| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 156/2019/00407/И |
| Дугаар | 001/ХТ2020/00506 |
| Огноо | 2020-09-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2020/00506
Б.Б-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 156/ШШ2019/00544 дүгээр шийдвэр,
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2019/00024 дүгээр магадлалтай,
Б.Б-ы нэхэмжлэлтэй,
“Т” ХХК-ийн Хэнтий салбарт холбогдох,
Ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Б.Юучбишийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тны Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулахдаа надад ямар зөрчил гаргасныг танилцуулаагүй. Одоо Авилгын эсрэг хууль зөрчсөн гээд байгаа. Миний хувьд энэ асуудлаар хамт олны хурал дээр хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар огт яриагүй.
Тны Хэнтий салбарын захирлын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулна. Биндэр сумын тооцооны төвийн 120 000 000 төгрөгийн ашиглангийн асуудлыг тушаалд бичсэн байгаа боловч ашиглан гарах үед би гүйцэтгэх захирлын тушаалаар чөлөөтэй байсан. “Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой хөдөлмөрийн гэрээг эсэргүүцсэн” гэж тушаал дээрээ дурдсан байгаа. Энэ нь эхний ээлжинд зөвхөн захирлын зөвлөлийн гишүүд дээр хөдөлмөрийн гэрээг шинэчилнэ гэж захирлын зөвлөлд шинэчилсэн хөдөлмөрийн гэрээг танилцуулсан. Уг гэрээн дээр захирлын зөвлөлийн гишүүд бүгдээрээ огноо нь зөрүүтэй байна. Огноогоо засаад ир гэсэн боловч бичиг хэрэг огноогоо засаад эргэж бид нартай гэрээ хийж гарын үсэг зуруулаагүй. Түүнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрсний дараа ажлаас халсан тушаал гарахын өмнөх өдөр нь надад огт хэлээгүй мөртлөө бусад захирлын зөвлөлийн гишүүдэд гэрээгээ байгуул гэж хэлээд хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан байсан.
Мөн “хөдөлмөрийн гэрээ болон ажлын байранд заагдсан чиг үүргийг хангалттай биелүүлж ажиллаагүй” гэж байна. Би энэ дээр яг ямар ажлын үүрэг заалтыг хангалттай биелүүлээгүй юм бэ гэдгээ мэдэхгүй байна. Надад чи ийм чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж хэлээгүй. Энэ тушаалыг гаргахдаа захирлын зөвлөлийн хурлаар ороогүй. Хуулийн газраар хянуулаагүй тушаалаа гаргасан байдаг. Тушаал дээр хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.31 дэх заалтыг зөрчсөн гээд бичсэн байдаг. Энэ нь надтай байгуулсан өмнөх гэрээн дээр 7.4.31 гэсэн заалт байхгүй. Шинэчилсэн хөдөлмөрийн гэрээн дээр 7.4.31 дэх заалт гэж бичсэн нь надтай байгуулаагүй гэрээний заалтыг тушаал дээрээ бичсэн нь мөн үндэслэлгүй байна. Бор-Өндөр тооцооны төвийн ахлах теллер өөрийн хүсэлтээр ажлаас гарсан байгаа.
Ажилгүй байсан хугацааны цалин 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 сар 15 хоногт 2 501 049 төгрөг болсон.
Иймд Тны Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, ажлаас халсан 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 2 501 049 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Юучбиш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр намайг эзгүй томилолтоор явж байх хугацаанд бүх ажилтнуудын хурлыг зарлаад, тухайн хурал дээрээ Дархан, Биндэр сумын тооцооны төвийн захирлаар томилуулах хүмүүсийн мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн талаар хэлж Авилгын эсрэг хууль зөрчсөн учир сануулах арга хэмжээ авсан.
