| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0038/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 80
Ц.М-, Ц.М-нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Алтансүх,
шүүгдэгч Ц.М-,
хохирогч Б.У-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, Л.Нинжбат,
шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2864 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Алтансүхийн бичсэн эсэргүүцлээр Ц.М-, Ц.М-нарт холбогдох эрүүгийн 201525011780 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.М-, Ц.М- нар бүлэглэн 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.У-ээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “яллагдагч Ц.М-нь 42.973.550 төгрөг, яллагдагч Ц.М- 82.622.610 төгрөг буюу” нийт 125.596.160 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.М-, Ц.М-нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М-нь яллах дүгнэлтэд 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны хугацаанд гэж бичигдсэн нь учир дутагдалтай байна. Энэ нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд мөнгө эргэн төлснийг 2012 оны 8 дугаар сарын 25-наас 2015 оны 6 дугаар сар хүртэл төлсөн төлбөрийг оруулж тооцсон гэж гарсан. 6 дугаар хавтас хэргийн 218-220 дугаар талд Ц.М-аас Б.У-ийн “ХАС” банкны данс руу эргэн төлөлт хийсэн мөнгөний дүн нь 9.370.000 төгрөгийн тооцооноос 2012 оны 5 дугаар сарын 12-нд төлсөн 300.000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2.315.000 төгрөгийг хохирогчийн гаргаж өгсөн хуулганд 1 дүгээр хавтас хэргийн 111 дүгээр талд 2012 оны 4 дүгээр сарын 12-нд 300.000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 25-нд 401.000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 12-нд 1.000.000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1.075.000 төгрөг Мөнхтуулаас гэсэн банкны хуулгыг гаргаж өгсөн байна. Энэ нь 2012 оны 4 дүгээр сарын 12-нд 300.000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 25-нд 401.000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 12-нд 1.000.000 төгрөгийг тус тус буцааж төлсөн тооцоонд буюу шинжээчийн дүгнэлтэд ороогүй байна. 4 дүгээр хавтас хэргийн 27, 28 дугаар талд Уранчимэгийн гаргаж өгсөн Ц.М-, Ц.М- нарын өөр хүнд буюу өөр дансаар мөнгө авч эргүүлэн Б.У-ийн данс руу хийсэн мөнгөний тооцоог хийж өгөхдөө Шагдарын Нямаа 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Төрийн банкны 10470002990 тоот дансаар 3.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4.403.000 төгрөгийг Ц.М-, 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Цогтбаатарын Мөнхжаргал “Голомт” банкны 1805034190 тоот дансаар 6.000.000 төгрөгийг авч, 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс Ц.М- 400.000 төгрөг гэх мэтээр бичсэн баримтаар надад хамааралгүй байна гэсэн тайлбарыг хүлээн авч хянахад, шинжээчийн дүгнэлтэд бэлнээр төлсөн тооцоонд ороогүй байна. Мөн Ц.Мөнхжаргалын мөнгөний тооцоог М- хийсэн байхад Мөнхтуулд хамааралтай гэсэн зэргээс үзэхэд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн №168 дугаартай шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан эсэхэд эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад “...мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч өөр шинжээчид даалгаж болно” гэж хуульчилжээ. Иймд:
1. Прокурор, мөрдөгч нар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж асуудлыг тодруулах ажиллагааг хийх;
