Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2017/02576

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

Нэхэмжлэгч: С.Э

Нэхэмжлэгч: Ё.Д

Хариуцагч: “М Г Т”ХХК

Хариуцагч: Т.Б

Компанийн гүйцэтгэх захирал Т.Баас компанид учруулсан хохиролд 37 261 000 төгрөг гаргуулж, компанийг хохиролгүй болгох, хувьцаа эзэмшигч С.Эт ногдох 8 127 000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Дд ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгийг компаниас гаргуулах, 2013-2015 онд олгогдох байсан ногдол ашиг С.Эт 11 841 900 төгрөг, Ё.Дд 23 491 900 төгрөгийг Т.Бын хөрөнгөөр нөхөн төлүүлж нэхэмжлэгч нарт олгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ё.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Р.М, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганцэцэг  нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны намар хариуцагч Т.Б санал тавьсны үндсэн дээр хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахаар тохиролцон 2013 оны 1 дүгээр сард “М Г Т”ХХК-ийг барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Т.Б ажилласан.  Компанийг байгуулахад Т.Б, С.Э, Ё.Д нар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээ бүртгүүлсэн бөгөөд адил тэнцүү хэмжээгээр 33,3 хувийг тус бүр эзэмшихээр болсон. Компанид хөрөнгө оруулалт шаардлагатай байсны дагуу С.Э нь өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдаж олсон орлого болох 25 000 000 төгрөгийг авч Т.Бын хамт 2013 оны 3 дугаар сарын 14-нд БНХАУ-ын Эрээн хотоос 6 ширхэг дүүжин шат /люлька/, 2 ширхэг барилгын ачаа өргүүр /подъём/ худалдан авч, Улаанбаатар хотод авч ирэн Т.Бын хашаанд буулгасан. 2013 оны 4 дүгээр сараас барилгын ажил эхлэхэд тоног төхөөрөмжүүдийг түрээслэж эхэлсэн бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 20-ноос захирал Т.Б нь үл ялих зүйлээр шалтаглан компанийн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл тайлан өгөөгүй өдийг хүрсэн.

2014 оны 1 дүгээр сарын 16-нд “М Г Т”ХХК-ийн хувь эзэмшигч С.Э хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шаардлага гаргасныг гүйэтгэх захирал Т.Бт хүргүүлсэн боловч хурал хийгээгүй. Т.Бын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ногдол ашиг авч чадахгүй, компанийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж, үрэн таран хийснээс компани болон хувьцаа эзэмшигчид хохирч байна. Иймд Т.Бын хөрөнгөнөөс компанид учруулсан хохиролд 28 500 000,  хувьцаа эзэмшигч нарт олгогдох байсан ногдол ашиг 67 463 000 төгрөг, нийт 95 963 000 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2017 оны 3 дугаар сарын 14-нд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган дараах байдлаар өөрчилсөн бөгөөд энэхүү шаардлагаа дэмжиж байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 85 дугаар зүйлийн 85.2.3, 85.2.4, 85.4 дэх хэсэгт зааснаар “М Г Т”ХХК-ийн 37 261 100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг үрэгдүүлж хохирол учруулсан тул компаний эрх бүхий албан тушаалтан Т.Бын өөрийн хөрөнгөөр нөхөн төлүүлж, үүнээс хувьцаа эзэмшигч С.Эт ногдох 8 127 000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Дд ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгийг компаниас гаргуулах, 2013-2015 онд хувьцаа эзэмшигч нарт олгогдох байсан ногдол ашиг С.Эт 11 841 900 төгрөг, Ё.Дд 23 491 900 төгрөгийг Т.Бын хөрөнгөөр нөхөн төлүүлж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 10 дугаар сард БНХАУ-аас 7 ширхэг барилгын дүүжинт өргүүр оруулж ирээд тухайн үедээ өндөр ашигтай ажиллаж байсан. Тэр үед дүүжинт өргүүрийн угсралтын ажилд хүн хүч дутмаг байсан учраас 15 жил үерхэж гэр бүлийн найзууд байсан С.Эыг гуйж туслалцуулсан. С.Э дүүжинт өргүүрийн орлого ашгийг тооцож үзээд чиний  бизнест хөрөнгө оруулалт хийе, хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Ингээд С.Э, Ё.Д нарын хамт компани байгуулахаар шийдэж материалаа бүрдүүлэн 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “М Г Т”ХХК-ийг улсын бүргтэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авсан. Компанид С.Э 25 000 000 төгрөгөөр хувь нийлүүлж, харин Ё.Д дараа хувь нийлүүлэхээр тохиролцсон ч хувиа нийлүүлээгүй. Нэхэмжлэгч С.Э нь дүүжинт өргүүр угсрах ажлаас байнга хойш сууж миний хүч хөдөлмөрийг шулж, компанид оруулсан 25 000 000 төгрөгөөсөө бэлнээр 14 500 000 төгрөг, 8 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг дүүжинт өргүүр, нийт 22 500 000 төгрөгийн 2013 оны 4 дүгээр сарын 23-наас  2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд буцаан авсан юм.

С.Эын БНХАУ-аас оруулж ирсэн тоног төхөөрөмжүүдээс 1 ширхэг  ачаа өргүүр /подъём/ “Чин булаг” ХХК-ийн барилга дээр 7 хоног ажиллуулаад унагаж эвдлэн ашиглалтаас гаргасан байдаг.  Нэхэмжлэгч Ё.Д нь компанийн ажилд огт оролцож байгаагүй, оруулах ёстой хувь хөрөнгөө ч оруулаагүй, нэхэмжлэгч  С.Эдэнэ-Очирийн дээрэнгүй, эргэж буцсан зан авираас шалтгаалан компанийн үйл ажиллагаа доголдсон бөгөөд нэхэмжлэгч нар нь компанийн өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулсан боловч хэрэгсэхгүй болсон. Компани ашигтай ажиллаж чадаагүй тул ногдол ашиг хувиарлах асуудал байхгүй, компанийн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүд эвдэрч, ашиглалтын хугацаа дууссан, С.Э оруулсан хөрөнгөө буцаан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдийн  тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.Д, С.Эрдэнэбилэг нар нь “М Г Т”ХХК, гүйцэтгэх захирал Т.Б нарт холбогдуулан  “М Г Т”ХХК-ийн 37 261 100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг Т.Бын өөрийн хөрөнгөөр нөхөн төлүүлж, үүнээс хувьцаа эзэмшигч С.Эт ногдох 8 127 000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Дд ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгийг “М Г Т”ХХК-иас гаргуулах, 2013-2015 онд хувьцаа эзэмшигч  С.Эт олгох байсан ногдол ашиг 11 841 900 төгрөг, Ё.Дд олгогдох байсан ногдол ашиг 23 491 900 төгрөгийг Т.Бын хөрөнгөөс нөхөн төлүүлж, нэхэмжлэгч нарт олгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэлийн “М Г Т”ХХК-ийн 37 261 100 төгрөгийн хөрөнгийг компаний эрх бүхий албан тушаалтан Т.Бын өөрийн хөрөнгөөр нөхөн төлүүлэх шаардлагын тухайд: 

Хариуцагч Т.Б, нэхэмжлэгч Ё.Д, С.Э нар нь 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хувь нийлүүлэн  “М Г Т”ХХК-ийг байгуулсан байх бөгөөд компанийн дүрэм улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд 28 500 000 төгрөгийн дүрмийн сантай, үүсгэн байгуулагч тус бүр компанийн хувьцааны  33,3 хувийг эзэмшихээр тохиролцон улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.  

Компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг гадаад худалдаа, аялал жуулчлал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн үйл ажиллагаа байхаар дүрмэндээ тусгажээ.

Зохигчид компани байгуулсан, хувьцааг адил хэмжээгээр эзэмшихээр тохиролцсон, гүйцэтгэх захирлаар Т.Быг томилсон тухайд маргахгүй, харин компанийн хөрөнгийн хэмжээ, компани ашигтай ажилласан эсэх, компанийн хөрөнгийг гүйцэтгэх захирал үрэгдүүлсэн эсэх талаар маргаж байна.

Хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч Ё.Д компанид оруулах байсан хөрөнгөө оруулаагүй, нэхэмжлэгч С.Э 25 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан боловч 22 500 000 төгрөгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгөөр буцаан авсан, нэхэмжлэгч нар компанийн үйл ажиллагаанд оролцоогүй, хамтран ажиллаагүйгээс ганцаараа бүх ажлыг хийж байсан, компанийн хөрөнгөөр оруулж ирсэн тоног төхөөрөмжүүд эвдэрч гэмтсэн, ашиглалтын хугацаа дуусан дахин ашиглах боломжгүй болсон тул хариуцахгүй гэж тайлбарлана.

Компанийн дүрэм, болон улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн хувь нийлүүлсэн болон өөрийн хөрөнгийн хэмжээ 28 500 000 төгрөг гэж тодорхойлсон  бөгөөд үүсгэн байгуулагч бүрийн оруулсан хөрөнгийн хэмжээ, компанийн бусдад төлөх өр төлбөрийн хэмжээг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоох боломжгүй байна.

Учир нь Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх, компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэж үзэхээр зохицуулсан ба компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн өөрчилсөн эсэх талаар баримтыг зохигчид шүүхэд гаргаж өгөөгүй болно.

            Нэхэмжлэгч нар нь “М Г Т”ХХК-ийн 66,6 хувийг эзэмшдэг /тус бүр 33.3 хувь/ бөгөөд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4, 84.5, 85 дугаар зүйлийн 85.2.3, 85.2.4 дэх хэсгүүдэд заасан үүргийг  гүйцэтгэх захирал Т.Б биелүүлээгүйгээс компанид хохирол учирсан, энэхүү хохирлыг түүний хөрөнгөөр нөхөн төлүүлэх тухай шаардлагыг мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 85 дугаар зүйлийн 85.4, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргасан байна.   

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15, 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурал хэдийд ч гаргах эрхтэй байх, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт гаргасан хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь энэ хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээхээр тус тус зохицуулжээ.

Гүйцэтгэх захирал Т.Б мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй, компанийн баримт бичгийг зохих журмын дагуу хадгалаагүйгээс компанид учирсан хохирлын хэмжээг 37 261 100 төгрөг болохыг тогтоосон “Си Эс Ай Аудит” ХХК-ийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

            “М Г Т”  ХХК-ийн эхлэлтийн тайлан тэнцэл болон дүрмэнд хувь нийлүүлэгч бүр 9 500 000 төгрөг, нийт 28 500 000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй  гэж тусгагдсан байна.

Нэхэмжлэгч нар нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэхэмжлэгч С.Эын оруулсан хөрөнгөөр худалдан авсан  6 ширхэг дүүжин шат /люлька/, 2 ширхэг барилгын ачаа өргүүр /подъём/-ийн үнэлгээ 26 519 400 төгрөгийг нэмсэн дүн 55 019 000 төгрөгөөс актлагдсан, зарсан 11 318 400 төгрөг, С.Эын  авсан 6 439 000 төгрөгийн тоног төхөөрөмжийг хасч хувь нийлүүлсэн  хөрөнгийн хэмжээг 37 261 100 төгрөг гэж тооцон компанид учирсан хохирлыг тогтоожээ. 

Хувьцаа эзэмшигч С.Эын 25 000 000 төгрөгөөр тоног, төхөөрөмж худалдан авсан тухайд талууд маргахгүй байгаа боловч компанийн үндсэн хөрөнгөд бүртгэж аваагүй, нэхэмжлэгч С.Э нь тоног төхөөрөмжийн түрээсийн орлогоос болон оруулж ирсэн тоног төхөөрөмжөөс оруулсан хөрөнгөө буцаан авч байсан зэргээс  дүгнэхэд  компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.  

Хариуцагч “М Г Т”ХХК-иас нэхэмжлэгч  С.Эт ногдох 8 127 000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Дд ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгийг  гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар “Си Эс Ай Аудит” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаартай дүгнэлтийн хавсралт 7-д тодорхойлсон “М Г Т”ХХК-ийн хувь эзэмшигчид ногдох хөрөнгийн хэмжээг үндэслэн компаниас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт  зааснаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байхаас гадна  компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ компанийн өөрийн хөрөнгөөс их байж болохгүй бөгөөд хэрэв өөрчлөлт орсон бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн, дүрэмд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэдэг. 

“М Г Т”ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 28 500 000 төгрөг, хувьцаа эзэмшигч бүрийн хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувийг 33,3 хувь байх, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ компанийн өөрийн хөрөнгөөс ихгүй байхаар заажээ. 

Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд энгийн хувьцаа эзэмшигчийн эрхүүдийг  тодорхойлон тогтоож өгсөн бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татан буулгах шийдвэр гараагүй компанийн хөрөнгийн өөрт ногдох хэсгийг нэхэмжлэх эрхийг  хувьцаа эзэмшигч нарт олгоогүй байна.

“М Г Т”ХХК-ийн 2013-2015 онд хувьцаа эзэмшигч нарт олгогдох байсан ногдол ашиг С.Эт 11 841 900 төгрөг, Ё.Дд 23 491 900 төгрөгийг Т.Бын хөрөнгөөр нөхөн төлүүлж нэхэмжлэгч нарт олгох шаардлагын тухайд:

Хувьцаа эзэмшигч Ё.Д, С.Э нар нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан, хувьцаа эзэмшигч Т.Бт мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүйгээс хуралд оролцоогүй, хурлаар “Си Эс Ай Аудит” ХХК-ийн  дүгнэлтийн талаар болон 2013-2015 онуудад хуримтлагдсан ногдол ашгийг хуваарилах, хувьцаа эзэмшигч нарт ногдох хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох, цаашид компанийн үйл ажиллагааны талаар  хэлэлцсэн болох нь хурлын тэмдэглэл гэх баримтаар тогтоогдож  байна. /хх-ийн 160 дугаар тал/

Хурлаар “Си Эс Ай Аудит” ХХК-ийн  дүгнэлтэд тусгасныг үндэслэн 2013-2015 онд татварын дараах цэвэр ашиг 70 475 834 төгрөг, хувьцаа эзэмшигч бүрд 23 491 000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах, үүнээс С.Эын авсан 11 650 000 төгрөгийг хасч тооцон С.Эт 11 841 900 төгрөг, Ё.Дд 23 491 900 төгрөгийг Т.Бын хөрөнгөөр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Компанийн тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.1, 59.4, 59.5 дахь хэсгүүдэд   компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх,  хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах, энэ  хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд  гүйцэтгэх удирдлагын  хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болохоор заасан байна.

Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараас үзэхэд компанийг байгуулсан 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш хувьцаа эзэмшигчид хуралдаагүй, харин  хуралдуулах тухай  шаардлага харилцан хүргүүлж байжээ. /хх-ийн 13, 55,56 дугаар тал/

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гараагүй, хуульд заасан журмаар энэ тухай хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй атлаа шууд хуралдан шийдвэр гаргасан нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.3 дахь хэсгүүдийг зөрчсөн тул хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ногдол ашиг хуваарилах эсэх тухай асуудлыг  хувьцаа эзэмшигчдийн хурлаар тухайн санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэхээр хуульд заасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М Г Т”ХХК-ийн 2013-2015 оны татварын дараах ашгийг тогтоолгохоор “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь  “М Г Т”ХХК нь 2013-2015 оны санхүүгийн тайланд цэвэр ашиг гараагүй, үйл ажиллагаа явуулаагүйгээр /Х/ тайлан гаргасан, дурдсан оны татварын дараах цэвэр ашгийг тооцон гаргахад шинжилгээний обьект шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлага хангахгүй талаар дүгнэлт гарган ирүүлжээ. 

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх 2014 оны 6 дугаар сард дуусгавар болсон, компанийн энгийн хувьцааны 66.6 хувийг эзэмшдэг нэхэмжлэгч С.Э, Ё.Д нар нь хариуцлагыг эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээх бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохих журмын дагуу хуралдуулаагүйгээс хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.  

Иймд хариуцагч “М Г Т”ХХК, гүйцэтгэх захирал Т.Б нарт холбогдуулан гаргасан “М Г Т”ХХК-ийн 37 261 100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг Т.Бын өөрийн хөрөнгөөр нөхөн төлүүлж, үүнээс хувьцаа эзэмшигч С.Эт ногдох 8 127 000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Дд ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгийг “М Г Т”ХХК-иас гаргуулах, 2013-2015 онд хувьцаа эзэмшигч С.Эт олгох байсан ногдол ашиг 11 841 900 төгрөг, Ё.Дд олгогдох байсан ногдол ашиг 23 491 900 төгрөгийг Т.Бын хөрөнгөөс нөхөн төлүүлж, нэхэмжлэгч нарт олгуулах тухай  нэхэмжлэгч С.Э, Ё.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон                                                                                                           

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 84 дүгээр зүйлийн 84.6, 84.10, 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Г Т”ХХК, гүйцэтгэх захирал Т.Б нарт холбогдуулан гаргасан “М Г Т”ХХК-ийн 37 261 100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг Т.Бын өөрийн хөрөнгөөр нөхөн төлүүлж, үүнээс хувьцаа эзэмшигч С.Эт ногдох 8 127 000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Дд ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгийг “М Г Т”ХХК-иас гаргуулах, 2013-2015 онд хувьцаа эзэмшигч  С.Эт олгох байсан ногдол ашиг 11 841 900 төгрөг, Ё.Дд олгогдох байсан ногдол ашиг 23 491 900 төгрөгийг Т.Бын хөрөнгөөс гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулах тухай нэхэмжлэгч С.Э, Ё.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637 800 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Т.БАТСҮХ