Биндэр тооцооны төвийн асуудал дээр 2018 оны 04 сард дотоод хяналт шалгалтын ажлаар манай тооцооны төв өөрсдөө багаар ажиллаж 3-4 сумдаар хяналт шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалтад Биндэр тооцооны төв орж байгаа. Энэ хяналт шалгалт хийх хугацаандаа Б нь Биндэр тооцооны төв дээр хяналт шалгалтыг дутуу хийсэн. Яагаад гэхээр 2, 3 сард Батгэрэл гэдэг хүн ашиглангийн шинжтэй үйлдлээ гаргачихсан байсан. Гэтэл уг шалгалтын дараа 2018 оны 05 дугаар сард ашиглангийн шинжтэй үйлдэл дахин илэрч Батгэрэл нь хүний данснаас 250 сая төгрөг авсан асуудал гарсан. Үүний дагуу Тны Дотоод хяналт шалгалт ирж тал мөнгийг нь буцаан авч, 120 сая төгрөгийн хохирол одоо учирсан. Тийм учраас Быг өөрийн хариуцсан тооцооны төв дээрээ байнгын өдөр тутмын хяналт шалгалт тавьж ажиллаагүй байна гэдэг шаардлагыг тавьсан.
Шинэчилсэн хөдөлмөрийн гэрээг Гүйцэтгэх захирлын тушаалаар 2019 оны 06 дугаар сарын 30-ны дотор зөвлөлийн гишүүдэд байгуул гэсэн тушаал ирсэн. Энэ тушаалын дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудлыг архив, бичиг хэргийн эрхлэгчид даалгахад Б нь “ийм хөдөлмөрийн гэрээ байгуулаад байхдаа яадаг юм. Наад дээр чинь би зурахгүй” гэж хэлсэн асуудал яригдсан байдаг. Б өөрөө эсэргүүцэж хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэсэн үүднээс би Бтай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Дараагийн асуудал 2019 оны 05 сард дотоод хяналтын шалгалт орсон. Энэ шалгалтаар Бы хариуцдаг тооцооны төвд 20 гаран сая төгрөгийн ашиглангийн шинжтэй үйлдэл мөн илэрсэн. Энэ үйлдлийг газар дээр нь очиж дараагийн шатны арга хэмжээ авч асуудлыг шийдсэн. Ийм ашиглангийн шинжтэй үйлдлүүд аль 2018 оноос эхлэн илэрсэн юм байна лээ. Энэ үйлдлийг тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Б өдөр тутмын хяналт шалгалтаар илрүүлж байх ёстой. Үүнийгээ биелүүлж чадаагүй учраас 5 сард Баянмөнх сумын тооцооны төвд дахин ашиглангийн шинжтэй үйлдэл гарсан. Энэ үйлдэл дээр дотоод хяналт шалгалтын газраас Б дээр ажлаас халах гэсэн санал хүсэлт гаргасан. Энэ ажлаас халах саналын дагуу түүний материалыг хүний нөөцийн газар руу явуулсан. Энэ шаардлагын дагуу хүний нөөцийн газраас наад хүндээ арга хэмжээ авч ажилла гэсэн хариу ирсэн байдаг.
2019 оны 08 дугаар сард Бор-Өндөр тооцооны төвд ашиглангийн шинжтэй үйлдэл гарсан. Иймд ажлаа зохих ёсоор хийгээгүй, хариуцсан тооцооны төвүүдэд нь ашиглангийн үйлдэл байнга гарч байсан учир ажлаас халсан, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 156/ШШ2019/00544 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тушаалыг хүчингүй болгож,
Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Быг “Т” ХХК-ийн Хэнтий салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн Хэнтий салбараас 2 501 049 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Бы эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг “Т” ХХК-ийн Хэнтий салбарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 110 677 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 125 166 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг төрийн санд, 54 966 төгрөгийг нэхэмжлэгчид, төрийн сангаас 55 711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2019/00024 дүгээр магадлалаар: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 156/ШШ2019/00544 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Юучбиш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 156/ШШ2019/00544 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2019/00024 дугаар магадлалыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч, дараах хяналтын гомдлыг гаргаж байна.
Хариуцагч “Т” ХХК-д холбогдох Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах , ажил эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай Хэрээд овогт Баатарын Бы нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдаж, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.
Дээр дурдсан Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч “Т” ХХК эс зөвшөөрч хяналтын журмаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасан боловч Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 156/Ш32020/00106 дугаар захирамжаар Хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүгчийн захирамж гарч, захирамжийг гардаж авах хугацаанд хяналтын журмаар гомдол гаргах хуулийн хугацаа дууссан. Хариуцагч “Т” нь хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд хандан гаргаж, энэхүү хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсний үндсэн дээр хяналтын журмаар гомдол гаргасан.
Хяналтын журмаар гаргаж буй гомдлын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасан үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч буюу Тны Хэнтий салбарын тооцооны төв хариуцсан менежер Хэрээд овогт Баатарын Б нь салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Тны Хэнтий салбарын захирлын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 192 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг.
Хариуцагч Тны Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын үндэслэл нь Хэнтий салбарын тооцооны төв хариуцсан менежер Б.Б нь нууцын зааврын дагуу хүлээсэн үүргээ зөрчин Авилгатай тэмцэх газарт мэдүүлэг гаргагч нарын мэдээллийг ашигласан, хамт олны хурал дээр олон нийтэд нээлттэй танилцуулсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бд сахилгын шийтгэл ногдуулсан.
Харин салбарын захирлын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 192 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын тухайд урд авсан сахилгын шийтгэлийн үндэслэлийг давхардуулаагүй буюу ажилтан/нэхэмжлэгч Б.Быг нууцын зааврын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг тушаалын агуулга хэсэгт дурдаж харин түүний хариуцсан салбар тооцооны төвүүд нь олон удаагийн ашиглан буюу байгууллагад хохирол учруулсан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн билээ.
Учир нь ажилтан нэхэмжлэгч Б.Б нь урьд авсан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаар 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай биелүүлээгүй зөрчил гаргасан тул ногдуулсан шийтгэл гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн хариуцсан салбар нэгж болох Биндэр тооцооны төвд 120 000 000 төгрөгийн ашиглан буюу хохирол учирсан тухай, дотоод хяналт шалгалтаар акт тогтоосон зэргийг бүрэн хүлээн зөвшөөрч тайлбар, мэдүүлэг гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан заалтыг зөрчөөгүй буюу сануулах болон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тухай тушаалуудын үндэслэл нь өөр зөрчилд авсан арга хэмжээ, энэ тухайгаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдаанд тайлбар мэдүүлэг өгч тодруулсан, шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ энэ тухай дүгнэсэн боловч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Дээрх үндэслэлээр хяналтын журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, тайлбар мэдүүлэг авах шаардлагатай.
Иймд “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, мөн хяналтын гомдолд дурдсан үндэслэлээр хяналтын журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, тайлбар мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэж байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Б.Б “Т” ХХК-д холбогдуулан, ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэл зааж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүсчээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Б.Быг Тны Хэнтий салбарын тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байхад нь Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №138 тушаалаар “...хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, Авилгатай тэмцэх газарт мэдүүлэг гаргагч нарын мэдээллийг ашиглаж хамт олны хурал дээр нээлттэй танилцуулсан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-д зааснаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулж, мөн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №192 дугаартай тушаалаар “...хариуцсан нэгжүүд нь гурван жил дараалан ашиглан гаргаж, банканд 120 000 000 төгрөгийн бодит хохирол учруулсан, ...хариуцсан нэгжүүдийн нийт 26 ажилтнаас 5 ажилтан арга хэмжээний саналд орсон, ...хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт орсонтой холбоотой хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг эсэргүүцсэн, ...хариуцсан тооцооны төвүүдэд шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй... гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Анхан шатны шүүх ажил олгогч ажилтанд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан №138 дугаартай тушаалыг хүчингүй болгохдоо хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Улмаар ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалын үндэслэл бүрд эрх зүйн дүгнэлт хийж, тушаалд заасан зарим зөрчил нь сахилгын хариуцлага тооцсон зөрчилд давхардуулан хариуцлага тооцсон, заримд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан сахилгын хариуцлага тооцох хугацаа өнгөрсөн, зарим үйлдэлд ажилтан буруутай болох нь баримтаар нотлогдоогүй гэж үзсэний үндсэн дээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг буруутгах үндэслэлгүй, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.2.1., 179.2.2.-т заасан аль үндэслэлээр буруутгаж байгааг тодорхой заагаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн нэрийг Хөдөлмөрийн хууль гэж буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс засч, зөвтгөөгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар хуулийн нэрийг зөвтгөх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2019/00024 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 156/ШШ2019/00544 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад “Хөдөлмөрийн хуулийн” гэж заасныг “Хөдөлмөрийн тухай хуулийн” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Юучбишийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125 167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД