Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2518

 

 

 

 

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/02518

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х -д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Н,

 

Нотариатын үйлдэл болон 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагч Г.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Л.Т миний бие Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, хуучнаар Хангамжийн АОС-13 тоот буюу одоо 2б хэсэг, Төмөр замын 131 тоот хаягт байршилтай газартаа 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэтэл Ш.Н гэх хүн гэнэт гарч ирээд миний газрыг өөрийн газар гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэж, энэхүү маргаанд миний бие гуравдагч этгээдээр оролцож байна. Ш.Нийн маргаан гаргах болсон шалтгаан нь миний газарт 2008 онд нөхөр С.А ийн нэр дээр захирамж гарсан байсан. Нөхөр нь 2010 онд нас барсан учир өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж, газрыг өөрийн нэр дээр болгохыг шүүхээс хүсчээ. Намайг мэдээгүй байхад Баянзүрх дүүргийн Газрын албаныхан хууль бусаар миний газрыг С.А гэдэг хүний нэр дээр захирамж гаргасныг миний бие хожим мэдэж, удаа дараа дүүргийн газрын албанд хандаж, өргөдөл гомдол гаргасны үндсэн дээр С.А агсны нэр дээр гаргасан захирамжийг хүчингүй болгуулсан. Мөн Өвлөх эрхийн гэрчилгээ гарсныг миний бие Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүссэний дараа мэдсэн бөгөөд мэдсэн даруйд нотариатын үйлдэлд холбогдуулж Монголын Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд гомдол гаргасан. Үндэслэл нь Ш.Н ийн нөхөр С.А агсан нь 2010 оны 12 дугаар сард нас барсан, тухай газрыг нь 2015 оны 07 дугаар сард хүчингүй болгосон байтал 5 жилийн дараа Өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн нь хууль бус, энэхүү гэрчилгээг бичсэн нотариатын үйлдэл нь мөн хууль зөрчсөн гэж үзэж, эргэлзээ төрж байсан. Сахилгын зөвлөлөөс гаргасан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” шийдвэрт “...нотариатч Г.Х нь өвлүүлэгчийн эхнэр Ш.Н т 2015.07.07-ны өдөр бүртгэлийн 198 дугаарт бүртгэж, гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд Ш.Н нь Иргэний хуулийн 520-р зүйлд заасан хууль ёсны өвлөгч биш байх тул нотариатч Нотариатын тухай хуулийн 43-р зүйлийн 43.2.1 дэх заалтыг зөрчиж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна” гэжээ. Дээрх байдлаас үзэхэд нотариатч Г.Х нь Өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүний 2017 оны 05 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” шийдвэрээс тодорхой харагдана. Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт шийдвэрийг эс зөвшөөрвөл Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдлоо гаргахаар заасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 “хууль зөрчсөн...”, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараах баримт бичгийг үндэслэнэ”, мөн зүйлийн 43.2.1 “...хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг” гэсэн заалтуудыг үндэслэж, нотариатч Г.Х гийн баталсан 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, тус гэрчилгээг баталсан 72 дугаартай нотариатч Г.Х гийн үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслэж нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа. Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх, хараат бус байх, шударга ёсыг хангах, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 520.1 дэх хэсгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн шийдвэрээр нотариатч Г.Х нь хууль зөрчсөн болохыг нотолсон байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү“ гэв.

 

Хариуцагч Г.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Т нь Ш.Н ийн өв залгамжлалын асуудалд хамааралгүй иргэн байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн АОС 2б хэсэг, Төмөрзамын 131 тоотод байрлалтай 400 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 09 дүгээр сарын 05-ны 276 тоот Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн талийгаач С.А д 15 жилийн хугацаатайгаар 2008 оны 09 дүгээр сарын 10-нд 0212549 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Л.Т т уг газрыг эзэмших ямар нэгэн эрхийн акт байхгүй. С.А ийн төрсөн охин А овогтой Номинжаргал байгаа ба 3969 дугаартай төрсний гэрчилгээгээр нотлогдоно. Энэ хүүхэд хууль ёсны өвлөгч бөгөөд Баянзүрх дүүргийн Газрын алба 18 насанд хүрээгүй учир газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй гэснээр хууль ёсны төлөөлөгч эх Ш.Н т өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Сахилгын зөвлөлөөс хуулийг дутуу харж шийдвэр гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрч нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байгаа. Нотариатчдын танхимын Сахилгын зөвлөлийн гишүүн н.Г ын шийдвэр хууль буруу хэрэглэсэн шийдвэр байгаа. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт өвлөгч нь насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны төлөөлөгч болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгож, энэ тухай тусгайлан тэмдэглэл үйлдэнэ гэсэн заалт байгаа. Энэ заалтын дагуу А овогтой Н ын  төрсөн эх Н т өвлөх эрхийг гэрчилгээг олгосон. Өвлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 07 сарын 07-нд бичиж олгосон ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 сарын 28-нд А/350 тоот захирамжаар талийгаач С.А ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байсан. Одоо Баянзүрх дүүргийн Газрын алба маргаж буй газар нь төрийн өмч учир хэнд эзэмшүүлэхээ шийдэх эрхтэй учир ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.3-г хэрэглэх боломжтой. Нэгэнт захирамжаар С.А ийн  газар эзэмших эрх нь хүчингүй болсон учир өв залгамжлах эрхийн гэрчилгээ үйлчлэхгүй болсон гэж үзэж байна. Дээрх нөхцөлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Н шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, өмгөөлөгч Ш.Отгонбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай нөхөр С.А ийннэр дээр байсан газрыг миний бие Ш.Н өвлөх эрх нээлгэж хүлээн авсантай холбоотой нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай асуудал шийдэгдэх гэж байгаа тул миний бие тус маргаанд гуравдагч этгээдийн байр сууринаас оролцож эрхээ хамгаалуулах хүсэлтэй байна. Дээрх газартай холбоотой маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр иргэн Ш.Н миний нэхэмжлэлтэй үүссэн байсныг түдгэлзүүлсэн байгаа бөгөөд тухайн нотариатын үйлдэлтэй холбоотой хууль ёсны дагуу гомдлын шаардлага гаргах эрх иргэн Л.Т т байхгүй гэж миний бие үзэж байна. Нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Маргааны гол зүйл нь жинхэнэ өвлөгчид өвийг нээлгээгүй гэж байгаа. Тухайн үед өвлөгч 5 настай байсан. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар 7 нас хүрээгүй этгээд нь иргэний эрх зүйн чадамжгүй. Мөн Газрын тухай хуульд зааснаар 18 насанд хүрээгүй этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхгүй байгаа. Тийм учраас тухайн нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт зааснаар өвлөгч нь насанд хүрээгүй бол түүний эцэг эх өвлөх эрхийн гэрчилгээг нээлгэнэ гэсний дагуу хууль ёсны дагуу явуулсан. Он дарааллын хувьд тухайн гэрчилгээ хүчин төгөлдөр байхад өвийг нээлгэсэн. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Өвлөгч нь 5 настай хүүхэд байсан тул түүний асран хамгаалагчийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүний гаргасан шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр биш. Энэ шийдвэрийн агуулгыг харахад хууль ёсны өвлөгч биш этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан байна гэсэн шийдвэр гаргасан. Хууль ёсны өвлөгч эрх зүйн чадамжгүй бол эцэг эхэд нь гаргана гэсэн заалтыг анзаараагүй байсан. А.Н  гэдэг охин нь С.А ийнхууль ёсны өвлөгч. Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тал энэ байдлыг нотлох үүрэгтэй. Хариуцагч тал хуулийн дагуу нотариатын үйлдэл үйлдсэн гэдгээ нотолж байгаа ” гэв.

 

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Г.Х д холбогдуулан нотариатын үйлдэл болон 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Х нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээнд дурдсан өв залгамжлалын асуудал нэхэмжлэгч Л.Т тхамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Н нь нотариатч Г.Х гийн нотариатын үйлдэл нь хууль зөрчөөгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь нэхэмжлэгч Л.Т т хамааралгүй, тэрээр уг асуудлаар гомдлын шаардлага гаргах эрхгүй этгээд гэх тайлбарыг гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Л.Т нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, хуучнаар Хангамжийн АОС-13 тоот буюу одоо 2б хэсэг, Төмөр замын 131 тоот хаягт байршилтай газарт 2010 оноос хойш амьдарч байгаа, хариуцагч Г.Х гийн  2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдлээс болоод газар эзэмших эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа тул шүүхэд хандсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж мэдүүлсэн.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 273 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн АОС-13 тоот хаягт байршилтай, 400 м.кв газрыг амины хашааны зориулалтаар, 15 жилийн хугацаатай иргэн С.А д эзэмших эрх олгохоор шийдвэрлэж, 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг С.А д олгосон байна. /хх-31-32, 45/

 

С.Ань захирамжаар эзэмших эрх олгогдсон газар буюу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн АОС-13 тоот хаягт амьдарч байгаагүй, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 4х-49-1694 тоотод 2000 оноос хойш бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Нтэй хамт амьдарч байсан, тэдний дундаас 2010 оны 08 дугаар сарын 14-ний өдөр охин Алтансүхийн Номинжаргал төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0459310, Г-3969 дугаартай гэрчилгээ, тухайн хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-43-44, 49/

 

С.Ань 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нас барсан байх ба Ш.Н нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 397 дугаартай шийдвэрээр С.Алтансүхтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгожээ. /хх-46-47/

 

Ш.Н нь С.Аагсаны эзэмшлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн АОС-13 тоот хаягт байршилтай, 400 м.кв газрын өвлөх эрхийн гэрчилгээг олгуулах хүсэлтийг гаргасны дагуу нотариатч Г.Х нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 198 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг Ш.Нт олгосон нотариатын үйлдлийг хийсэн байна.  /хх-41-52/

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/350 дугаартай захирамжаар С.А д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу газраа ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгожээ. /хх-29-30/

 

Нэхэмжлэгч Л.Тнь хариуцагч Г.Хгийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдэл нь хууль зөрчсөн болох нь Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүний 2017 оны 05 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” шийдвэрээр тогтоогдсон гэх тайлбарыг гаргасан.

 

Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүний  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” шийдвэрт “...нотариатч Г.Х нь өвлүүлэгчийн эхнэр Ш.Нт 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийн 198 дугаарт бүртгэж, гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд Ш.Н нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өвлөгч биш байх тул нотариатч Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтыг зөрчиж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна...” гэжээ. /хх-4-5, 53-54/

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсны өвлөгчийн талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Л.Тнь С.А агсаны хууль ёсны өв залгамжлагчийн асуудалд хамааралгүй этгээд байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.

 

Харин 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийн 198 дугаарт бүртгэж, гэрчилсэн Өвлөх эрхийн гэрчилгээ Ш.Нт олгогдсоноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэх тайлбарыг гаргасан.

 

   Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ....тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн АОС-13 тоот хаягт байршилтай, 400 м.кв газрыг С.Аагсан 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эзэмших эрхтэй болж, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх бөгөөд иргэн Л.Т тус газрыг өмчлүүлэх болон эзэмшүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гарсан шийдвэр байхгүй байна. Тухайн газарт нэхэмжлэгч Л.Тнь 2010 оноос амьдарч байгаа нь түүнийг тухайн газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Л.Тнь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 198 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн АОС-13 тоот хаягт байршилтай, 400 м.кв газрыг эзэмших эрх нь зөрчигдсөн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч уг газрыг эзэмших эрх Л.Т толгогдоогүй байх бөгөөд өв залгамжлалын гэрчилгээ олгогдсоноор түүнд газар эзэмших эрх олгох ажиллагаа хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг үндэслэж нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэх тайлбарыг гаргажээ.

 

Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлд нотариатчийн баримтлах зарчим, 31 дүгээр зүйлд нотариатын үйлдэл хийхээс татгалзах, 43 дугаар зүйлд өвлөх эрхийн гэрчилгээ олгох асуудлыг зохицуулсан заалтууд байх бөгөөд нотариатч Г.Х 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хийхдээ холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулсан эсэхээс хамаарч нэхэмжлэгч Г.Т ын   эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь түүний эрх ашгийг хөндөж, зөрчсөн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт  зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүний  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” шийдвэрт нотариатч Г.Хг Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өвлөгч биш этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна гэж дүгнэсэн боловч Сахилгын зөвлөлийн дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан өргөдөл гомдолд дурдсан асуудлаар нотариатын үйлдлийг гэрчилснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бол өргөдөл гомдлыг хүлээн авахаас татгалзана гэж заасныг үндэслэн Г.Т ын   гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Уг шийдвэрийг үндэслэн нотариатч Г.Хгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг  хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Г.Хгийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийн 198 дугаарт бүртгэж, гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь нэхэмжлэгч Г.Т ын   эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн, түүний газар өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн, хязгаарласан үндэслэл тогтоогдохгүй байх тул нотариатын үйлдэл болон 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Газрын тухай хуулийн 21, 33 дугаар зүйлд заасны дагуу зохих шатны Засаг даргын шийдвэрийн дагуу газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх тул нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн АОС-13 тоот хаягт байршилтай, 400 м.кв газрыг эзэмших эрхтэй, түүнд эзэмшүүлэх ёстой гэж үзэж байгаа тухайн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 520 дугаар зүйлийн 520.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Хд холбогдох нотариатын үйлдэл болон 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Г.Т ын   нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Т ын   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР