Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 490

 

 

 

 

 

 

 

 

 

С.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Т даргалж, шүүгч Г.Д, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03130 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Б-т холбогдох

 

87 207 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М

Хариуцагч Т.Б-

Хариуцагчийн өмгөөлөгч З.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Э-, Ё.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Б-аас С.Э- миний хөрөнгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилж байгаа. 2012 оны намар иргэн Т.Б- нь надад барилгын дүүжинт өргүүр бий, түүнийгээ барилга угсралтын ажил хийж байгаа компаниудад түрээслүүлж өндөр ашигтай ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой бөгөөд хөрөнгө оруулж, хамтран ажиллаач гэсэн саналыг надад тавьсан. Т.Б-ын тавьсан саналын дагуу хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахаар тохиролцон 2013 оны 01 дүгээр сард М- ХХК-ийг барилгын засвар засал чимэглэлийн үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Т.Б- ажиллаж эхэлсэн. Энэ аж ахуйн нэгжийг байгуулахад С.Э-, Т.Б-, Ё.Д- нар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн бөгөөд бид 3 тэнцүү хэмжээгээр буюу компанийн 33,3 хувийг тус тус эзэмших болсон компанид хөрөнгө оруулалт хийх тохиролцооны дагуу С.Э- би Баянгол дүүрэгт байрлах 1 өрөө орон сууцаа худалдсан орлогоор 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотруу Т.Б-ын хамт явж 6 ширхэг дүүжин тавцан (люлька), 2 ширхэг барилгын ачаа өргөх, буулгах зориулалт бүхий төхөөрөмж (подъём), уг төхөөрөмжийг угсардаг 10 ширхэг хөлийг сэлбэгээр тус тус худалдан авсан. Улмаар дээрх төхөөрөмжүүд сэлбэгийг Улаанбаатар хотод өөрийн зардлаар тээвэрлэн авчирч Т.Б-т хүлээлгэн өгсөн бөгөөд үүнийг Ё.Д- гэрчилнэ. Т.Б-т хүлээлгэн өгсөн шинэ төхөөрөмж, сэлбэгийн тухайн үеийн зах зээлийн дундаж үнэ нь 1 дүүжин тавцан (люлька)- 4 500 000 төгрөгийн үнэтэй, 6 ширхэг (2 буцаан өгсөн тул үлдэгдэл 4), 18 000 000 төгрөг, ачаа өргөх, буулгах зориулалт бүхий төхөөрөмж (подъём) 7.200.000 төгрөгийн үнэтэй, 2 ширхэг, 14 000 000 төгрөг, подъёмын угсардаг хөл 250 000 төгрөгийн үнэтэй, 10 ширхэг 2 500 000 төгрөг, нийт үнэ 34 500 000 төгрөг болно. 2013 оны 4 дүгээр сараас барилгын улирлын ажил эхлэхэд миний худалдаж авсан тоног, төхөөрөмжүүдийг Т.Б- нь бусдад түрээслүүлж эхэлсэн бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш үл ялих зүйлээр шалтаглан бидэнд компанийн үйл ажиллагаа, хөрөнгө, орлого, ашгийн талаар мэдээ, мэдээлэл өгөхгүй, тайлан, тооцоог шаардахад танилцуулахгүй болсон. 2013 оны 11 дүгээр сарын сүүлээр Т.Б- нь надад 2 ширхэг дүүжин тавцанг Барс захын урд байрлах барилга дээр түрээслүүлсэн байгаа, аваарай гэсний дагуу очиж авсан. Үүссэн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх удаа дараагийн оролдлогууд үр дүнд хүрээгүй тул хөрөнгөө хяналтдаа авахаар гэрт нь очиход Т.Б- нь компанийн хөрөнгөнд халдлаа гээд цагдаад гомдол гаргасан, хөрөнгийг Т.Б- завшаад, залилаад байна гэж цагдаад намайг гомдол гаргахад энэ компанийн дотоод асуудал тул шүүхэд иргэний журмаар ханд гэсэн болно. Ингээд тус шүүхэд 2015 оны 9 дүгээр сард анх нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Б- нь миний түүнд шилжүүлсэн хөрөнгийг компанийн хөрөнгө, орлогод бүртгэж аваагүй, холбогдох тайлан, балансад тусгаагүй тул тухайн хөрөнгийг компанийн хөрөнгө гэж үзэх боломжгүй бөгөөд харин хөрөнгөнүүдийг ашиглан 2013-2015 онд 52 707 600 төгрөгийн орлого олж, түүнийг компанийн тайлан бүртгэлд тусгаагүй тухай “О” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Л” ХХК-ийн тайлангаар хөрөнгөнүүдийг 2013-2015 онд түрээслүүлсний орлогыг 121 440 000 төгрөгөөр тооцсоныг ч дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Т.Б- нь миний худалдаж авсан хөрөнгөнүүдийг компанийн балансад хөрөнгөөр бүртгэж, шилжүүлэлгүй эзгүйдүүлэн өөрийн мэдэлд байлган үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, тэдгээрийг бусдад түрээслүүлэн хувьдаа их хэмжээний орлого олж улмаар эвдсэн, устгасан, гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.4, 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 болон бусад холбогдох зүйл, заалтын дагуу Т.Б-аас 4 ширхэг дүүжинт тавцангийн үнэ 18 000 000 төгрөг, 2 подъёмын үнэ 14 000 000 төгрөг, подъёмын 10 ширхэг хөлний үнэ 2 500 000 төгрөг бүгд 34 500 000 төгрөгийг, Т.Б-аас төхөөрөмжүүдийг бусдад түрээслүүлснээс олсон орлого болох 52 707 600 төгрөгийг буюу нийт 87 207 600 төгрөг гаргуулж С.Э- надад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2012 оны 10 дугаар сард БНХАУ-аас 7 ширхэг барилгын дүүжинт өргүүр оруулж ирээд тухайн үедээ өндөр ашигтай ажиллаж байсан. С.Э- дүүжинт өргүүрийн орлого ашгийг тооцож үзээд чиний бизнест хөрөнгө оруулалт хийе, хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Ингээд С.Э-, Ё.Д- нарын хамт компани байгуулахаар шийдэж материалаа бүрдүүлэн 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М- ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авсан. 3 хувьцаа эзэмшигч тус бүр 33.3 хувийг эзэмшихээр дүрэмдээ заасан. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбоотой тайлбарлахад С.Э- нь компани байгуулахад 25 000 000 төгрөг гаргаж өөрийн оруулах ёстой хөрөнгийг оруулсан болохоос биш надад энэ тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөд, ажил хий гэж хэлсэн зүйл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгч үйлдсэн акт зэрэг зүйл байхгүй. Хавтаст хэргийг 209 дүгээр хуудсанд прокурорын тогтоол байгаа. Түүн дээр С.Э-ын мэдүүлэг байдаг. Уг мэдүүлэг дээр С.Э- нь ...хоёр ширхэг дүүжин гүүрийг аваад бусдад өгөөд эвдсэн. Хоёр ширхэг дүүжин гүүрийг шинээр нь зараад мөнгийг нь авсан. Компанид орсон орлогоос бэлнээр 14 500 000 төгрөгийг авсан... гэдэг мэдүүлэг нь байгаа. С.Э- нь 6 ширхэг дүүжин гүүрнээс хоёрыг шинээр нь зарсан. Хоёрыг нь өөрөө авчихсан. Хоёрыг нь өөрөө бусдад түрээсэлж байгаад эвдсэн. Подъёмын хувьд С.Э- нь түрээсэлж байгаад эвдүүлчихсэн. Намайг эдгээр хүмүүс нь юмыг аваад зугтаад байна гэдэг. Одоо манай хашаанд эдгээр төмрийн хогууд нь байгаа. Яг надад гардаад хариуцуулж өгсөн зүйл байхгүй. Надад С.Э-оос хүлээж авсан тоног төхөөрөмж байхгүй. Тоног төхөөрөмжүүд 2013 оны 4 сард ирсэн. 2013 оны 8 сар гэхэд 4 сарын хугацаанд түрээсэлсэн мөнгийг нь С.Э- хүүхэд гадагшаа сургуульд явах гээд байна гээд 14 500 000 төгрөгийг авчихсан. Ингээд 2013 оны 8 сараас хойш огт ажил хийгээгүй. Нэхэмжлэгч нар нь компанийн өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулсан боловч хэрэгсэхгүй болсон. Компани ашигтай ажиллаж чадаагүй тул ногдол ашиг хуваарилах асуудал байхгүй, компанийн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүд эвдэрч, ашиглалтын хугацаа дууссан, С.Э- оруулсан хөрөнгөө буцаан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Т.Б-т холбогдох 87 207 600 төгрөг гаргуулах тухай С.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Д- нь компанийн гүйцэтгэх захирал Т.Б-аас компанид учруулсан хохиролд 37 261 000 төгрөг гаргуулж, компанийг хохиролгүй болгох, хувьцаа эзэмшигч С.Э-т ногдох 8 127 000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Д-д ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгийг компаниас гаргуулах, 2013-2015 онд олгогдох байсан ногдол ашиг С.Э-т 11 841 900 төгрөг, Ё.Д-д 23 491 900 төгрөгийг Т.Б-ын хөрөнгөөр нөхөн төлүүлж нэхэмжлэгч нарт олгуулах тухай хариуцагч Т.Б-, М- ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-, Ё.Д- нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 637 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15, 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурал хэдийд ч гаргах эрхтэй байх, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт гаргасан хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь энэ хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээнэ гэж заасан байна. Компанийн тухай хуулийн дээрх заалтуудаас үзэхэд С.Э-ын ...гүйцэтгэх захирал Т.Б- миний оруулсан хөрөнгийг компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэж аваагүйгээс би хохирсон гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд компанийн хувьцааны 33,3 хувийг эзэмшигч С.Э- нь гүйцэтгэх удирдлага буюу Т.Б-ын нэгэн адилаар хуулийн 84 дүгээр зүйлд заасан үүрэг хариуцлагыг хүлээхээр зохицуулжээ.” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хэдийгээр С.Э- миний бие М- ХХК-ийн 33,3 хувийн хувьцаа эзэмшигч мөн боловч гүйцэтгэх захирал Т.Б- нь тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцах үүргийг Компанийн тухай хууль, дүрмээр хүлээсэн цорын ганц этгээд юм. Тодруулбал, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.”, мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна, 95.4 дэх хэсэгт “Компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна”, компанийн дүрмийн 3.13-т “Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Т.