2. Шүүгдэгч Ц.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт “миний хувийн тооцоо хөтөлдөг дэвтрийг эд мөрийн баримтаар тооцож аваад хохирогч Уранчимэгийн зээлдүүлсэн гэх мөнгөний тооцоонд нотлох баримтаар авсан атлаа Уранчимэгт миний бэлнээр өгсөн гэх мөнгөний тооцооноос хасахгүй байна” гэдэг. Иймд эд мөрийн баримтаар хураан авсан дэвтэрт талуудыг байлцуулан үзлэг хийх замаар хэдэн удаа, Уранчимэгт хэдэн сарын хэдний өдөр, хэдэн төгрөгийг өгсөн, Уранчимэгээс авав гэж тэмдэглэгдсэнийг түүвэрлэн авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийх;
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар төлөх мөнгөний тооцоон дээр задаргааг шаардах тул талуудыг оролцуулан хохирогч хэдэн сарын хэдний өдөр, хэдэн төгрөгийг зээлдүүлснээс хэдийг нь эргүүлэн төлөөгүй талаарх задаргааг хийж ирүүлэх;
4. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийн хавсралтад битүүмжлэгдсэн гэх
Ц.М-ийн орон сууц зарж борлуулсан талаар дурдагдаж байх тул мөрдөн
шалгах ажиллагаа явуулж тодруулах;
Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах үндэстэй байна гэж үзээд Ц.М-, Ц.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Алтансүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ц.М-, Ц.М-нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. 1. Дээрх хэрэгт 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Алтан жолоо аудит” ХХК-иар дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан хохирогч Б.У-, шүүгдэгч Ц.М-, Ц.М-нарын дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримт, хэрэгт хураагдсан дэвтэрүүд болон дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт үндэслэн гаргасан байх тул уг дүгнэлтийг эргэлзээтэй, дүгнэлтээр тогтоовол зохих асуудлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй орхигдуулсан гэх үндэслэлгүй байна. Хэрэв шүүх дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсний дагуу дахин шинжээч томилох эрхтэй.
2. Ц.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт “миний хувийн тооцоо хөтөлдөг дэвтрийг эд мөрийн баримтаар тооцож аваад хохирогч Уранчимэгийн зээлдүүлсэн гэх мөнгөний тооцоонд нотлох баримтаар авсан атлаа, миний Уранчимэгт өгсөн мөнгөний тооцооноос хасахгүй байна” гэж мэдүүлдэг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шалган тогтоосон. Ц.М-ийн 2013 онд бичигдсэн гэх “ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэрт балласан хэсэг”-ийг нь тодруулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн №4340 дугаартай дүгнэлт гаргуулсан байдаг. Дээрх дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирлын тооцооны талаарх дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээр гаргуулсан. Иймд дэвтэрт үзлэг хийх байдлаар Б.У-т хэдэн төгрөг өгсөн талаарх хохирлын тооцоог мөрдөн байцаалтаар дахин тогтоох шаардлагагүй ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудыг байлцуулан, цугларсан нотлох баримтад үндэслэн тодруулах боломжтой.
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн №4340 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэдэн төгрөг зээлж авснаас хэдэн төгрөгийг нь эргүүлэн төлөөгүй талаар задаргааг тодорхой тусгасан байхад талуудыг оролцуулан хохирлын тооцооны задаргааг дахин гаргах шаардлагагүй.
4. Тус хэрэгт Ц.М-ын өмчлөлд байх Ү-22005001412 дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны 26 тоот орон сууцыг, мөн Ц.М-ийн Ү-2205032473 дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц худагт Дамдинбазарын гудамжны 59 дүгээр байрны 6 тоот орон сууцыг тус тус битүүмжилсэн.
Гэтэл шүүхээс Ц.М-ийн эзэмшлийн битүүмжилсэн орон сууцыг зарж борлуулсан эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуул гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчиж байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь учир дутагдалтай байна. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээгүй баримтуудаар таардаг.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2864 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хохирлын тооцооны задаргааг хийж, бүрэлдэхүүнтэй шинжээч дахин томилуулахаар заасан. Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын гаргасан дансны хуулгуудад бүх баримтуудад шинжээч томилж аудитын дүгнэлт гарсан, үнийн дүн нь тодорхой болсон. Хэргийн материалыг уншихад шүүгдэгч нар өөрсдөө хохирлын тооцоогоо мэддэг, удаа дараагийн шүүх хуралдааны мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлттэй тохирдог. Давж заалдах шатны шүүхээс хэргийг эхний удаа буцаахдаа тооцоог нийлүүл гэж, 2 дахь удаа буцаахдаа нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай гэсний дагуу шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Хавтас хэрэгт авагдсан дансны хуулга, өөрсдийнх нь гаргаж өгсөн гар бичмэл дэвтэр зэргээр шинжээчийн дүгнэлт гарсан учраас дахин дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад заасан асуудал бол Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Батмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Ц.М-, Ц.М- нарыг бүлэглэн 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртлэх хугацаанд хохирогч Б.У-ээс яллагдагч Ц.М-нь 42.973.550 төгрөг, Ц.М- нь 82.622.610 төгрөгийг буцаан өгнө гэж залилсан асуудалд эдийн засгийн шинжээч томилж дүгнэлт гаргасан байх тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Тооцоог нийлүүлэхдээ тогтоогдохгүй байгаа нөхцөл байдлыг хохирлын тооцонд оруулахгүй байхаар Ц.М-, Ц.М-, Б.У- нар нь зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад талуудаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэж байсан. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Хохирогч Б.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг бол 2012 оны 7 дугаар сарын 2-ноос 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд болсон үйл явдал байдаг. Тэрнээс өмнө буюу яллагдагч нарын яриад байгаа дансаар хийсэн мөнгө нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй учраас хохирлын тооцоонд ороогүй. 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ц.М-ын нөхөр буюу Х.Батболд гэдэг хүнээс 2.315.000 төгрөг, 300.000 төгрөгийг Уранчимэгийн дансанд тушаасан байна гэж мөрдөгч асуухад, Мөнхтуулын нөхөр хариулахдаа “манай эхнэр тухайн мөнгийг Уранчимэгийн дансанд тушаачих гэсэн. Ямар учиртайг мэдэхгүй” гэдэг бөгөөд хаана, хэзээ, яаж авсан нь тогтоогдоогүй тул хохирлын тооцоонд ороогүй. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “хэрвээ энэ мөнгийг оруулаагүй гэж үзэж байгаа бол ямар мөнгөний эргэн төлөлт вэ” гэж намайг болон шүүгчийг асуухад Мөнхтуул “би мэдэхгүй” гэдэг. Тэгсэн хэрнээ дансанд тушаасан мөнгөө ярьдаг. Би эд нараас бэлэн мөнгө авч байгаагүй. Мөрдөгч анх бид гурвыг байлгаж байгаад гарын үсэг зуруулахад би өмгөөлөгчтэйгөө хамт байж байгаад гарын үсэг зурна гэхэд мөрдөгч “Хэрвээ 2012 оны 7 дугаар сарын 2-ноос өмнөх тооцоо тогтоогдохгүй бол хохирлын тооцоонд орохгүй” гэсэн учраас хохирлын тооцоонд ороогүй” гэв.
