Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00534

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02912 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 175 дугаар магадлалтай,

Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16 800 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 800 000 төгрөгийг, нийт 17 600 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд өмнө нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын олговор гаргуулахаар “Э” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. Тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00587 дугаар шийдвэр гарч намайг “Э” ХХК-ийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 200 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 334 867 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 836 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч хариуцагч нь ажилд эргүүлж аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир амьдралын чадвар муудсан.

Иймд миний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 16 800 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800 000 төгрөг, нийт 17 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Би “К” ХХК-д ажиллаж байсан нь үнэн боловч нэгдүгээрт ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, хоёрдугаарт ажлаас буруу халсан байгууллага шүүхийн шийдвэрийг эс биелүүлж ажилд аваагүй тохиолдолд хүн ажил хийж амьдралаа залгуулах эрхтэй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болсон баримтуудаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй боловч татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөөгүй. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч тал гардан авсан боловч хугацаандаа тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх хууль зүйн дагавартай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч Ц.Б нь ажлаас халагдах тушаалаа авахаар ирээгүй. Ирээгүй хүнийг би ажлаас чөлөөлж, мөн ажилд авах боломжгүй. Мөн өмнө нь ажлаа хаяад явахдаа манай үнэтэй багаж хэрэгслийг хүлээлгэн өгөөгүй. Ингэж хүлээлгэн өгч, тойрох хуудсаа зуруулаагүй тул манайх ажлаас халаагүй байсан. Ц.Быг ажлаас халаагүй байхад яаж ажилд нь эгүүлэн тогтоох вэ гэдгийг би ойлгохгүй байна. Ц.Б нь шүүхийн шийдвэр гарсны дараа надтай уулзаагүй. Одоо бодоод байхад манай байгууллагаас урт хугацааны цалин нэхэмжлэх зорилготой байсан байх гэж бодож байна. Ц.Б нь иргэний үнэмлэхийн хаяг дээрээ амьдардаггүй удаж байгаа гэдгийг би сонссон. Ийм байдалтай байхад би яаж бичиг баримтыг нь шилжүүлэх байснаа ойлгохгүй байна. Мөн Ц.Б нь ажилгүй байсан гэх хугацаандаа “К” ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллаж цалин авч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлж байсан, мөн “Эк” ХХК-д 10-аад сая төгрөгийн ажил хийсэн гэж сонссон. Иймд эдгээр орлогыг нь хасуулан, үлдэх төлбөрийг төлж болно гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02912 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бад олгож, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Э” ХХК-д даалгаж, ээлжийн амралтын олговорт 800 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 290 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 241 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 175 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02912 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 573 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

  1. Шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй тухайд:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ИХШХШтХ-ийн 37 дугаар зүйл 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарах зохигчдын тайлбар, бичмэл баримтуудыг мөн хуулийн 40 дүгээр зүйл 40.2 дахь хэсэгт зааснаар “тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй” гэж үзэж байна.

Тухайлбал бодит үйл баримтын хувьд нэхэмжлэгч Ц.Б нь ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ажилдаа буцаж орох талаар ямар ч санаачилга гаргаагүй. Тэрбээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган шүүхийн шийдвэрээр тогтоогдсон олговор 1 200 000 төгрөгийг л гаргуулах ажиллагааг гүйцэтгүүлж мөнгөө авсан байдаг. /х.х-ийн 160-164- р талд авагдсан 2019.11.14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4-р талд Даргалагчаас: Нэхэмжлэгчээс асууя. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичигдэж, албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан юм уу гэхэд Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлтээ бичиж өгсний үндсэн дээр ажиллагаа хийгдсэн гэв, х.х-ийн 162-р талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийн 5-р талд: Даргалагчаас: “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийг танай байгууллага авсан уу?, Шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн бичгийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй юу гэхэд Хариуцагчийн төлөөлөгч: Тиймээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч шийдвэр дээр нь Ц.Быг ажилд эгүүлэн ав биш зөвхөн төлбөрийг шилжүүл гэсэн байсан учраас мөнгө шилжүүлсэн гэв/ Эдгээр нь нэхэмжлэгч ажилдаа эргэж орох хүсэл зорилгогүй байсныг нотлон харуулж байгаа юм.

Нөгөө талаас Ц.Б нь “К” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Ажилд авах тухай тушаалаар 4 дүгээр сарын 3-ны өдрөөс электрон, автоматикийн инженерээр ажилд орсон болох нь баримтаар нотлогддог. Энэ нь 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоны дараа өөр компанид ажилд орсон болохыг нотолж байна. /х.х-ийн 146-156/

Эндээс дүгнэхэд Ц.Бад шүүхийн шийдвэрийн дагуу “Эм Си лог хаус” ХХК-д ажилдаа эргэж орох хүсэл зориг бодит боломж байсан эсэх?, ажил олгогчид нэгэн зэрэг ажиллах бодит боломж ажилтанд байсан уу? (шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ч Ц.Б “К” ХХК-д үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь уг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй болохыг нотолно) Ц.Б ажилдаа ирээгүй буюу ажил олгогчтой холбоо бариагүй талаарх хариуцагчийн тайлбарыг нотлох хэрэгт ач холбогдолтой баримт байхад уг баримтыг хэрэгт ач холбогдолтой байдлаар шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

Гэтэл ажилд авах тушаал гаргаагүй гэх үндэслэлээр шүүхээс ажил олгогчийг дан ганц буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Ц.Б шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц ажлын байрандаа хүрэлцэн ирж ажилдаа эргэж орох хүсэл зоригоо илэрхийлэх бүрэн боломжтой буюу ийм бүрэн эрхтэй байсан. Эрхийг албадан эдлүүлэх боломжгүй буюу Хөдөлмөрийн тухай 7.1-д зааснаар “хэнийг ч ... албадан хөдөлмөрлүүлж болохгүй” байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1-д заасны дагуу ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүргээ ажил олгогч биелүүлээгүй гэж дүгнэх нь шударга ёсны зарчимтай нийцэхгүй байгааг шүүх анхаараагүй.

  1. Шийдвэр “хууль ёсны байх” хуулийн шаардлагыг хангаагүй тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэх заалтын агуулга нь үндэслэлгүйгээр халагдсан ажилтан шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдож ажлаа үргэлжлүүлэн хийх хүртэл хугацаанд буюу ажилгүй байсан хугацаандаа авч чадаагүй цалин хөлсийг ажилтанд нөхөн олгох тухай хуулийн зохицуулалт юм. Гэтэл ажилдаа эргэж орох хүсэл зориггүй ажилтныг хэдий хүртэл ажилгүй байсан гэж үзэх, цаашлаад манай тохиолдолд “ажилгүй байсан бүх хугацаа”-ны цалин хөлсийг “шаардах эрхтэй” гэж дүгнэж болох эсэх нь эргэлзээтэй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.8-д “хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан” гэж хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг гэж тодорхойлсон. Ажилдаа эргэж орох хүсэл зориггүй буюу ажилдаа эргэж ирэхгүй байгаа ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах хууль ёсны ашиг сонирхол үүсэх үү?

Мөн ИХШХШтХ-ийн 157.1-д “Гомдолд ямар ... аж ахуй нэгж ... тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн шийдвэр ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заана” гэж заажээ. Өөрөөр хэлбэл ажилтан өөрөө ажилдаа эргэж орох талаараа ямар нэгэн үйлдэл хийсэн буюу түүний хариуд ажилтныг эргэж ажиллуулахгүй үйлдэл, эс үйлдэхүйг ажил олгогч гаргасныг нотлох ёстой байтал 2019.3.4-ний өдрийн 184/ШШ2019/00587 дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоогдсон гэдэг үндэслэлээр л нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон үйл баримтыг нотлох баримт хэдий ч ажилдаа эргэж орох эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа ажилтны шаардах эрхийн үндэслэл дангаар болж чадахгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх заалтын зорилго нь ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгатай тул “ажилгүй байх” буюу ажилдаа эргэж ороогүй нөхцөл байдлыг өөрөө бүрдүүлсэн нэхэмжлэгч Ц.Бын хувьд ажилгүй байсан хугацаа гэх ойлголтод хамаарах олговрыг олгох, уг заалтыг хэрэглэх нь ИХШХШтХ-ийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргуудтай нийцэхгүй байгааг харгалзан үзэхийг хичээнгүйлэн хүсэж байна. Иймд шийдвэр, магадлалд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Ц.Б нь “Э” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16 800 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 800 000 төгрөгийг, нийт 17 600 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 587 дугаартай шийдвэрээр Ц.Быг “Э” ХХК-ийн цахилгааны инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 200 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 334 867 төгрөгийг тус тус  хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 836 дугаартай магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 620 000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажил олгогч ажилд эгүүлэн томилоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ц.Б нь байгууллагын үнэтэй багаж, хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй, тойрох хуудсаа зуруулаагүй байсан тул ажлаас халах тушаал гараагүй байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа ирээгүй, хаягтаа байдаггүй бөгөөд 2019 оны 04 дүгээр сард “К” ХХК-д ажилд орсон байсан. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн бичигт зөвхөн төлбөрийг шилжүүл гэж байсан тул бид төлбөрийг шилжүүлсэн. Энэ нь нэхэмжлэгчийг ажилдаа эргэж орох хүсэл зориггүй байсныг нотолж байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 16 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хэрэгт цугларсан баримтыг бүх талаас нь бүрэн гүйцэт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, ...шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж зохицуулсан тул ажилтан ажил олгогч ажилд эгүүлэн томилоогүй үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буруутай ч энэ хугацаанд ажилтан ажилд орохоор хүрэлцэн ирээгүй, иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягтаа байдаггүй, түүнчлэн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас зөвхөн төлбөр төлөх шийдвэр ирснийг биелүүлсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул шүүхийн шийдвэр биелэгдээгүйд дан ганц ажил олгогчийг буруутгах боломжгүй байна.

Зохигчдын хоорондох маргаантай үйл баримт буюу ажил олгогч ажилд нь томилоогүй, эсхүл ажилтан ажилдаа хүрэлцэн ирэхгүй, ажил үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй байгаа гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, улмаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн, ямар хүрээнд явагдсан болох, дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримтгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маргаантай үйл баримтыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02912 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 175 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяагийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД