам, төлөвлөгөө гэх мэт чиглүүлэг огт авч байгаагүй. Хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолыг сонсож, түүнийг үндсэн ажлын чиг үүрэгтэй холбон дүрэм журам боловсруулах, ажлаа төлөвлөх, ажлын гүйцэтгэлдээ ашиглаж ирсэн төдийгүй, анх өөрийн ажлын байрны тодорхойлолтыг өөрөө гаргаж байсан. Хүний нөөцийн албаны дарга болоод ч ажлын байрны тодорхойлолтоо өөрөө гаргасан ч баталгаажуулж өгөөгүй. Ажиллах хугацаанд байнгын сургагч байж, шинэ ажилтан бүрийг хөгжүүлэх, дадлагажуулах, мэргэшүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцсон гэж үзэж ажлаас халагдсан. Ингэхдээ ажилласан хугацаанд илүү цаг, хүний оронд ажилласан, эрсдлийн санд хураалгасан мөнгөө авахаар тохиролцсон боловч 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тушаал гардуулахдаа өгөхгүй гэсэн ойлголт төрүүлсэн. Ер нь ажиллах хугацаанд дарамт шахалттай байсан тул өөрийн хүсэлтээр гарсан. Гүйцэтгэх захирал хурал дээр намайг дайрч доромжилсон тул 1 сарын хугацаанд ажиллая дараагийн ажлын байрыг олохгүй бол болохгүй гэдгээ хэлсэн. Өргөдлөө юу гэж бичихээ асуухад өөрийн хүсэлтээр гэж бич гэсэн. Ажлаас гарах өргөдлөө өгсний дараа тушаал гарна гэдгээ мэдэж байсан тул цаг хэмнэх зорилгоор өөрийн нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийсэн. Компани тохирсон мөнгийг өгөөгүй тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Миний бие 2018 оны 9 дүгээр сараас менежментийн багийн гишүүнээр томилогдон 2019 оны 5 дугаар сар хүртэл амралтын өдрүүдээр ажилласан тул илүү цагийн цалин 4.602.185 төгрөгийг алдангийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.О-ийн хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар ажилтан санаачилсан гэх үндэслэлээр 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч ажлаас гарах хүсэлтээ 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ерөнхий менежер Д.Гантулгад аман хэлбэрээр гаргасан байдаг. Үүнтэй холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр захиргаа, хүний нөөцийн албанд Б.О- ажлаас гарах хүсэлтээ бичгээр гаргасныг хүлээж авч, хуулийн зөвлөх миний бие 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр биечлэн уулзаж, уулзалтын тэмдэглэл үйлдсэн. Б.О- ажлаас гарах хүсэлтдээ дурдсаны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дах хэсэгт заасан ажлаас чөлөөлөх хугацааг тухайн хүсэлтийг хүлээн авснаар тохиролцсон гэж үзэж, ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 19/174 тоот тушаал гарсан. Компанийн дотоод журмын 6.5-д 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18/029 тоот захирлын тушаалаар батлагдсан компанийн ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлтийн журмын 4.1-д заасны дагуу шийдвэрлэдэг. Б.О-ийн хувьд илүү цагаар ажилласан гэх баримтгүй нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр нотлогддог. Энэхүү уулзалт ярилцлагаар Б.О- санхүүгийн тооцоолол зөв байна, маргах зүйлгүй гэж хариулсан. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд тушаал нь гараагүй байхад өөрийн нийгмийн даатгалын дэвтэртээ ажлаас чөлөөлсөн бичилт хийсэн байхаар тодруулахад ямар нэгэн зорилго агуулаагүй, ажил хөнгөвчлөх гэж бичсэн гэж хариулсан. Тухайн үед нь гарах гэж байгаа тушаалыг таамаглаж тэмдэглэгээ хийж болохгүй гэж анхааруулсан. Ээлжийн амралтын мөнгө бодогдох талаар хэлэхэд ойлгосон, гар дээр ирэх цалин дээр нэмэгдэх зүйл байна уу гэхээр нь удирдлагуудаас тодруулаад, ISO-гийн ажилтнуудад ажлын хүрээнд 2019 оны 5 дугаар сард хийсэн ажилд холбогдох нэмэгдлийг олгож болно гэж байна, түүнийг санхүүд мэдэгдэж холбогдох тооцоог хийх болно гэдгийг тайлбарласан. Өргөдөлдөө бичсэн авах ёстой мөнгө төгрөгийг нь өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02691 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн Тухай Хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н Г ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож ажилд эгүүлэн томилуулах, олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, илүү цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4 602 185 төгрөгийг хугацаа хожимдуулсан хоног тутмын алдангийн хамт гаргуулах нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2036 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02691 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч Н Г ХХК-ийн удирдлага 2019 оны 2 сараас эхлэн ажлын байрны дарамт үзүүлж, элдэв хэл амаар доромжлох, баримт нотолгоогүй гүтгэх, үндэслэлгүй буруутгах, үгүйсгэж хэн ч биш байдалтай харилцаж, үндсэн хуулиар олгогдсон хүний эрхэнд халдах оролдлого хийх зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргаж ажлын байрны болон сэтгэл зүйн дарамтанд бүтэн 4 сар ажиллуулсан. 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс эхлэн дотоод сүлжээ, сошиал харилцаа холбоо, хурал уулзалт зэрэг ажил үүргийнхээ хүрээнд оролцдог бүхий л ажиллагаануудаас хасч, хязгаарласан, эцэст нь 2019 оны 5 сарын 23-ны орой ажлын бус цагаар өрөөндөө дуудаж уулзахдаа “цаашид хамтран ажиллаж чадахгүй нь ээ, би ч чамайг мэрсээр өөрөө стрессдэж гүйцлээ, маргааш ажлаа өг, ажлыг чинь авах хүмүүс зааварчилгаа өгсөн байгаа, 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласнаар тооцъё, хурдан өргөдлөө бичиж өг, би чамаас ажил олгогчийн санаачлагаар гэсэн өргөдөл авахгүй...” гэж шахаж, дарамт үзүүлсэн. Ингээд ажил олгогч нь ажлаас халах тушаал гаргаагүй байхдаа 2019.05.27-ны өдөр үүрэгт ажлыг хүлээн авч тойрох хуудас зуруулсан, 2019.05.28-ны өдөр санхүүгийн тооцоо нийлэхэд харилцагч компанийхаа 1.849.900 төгрөгний бараа материалын үнийн авлагыг миний цалингаас зөвшөөрөлгүйгээр хүчээр суутгасан. Энэ нь дарамталж, зүй бус харилцаж, эрхэнд минь халдаж байсны хөдлөшгүй баримт юм. Мөн 2019.05.28-ны өдөр Б.О- би ажил олгогчид өгсөн харилцан тохиролцох хүсэлтэндээ “...бидний үүсээд байгаа нөхцөл байдал Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40-р зүйл заалтуудад нийцэхээргүй байна” гэж дурьдсан зэрэг нь дарамтлуулж байсны бодит нотолгоо болно гэж үзэж байна. Өөрөө тушаал гаргах эрх бүхий ажилтан байсан байж, өөртөө тушаал гаргаж баталгаажуулаагүй байхад нотлох баримтгүй гэж тайлбарласан байдаг. Ажил олгогч буюу миний шууд удирдлага надад Хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох Хүний нөөцийн албаны дарга албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг гаргаж танилцуулаагүй тул би тушаал гаргах ёстой цорын ганц эрх бүхий субъект гэдгээ мэдээгүй байсан. Мөн энэ үүргийг цаг тухайд нь гүйцэтгэхгүй байгааг мэдэж байсан ажил олгогчийн хувьд сануулах, гүйцэтгүүлэх бүрэн эрхтэй гэж ойлгож байна. Надад өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэл сонирхол байгаагүй. Би амьдралдаа хариуцлага хүлээж үүрч явдаг шигээ Н Г ХХК-ийн удирдлагын үзүүлж байсан дарамт шахалт, зүй бус харилцааг тэвчиж, хүлцэж ажилласаар ирсэн гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт хамаарах нотлох баримтуудыг олон талаас нь нягталж үнэлээгүй төдийгүй, “...ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцлахыг санаачилсан...” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.О-, Н Г ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор болон илүү цагийн нэмэгдэл хөлс 4.602.185 төгрөгийг алдангийн хамт тус тус гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “...нэхэмжлэгч хүсэлт гаргасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болох  хөдөлмөрийн гэрээг цуцалсан Н Г ХХК-ийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, илүү цагийн хөлс олгох эсэх талаар дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Б.О- Н Г ХХК-д хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаад тус компанийн ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 19/174 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэг буюу ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай заасан байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг ажилтан гаргасан гэдэг нь ажилтан сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж хүсэлтээ бичгээр өгснийг ойлгох бөгөөд хоёр шатны шүүх хэргийн баримтад авагдсан нэхэмжлэгч Б.О-ийн тус компанийн хүний нөөцийн албанд хандан гаргасан 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өргөдөл, уг өргөдөл гарсантай холбоотой хуулийн зөвлөх Г.Э- нэхэмжлэгчтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж үзснийг буруутгах үндэслэлгүй байна.

Б.О-ийн өргөдөлд дурдсан, ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын ногдох олговор, эрсдлийн санд суутгасан мөнгийг ажил олгогч олгосон байна. Харин ажлаас гэнэт халагдсны тэтгэмж нь ажилтан санаачилж хөдөлмөрийн гэрээг цуцлах  нөхцөлд олгох хууль зүйн үндэслэлгүй, өөр ажлыг хавсарч ажиллаж байсан тухай эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэргүй, илүү цаг ажилласныг нотлох баримтгүй буюу тухайлбал, тус компанийн ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журмын 4.4-р зүйлд заасан журмын дагуу баталгаажуулаагүй байсан нь уулзалтын тэмдэглэлд тусгагджээ. Иймээс “өргөдөлд заасан нөхцөл биелэгдээгүй байхад тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан, өргөдөл бичих шалтгаан нь ажил олгогчийн дарамт байсан гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд Б.О-ийг ажлаас буруу халсан гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцжээ.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02691 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2036 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