Хохирогч Б.У-ийн өмгөөлөгч Л.Нинжбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлт нь эдийн засаг, санхүүтэй холбоотой дүгнэлтэд математик тооцооллын алдаатай, эсхүл тооцооллын аргачлалыг илэрхий буруу сонгон хэрэглэсэн бол бүхэлд нь эргэлзээтэй гэж үзээд дахин гаргадаг. Хэрэгт байгаа 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 168 тоот дүгнэлтэд тийм зөрчил байхгүй байна. Шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт учраас шүүх өөрөө шинжлэн судлаад хэргийг шийдвэрлэх боломжтой. Дахин шинжээчийн дүгнэлт гарснаар энэ хэрэг шийдэгдэхэд удааширна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэл муутай гарсан гэж үзэж байна. Хохирогч Б.У- нь эсийн задрал гэдэг өвчтэй бөгөөд хүнд шатандаа орсон. Элэгний 34 хувь нь ажиллаж байгаа. Хэрвээ 10 хувьтай болох юм бол үхэлд хүрэх аюултай. Шүүгдэгч нараас мөнгөө авч чадахгүй байгаа тул эмчилгээ хийлгэх боломжгүй байгаад байна. Шүүгдэгч нарын зорилго нь хэргийг шийдвэрлэхгүйгээр удаашруулж байгаад магадгүй энэ хүний үхэхийг харах гээд байгаа мэт хардлага төрж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан байж өөрсдөө ордоггүй. Хохирлоос мөнгө төлдөггүй, битүүмжилсэн байрыг худалдан борлуулж, мөнгөө өөрсдөө авсан байдаг. Мөн миний үйлчлүүлэгчийн утсанд дугаараа нууцлан дарамтын шинжтэй дуудлага ирж байгаа тул миний үйлчлүүлэгч хямарч байна. Шүүгдэгч нар хүмүүсээс мөнгө нэмж авч байна гэсэн мэдээлэл ирж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ц.М-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулсан бөгөөд мөрдөн байцаагчийн гаргасан хохирлын тооцоо хийсэн хүснэгтэд тулгуурлаад гаргасан тул нарийн мэргэжлийн мэдлэг дутаж байгаа тул шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөгчийн нөлөөнд автсан гэж үзээд өмгөөлөл явуулсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Хохирогч Б.У- 2013 оны 3 дугаар сараас хойших хугацаанд намайг залилсан гэж үзэхгүй гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр үүнээс өмнөх цаг хугацаанд төлсөн мөнгө тооцоонд орсон байдаг. Тэгэхээр захирамжид заасан бүрэлдэхүүнтэй шинжээч томилох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн хохирогчийн өмгөөлөгч байраа зарсан, дахиад гэмт хэрэг үйлдээд байна гэж хэллээ. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар ярьсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд нэг мөр шалгахаар шүүгчийн захирамжид мөн дурдсан. Иймд шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч Ц.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэй санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч Ц.М-тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би эгчдээ л туслаж байсан. Энэ талаар анхнаасаа мэдүүлдэг. Хэлэх зүйл байхгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дүгнэсэн үндэслэлийг хянаж үзвэл:
Шүүгдэгч Ц.М-ын хохирогч Б.У-т 2012 оны 4 дүгээр сарын 12-нд 300.000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 25-нд 401.000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 12-нд 1.000.000 төгрөгийг тус тус буцааж төлсөн тооцоонд буюу шинжээчийн дүгнэлтэд ороогүй гэсэн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзжээ.
Хэрэгт буй баримтаас үзэхэд дээрх мөнгөн дүнг хохирогч Б.У-т төлсөн баримт болох “Хас банк”-ны хуулга /1хх-111/ байна. Шүүх шинжээчийн дүгнэлтээр болон бусад нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой.
Мөн шүүх Ц.М-ийн хувийн тэмдэглэлийг нотлох баримтад үнэлээгүй талаарх тайлбарыг үндэслэн хохирлын талаар шалгаж, хохирогч, яллагдагч нарыг оролцуулан хохирлын задаргааг хийх нь зүйтэй гэж үзжээ.
Шүүгдэгч Ц.М-, Ц.М-, хохирогч Б.У- нар нь хохирлын тооцоон дээр ямагт маргаантай байдаг бөгөөд тэдний хоорондох тохиролцоогоор хохирол тогтоогдох боломжгүй, шүүх өмнө нь тэдний мэдүүлэг, банкны хуулга, хувийн тооцооны дэвтэрүүдийг бодитой үнэлж шалгах, мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар 2 удаа мөрдөн байцаалтын шатанд хэргийг буцааж байжээ.
Иймээс 2018 оны 7 дугаар сарын 25-нд “Алтан жолоо аудит” ХХК-ийн санхүүгийн дүгнэлт, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 4340 дугаартай Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт тус тус гарсан, уг дүгнэлт хууль зөрчиж хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дахин шинжээч томилох шаардлагагүй байна.
Захирамжид дурдагдсан М-гэгчийн “Голомт банк”-ны 1805034190 дугаарын дансанд 6.000.000 төгрөгийг хохирогч Б.У- нь шилжүүлсэн баримт /1хх-215/ байх бөгөөд энэ хоёр хүний хооронд мөнгө өгч авалцсан Ц.М-, Ц.М- нарын бусдыг залилах үйлдэлд хамааралтай эсэх нь яллах дүгнэлтэд тусгагдаагүй байна.
Мөн хэрэгт буй баримтаас үзэхэд Ц.М-, Ц.М-нарын нэр дээрх үл хөдлөх хөрөнгө нь битүүмжлэгдсэн, түүнийг зарж борлуулсан талаарх баримт байхгүй байна.
Иймээс шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Харин прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад “хохирол хор уршгийн талаархи мэдээлэл” зэргийг тодорхой тусгаагүйгээс хэрэгт дүгнэлт өгөх боломжгүй байна.
Прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Б.У-ийн шүүгдэгч Ц.М-, Ч.М- нарт 2012 оноос хойш мөнгө зээлсэн гэсэн тайлбар бүтнээрээ тусгагдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралд хохирогч тэдэнд 70 гаруй удаагийн үйлдлээр тасралтгүй мөнгө зээлсэн, энэ мөнгөө бүрэн гүйцэт аваагүй гэж гомддог, прокурор нь Ц.М-, Ч.М- нарын 33 удаагийн үйлдлийг л ялласан гэж тайлбарлаж байна.
Гэвч яллах дүгнэлтэд “Ц.М-, Ц.М- нар нь бүлэглэн 2012 оны 7 дугаар сарын 2-ноос 2015 оны 2 дугаар сарын 7-ныг хүртэлх хугацаанд” гэж ерөнхий дүгнэжээ.
Үүнээс үзэхэд, шүүгдэгч Ц.М-, Ц.М- нар ганцаараа болон бүлэглэж хэдэн удаагийн үйлдлээр хэдий хэмжээний мөнгийг хохирогчоос залилж авсан, шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийн цаг хугацааг тодорхойлоогүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн “бүлэглэсэн” шинжийг дүгнээгүй байна.
Ц.М-, Ц.М- нарын хохирогч Б.У-ийг залилсан үйлдэл бүрийг тодорхойлж, уг үйлдэл бүрт хэн нь ямар оролцоотой болохыг тодорхой дүгнэж ял сонсгох, улмаар яллах дүгнэлт үйлдсэний дараа шүүх үйлдэл бүрт хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх учиртай.
Иймд Ц.М-, Ц.М-нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлээр ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж үзэв.
“Алтанжолоо аудит” ХХК нь 18/21 дугаартай дүгнэлтдээ Ц.М-, Ц.М-нарын учруулсан хохирлыг нарийвчлан дүгнэж, хавсралт №01-А-д Б.У-ээс Ц.М-нь 85.295.000 төгрөг, Ц.М- нь 95.990.000 төгрөг авсан гэж дүгнэсэн атлаа 7 дугаар хавтасны 64 дүгээр хуудсанд Ц.М-т 85.295.000 төгрөг, Ц.М-д 95.990.000 төгрөг гэж нэрийг зөрүүлж бичсэн /7хх-64/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн шинжээчийн 168 дугаартай дүгнэлтэд Ц.М-, Ц.М- нар нь хохирогч Б.У-т нийт төлсөн дүн 123.238.840 төгрөг /7хх-95/ гэж дүгнэсэн атлаа хамгийн сүүлд нэгтгэсэн дүн гаргахдаа 123.288.840 гэж /7хх-97/ гэж бичсэн техникийн шинжтэй алдааны талаар шинжээч нараас мэдүүлэг авах замаар тодруулж, дахин яллах дүгнэлт үйлдэхдээ уг алдаа зөрчлийг зөвтгөх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2864 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 104 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