Б- нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”,8.14-т “Компанийн гүйцэтгэх захирал нь компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.” гэж заасан. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дах хэсэгт “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ.”, мөн хуулийн тухайн (2013 оны 3-4 сард хөрөнгө худалдаж авч, Т.Б-т хүлээлгэн өгсөн) үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 96 дугаар зүйлийн 96.1.1-д “баланс” нь компанийн санхүүгийн тайланд тусгагдах зүйл юм. Гүйцэтгэх захирал Т.Б-ыг дээрх үүргээ зөрчиж миний компанид оруулсан 34 500 000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг дүүжинт тавцан, 2 подъём, подъёмны 10 ширхэг хөл хөрөнгийг компанийн өөрийн хөрөнгөд бүртгэж аваагүй, энэ тухай тайланд тусгаагүйгээс уг хөрөнгө нь сүүлчийн шинжээчийн дүгнэлтээр компани хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй болсон юм. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсэгт заасан “...энэ хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээнэ” гэсэн нь мөн зүйлийн 84.6 дахь хэсэгт заасан “Компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 84.4, 84.5-д заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчснөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө” гэсэн хариуцлагыг заасан зохицуулалт бөгөөд хөрөнгийг компанийн баланс, хөрөнгийн өөрчлөлтийн тайланд бүртгэх үүргээ зөрчсөн гүйцэтгэх захирлын эс үйлдэлтэй холбоогүй юм. Түүнчлэн миний бие “компанид хохирол учруулсан” гэж нэхэмжлэл гаргаагүйг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурал Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт заасан “гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох” эрхээ хэрэгжүүлээгүй нь гүйцэтгэх захирлыг хууль, дүрмээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Дээрх байдлаар шүүх Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15, 84 дүгээр зүйлийн 84.10 дахь заалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Тиймээс хариуцагч Т.Б- нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-ын 87 207 600 төгрөгийн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, талуудын хооронд хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүх Компанийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж, түүнийг үндэслэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг С.Э- надад үүсээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм. Тодруулбал, С.Э- нь хожим нь нэмж худалдаж авсан хөрөнгийг М- ХХК-д (бусдад) шилжүүлэх зорилгоор захирал Т.Б-т хүлээлгэн өгсөн боловч тэрээр уг хөрөнгийг компанийн хөрөнгөд бүртгээгүй (үүнийг өөрөө шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн) боловч ашиглаж орлого олсон, устгаж, гэмтээсэн болох нь хангалттай нотлогдсон. Түүнчлэн хөрөнгө олж авсан этгээд болох иргэн Т.Б-, хөрөнгө хүлээлгэн өгсөн С.Э- нарын хооронд тухайн үед ямар нэгэн үүрэг үүсээгүй байсан. Дээрх байдлаар шүүх хэргийн үйл, нотлох баримтад шударга, үнэн, зөв дүгнэлт өгч чадаагүйгээс Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөв хэрэглэсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч С.Э-, Ё.Д- нар нь анх М- ХХК, гүйцэтгэх захирал Т.Б- нарт холбогдуулан М- ХХК-д 37 261 100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг Т.Б-ын өөрийн хөрөнгөөр нөхөн төлүүлж, үүнээс хувьцаа эзэмшигч С.Э-т ногдох 8 127 100 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Д-д ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгийг М- ХХК-аас гаргуулах, 2013, 2014, 2015 онд хувьцаа эзэмшигч С.Э-т олгох байсан ногдол ашиг 11 841 900 төгрөг, Ё.Д-д олгогдох байсан ногдол ашиг 23 491 900 төгрөгийг Т.Б-ын хөрөнгөөс нөхөн төлүүлж, нэхэмжлэгч нарт олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ё.Д- нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь, нэхэмжлэгч С.Э- нь М- ХХК-д холбогдох шаардлагаасаа тус тус татгалзаж, нэхэмжлэгч С.Э- иргэн Т.Б-т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 4 ширхэг дүүжинт тавцангийн үнэ 18 000 000 төгрөг, 2 ширхэг подъёмын үнэ 14 000 000 төгрөг, 10 ширхэг подъёмын хөлний үнэ 2 500 000 төгрөг, бүгд 34 500 000 төгрөг, энэхүү төхөөрөмжүүдийг бусдад түрээслүүлснээс олсон орлого 52 707 600 төгрөгийг буюу нийт 87 207 600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ./хэргийн 1-2, 2хх 159, 2хх 164-166 дугаар тал/

 

Хариуцагч Т.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч С.Э- нь компанид 25 000 000 төгрөгийн хөрөнгө оруулснаас 14 500 000 төгрөгийг бэлнээр авсан, 2 дүүжинт гүүрийг шинээр нь өөрөө зарсан, 2 дүүжинт гүүрийг түрээсэлж байгаа газраас нь авсан, 2 нь эвдэрч гэмтсэн, ашиглалтын хугацаа дуусан дахин ашиглах боломжгүй болсон. Иргэн Т.Б- надад тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт бичгийн ямар нэгэн баримт байхгүй, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр оруулж ирсэн тоног төхөөрөмжүүд байсан. Би С.Э-оос хөрөнгө авч, түүнийг нь түрээслэн орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. С.Э- компанид оруулсан хөрөнгөө буцаан авсан гэж тайлбарлажээ./1хх 44-48, 2хх 171 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Э-, хариуцагч Т.Б-, мөн Ё.Д- нар нь 2013 оны 01 сарын 09-ний өдөр хувь нийлүүлэн М- ХХК-ийг гадаад худалдаа, аялал жуулчлал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулж, компанийн дүрэмд зааснаар 28 500 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, үүсгэн байгуулагч тус бүр компанийн хувьцааны 33,3 хувийг эзэмшихээр тохиролцон улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./1хх 5-10, 70 дугаар тал/

 

Талууд компанийн хөрөнгийн хэмжээ, ашигтай ажилласан эсэх, түүнчлэн компанийн хөрөнгийг гүйцэтгэх захирал Т.Б- үрэгдүүлсэн эсэх, дангаар компанийн хөрөнгийг дур мэдэн ашигласан буюу бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаар маргасан гэж анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлжээ.

 

М- ХХК нь эдийн болон эдийн бус ямар хэмжээний хөрөнгөтэй болох, улмаар хариуцагч Т.Б- нь нэхэмжлэгчийн компанид оруулсан хөрөнгийг хувьдаа авч ашиглан, орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, “Од бүртгэл аудит” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй болно./2хх 127-140 дүгээр тал/

 

Шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал, Компанийн тухай хуулийн 30, 31, 83, 84 дүгээр зүйлийн холбогдох заалтыг нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдагдсан тайлбартай харьцуулан үндэслэлтэй дүгнэсэн байна.

Иймд хариуцагч Т.Б- нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-ын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчид мөн хуулийн 492.1.1-д заасан шаардах эрх үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593 988 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.Т

 

                               ШҮҮГЧИД                                  Г.Д

 

                                                                                  С.Э