Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00547

 

П.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2019/01961 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1664 дүгээр магадлалтай,

П.Г-ын нэхэмжлэлтэй,

Н, “М” ХХК-д тус тус холбогдох,

Нны 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай №6/58 тогтоолын үндсэн дээр 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан Хоёр дахь албадан дуудлага худалдааны “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар холоо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой” хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  П.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1999 оноос эхлэн П.Г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 м.кв 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамт дундаа хамтран өмчилдөг байсан. Нэхэмжлэгч П.Гын гэр бүлийн гишүүдийн нэг П.Га нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үеийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэлийн газраас П.Гаыг орон сууцны цорын ганц өмчлөгчөөр бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000292187 тоот гэрчилгээг гаргуулан авсан байсан.

П.Га нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “М” ХХК-иас зээл авч улмаар 13/151 тоот 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хэсэг болсон барьцааны гэрээнд орон сууцыг барьцааны зүйл болгосон байсан. “М” ХХК-ийн нэхэмжлэл дээр үндэслэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тухайн үеийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс П.Гаыг гэрээгээр хүлээсэн зээлийн үүргээ гүйцэтгэх, эс бөгөөс барьцааны зүйл болсон орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах тухай 522 дугаартай шүүхийн шийдвэр гарсан байсан.

Нны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолоор орон сууцыг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаагаар оруулж борлуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ тухай мэдээллийг Нны веб сайтад болон өөр бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлээгүй байна. Харин “М” ХХК-ийн төлөөлөгч “ялагч”-аар тодорсон тэмдэглэл үйлдэгдсэн байна. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба болон “М” ХХК-ийн хооронд Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах 07/01 тоот гэрээ үйлдэгдсэн ба уг гэрээгээр орон сууцыг худалдах-худалдан авах хэлцэл хийгджээ.

Дээр дурдсан гэрээг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тухайн үеийн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Нийслэлийн бүртгэлийн газраас “М” ХХК-ийг орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн гэрчилгээ олгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дах хэсэгт тус тус заасан, цаашлаад Иргэний хуулийн 197 дугаар зүйлээр үнэ хаялцуулах ажиллагааны журмыг зохицуулсан бөгөөд хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна. Хуульд ийнхүү 14 хоногийн хугацаа зааж өгсөн нь дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх, дэнчингээ бэлдэх, дуудлага худалдаанд оролцох бэлтгэлээ хангах боломжийг олгох зориулалттай болно.

Н нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-д заасанчлан үнэ хаялцуулах дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн учраас нэхэмжлэгч тухайн дуудлага худалдаанд бүртгүүлэх, дэнчин тавих, дуудлага худалдаанд оролцох, орон сууцыг худалдан авах боломжоо алдсанаар түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн болно.

Иймд хуульд заасан журмыг зөрчсөн зөрчлийг арилгах, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөнийг сэргээн эдлүүлэх үүднээс Нны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолын үндсэн дээр Нны Албадан дуудлага худалдааны комиссоос 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-10:35 минутын хооронд явуулсан үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны Монгол улсын Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 25 дугаар байр, 31 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 м.кв 2 өрөө орон сууцтай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Нрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр П.Гааас 43 306 633 төгрөгийг гаргуулж, “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж төлбөр төлөгч П.Га үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 120 000 000 төгрөгөөр үнийн санал гаргаж төлбөр авагч “М” ХХК-тай харилцан тохиролцсон байна. Төлбөр төлөгч, өмчлөгч Д.Ганбатад 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/16815 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 84 000 000 төгрөгөөр тооцон 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр оруулах болохыг мэдэгдсэн бөгөөд, дуудлага худалдаанд худалдан борлогдоогүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5239 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1467 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 00033 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэгч П.Быг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн.

