| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 183/2019/01885/И |
| Дугаар | 001/ХТ2020/00507 |
| Огноо | 2020-09-15 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2020/00507
М.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02098 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2114 дүгээр магадлалтай,
М.Б-ийн нэхэмжлэлтэй,
“Г” ХХК-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22 859 320 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б Г-т дүрс оношлогооны эмчээр ажиллаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр М.Бийг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаалыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байсан тул шүүхэд хандсанаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 01948 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрээр М.Бийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон боловч хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг нь хангаагүй. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ггийн захирлын тушаал гарч М.Бийг урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүргээ хэвийн явуулах боломжгүй байсан тул М.Б өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн.
М.Бийг ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гарсан боловч түүнийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд нь томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл М.Бийн авах ёстой байсан цалин 22 859 320 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хугацааг тооцоход 220 хоног болно. Өмнөх шүүхийн шийдвэрт М.Бийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 2 285 943 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 103 906 төгрөг гэж тогтоосон. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй. Хариуцагч талаас өмнө шийдэж байсан хэрэгтэй холбоотой нотлох баримт гаргаж өгсөн тул нэгэнт тогтоогдсон баримтыг дахин нотлох шаардлагагүй. Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны дундаж цалин тооцох журамд ажилгүй байсан ажилтны хугацааны цалин хөлсийг сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцно гэж заасан. Өмнөх хэрэгт М.Бийн нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 3 сарын цалингийн дундаж хэмжээг тогтоосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эмнэлгийн цалин болон урамшуулал тооцох журам байдаг. Тухайн ажилтан ажлаа хийж байх хугацаандаа хийсэн үзлэгээс хамаарч урамшуулал авдаг. М.Б нь рентген зургийн эмчээр ажиллаж байсан. Нэг үзлэгээс 1 000 төгрөгийг урамшуулал өгдөг. Тухайн эмч энэ хугацаанд ажиллаагүй, илүү цагаар, хортой нөхцөлөөр ажиллаагүй тул нэмэгдэх, урамшуулал тооцуулах боломжгүй. Мөн унааны болон хоолны мөнгө нь нэг өдрийн 103 906 төгрөгт орсон боловч тухайн ажилтан ажилдаа ирээгүй учраас олгох нь шударга бус юм. М.Б 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд ороход үндсэн цалин нь 850 000 төгрөг байсан. Иймд үндсэн цалин хөлсний хэмжээнд ажилгүй байсан хугацааны цалинг тооцуулах хүсэлттэй байна. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллах ёстой байсан ажлын өдөр 182 хоног байгаа. Гэтэл нэхэмжлэгч 220 хоногийн тооцоо гаргаж ирснийг ойлгохгүй байна. 2018 оны 09 дүгээр сард ажлын өдөр 20 хоног, 2018 оны 10 дугаар сард 23 хоног, 2018 оны 11 дүгээр сард 21 хоног, 2018 оны 12 дугаар сард 21 хоног, 2019 оны 01 дүгээр сард 22 хоног, 2019 оны 02 дугаар сард 17 хоног, 2019 оны 03 дугаар сард 20 хоног, 2019 оны 04 дүгээр сард 22 хоног, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 16 хоног нийтдээ 182 ажлын өдөр байна гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02098 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар “Г” ХХК-аас 18 910 892 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 948 428 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 2018.09.01-ний өдрөөс 2019.05.22-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 272 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 187 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2114 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: “Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй болно” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээг үндэслэл болгон тайлбарласан байсан.
Гэтэл Монгол Улсад хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйл буюу “шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох” тухай ойлголтыг нарийвчлан зохицуулсан зүйл, заалт болох 120.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно” гээд ‘'120.1.3. давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол гэж “эргэлзээгүйгээр” нэг мөр ойлгохоор “тодорхой” хуульчлан зохицуулсан байна. Тус хуулийн эдгээр зохицуулалтууд нь Монгол Улсад шүүхийн шийдвэр хэзээ хууль зүйн агуулгаараа “хуулийн хүчин төгөлдөр болох”-ыг хоёрдмол утгагүйгээр ойлгохоор тодорхой зохицуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар “ ...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд...” гэх ойлголтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэж, “Тус шүүхийн 2018.08.31-ний өдрийн 1948 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байсан,...” гэж бодит байдалд нийцэхгүй тайлбар хийсэн байна. Бодит байдал нь хариуцагчийн зүгээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, мөн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг ч эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан үйл баримт бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал ч тайлбарлан нэхэмжлэлдээ дурддаг ба уг иргэний хэргийг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн Хяналтын шатны тогтоол хэрэгт авагдсан байхад “шүүхийн 2018.08.31-ний өдрийн 1948 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад” гэж тулгасан дүгнэлт хийсэн. Монгол Улсад шүүхийн тогтолцоо нь өөрөө анхан, давах, хяналтын шатны шүүх гэсэн тогтолцоотой бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг туйлын үнэн зөв, үндэслэл бүхий гэж үзэх боломжгүйн учир давах, хяналтын шатны журмаар хянуулах эрх нь хуулиар хэргийн оролцогч нарт олгогдсон байдаг ба анхан шатны шүүхийн шийдвэр анхнаасаа үндэслэлтэй байсан гэж үзэж хүчин төгөлдөр давах, хяналтын шатны шүүхүүдийн магадлал, тогтоолын хууль зүйн үр дагавар, ач холбогдлыг урьдчилан мэдэж байсан мэтээр дураараа тайлбарлах ёсгүй.
Өөрөөр хэлбэл шүүх Хөдөлмөрийн тухай хууль дахь “шүүхийн шийдвэр хучин төгөлдөр болсон тохиолдолд” гэх ойлголтыг хэрэглэх гэж байгаа бол уг ойлголтыг илүү нарийвчлан зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгайлсан зохицуулалтыг барьж үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийх ёстой байсан. Шүүхээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: ...шүүхийн шийдвэрийг давж заалдах,... эрхтэй” гэж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.6-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ: шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах” гэж тус тус хуульчлан зааж хэргийн оролцогчийн эдлэх эрхийг баталгаажуулсан байх ба хариуцагч нь хуулиар олгогдсон энэхүү эрхээ эдэлсэн. Хариуцагчаас хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж улмаар уг маргаан бүхий иргэний хэрэг нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 001/ХТ2019/00349 дугаар тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон. Ийм байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ээс тооцож буруу шийдвэрлэсэн.
Харин давж заалдах шатны шүүх нь энэ талаар: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд тус шийдвэрт хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаснаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар маргаан эцэслэн шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон байна” гэж тайлбарлан дүгнэлт өгсөн атлаа энэ дүгнэлтээсээ өөрөөр шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, хуульд нийцүүлэн зөв дүгнэлт хийсэн атлаа шийдвэрээ өөр байдлаар тодорхойлж байгааг үндэслэл бүхий гэж хүлээн зөвшөөрөх боломжгүйд хүргэж байгаа болно.
Мөн “Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр биелэгдэж энэ хугацаанд ажилтны хөдөлмөрлөж, цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн байх тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэв” гэжээ. Гэтэл дурдаад буй хуулийн 11 дүгээр зүйл буюу “Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх” ойлголт болон уг зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2-д “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэсэн ойлголтууд нь тус хуулийн 120 дугаар зүйл буюу “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох, шүүхийн шийдвэрт гомдол гаргах”, 120.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно: 120.1.1.энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй; 120.1.2.давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1-167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй; 120.1.3.давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-Т заасан тогтоол гаргасан бол гэсэн зохицуулалтын дагуу “хуулийн хүчин төгөлдөр болсны дараа” дээрх тайлбарлаад байгаа агуулгаар ойлгогдон, хэрэглэгдэх боломжтой юм.
Хэрэв давж заалдах шатны шүүхийн тайлбарлан дүгнэлт хийж байгаа шиг ойлгогдох юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд заасан зохицуулалт ямар ч утгагүй болох бөгөөд энэ тохиолдолд шүүхийн давж заалдах, хяналтын шатны шүүхийн тогтолцоо байх ч хэрэггүй, Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн нь шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэж тунхаглан заагаад ч хэрэггүй юм. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрт давах болон хяналтын шатны журмаар гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цаг хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаагаар тооцох мэтээр тайлбарлан дүгнэлт хийж байгаа болохоор ийнхүү ойлгоход хүрч байна.
Хуулийн дээрх тодорхой зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах, хангахгүйн асуудлаас давж, мөн ажилтны эрх чухал эсэхийн асуудлыг давж, харин шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох ойлголтыг бүхэлд нь үгүйсгэн гажуудуулж, цаашлаад бүхэл бүтэн шүүхийн тогтолцоог болон Үндсэн хуулиар тунхаглан хамгаалсан баталгаатай эдлэх үндсэн эрхийг үгүйсгэсэн агуулга бүхий байж боломгүй дүгнэлт, тайлбар болсон.
Тэгвэл эсрэгээр нь дүгнэж үзвэл: Хэрэв анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд, давах болон хяналтын шат нь хангаж шийдвэрлэсэн бол хэзээнээс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж дүгнэх вэ? Мөн анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд, харин хяналтын шат нь хангаж шийдвэрлэсэн бол хэзээнээс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж дүгнэх вэ? Хуулиар иргэн, хуулийн этгээд нь ямар ч тохиолдолд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой биш билүү? Хуулийн нэг ойлголт, хуульд заасан нэг л ойлголтоор хэрэглэгдэх ёстой бөгөөд тэгж байж шударга ёс хамгаалагдах учиртай гэж бодож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйл 120.1, 120.1.3-т зааснаар тус иргэний хэрэг нь Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор тооцох нь хуульд нийцэх тул үндэслэлгүйгээр илүү тооцож олгосон 139 хоногийн 14 442 934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
М.Б нь “Г” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22 859 320 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1948 дугаартай шийдвэрээр М.Бийг урьд эрхэлж байсан Гийн дүрс оношлогооны тасгийн дүрс оношлогооны эмчийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд тус шийдвэрт хариуцагчаас давж заалдах, улмаар хяналтын журмаар гомдол гаргаснаар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 349 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол гарсны дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажил олгогч ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй үндэслэлээр нэхэмжлэгч гомдол гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор зохицуулсан тул нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон ажил олгогчийн тушаал гарах хүртэлх хугацааны олговрыг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 18 910 892 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 3 948 428 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1., 120.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааг тооцож, хариуцагчаас илүү гаргуулсан 14 442 934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3.-т зааснаар хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-176.2.3.-т заасан тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохоор зохицуулсан тул Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилтныг ажилд томилох хүртэлх хугацааны олговор гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул “...Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон тул энэ хугацаанаас хойш ажилтны ажилгүй байсан хугацааг тоолно, ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтныг үүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзсэн бол түүний ажилгүй байсан хугацаанд ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш ажилд эгүүлэн томилох хүртэл хугацаа тоологдох тул анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар ажилгүй байсан хугацаа тасалдах учиргүй.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02098 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2114 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547 715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД