Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00826

 

С.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/02576 дугаар шүүгчийн захирамжтай,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 230 дугаар магадлалтай,

С.Э-ын нэхэмжлэлтэй,

“М” ХХК, Т.Б  нарт холбогдох,

37.261.000 төгрөг гаргуулах, хувьцаа эзэмшигч С.Э-т ногдох 8.127.000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Даваасүрэнд ногдох 14.567.000 төгрөгийн хөрөнгийг гаргуулах, 2013-2015 онд олгогдох байсан ногдол ашигт С.Э-т 11.841.900 төгрөг, Ё.Даваасүрэнд 23.491.900 төгрөгийг Т.Б ын хөрөнгөөр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Б ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, өмгөөлөгч Р.Мэндсайхан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны намар хариуцагч Т.Б  санал тавьсны үндсэн дээр хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахаар тохиролцон 2013 оны 1 дүгээр сард “М” ХХК-ийг барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Т.Б  ажилласан. Компанийг байгуулахад Т.Б , С.Э, Ё.Даваасүрэн нар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээ бүртгүүлсэн бөгөөд адил тэнцүү хэмжээгээр 33,3 хувийг тус бүр эзэмшихээр болсон. Компанид хөрөнгө оруулалт шаардлагатай байсны дагуу С.Э- нь өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдаж олсон орлого болох 25.000.000 төгрөгийг авч Т.Б ын хамт 2013 оны 3 дугаар сарын 14-нд БНХАУ-ын Эрээн хотоос 6 ширхэг дүүжин шат /люлька/, 2 ширхэг барилгын ачаа өргүүр /подъём/ худалдан авч, 2013 оны 4 дүгээр сараас барилгын ажил эхлэхэд тоног төхөөрөмжүүдийг түрээсэлж эхэлсэн бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 20-ноос захирал Т.Б  нь үл ялих зүйлээр шалтаглан компанийн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл тайлан өгөөгүй өдийг хүрсэн. 2014 оны 1 дүгээр сарын 16-нд “М” ХХК-ийн хувь эзэмшигч С.Э- хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шаардлага гаргасныг гүйцэтгэх захирал Т.Б т хүргүүлсэн боловч хурал хийгээгүй. Т.Б ын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ногдол ашиг авч чадахгүй, компанийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж, үрэн таран хийснээс компани болон хувьцаа эзэмшигчид хохирч байна. Иймд Т.Б ын хөрөнгөнөөс компанид учруулсан хохиролд 28.500.000, хувьцаа эзэмшигч нарт олгогдох байсан ногдол ашиг 67.463.000 төгрөг, нийт 95.963.000 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “М” ХХК-ийн 37.261.100 төгрөгийн хувь нийлүүлсэн эд хөрөнгийг үрэгдүүлж, хохирол учруулсан тул тус компанийн эрх бүхий албан тушаалтан иргэн Т.Б ын өөрийн хөрөнгөөр нөхөн төлүүлж, үүнээс хувьцаа эзэмшигч С.Э-т ногдох 8.127.100 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Даваасүрэнд ногдох 14.567.000 төгрөгийн хөрөнгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох, “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс 2013, 2014, 2015 онд хувьцаа эзэмшигч С.Э-т 11.841.900 төгрөг, Ё.Даваасүрэнд 23.491.900 төгрөгийг тус тус олгогдох байсан ногдол ашгийг авч чадаагүй хохирсон тул дээрх мөнгийг Т.Б ын хөрөнгөөс нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “М” ХХК, Т.Б  нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 10 дугаар сард БНХАУ-аас 7 ширхэг барилгын дүүжинт өргүүр оруулж ирээд тухайн үедээ өндөр ашигтай ажиллаж байсан. Тэр үед дүүжинт өргүүрийн угсралтын ажилд хүн хүч дутмаг байсан учраас 15 жил үерхэж гэр бүлийн найзууд байсан С.Э-ыг гуйж туслалцуулсан. С.Э- дүүжинт өргүүрийн орлого ашгийг тооцож үзээд чиний бизнест хөрөнгө оруулалт хийе, хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Компанид С.Э- 25.000.000 төгрөгөөр хувь нийлүүлж, харин Ё.Даваасүрэн дараа хувь нийлүүлэхээр тохиролцсон ч хувиа нийлүүлээгүй. С.Э- нь дүүжинт өргүүр угсрах ажлаас байнга хойш сууж миний хүч хөдөлмөрийг шулж, компанид оруулсан 25.000.000 төгрөгөөсөө бэлнээр 14.500.000 төгрөг, 8.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг дүүжинт өргүүр, нийт 22.500.000 төгрөгийн 2013 оны 4 дүгээр сарын 23-наас 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд буцаан авсан юм. С.Э-ын БНХАУ-аас оруулж ирсэн тоног төхөөрөмжүүдээс 1 ширхэг ачаа өргүүр /подъём/ “Чин булаг” ХХК-ийн барилга дээр 7 хоног ажиллуулаад унагаж эвдлэн ашиглалтаас гаргасан байдаг. Нэхэмжлэгч Ё.Даваасүрэн нь компанийн ажилд огт оролцож байгаагүй, оруулах ёстой хувь хөрөнгөө ч оруулаагүй. С.Э- оруулсан хөрөнгөө буцаан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/02576 дугаар шүүгчийн захирамжаар: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 84 дүгээр зүйлийн 84.6, 84.10, 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК, гүйцэтгэх захирал Т.Б  нарт холбогдуулан гаргасан “М” ХХК-ийн 37.261.100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг Т.Б ын өөрийн хөрөнгөөр нөхөн төлүүлж, үүнээс хувьцаа эзэмшигч С.Э-т ногдох 8.127.000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Даваасүрэнд ногдох 14.567.000 төгрөгийн хөрөнгийг “М” ХХК-иас гаргуулах, 2013-2015 онд хувьцаа эзэмшигч С.Э-т олгох байсан ногдол ашиг 11.841.900 төгрөг, Ё.Даваасүрэнд олгогдох байсан ногдол ашиг 23.491.900 төгрөгийг Т.Б ын хөрөнгөөс гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулах тухай нэхэмжлэгч С.Э-, Ё.Даваасүрэн нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637.800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 230 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/02576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637.800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 230 магадлалд хариуцагч тал гомдолтой байна. Магадлалын хянах хэсэгт анхан шатны шүүх хариуцагч “М” ХХК-ийн Баярын “ компанийн аж ахуйн хашаанд байгаа маргаан бүхий барилгын дүүжин шат, ачаа өргүүрт үзлэг хийлгэх, дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р дугаар зүйлийн 38.6 заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарласан байдаг. Тодруулбал уг хүсэлтийг хангаагүйд хариуцагч талаас гомдол гаргаагүй, мөн хүсэлтийг хангах эсэх нь анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрлэх эрхтэй байхад заавал хангаж шийдвэрлэх үүрэгтэй гэж дүгнэсэн нь энэ хэргийг 2016 оны 09 сарын 19-нд давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэж 230 тоот магадлал гарахад энэ тухай огт дурдаагүй байдаг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р дугаар зүйлийн 38.6 заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн уг хэрэгт шинжээчээр томилогдсон “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийг дүгнэлт гаргахад холбогдох санхүүгийн баримт , материалаар хангах үүргээ шүүх биелүүлээгүй гэж дүгнэсэн байдаг гэтэл шүүх хэргийн оролцогчийн өмнөөс “М” ХХК-ийн санхүүгийн тайлан болон бусад баримтыг шинжээчид гаргаж өгөх үүрэггүй, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаж шинжээч томилсон байдаг. Иймээс давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул 2018 оны 01 сарын 19-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Дугаар 230 магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч С.Э-, Ё.Даваасүрэн нар нь хариуцагч “М” ХХК болон Т.Б  нарт холбогдуулан компанид учруулсан хохиролд 37.261.100 төгрөг, С.Э-т 2013-2015 оны ногдол ашиг 11.841.900 төгрөг, Ё.Даваасүрэнд 23.491.900 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

С.Э-, Ё.Даваасүрэн, Т.Б  нар нь 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 28.500.000 төгрөгийн дүрмийн сантай “М” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус бүр 33.3 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцжээ.

Дүрэмд зааснаар компани гадаад худалдаа, аялал, жуулчлал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн үйл ажиллагаа явуулах, зохигч талууд тус бүр 9.500.000 төгрөгийн хөрөнгө оруулахаар заасан ба гүйцэтгэх захирлаар Т.Б ыг томилсон, энэ талаар маргаагүй байна.

Хувьцаа эзэмшигч тус бүр дүрэмд заасан хөрөнгөө оруулсан эсэх, компани үйл ажиллагаагаа явуулж, ашигтай ажилласан эсэх талаар талууд маргажээ.

Хариуцагч Т.Б ын “...компанийн эд хөрөнгөнд үзлэг хийлгэх, дахин шинжээч томилох” хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасныг зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Шүүх хэргийг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.-т заасан шийдвэр гаргах ба мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцсэн тогтоох хэсгийн агуулгыг зохигчдод танилцуулна.

Түүнчлэн мөн хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноор анхан шатны шүүх шийдвэрээ өөрчлөх, уншиж танилцуулснаас өөр байдлаар шийдвэр гаргах, шийдвэрлээгүй асуудлыг шийдвэрт тусгах, хянан шийдвэрлэсэн асуудлыг тусгахгүй орхигдуулах эрхгүй бөгөөд хүчинтэй болсон шийдвэрийг уншиж танилцуулсан агуулгаар нь бичгийн хэлбэрт оруулах үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд шийдвэр гаргасан талаар тэмдэглэлд тусгагдсан боловч шүүгчийн захирамж гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Дээрх байдлаар хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шүүхийн ажиллагааг үндэслэж гарсан шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 230 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 637.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