Иймд хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг дахин тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, хамтран өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж төлбөр төлөгч П.Га хамтран өмчлөгч П.Б нарт үнийн санал ирүүлэх тухай 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 3/520, 3/519, тоот албан бичгүүдээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул дахин төлбөр төлөгч П.Гаад 2017 оны 3 дугаар сарын 15-ны 3/8370 тоот албан бичгээр Америкийн Нэгдсэн Улс Калифорни муж, Лос Анжелос хотын Өмнөд Ардмор гудамжны 401 дүгээр байрны 210 тоот 90020 зип кодтой хаягаар, хамтран өмчлөгч П.Бод 2017 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн 3/8371 тоот албан бичгээр Америкийн Нэгдсэн Улс Иллонойс муж, Чикаго хотын хойд сполдинг гудамжны 3048 дугаар байрны 02 тоот хаягаар олон улсын баталгааг шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 31 дүгээр зүйл мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар тогтоолгоход 77 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч П.Га, хамтран өмчлөгч П.Б нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 77 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 53 900 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоох болохыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3/15489, 3/15490 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болох тухай мэдэгдлийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 3/16382, 3/16383 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлж, анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй байна. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 77 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 38 500 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний 3/18710, 3/18711 тоот мэдэгдэл, тогтоол нарыг хүргүүлсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах 30 м.кв 2 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 77 000 000 сая төгрөгийн 50 хувиар тооцон 38 500 000 төгрөгөөр 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан төлбөр авагч “М” ХХК ялагчаар тодорч 41 000 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон байна.

Албадан дуудлага худалдааны ялагч “М” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гуравдагч этгээд П.Б нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган хянагдан тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны 2125 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний 356 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгч П.Гын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч П.Г нь нэхэмжлэлд дурдагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөлд бүртгэлгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК нь (тухайн үед “М” ХХК байсан) иргэн П.Гатай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлүүлсэн байдаг ба П.Га нь зээлийн гэрээний барьцаанд дээрх маргаан бүхий орон сууцыг барьцаалсан. Тухайн үед П.Га уг орон сууцны цорын ганц өмчлөгч байсан бөгөөд нэхэмжлэгч П.Г энэ байрны өмчлөгчөөр бүртгэлтэй байгаагүй. Зээлдэгч П.Га нь зээлээ төлөөгүй тул тус компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу Нраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг явуулж байхад П.Гаын ах П.Б П.Гаыг хариуцагчаар татаж уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шүүхээс захирамж гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. П.Б, П.Га нарын хоорондох маргаан шийдвэрлэгдэж дуусч, П.Быг байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгосны дараа Нраас дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан байдаг ба “М” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оролцож 41 000 000 төгрөгөөр орон сууцыг худалдан авч, орон сууцны өмчлөгч болсон.

Гэтэл хамтран өмчлөгч П.Б шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдгийг тогтоосон байдаг.

Өөрөөр хэлбэл П.Г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, энэхүү орон сууцны талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээд биш тул тэрээр энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх албадан гүйцэтгэх ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд П.Гын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2019/01961 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасныг баримтлан П.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч Н, “М” ХХК нарт холбогдох “Нны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолын үндсэн дээр Нны албадан дуудлага худалдааны комиссоос 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-10.35 минутын хооронд явуулсан үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 т.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Гоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1664 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2019/01961 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хэргийн үйл явцын тухайд:

1. Нэхэмжлэгч П.Г Монгол Улсын Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүрэг, 16-р хороо, 25-р байрны 31 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 м.кв 2 өрөө орон сууц (цаашид орон сууц гэх)-ыг гэр бүлийн гишүүдийн хамт дундаа хамтран өмчилдөг байсан.

2. 2013 оны 12-р сарын 18-ны өдөр П.Гаыг орон сууцны цорын ганц өмчлөгчөөр гэрчилсэн бүртгэлийн гэрчилгээ үйлдэгдсэн ба 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр П.Га “М” ХХК-иас авсан зээлд орон сууцыг барьцааны зүйл болгосон.

3. Тухайн үеийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1-р сарын 20-ны өдрийн 522 тоот шийдвэрээр орон сууцнаас П.Гаын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн үеийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9-р сарын 1-ний өдрийн 102/ШШ2015/05239 тоот шийдвэрээр иргэн П.Быг орон сууцны хамтран өмчлөгчөөр сэргээн тогтоосон ба уг шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр баталгаажсан.

5. Төлбөр төлөгч П.Гаад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үйлдэгдсэн хөрөнгийн үнэлгээ, орон сууцыг албадан худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг мэдээлсэн мэдэгдэх хуудсууд талуудад болон орон сууцны өмчлөгч иргэн Л.Баттогтоход баталгаат шуудангаар илгээгдэж байжээ.

6. Нны эрхлэн хөтөлсөн 2017 оны 7-р сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны үр дүнд орон сууц “М” ХХК-ийн өмчлөлд шилжсэн.

7. Иргэн П.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлдээ мэдэгдэх хуудсууд түүнд биечлэн хүргэгдээгүй гэсэн үндэслэлээр орон сууцыг албадан худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцуулж, учирсан хууль зүйн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Харин түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны болон давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15-р зүйлийн 15.7 дахь заалтыг удирдлага болгосон нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3-р сарын 14-ны өдрийн 001/ХТ2019/00356 тоот тогтоолоор баталгаажсан байна.

8. 2019 оны 5-р сарын 17-ний өдөр нэхэмжлэгч П.Г шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлдээ 2017 оны 7-р сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа нь эхлэхээсээ 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдээгүй гэсэн үндэслэлээр уг дуудлага худалдааны орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүйд тооцуулж, учирсан хууль зүйн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7-р сарын 31-ны өдрийн 184/ШШ2019/01961 тоот шийдвэр, Нийслэл Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9-р сарын 11-ны өдрийн 1664 тоот магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хяналтын гомдлын үндэслэлийн тухай:

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Дуудлага худалдаа хуульд заасан хугацааны журам зөрчиж явагдсанаас үүсэх хууль зүйн үр дагаврыг тодорхойлсон хуулийн заалтууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70-р зүйлийн 70.1 дэх хэсэгт: “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасан. Цаашлаад Иргэний хуулийн 197-р зүйлийн 197.24 дэх хэсэгт: “Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна”, 197.25 дахь хэсэгт: “Хүчин төгөлдөр бус үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж хууль зүйн үр дагаврыг нь тодотгосон. Нэхэмжлэгч П.Г нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд шүүхэд хүсэлт гаргаж тодорхой нотлох баримтуудыг хэрэгт хавсаргуулсан бөгөөд тэдгээр нотлох баримтуудын дунд орон сууцыг худалдан борлуулсан 2017 оны 7-р сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа нь эхлэхээсээ 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн тухай баримт огт байгаагүй. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70-р зүйлийн 70.1 дэх хэсгийн заалт болон Иргэний хуулийн 197-р зүйлийн 197.24 дэх хэсгийн заалт, 197.25 дахь заалтыг хэрэглээгүй алдаа гаргасан.

  1.  Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Монгол Улсын иргэн аливаа нээлттэй дуудлага худалдаанд (сайн дурын эсвэл албадан явагдаж байгаа эсэхээс нь үл шалтгаалаад) оролцох эрхтэй ба уг эрхээ зөрчигдсөнийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Тодруулбал, Иргэний хуулийн 197-р зүйлийн 197.11 дэх хэсэгт: “Нээлттэй дуудлага худалдаа ...-нд ямар ч этгээд оролцож болно” гэжээ, Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх түхай хуулийн 70-р зүйлийн 70.2 дахь хэсэгт: “дуудлага худалдаанд талуудаас гадна ... бусад этгээдүүд оролцож болох”-ыг зөвшөөрсөн. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсэгт: “Монгол Улсын хууль ...-д заасан ... эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл ... гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.’’ гэж заасан. Цаашлаад Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1 дэх хэсэгт: “...хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэжээ. Нээлттэй дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч нь талуудаас томилогдсон энгийн иргэн эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба байж болдог. Нэхэмжлэгч П.Г нь дээрх хуульд заасан эрхээ эдэлж, хөөн хэлэлцэх хугацааныхаа дотор нэгэн нээлттэй дуудлага худалдааны буюу 2017 оны 7-р сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн хууль зөрчсөн эс үйлдэхүйд нэхэмжлэл гаргасан. Харин уг эрхлэн хөтлөгч нь Н байж таарсанд л гол онцлог нь оршиж байгаа юм. Ингэж нэхэмжлэгч П.Г иргэн хүнийхээ хувьд нэгэн нээлттэй дуудлага худалдаанд гомдол гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг төлбөр төлөгч П.Гаад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж байна гэж буруу ойлгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32-р зүйлийн 32.1 дэх хэсгийн заалт, 32-р зүйлийн 3.5 дахь хэсгийн заалтыг хэрэглэсэн алдаа гаргасан.

