Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2017/02798

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 08 өдөр       Дугаар 181/ШШ2017/02798     Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .....................................тоотод байрлах, “ЭЭА ХХК” ХХК / -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ......................................байрлах, “ПЧДТ” ХХК- д холбогдох,

2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний үүрэгт 3.689.409.449 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М. нар оролцов.                                                                                          

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани  “ПЧДТ” ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хамтарч худалдаа хийх 2011066 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу 2014 оныг дуустал 20 гаруй нэр төрлийн  уул уурхайн тоног төхөөрөмж, том машины сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун зэрэг бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад нь зориулж нийлүүлж байсан.  Хамтран ажиллах хугацаандаа жил бүр тооцоо нийлсэн  акт үйлдэж үлдэгдлээ тооцож байсан. Хамгийн сүүлд тооцоо нийлсэн акт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тооцоог 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр нийлсэн байна. Энэхүү тооцоогоор 1.114.307 ам долларын үлдэгдэлтэй байсан, уг мөнгийг төлөөгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн гэрээний 6.3-т “худалдан авагч тал хугацаандаа төлбөрөө хийхгүй ажлын 20 хоногоос хэтэрсэн тохиолдолд төлбөрийн нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх алдангийг худалдагч төлөх”-өөр заасан тул алдангийг нэхэмжилж байна. Алдангийг тооцохдоо гэрээнд 1 хувь гэж заасан ч Иргэний хуульд заасны дагуу 0,5 хувиар тооцож, үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан өдрийг  сүүлчийн тооцоо нийлсэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөр тооцон, гэрээний 6.3-т заасан ажлын 20 хоногийг нэмж тооцон, 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 557.153 ам доллар нийтдээ 1.671.460 ам доллар буюу Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ханш болох 2462 доллар 60 центээр тооцож нийт 4.116.138.874 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гэрээний үүргийн гүйцэтгээгүй үнийн дүнг 998,784 ам.доллар болгон, алдангийг мөн хэмжээгээр 499.392 ам доллар болгон тус тус багасгаж нийт 1.498.176 ам.доллар буюу 3.689.409.449 төгрөг нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хамтарч худалдаа хийх гэрээ”-ний 8.1 дэх хэсэгт “Хэрэв зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд маргааныг БНХАУ-ын Олон улсын эдийн засаг худалдааны арбитраар /Бээжинд/ шийдвэрлуулнэ гэсэн заалт нь гэрээний агуулгаа чөлөөтэй илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн нэгдэл биш бөгөөд өмнө нь энэ заалт олон тооны худалдааны гэрээнд ашиглагдаж байсан гадаад худалдааны гэрээний загварыг ашиглан хийсэн гэрээний стандарт нөхцөл байна. Бид 2011 оны 09 дүгээр сарын 01-ний гэрээний 8.1 дэх заалтын тухайд агуулгын хувьд ноцтой төөрөгдөж явсан байна. Түүнчлэн тус гэрээний 12 дахь хэсэгт “Гэрээг хэрэгжүүлж байх явцад талууд Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана гэж заасан бөгөөд энэ нь гэрээний 8.1 дэх заалттай зөрчилдөж байгаа юм. Хэрэв талуудын Бээжин хотын арбитраар шийдвэрлүүлэх тохиролцоо нь хүчинтэй, энэ нөхцөлд талуудын хүсэл зориг нэгдсэн гэж үзвэл тухайн гэрээнд Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ гэж заасан нь хууль зүйн үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр “ЭЭА” ХХК, “ПЧДТ” ХХК-ийн аль аль нь Монгол Улсад бүртгэлтэй Монгол улсын хуулийн этгээдүүд бөгөөд 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Хамтарч худалдаа хийх гэрээ”-гээр гүйцэтгэсэн ажлын үр дүн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн, дээрх худалдааны гэрээтэй холбоотой нотлох баримтууд бүгд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа зэргээс үзвэл гэрээний 8.1 дэх заалт зөрчилтэй байх тул тус дээрх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад шүүхэд хариу тайлбараа ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэн оролцож байсан тул хэргийг шүүх шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “ЭЭА” ХХК нь ПЧД-д холбогдуулж 2011 оны 9 дүгээр 11-ний өдрийн Хамтарч худалдаа хийх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.116.138.874 төгрөг гаргуулхаар нэхэмжилсэн байх бөгөөд уг гэрээний дагуу ПЧД нь нэхэмжлэгчээс бараа материал хүлээж аваагүй, энэ 2 хуулийн этгээдийн хооронд бараа материалын худалдаа хийгдээгүй. Нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан 2013, 2014 оны тооцоо нийлсэн акт гэх баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй үнэн зөв эсэх нь эргэлзээтэй баримт байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэх 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Хамтарч худалдаа хийх гэрээний 5.1-д бараа нийлүүлэх ба шалгаж авах талаар нарийн нөхцөлүүд тусгагдсан байх бөгөөд энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-т худалдан авагч тал бараа бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтыг бичгээр гаргаж баталгаажсан захиалга өгөхөөр, уг захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр, 5.2-т хэрхэн шалгаж хүлээн авах нөхцлийг тус тус тусгасан. Гэтэл компанийн зүгээс албан ёсоор баталгаажсан захиалга өгөөгүй байхад барааг нийлүүлсэн. Нэхэмжлэгч талаас гэрээний дагуу захиалгын хуудас өгч байсан гэдгийг баримтаар нотлоогүй. Барааг хүлээн авсан гэдэгт маргахгүй ч захиалгын дагуу нийлүүлээгүй. Мөн нийлүүлсэн бараанаас дутсан зүйл гарсан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д маргааныг арбитраар шийдвэрлэхээр зохицуулсан тул хэргийн харьяалал анхаарна уу. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ баримтаар бүрэн нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “ЭЭА” ХХК нь ПЧД-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хамтарч худалдаа хийх гэрээ”-ний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний үүрэгт 3.689.409.449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

“ЭЭА” ХХК, “ПЧДТ” ХХК нь 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, худалдагч нь чанарын шаардлага хангасан, өгсөн захиалгын дагуух нэр төрөл, тоо ширхэг, өнгө чанарын бараа бүтээгдэхүүнийг захиалгыг хүлээн авснаас хойш 4 сараас хэтрэхгүй хугацааны дотор нийлүүлэх, худалдан авагч үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /1хх 13-15, 220-228/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” бөгөөд талууд гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул хэн алин нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нөгөө талаас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Гэрээний 2.2-т “гэрээг хэрэгжүүлэх хугацаа 2011 оны 9 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл” гэж, мөн гэрээний 2.4-т “гэрээний хугацаа дуусахаас хамгийн багадаа 7 хоногийн өмнө талууд бичгээр зөвлөлдөж, тооцоогоо нийлүүлж төлбөр төлсний дараа албан  ёсоор гэрээг дуусгавар болгоно” гэж, мөн гэрээний 3.5-д “худалдан авагч талд жилд 1-2 удаа нийлүүлж байгаа барааны үнийг шалгаж байна” гэж, гэрээний 8.4-т “хоёр тал хагас жил тутам гэрээний хэрэгжилт, үр дүнд дүгнэлт хийнэ” гэж зааснаас үзвэл талууд гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан байх ба зохигчид хэн алин нь энэ талаар маргаагүй байна.

Гэрээний 3.3, 5.4-т худалдагч барааг худалдан авагч талын Улаанбаатар хот дахь агуулахад буулган, агуулахын няравт бараа хүлээлцсэн актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор зарлагын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг баримтаар ирүүлжээ. /1хх 44-106/

Талууд өгч авалцсан бараа материалын тооцоог нийлж, улмаар “ПЧДТ” ХХК нь нэхэмжлэгч байгууллагад 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2.173.521.127 төгрөг буюу 1.314.120 ам долларын үлдэгдэлтэй болохыг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1.114.306 ам долларын үлдэгдэлтэй болохыг тус тус баталгаажуулж, тооцоо нийлсэн акт үйлджээ. /1хх 25-28, 201/

Дээрх тооцоо нийлсэн актад тус байгууллагуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан баримт байхаас гадна  хариуцагч нь нэхэмжлэгч талаас нийлүүлсэн барааг хүлээн авсан гэдэгт маргаагүй байна. Харин бичгээр захиалга өгсний дагуу нийлүүлэхээр гэрээгээр тохиролцсон байтал захиалга өгөөгүй байхад барааг агуулахад нийлүүлсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хийсэн тооцоо нийлсэн дээрх актад тусгагдсан төлбөр тооцооны үлдэгдэл үндэслэлтэй эсэх, санхүүгийн анхан шатны дэмжих баримтаар нотлогдож буй эсэхийг тодруулахаар “Дабль Аксиом Аудит” ХХК-г шинжээчээр томилж, шинжээчээс ирүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн аудитын тайланд “ЭЭА” ХХК нь “ПЧДТ” ХХК-иас 998.784 ам долларын авлагатай байгааг дурдаад дээрх тооцоо нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож байгаа, Татварын ерөнхий газраас ирүүлсэн тус компаниудад хамааралтай бараа, ажил үйлчилгээний борлуулалт, худалдан авалтын мэдээлэлтэй тулгасан тухай тус тус дурдсан байна. /1хх 174-205/ Дээрх шинжээчийн дүгнэлтэд зохигчид маргаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас худалдан авсан барааны үнэ 998.784 ам доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ам доллартай харьцах төгрөгийн ханш 2.462 төгрөг 60 мөнгөөр тооцон 2.459.605.478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т “худалдан авагч барааг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор үнийг төлөх”-өөр, 6.3-т “хугацаандаа төлбөр төлөхгүй ажлын 20 хоногоос хэтэрсэн тохиолдолд нэг хоног хэтрүүлбэл төлөх төлбөрийн нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх алданги төлөх”-өөр тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т нийцүүлэн алдангийг хоногийн 0,5 хувиар, 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 499.392 ам доллар буюу 1.229.802.739 төгрөг нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй.

Иймд хариуцагчаас нийт 998.784 ам доллар буюу 2.459.605.478 төгрөг, алданги 499.392 ам доллар буюу 1.229.802.739 төгрөг, нийт 3.689.408.217 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний 8.1-д “талууд маргааныг зөвшилцөж шийдвэрлэхээр, хэрэв зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд маргааныг Хятад улсын Бээжин хот дахь Олон улсын эдийн засаг худалдааны арбитраар шийдвэрлүүлэх”-ээр тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь дээрх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл,  58.2.1-д заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийн аль алиныг агуулж байгаа гэж тайлбарлан хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж байх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан тул талуудын дээрх тохиролцоо хүчин төгөлдөр гэж үзнэ.

Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “талуудын тохиролцоо арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан, аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө харьяалалтай холбоотойгоор маргаагүй тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох”-оор зохицуулсан байх ба Монгол Улсын Их хурлаас 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хуулийг баталж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хэвлэгдснээр дээрх хууль 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэргийн харьяалал биш гэх боловч шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардан авч, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хариу тайлбарыг ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн харьяалалтай холбоотойгоор хүсэлт гаргаж байгаагүй тул шүүх Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2017/09210 дугаар шүүгчийн захирамжаар “Дабль Аксиом аудит” ХХК-г шинжээчээр томилсон, шинжээчийн ажлын хөлс төлөгдөөгүй, уг зардал нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 21.254.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шинжээчид олгов. Мөн хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг тооцон нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “ПЧДТ” ХХК-иас 3.689.408.217 /гурван тэрбум зургаан зуун наян есөн сая дөрвөн зуун найман мянга хоёр зуун арван долоон/ төгрөгийг гаргуулж “ЭЭА” ХХК-д олгож, нэхэмжлэлээс гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.    

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.808.844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 18.604.991 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 21.254.000 /хорин нэгэн сая хоёр зуун тавин дөрвөн мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шинжээч “Дабль Аксиом аудит” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