Тодорхой этгээдүүдэд хамааралтай хуулийн зохицуулалтыг хамааралгүй этгээдэд хэрэглэж болохгүй билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэж тухай хуулийн 63-р зүйлийн 63.4 дэх хэсэгт: “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан ба уг заалт нь зөвхөн төлбөр авагч, төлбөр төлөгч нарт л хамааралтай заалт байх бөгөөд тэдний хөрөнгийн үнэлгээ болон албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар шүүхэд дахин гомдол гаргах эрхийг нь дуудлага худалдаа явагдаж дуустал нь түр хязгаарласан онцлогтой байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд П.Гаад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч эсвэл төлбөр төлөгч нар хөрөнгийн үнэлгээний талаар болон хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар шүүхэд гомдол огт гаргаагүй байна. Харин иргэн П.Б болон нэхэмжлэгч П.Г нар уг ажиллагааны талууд биш, иргэн П.Б нэхэмжлэлээ дуудлага худалдаа явагдаад дууссаны дараа гаргасан, түүнчлэн нэхэмжлэгч П.Гын нэхэмжлэлийн шаардлага нь албадан дуудлага худалдааны тухай (албадан худалдан борлуулах шийдвэрийн тухай биш) байгаа үйл баримтууд илэрхий байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч П.Гыг нэхэмжлэлд огт хамааралгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.4 дэх хэсгийн заалтыг хэрэглэж алдаа гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрийг шүүх хэлэлцэж үнэлэх үүрэгтэй ба уг үнэлэлт нь өөр үндэслэлийг хэлэлцэхэд удирдлага болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-р зүйлийн 37.2 дахь хэсэгт: “Хэргийн нотлох баримт нь зохигч..,-ийн тайлбар...-аар тогтоогдоно” гэж зохигчийн нэг болох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримт болж болохыг тодорхойлсон бөгөөд 118-р зүйлийн 118.4 дэх хэсэгт: “/Шүүхийн шийдвэрийн/ үндэслэх хэсэгт ... нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл..-ийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.” гэж заасан нь шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрт үнэлэлт өгөх үүрэгтэй ба уг үнэлэлт нь тухайн үндэслэлийн хүрээнд л үйлчлэх шинжтэй байна. Иргэн П.Бын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3-р сарын 14-ны өдрийн 001/ХТ2019/00356 тоот тогтоолд дурдагдсан “...дуудлага худалдаа явагдсан үйл ажиллагаа хууль зөрчөөгүй...” гэсэн дүгнэлт нь зөвхөн иргэн П.Бын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох мэдэгдэх хуудсууд биечлэн хүргэгдээгүй байхад дуудлага худалдаа явагдсан нь хууль зөрчсөн эсэхэд өгсөн үнэлэлт юм. Энэ дүгнэлтээр мэдэгдэх хуудсууд П.Бод хүргэгдэхээр шууданд шилжсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон тул тэдгээр мэдэгдэх хуудсууд түүнд биечлэн хүргэгдсэн эсэхээс үл хамааран явагдсан дуудлага худалдаа хууль зөрчөөгүй гэсэн үйл баримт тогтоогдож байгаа юм. Тодруулж хэлэхэд, энэ дүгнэлт нь туйлын шинжтэй биш бөгөөд уг дуудлага худалдааны хүчин төгөлдөр эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын өөр үндэслэлийг үнэлүүлж, үйл баримтыг тогтоолгоход саад болохгүй юм. Нэхэмжлэгч П.Гын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь дуудлага худалдаа нь эхлэхээсээ 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдээгүй нь хууль зөрчсөн эсэх тухай үйл баримтыг шүүхээр үнэлүүлж тогтоолгох зорилготой бөгөөд энэ үндэслэл, үйл баримт нь өмнө нь аливаа шүүхээр огт хэлэлцэгдэж, үнэлэгдэж байгаагүй билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.4 дэх хэсэгт: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн заалт нь тухайн үйл баримтууд нь хоорондоо холбогдолтой тохиолдолд л хэрэглэгдэхээр байна. Харин нэхэмжлэгч П.Гын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт нь иргэн П.Бын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдон тогтоогдсон үйл баримттай огт холбогдолгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.4 дэх хэсгийн заалтыг хэрэглэсэн алдаа гаргасан. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч П.Гын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримттай огт холбогдолгүй өөр үндэслэл, үйл баримт бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3-р сарын 14-ны өдрийн 001/ХТ2019/00356 тоот тогтоолыг шийдвэр гаргахдаа удирдлага болгон хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10-р зүйлийн 10.1 дэх хэсэгт: “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, ... бусад хуулийг хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн.

  1. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Нэхэмжлэгч П.Г нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлийн 69.1.5 дахь хэсэгт: “тодорхой ажиллагаа ... гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах /тухай шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт нэхэмжлэгч шүүхэд гаргах эрхтэй/” гэсэн заалтыг үндэслэн хариуцагч “М” ХХК-д орон сууцыг захиран зарцуулахыг анхан шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэхийг даалгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж авсан боловч уг хүсэлтийг огт хянан хэлэлцээгүй. Анхан шатны шүүхийн энэ зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанчлан шүүхэд гаргасан хүсэлтээ хянан хэлэлцүүлсэн шүүгчийн захирамж гаргуулж авах эрх, 170-р зүйлийн 170.1 дэх хэсэгт заасанчлан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрх, 171-р зүйлийн 171.1 дэх хэсэгт заасанчлан шүүгчийн захирамжид гаргасан гомдлынхоо хариуг авах эрхийг зөрчсөн явдал болсон.

Иймд анхан шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Г нь Н, “М” ХХК-д холбогдуулан Нны 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай №6/58 тогтоолын үндсэн дээр 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан Хоёр дахь албадан дуудлага худалдааны “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар холоо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой” хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч П.Г нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан талаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар П.Гааас 43 306 633 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгох, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаартай шийдвэрт 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн төлбөрт битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулсан.

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар “М” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, өмчлөгч болсноор “төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн” гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.-т зааснаар П.Гаад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргана гэж, 122 дугаар зүйлийн 122.2.-т хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж, 29 дүгээр зүйлийн 29.3.-т энэ хуулийн 29.1.3.-т заасны дагуу дуусгавар болгосон шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан албадан дуудлага худалдааны холбогдох заалтыг хүчингүй болгох шаардлага гаргах хуульд заасан шаардах эрхтэй этгээд болохоо баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “...төлбөр төлөгчтэй төрсөн ах дүү, тухайн орон сууц албадан дуудлага худалдаанд орох гэж байгааг мэдсэн, мэдэх боломжтой байсан, эрхээ зөрчигдсөн гэж үзсэн бол хуульд заасан хугацаанд гомдлоо гаргах боломжтой байхад гаргаагүй, энэ эрхээ хэрэгжүүлээгүйгээс үзэхэд түүний хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэхгүй, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, маргаантай харилцааг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, үйл баримтад нийцүүлэн хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн, хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

Нэхэмжлэгч П.Г нь нэхэмжлэлд дурдсан шаардлагыг гаргах эрх бүхий этгээд эсэх,  түүний ямар эрх зөрчигдсөн, улмаар ямар хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэлд энэ талаар дурдаагүй тул гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, улмаар нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Иймд  шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2019/01961 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1664 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД