Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 13

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                       

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  байрлах, “******* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийг хүчингүй тус тус болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, Ц.*******, М.*******, гуравдагч этгээд “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******/ шүүхэд ирүүлсэн Дорнод аймгийн Засаг даргын 2019.12.12-ны өдрийн А/626 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлдээ: Манай компани нь Монгол Улсын Засгийн газрын 316 тоот тогтоолоор батлагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г /БХГ/ Газрын тосны газартай 2010 онд байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд ТӨР /засгийн газар/-ын зохих хяналтан дор тус аймгийн 7 сумын нутаг дэвсгэрийг хамарсан хайгуул, судалгааны ажлыг зохих төлөвлөгөө төсвийн дагуу зардал, хөрөнгө гарган явуулж ирсэн. Монгол Улсын Засгийн газар эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тосны тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн БХГ-д заасан хайгуулын талбайд хайгуул, судалгааны ажил явуулахыг манай компанид даалгасан болно. Мөн БХГ-т ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдаж байгаатай холбогдуулан хайгуулын ажлыг дэмжиж ажиллахыг хүссэн албан бичгүүдийг Орон нутгийн Засаг захиргааны байгууллагад хүргүүлсэн байдаг.

Дээрх зорилгоор “******* ” ХХК нь Дорнод аймаг дахь Баянтүмэн 17-р талбайг эзэмшиж, газрын тосны хайгуулын ажил явуулж байгаатай холбогдуулан газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулсан. Гэтэл Дорнод аймгийн Засаг дарга М. нь манай компанийг эрх бүхий байгууллага албан тушаалтнаас газар ашиглах эрх, зөвшөөрөл авалгүйгээр газар түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулж Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийг тус тус зөрчсөн гэж үзэж 1 га газрыг чөлөөлүүлэх тухай захирамж гаргасан.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3-т зааснаар ...аймгийн Засаг даргын эрх хэмжээг хуульчилж өгсөн. Гэтэл Дорнод аймгийн Засаг дарга дээрх хуульд заасны дагуу зөвхөн тус аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байгаагаас өөр газар аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхгүй байтал тус аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт газар ашиглуулах болон чөлөөлүүлэх асуудлаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан захиргааны илт хууль бус акт байна. Уг захирамжид тухайн газарт газар ашиглах эрх зөвшөөрөл авалгүй газар түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэсэн атлаа энэхүү зөрчлийг ямар захиргааны актыг үндэслэж тогтоосон эсэх нь тодорхойгүй захирамжийн үндэслэх хэсэгт заагаагүй байна. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд улсын тусгай хэрэгцээний газрыг зааж өгсөн байдаг бөгөөд хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д “бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай” гэж тусгайлан зааж өгсөн байдаг. Мөн манай компани нь тухайн газарт цамхаг тулгуур түшиц, хана түүнтэй адилтгах байгууламж байрлуулаагүй Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй тул “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар тогтоох дүрэм”-д хамаарахгүй. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* ” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******/ “Дорнод аймгийн Засаг даргын 2019.12.12-ны өдрийн А/626 дугаар захирамжийг илт хууль бус болгох...” нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Засаг даргын захирамжид тухайн газарт газар ашиглах эрх зөвшөөрөл авалгүйгээр газар, түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэсэн атлаа энэхүү зөрчлийг ямар захиргааны актыг үндэслэж тогтоосон эсэх нь тодорхойгүй юм. Мөн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд улсын тусгай хэрэгцээний газрыг зааж өгсөн байдаг ...хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай тусгайлан зааж өгсөн байдаг. Мөн манай компани нь тухайн газарт цамхаг тулгуур түшиц, хана түүнтэй адилтгах байгууламж байрлуулаагүй тул Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй тул “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д хамаарахгүй байна. Энэ талаар Монгол улсын барилга хот байгуулалтын яамны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/64 дугаартай албан тоотоор “Аж ахуйн нэгж, байгууллагын газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас олгож, гэрээт талбайн тодорхой байршилд хайгуулын өрөмдлөгийн цамхаг болон өрмийг түр хугацаанд байршуулах ажлыг зураг төсөл, геологийн ажлын даалгавар, цамхагийн хүчин чадал, техникийн нөхцлийг Газрын тосны тухай хуулийн дагуу ашигт малтмал, газрын тосны газар хянаж байгаа нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллын зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 18 дахь хэсэгт хамаарахгүй” гэж Дорнод аймгийн Засаг дарга М.д хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Нэхэмжлэгч “******* ” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******/ шүүхэд ирүүлсэн “Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлдээ: “...аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12/234 тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хамтарсан шалгалт хийж Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.******* ахлан, Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч И.******* нар “******* ” ХХК нь “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан үндэслэл”-ээр шийтгэл оногдуулсныг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон шийдвэрийн үндэслэл хэсэгтээ “...Газар ашиглах гэдэг нь газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэх ойлголт юм. “******* ” ХХК нь тухайн талбайд /эдэлбэр газрын зориулалтаар/ аль нэг ашигтай байдлаар ашиглаагүй болох нь тогтоогдсон. Хариуцагч Мэргэжлийн хяналтын газар шалгалтыг явуулахдаа ... тусгай зөвшөөрөл бүхий талбайд дурдсан ... техник тоног төхөөрөмжийг байрлуулсныг үйл ажиллагаа явуулж, газар ашигласан хэмээн үзэж торгуулийн шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д ...захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим алдагдсан гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тухайн газрыг ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй нь шүүхээр тогтоогдсон байтал, хүчинтэй эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаартай захирамжийг үндэслэн дахин Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626, мөн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай компани нь Монгол Улсын Засгийн газрын 316 дугаар тогтоолоор батлагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Газрын тосны газартай 2010 онд байгуулан ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зохих хяналтан дор төлөвлөгөөний дагуу тус аймгийн 7 сумын нутаг дэвсгэрийг хамарсан хайгуул, судалгааны ажлыг зардал хөрөнгө гарган явуулсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газар эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тосны тухай, Газрын хэвлийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг үндэслэн “...Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хайгуулын талбайд хайгуул, судалгааны ажил явуулах...”-ыг манай компанид даалгасан байдаг. Дорнод аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3-т заасны дагуу тус аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байгаагаас өөр газарт аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхгүй байтал тус аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт газар ашиглуулах болон чөлөөлөх асуудлаар 2019 оны 12 сарын 12-ны өдрийн А/626 дугаартай захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэхүү захирамжид “...зөвшөөрөл авалгүйгээр газар, түүний хэвлийг дур мэдэн ашиглан, суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулсан...” гэсэн атлаа энэхүү зөрчлийг ямар захиргааны актыг үндэслэж тогтоосон нь тодорхойгүй, захирамжийн үндэслэх хэсэгтээ зааж өгөөгүй байна. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд улсын тусгай хэрэгцээний газрыг зааж өгсөн байдаг бөгөөд 16.1.8-д “бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай” гэж тусгайлан зааж өгсөн байдаг. Түүнчлэн манай компани тухайн газарт цамхаг, тулгуур, түшиц, хана, түүнтэй адилтгах байгууламж байрлуулаагүй тул барилгын ажлын зөвшөөрөл авах шаардлагагүй, Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэмд хамаарахгүй юм. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч “******* ” ХХК, гуравдагч этгээд “ ” ХХК-ийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэндээ 2 захирамж дээр маргаантай байгаа. Эхлээд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамжийн хүрээнд яръя. “******* ” ХХК-ийг “...тухайн газрыг ашиглах зөвшөөрөлгүйгээр ашигласан. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, сүйтгэсэн...” гэдэг үндэслэлээр гаргасан захирамж гэж ойлгож байгаа. Бодит байдал дээр тухайн газрыг ашиглаагүй гэдгийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр тогтоочихсон. Мөн сумын Засаг даргын албан бичгээр газрыг ашиглаагүй гэдэг нь тогтоогдсон байдаг. Хариуцагч тал “...байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн, байгаль орчныг доройтуулсан...” гэж яриад байдаг. Үйл ажиллагаа явуулаагүй байхад байгаль орчин яаж сүйдэх юм бэ. Энэ талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баталгаажсан зүйл өнөөдрийг хүртэл байхгүй байгаа. Харин хэрэгт авагдсан газрын хянан баталгааны дүгнэлт дээр “...1.3 газар ашиглалт хэвийн, талбай га +, физикийн, химийн, биологийн бохирдлын төрөл гэдэг дээр ямар нэгэн байдлаар бохирдолд өртөөгүй, хэвийн...” гэсэн байна. Иймд “...байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн...” гэдэг нь энэ дүгнэлтээр няцаагдаж байна. Түүнчлэн “...Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрмийг зөрчсөн...” гэж байна. Ганц манай компани ч биш өөр бусад хоёр, гурван компани Барилга, хот байгуулалтын яамнаас “...газрын тосны тоног төхөөрөмжийг угсрахад энэ журамд хамаарах уу...” гэсэн байдлаар албан бичиг хүргүүлж, хариу авсан байдаг.

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийн тухайд дээрх маргаан бүхий захирамжаа үндэслээд дахин “Албадан чөлөөлөх тухай” захирамжийг гаргасан. Мөн “...зөвшөөрөл аваагүй...” гэдэг үндэслэлээр гаргасан байгаа. Өнөөдрийн байдлаар байгаль орчныг ямар нэгэн хэмжээгээр доройтуулсан, хөрс хөндсөн, газрыг дур мэдэн ашигласан асуудал огт байхгүй. Энэ талаар Засаг дарга өөрийн биеэр очиж харсан, шүүхээс ч мөн очиж үзлэг хийсэн. Өнөөдрийн байдлаар бид тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй, газрыг ашиглаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе.

1. Нэхэмжлэгч тал “...аймгийн Засаг дарга энэ асуудалд оролцох эрхгүй...” гэж тайлбарлаж байна. Аймгийн Засаг дарга Үндсэн хуульд заасан харъяалах нутаг дэвсгэртээ хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах эрхтэй, хуулиар олгогдсон чиг үүрэгтэй засаг төрийн төлөөлөгч юм.

2. Нэхэмжлэгч тал “...7 сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбай байгаа...” гэж ярьж байна. Энэ талбай дээр гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан асуудал байхгүй. Нөгөө талаас Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан журам дээр маш тодорхой байгаа. Танай байгууллага 2017 оноос хойш гэрээгээ сунгасан байсан. Тэгэхээр Дорнод аймгийн 7 сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбайд үйл ажиллагаа явуулж байхад аймгийн Засаг дарга оролцоно. Энэ газрыг улсын тусгай хэрэгцээнд аваагүй нь Геодези, зураг зүйн газрын албан бичгээр нотлогдож байгаа. Засгийн газрын тогтоол ч гараагүй. Та бүхэн өнөөдөр “...ганцхан цооног өрөмдөнө...” гэж байна. Цаашдаа газрын тосны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд энэ 7 сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбайд хайгуулын ажил явагдах ёстой. Үүний тулд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаж, сумын Засаг дарга олгох, эсхүл энэ газрыг Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авах гэсэн 2 хувилбар байгаа. Засгийн газар тогтоол гаргаж, Геодези зураг зүйн газар айлын өвөлжөө хаваржаа, байгалийн дурсгалт болон нөөц газар, сум, багийн төв давхцаж байна уу гэдгийг бүгдийг тооцож үзээд, хэрвээ давхцаж байвал нөхөн олговор олгож чөлөөлөх гэрээг хийх ёстой. Давхцалгүй байвал хэсэгчилж авна. Үүнийг зохицуулах гэж Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор журам батлагдаж гарсан. Ашигт малтмал, газрын тосны газраас лицензээ авч ирээд, сумаас заавал эдэлбэр газрын зөвшөөрөл авна. Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд газрын тосны хайгуул, олборлолттой холбоотой асуудлаар чиглэл өгсөн. Тэндээс эргэж хариу ирээгүй. Гэрээ байгуулж, лиценз олгочихоод байдаг. Та бүхэн газар ашиглах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа учир орон нутгийн ард иргэдийн Үндсэн хуульд заасан байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалт зөрчигдөж байна. Аймгийн Засаг даргаас өрмийн цамхаг барих зөвшөөрөл аваагүй, 40 гаруй метрийн өндөртэй цамхаг дээрээс хүн унаж гэмтэх вий, салхинд нурах асуудал үүсэх вий гэдгээс сэргийлж эрх бүхий албан тушаалтан зөвшөөрөл олгож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахгүй байна уу гэсэн саналтай байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ” ХХК нь Бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол улсын Засгийн газрын 2010 оны 316 дугаар тогтоолоор батлуулсан хэдий ч Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах Баянтүмэн 17 дугаар талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагааг  2018 оноос эхлүүлсэн боловч анхнаасаа эрх бүхий албан тушаалтан болох аймаг, сумын Засаг даргаас холбогдох хууль тогтоомжийн дагуу авах ёстой зөвшөөрлийг авалгүйгээр газар түүний хэвлийг дур мэдэн ашиглаж зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр өрөмдлөгийн цамхаг бусад техник хэрэгсэл, ажилчдын байрлах байр, кемпийг байрлуулан Монгол улсын Газрын тухай хууль болон Барилгын тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн ...Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтаар захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломжийг олгосон байдаг тул “******* ” ХХК-ийг цаашид хуулийн хэрэгжилтийг ханган ажиллана гэж найдаж 2019 оны 12 дугаар сарын 12-ыг хүртэлх хугацаанд газар чөлөөлүүлэх шийдвэрийг гаргаагүй. Энэ нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1654 дугаарын албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, мэдэгдлийг гардан авсан талаарх “******* ” ХХК-ийн 2019 оны 3170/14 дугаарын албан бичгээр нотлогддог. Тус компани нь зөрчил бүхий нөхцөл байдал тогтоогдсоор байтал нутгийн захиргааны болон мэргэжлийн чиг үүргийн байгууллагын мэдэгдэл, шаардлагад эс үйлдэхүй гаргаж  зөрчлийг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Дорнод аймгийн нутаг дэвсгэр Баянтүмэн 17 дугаар талбайд Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь заалтын дагуу аймгийн Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нь илт хууль бус акт биш бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

1.Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамжийг өөрийн чиг үүрэг үл хамаарах асуудлаар гаргасан захиргааны илт хууль бус акт гэж үзсэн бөгөөд энэ нь дараах хуулийн заалтуудаар үгүйсгэгдэж байна. Эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр зөвшөөрөлгүйгээр газар түүний хэвлийг дур мэдэн ашигласан, өрмийн цамхаг болон газрын тосны хайгуулын үйл ажиллагааны бусад тоног төхөөрөмжийг ашигт малтмал бүхий талбайд дур мэдэн барьсан хууль бус үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоож, төр нийтийн эрх ашгийг хамгаалж хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг нь Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хууль зүйн актаар зөвхөн аймгийн Засаг даргад олгогдсон. Тодруулбал Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.7 дахь заалтаар олгосон  нийтлэг  бүрэн  эрхийн хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “н”, 29.1.6 “а”, “л”, 30 дугаар зүйлийн 30.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.1, 16.2.4, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, Барилгын тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаал, Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтуудыг удирдлага болгон хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж хууль бусаар эзэмшсэн 1 га газрыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор чөлөөлөхийг ******* ХХК-д даалгасан аймгийн Засаг даргын А/626 дугаар захирамжийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан хуулиар эрх олгоогүй асуудлаар аймгийн Засаг дарга захиргааны акт гаргаагүй болно. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамж нь “******* ” ХХК-ийн хууль бусаар ашиглаж буй 1 га газрыг чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан болохоос хуулийн дагуу хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаанд газар ашиглах, эзэмших эрхэд шууд болон шууд бусаар халдаагүй юм.

Нэхэмжлэгч “******* ” ХХК нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д зааснаар Монгол улсын Засгийн газрын 2010 оны 316 дугаар тогтоолоор “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулснаар өөрийн хайгуулын талбайг улсын тусгай хэрэгцээний газарт хамаарагдсан тул дээрх газрын харилцаанд аймгийн болон сумын Засаг дарга  захиргааны шийдвэр гаргах эрхгүй мэтээр тайлбарлах бөгөөд  Газрын тухай болон бусад хуулийн харилцан хамааралтай зохицуулалтуудыг биш зөвхөн өөрт ашигтай зохицуулалтыг цухас дурьдах байдлаар нөхцөл байдлыг үнэлсэн нь Монгол улсын Газрын тухай болон газрын хэвлийг ашиглахтай холбоотой хуулиудын үзэл санааг хэт явцуу ойлгож байгааг харуулж байна.

2. Мөн ...тухайн газарт газар ашиглах эрх зөвшөөрөл авалгүйгээр газар түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэсэн атлаа энэхүү зөрчлийг ямар захиргааны актыг үндэслэж тогтоосон эсэх нь тодорхойгүй, захирамжийн үндэслэх хэсэгт заагаагүй гэх асуудлыг дурдсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтад зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээх бөгөөд дээрх үүргийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянтүмэн 17 талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэх  “******* ” ХХК нь ус ашиглах болон хог хаягдлын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж газрын зөвшөөрөл авсан эсэхэд нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхэд “******* ” ХХК нь дээрх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр эс үйлдэхүй гарган хууль зөрчиж хайгуулын үйл ажиллагаа явуулж, газар түүний хэвлийг дур мэдэн ашиглаж газар дээр зөвшөөрөлгүйгээр газрын тосны хайгуулын тоног төхөөрөмжийг байрлуулсан болох нь Чойбалсан сумын Засаг даргын 2019 оны 1/224, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 01/234 дугаарын удирдамжаар хийсэн хяналт шалгалтаар тогтоогддог. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 бичгээр гаргах захиргааны актад тавих техникийн шаардлагыг заасан байна. Тэдгээр шаардлагыг аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамж хангаж байгаа бөгөөд тус 40 дүгээр зүйлийн 40.3 захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж нарийвчлан заасантай холбогдуулж тус шийдвэрийн үндэслэх хэсэгт аймгийн Засаг даргад эрх олгосон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “н”, 29.1.6 “а”, “л”, 30 дугаар зүйлийн 30.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.1, 16.2.4, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, Барилгын тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаал, Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтуудыг оруулсан. Тус Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг гаргахтай холбогдсон зөрчлийг тогтоосон актаар тогтооно, тогтоосон актыг захиргааны шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулна гэсэн хууль зүйн шаардлага байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан дээрх асуудал Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлээр үгүйсгэгдэж байна.

3. Нэхэмжлэгч “...Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд улсын тусгай хэрэгцээний газрыг зааж өгсөн байдаг бөгөөд хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай тусгайлан зааж өгсөн байдаг” гэх асуудлыг дурдсан байна.

 Улсын хэмжээнд улсын тусгай хэрэгцээний газрын зохион байгуулалтын асуудлыг эрхлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага буюу Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт,  геодези зураг зүйн газар нь  2019 оны 2/1796  дугаар албан бичгийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргад ирүүлсэн, мөн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2/1884 дугаар албан бичгийг дахин ирүүлсэн.

Монгол улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад зааснаар газрыг зөвхөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газар эзэмших, ашиглах асуудал зохицуулагддаг болно.

Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй Баянтүмэн 17 талбай нь улсын тусгай хэрэгцээний газар биш гэж үзвэл газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид газар ашиглуулах асуудлыг ердийн журмаар буюу Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхээр байна.

Хэрэв нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар Баянтүмэн 17 талбай буюу ******* ХХК-ийн холбогдох зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ашиглаж буй газрыг   улсын тусгай хэрэгцээний газар гэж үзвэл Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах заалтын дагуу тус хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоохыг Засгийн газар батлахаар хуульчилсан бөгөөд энэхүү заалтын хүрээнд гарсан Монгол улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу холбогдох ажиллагаа хийгдэх ёстой. Энэхүү журам нь Газрын тухай хуулийн 16.1-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах болон тусгай хэрэгцээний газрыг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулдаг.

 Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх гэдэгт 16 дугаар зүйлийн 16.1.8 дэх заалтад заасан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай ордог. Тус журмын 3 дугаар заалтын 3.10-д заасны дагуу  Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газар нь 3.9-д заасан саналыг шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамт газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга хот байгуулалтын яам нь энэхүү журмын 3.9-д заасан санал, холбогдох бусад материалыг хүлээн авч, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, зохих журмын дагуу эрх бүхий байгууллага буюу Монгол улсын Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ.

            Гэтэл дээрх ажиллагаа хийгдээгүй болох нь Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газраас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргад ирүүлсэн 2/1884 дугаарын албан бичгээр тогтоогддог.  Хэрэв хийгдсэн гэж үзээд улсын тусгай хэрэгцээний газар гэвэл иргэн хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил ашиглалтад олгосон газар, бусад улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газруудтай давхцах бөгөөд тэдгээр иргэн хуулийн этгээдээс тайлбар аваагүй бөгөөд оролцоог хангаагүй нь иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх ашиг сонирхол хөндөгдөхөөр бол тэдний оролцоог хангах, захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журам зөрчигдөж Захиргааны ерөнхий хуулийн концепци буюу гол санаа, үзэл баримтлалыг үгүйсгэсэн үйлдэл болохоор байна.

4. Нэхэмжлэлийн 2 дахь талд “..,Манай компани нь тухайн газарт цамхаг тулгуур түшиц, хана түүнтэй адилтгах байгууламж байрлуулаагүй тул Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй, “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д хамаарахгүй” гэжээ.

Монгол улсын Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.11 дэх заалтад хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах автомашин, техник, тоног төхөөрөмж, материал түүхий эд, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохдоо тэдгээрийн нэр төрөл, тоо хэмжээ, нэгж үнийн мэдээлэл, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулах барилга байгууламжийн зураг төсөл, техникийн баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх үүргийг хуульчилсан байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд тус аж ахуйн нэгжээс газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд ашиглахаар өрмийн цамхаг болон газрын тосны хайгуулын тоног төхөөрөмжийг Чойбалсан сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашиглаж буй 1 га газарт байрлуулахдаа төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй болно. Дээрх хуулийн заалт нь тухайн аж ахуйн нэгжийн хувьд үүрэг хүлээсэн төрийн захиргааны байгууллагад эрх нээсэн заалт юм. Мөн нэхэмжлэгч нь газрын тос, ашигт малтмал бүхий Баянтүмэн 17 дугаар талбайд байрлуулсан газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмж болох өрмийн 1 цамхаг, 2 генератор, 11 контейнерыг тус талбайд байрлуулснаа хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн дээрх тоног төхөөрөмж нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллын зориулалт, хүчин чадлаар нь тогтоох тухай дүрэм”-ийн хавсралтын 18 дахь хэсгийн “Цамхаг, тулгуур, түшиц хана  түүнтэй адил байгууламж” ангиллын 2 дахь заалт буюу бага төвөгшлийн /15 м хүртэл өндөртэй цамхаг, тулгуур, түшиц хана болон түүнтэй адил байгууламж,  15 метрийн өндөртэй утаат яндан/, 3 дахь заалт буюу дунд төвөгшилтэй хэсэг /30 м хүртэл өндөртэй цамхаг, тулгуур, түшиц хана  болон түүнтэй адил байгууламж 30 метрын өндөртэй утаат яндан/-т хамаардаг.

“*******” ХХК нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн үйлчлэлд хамаарч буй цамхаг, тулгуур түшиц хана түүнтэй адилтгах байгууламж буюу өрмийн цамхагийг газрын тосны хайгуул, өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашиглахдаа Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.1 дэх заалтад зааснаар энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтад заасан байгууллага албан тушаалтан буюу аймгийн Засаг даргаас барилгын ажлын зөвшөөрөл аваагүй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй эс үйлдэхүй гарган газар түүний хэвлийг дур мэдэн ашиглаж барилга байгууламжийг тус газар дээр зөвшөөрөлгүй байрлуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2019 оны А/626,  2020 оны А/280 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг удирдлага болгон гаргасан шийдвэр юм. “******* ” ХХК нь “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 316 дугаар тогтоолын дагуу байгуулсан ч гэсэн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагааг анхнаасаа эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн байдаг. Дорнод аймгийн Засаг дарга тус аймгийнхаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй учраас зөвшөөрөлгүй ашиглаж байгаа газрыг чөлөөлөх, байрлуулсан өрмийн цамхагийг буулгах шийдвэрийг гаргасан. Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д “газрын хэвлийг дур мэдэн ашиглах болон ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барихыг зогсоох”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд зөвшөөрөлгүй баригдсан барилга, зөвшөөрөлгүй ашигласан газрыг чөлөөлөх чиглэлээр аймгийн Засаг дарга шийдвэр гаргах асуудлыг зохицуулж өгсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу аймгийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харъяалал харгалзахгүй хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах эрхтэй. Нэхэмжлэгч талаас “...аймгийн Засаг дарга зөрчил тогтоосон актыг захирамждаа дурдаж өгөөгүй...” гэсэн асуудлыг ярьж байна. Аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж байгаа тохиолдолд өөрөө нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийнэ. Заавал ямар нэгэн байгууллагын актаар зөрчлийг тогтооно гэсэн ойлголт байхгүй. Мөн нэхэмжлэгч “...энэ барилга байгууламж төвөгшлийн ангилал зэрэглэлээрээ энэ дүрэмд хамаарахгүй юм. Иймд зөвшөөрөл авахгүй...” гэдэг. Үүнтэйгээ холбоотойгоор Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаас “...хамаарахгүй...” гэсэн тодорхойлолтыг авсан байсан. Энэ албан бичгийг хэрхэн гаргуулсныг мэдэхгүй байна. Барилгын тухай хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргад л дээрх эрх олгогдсон байдаг. Түүнээс биш Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад олгогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дорнод аймгийн Засаг даргын “Газар албадан чөлөөлөх тухай” 2020 оны А/280 дугаар захирамж нь хууль зүйн болон процессын хувьд маргаангүй бөгөөд эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болохуйц хуулийн этгээдийн оролцоог хангаж  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг удирдлага болгон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэл хийж тус хуулийн  90 дүгээр зүйлийн 90.1 дэх заалтын хүрээнд гаргасан үндэслэл бүхий захиргааны акт тул ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэж тодорхойлохоор заасан байх бөгөөд Дорнод аймгийн нутаг дэвсгэр Баянтүмэн 17 дугаар талбайд Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь заалтын дагуу аймгийн Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

“******* ” ХХК руу газар чөлөөлөх албан мэдэгдлийг аймгийн Засаг даргын 2019  оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1654 дугаарын албан бичгээр хүргүүлсэн.

Тус компани нь зөрчил бүхий нөхцөл байдал тогтоогдсоор байтал нутгийн захиргааны болон мэргэжлийн чиг үүргийн байгууллагын мэдэгдэл, шаардлагад эс үйлдэхүй гаргаж зөрчлийг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бөгөөд  аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамжаар ...12 дугаар сарын 30-ны дотор газар чөлөөлөхийг даалгасан боловч мөн л эс үйлдэхүй гаргаж шийдвэрийг биелүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн наймдугаар бүлэгт заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийж аймгийн Засаг даргын 2020 оны А/280 дугаар захирамжийг хуульд үндэслэх зарчмыг удирдлага болгон гаргасан.

1.Нэхэмжлэгч “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар шийдвэрээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч нарын 0165922 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон” гэх асуудлыг дурьджээ.

Аймгийн Засаг даргын 2019 оны А/626, 2020 оны А/280 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн дурьдаж буй дээрх  улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг дурдаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтад зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээсэн.

Дээрх үүргийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянтүмэн 17 талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэх “******* ” ХХК нь ус ашиглах болон хог хаягдлын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж газрын зөвшөөрөл авсан эсэхэд нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхэд ******* ХХК нь дээрх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр эс үйлдэхүй гарган хууль зөрчиж газар түүний хэвлийг дур мэдэн ашиглаж газар дээр зөвшөөрөлгүйгээр газрын тосны хайгуулын тоног төхөөрөмжийг байрлуулсан болох нь Чойбалсан сумын Засаг даргын 2019 оны 1/224 албан бичгээр тогтоогддог. Захиргааны байгууллага нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхтэй холбогдуулж Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтын дагуу хийх ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг өөрөө бие даан шийдвэрлэх эрхтэй болно. 

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар бичгээр гаргах захиргааны актад тавих техникийн шаардлагыг аймгийн Засаг даргын 2019 оны А/626, 2020 оны А/280  дугаар захирамжууд хангаж байгаа бөгөөд тус 40 дугаар зүйлийн 40.3-т зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт аймгийн Засаг даргад эрх олгосон заалтуудыг дурдаж гаргасан.

Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргуулсан лавлагаагаар “...тус 17 дугаар талбайд хамаарах газрыг улсын тусгай хэрэгцээнд аваагүй байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаар шууд улсын тусгай хэрэгцээнд авчихдаг асуудал байхгүй. Засгийн газрын тогтоол шийдвэр гарч байж улсын тусгай хэрэгцээнд авагддаг...” гэсэн байгаа. Аймгийн Засаг даргаас нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийх явцад мэргэжлийн байгууллагаас “...энэ нь улсын тусгай хэрэгцээний газар биш байна...” гэсэн танилцуулгыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Иймд аймаг, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, ердийн журмаар аймаг, орон нутгаас зөвшөөрөл авч байж энэ газрыг ашиглах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-” ХХК-г шүүхээс “...гуравдагч этгээдээр оролцох нь зүйтэй...” гэж үзсэн. Учир нь, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний эрх үүрэг одоогийн байдлаар “-” ХХК дээр байгаа. 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 452 дугаар тогтоолоор эрх, үүрэг “ ” ХХК дээр шилжиж ирсэн. Өөрөөр хэлбэл, “-” ХХК Засгийн газрын өмнө газрын тосны хайгуулын үйл ажиллагаатай холбоотой эрх, үүргээ хэрэгжүүлж явна. “******* ” ХХК-ийн нэр дээр гарчихсан байгаа аймгийн Засаг даргын захирамжуудын үйлчлэл нь хэвээр байгаа учир “-” ХХК эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болох нөхцөл байдал харагдаж байна. Яг үнэндээ “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний хоёр тал хоорондоо маргаад байгаа юм. Зардал мөнгөө гаргаж газрын тосыг хайж олох үүрэг хүлээчихсэн нэг тал нь энд сууж байна. Нөгөө тал нь “...та нар энэ ажлыг хий. Зардал мөнгөө гарга. Бид та бүхний ажиллах боломжийг олгоно...” гээд тэнд сууж байна. Иймд заавал шүүхээр биш хоорондоо ойлголцоод явах бүрэн боломжтой харагдаад байгаа юм. Улсын тусгай хэрэгцээний газар, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэсэн хоёр асуудал яригдаад байгаа. Хоёулаа хууль зүйн хувьд ижил түвшний хүчин чадалтай хоёр тогтоол байгаа юм. Эдгээр нь хоорондоо зөрчилдөж, аль нэг тогтоол нь хэрэгжих боломжгүй байгаа тохиолдолд хуулиа барина. 2018 оноос эхлээд энэ ажил гацчихаад байна. 2018 онд энэ өрмийн тоног төхөөрөмжийг байрлуулах үед тухайн сумын өөрөө удирдах байгууллагаас “...энэ ажлыг хийлгэхгүй...” гэсэн шийдвэрийг гаргаж, энэ нь 3 шатны шүүхээр яваад, цаг хугацаа өнгөрчихөж байгаа юм. Одоо энэ Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүрэг хэрэгжээд явах нь гэтэл дахиад өөр асуудал гарч ирээд байдаг. Гарч ирсэн асуудал бүрийг шүүхийн танхимд шийдвэрлүүлээд яваад байвал Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй. Иймд харилцан ойлголцолд хүрэх нь нэн тэргүүний асуудал гэж “-” ХХК-ийн зүгээс үзэж байгаа. Нэг нь зардал мөнгөө гаргана, нөгөө нь ажиллах боломжоор хангана гээд хоёр тал хоёулаа үүрэг хүлээчихсэн. Бид “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ээ Засгийн газрын өмнө тайлагнаж, дүгнүүлнэ. Гэрээний хэрэгжилтийг жил бүр гаргана. Орон нутгаас гаргаж байгаа захиргааны акт бүрийг бид “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Ашигт малтмал, газрын тос, уул уурхайн яаманд дамжуулж өгч байгаа. 2019 онд зарласан Засгийн газрын хуралдаан дээр “...Монгол Улсад байгуулагдсан бүх Бүтээгдэхүүн хуваах гэрээ тус бүрээр нь дүгнэе...” гээд буцаасан. Мэдээж  2020 онд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний хэрэгжилт дүгнэгдэнэ. Бид юу гэж тайлбарлаж очихоо яг үнэндээ мэдэхгүй, хэцүү байдалтай байна. Маш хурдан хоорондоо ойлголцож, гарсан алдаагаа залруулж, хэрэгжилтийг хангаад явах шаардлагатай байна. Түүнчлэн барилгын төвөгшлийн ангиллын асуудал яригддаг. Бид албан тоот хүргүүлж, хариу авсан. Тэр бичгийг л нааш нь уламжилсан. Өрмийн цамхаг Монгол Улсын хэмжээнд ажиллаж байна. Өрмийн цамхаг гэхэд л “...19 дүгээр талбай дээр зүгээр өрөмдөж байсан. 17 дугаар талбай дээр очихоороо яагаад болохгүй болчихоод байгаа юм бэ. Эсхүл хууль нь ингэж өөр өөр үйлчилдэг юм уу...” гэж гайхаж байна. Газрын тосны тухай хуулиараа газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулахад гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа тендер зарладаг. Энэ тендерт төр өөрөө оролцдог. Хэдийгээр тухайн компани зардлаа гаргаж газрын тос хайж байгаа боловч тос олсон тохиолдолд түүгээрээ гаргасан зардлаа нөхөөд явдаг. Тиймээс төр ямар зардал гаргаж байна, ямар компаниар хийлгэх гэж байна, тендер сонгон шалгаруулалтад нь оролцоод, ажил хийгдэж дууссаны дараа төрийн аудит орж гаргасан зардлыг нь баталгаажуулан “...энэ нь тосоороо нөхөгдөх зардал, энэ нь нөхөгдөхгүй зардал...” гээд ялгаж салгаж өгдөг. Иймд төр бидэнд “...аль болох бага зардлаар, дотоодын аж ахуйн нэгж хийх боломжтой ажлыг дотоодын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүл...” гэсэн шаардлага тавьдаг. 2011 оноос хойш хийгдэж ирсэн ажлуудыг үндэсний компаниуд хийх боломжтой байсан. Өрмийн ажлын хувьд түүнийг хийж гүйцэтгэдэг үндэсний компани үнэхээр байхгүй учир гадны компани сонгогдчихсон. Нэхэмжлэгч “******* ” ХХК-тай гэрээ байгуулсан компани нь гэрээний хариуцлага ярих гээд байдаг. Бид энэ компанид мөн юу гэж тайлбарлахаа мэдэхгүй. Хятадаас 39 ажилтан бүгдээрээ 17 дугаар талбай дээр ажиллах хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй, орон нутгийн Хөдөлмөр халамжийн газраас санал нь авагдаад, тэр нь газрын тосон дээр хянагдаад, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар дээр нягтлагдаад, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн газар, Бээжингийн элчин сайдын яаман дээр виз нь дарагдаж орж ирсэн. Мөн “...19 дүгээр талбайгаас өрөм авч ирсэн...” гэж ярьж байна. Түүнээс гадна хилээр тоног төхөөрөмжүүд орж ирсэн. Үүсээд байгаа нөхцөл байдлаа нөгөө компанидаа тайлбарлах гэхээр “...Засгийн газар чинь ажлаа хий гээд манай хүн хүчийг оруулсан. Хил гаалиар мөн тоног төхөөрөмж оруулж ирсэн биз дээ. Нэг гараараа хий гэчихээд нөгөө гараараа хийлгэхгүй гээд байгаа юм уу...” гэдэг. Ийм байдалд хүртэл бид орчих гээд их хүндрэлтэй нөхцөл байдлууд байна. Нутгийн захиргааны байгууллага, Нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрүүдийг бид хэрэгжүүлж ажиллана. Ийнхүү ажилласаар ч ирсэн. Яг үнэндээ маргаж байгаа эдгээр захиргааны актын улмаас бид цаашдаа “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г хэрэгжүүлээд явах боломжгүй болсон учир ингээд яваад байгаа юм. Иймд бид хамгийн нэн тэргүүнд ойлголцлын асуудлыг авч хэрэгжүүлэхгүй бол энэ маргаан сунжирна. Энэ маргаан дуусаад байж байтал дахин асуудал гарч ирэхийг үгүйсгэхгүй. Иймд ойлголцохыг хүсэж байна. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх нь Нутгийн захиргааны байгууллагын үүрэг. Нэг тогтоолыг өөр нэг тогтоолоор хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болгож, маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсчихээд байна. Үүнийг та бүхэн зөвөөр ойлгож, болох талаас нь шийдвэрлэж өгнө үү гэв.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ” ХХК нь анх “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл[1] гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ” ХХК нь “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.[2]

Мөн “******* ” ХХК нь “...аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.[3]

Дээрх “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай Захиргааны хэргүүдийг Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар захирамжаар нэгтгэсэн.[4]

            1.Маргаан бүхий Захиргааны акт болох Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамжийн тухайд:

            Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Газар чөлөөлүүлэх тухай” А/626 дугаар захирамжаар “Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах гэрээт Баянтүмэн 17 талбайд газрын тосны хайгуул хийхээр хайгуулын өрөмдлөгийн ажлын төлөвлөгөөг батлуулсан “******* ” ХХК нь эрх бүхий байгууллага албан тушаалтнаас газар ашиглах эрх, зөвшөөрөл авалгүйгээр газар түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулан Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийг тус тус зөрчин цамхаг, тулгуур түшиц хана түүнтэй адилтгах байгууламж болон өрмийн цамхаг бусад тоног төхөөрөмжийг байрлуулсан 1 га газрыг чөлөөлүүлэх ажлыг...Чойбалсан сумын Засаг даргад үүрэг болгосон шийдвэрийг гаргажээ.[5]

            Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус хуульчилжээ.

            Дээрх хуулийн дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 1/1654 дугаартай албан бичгээр ... газар чөлөөлөх шийдвэрийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон гаргах болсныг “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******д хүргүүлсэн.[6]

Мөн Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/2569 дугаартай албан бичгээр ...танай компани нь дээрх мэдэгдлийн хүрээнд газраа чөлөөлөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон “Газар чөлөөлөх тухай” шийдвэр гаргах болсныг “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******д хүргүүлсэн.[7]

Дээрх мэдэгдлүүдийг хүргүүлээд Дорнод аймгийн Засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  “Газар чөлөөлүүлэх тухай” А/626 дугаар захирамжийг гаргажээ.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д зааснаар “Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай” нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч байх бөгөөд тусгай хэрэгцээний газрыг  ашиглахтай холбогдсон харилцааг Монгол улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-аар зохицуулж байна.

Тус журмын 3.13.2-д “газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулна. Гэрээнд улсын тусгай хэрэгцээнд авсан тухайн газрыг ашиглах, хамгаалах болон хяналт тавих, түүнд мөрдөх горим, дэглэмийн талаар нарийвчлан тусгах”-аар заасан.

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2/1796 дугаартай албан бичгээр “Газрын тухай хуулиар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журмын дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд Засгийн газрын тогтоол гарч, газрыг улсын тусгай хэрэгцээнд авдаг болно. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбайн хувьд дээр дурдсан үйл ажиллагаа огт хийгдээгүй, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол одоогоор гараагүй байна. Иймд газрын тосны хайгуулын Матад-ХХ талбай, Баянтүмэн-ХVII талбай нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй байгааг үүгээр уламжилж байна” гэх албан бичгийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ.[8]

Мөн Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2/1884 дугаартай албан бичгээр “Монгол Улсын Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээт талбайг улсын тусгай хэрэгцээнд авахад хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай нь олон аймаг, сумын нутаг дэвсгэрийг дамнасан том хэмжээтэй байгаа нь  иргэн хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил ашиглалтад олгосон газар, бусад улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газруудтай давхцалтай байна. Дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, хийгдэх ажлуудыг тодорхой болгох зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна. Тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон манай газартай гурвалсан гэрээг байгуулж улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг ашиглах хамгаалах, түүнд тавих хяналтыг сайжруулж ажиллах нь зүйтэй байна” гэх албан бичгийг Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.[9]

Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д барилга байгууламжийн төвөгшлийн ангилал тус бүрд хамаарах барилга байгууламжуудыг 5 бүлэг тус бүрээр нь нарийвчлан ангилж, ангилал тус бүрд хамаарах барилга байгууламжийг нэг бүрчлэн заасан байна.

Энэхүү дүрмийн 18 дахь хэсэгт барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид газрын тосны хайгуулын цамхаг, тулгуур, түшиц хана түүнтэй адил байгууламж тусгагдаагүй байна. Тиймээс газрын тосны хайгуулын өрмийн цамхагийг байрлуулахад  Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар зөвшөөрөл авах ёстой.

Гэтэл “******* ” ХХК нь газрын тосны хайгуулын өрөмдлөгийн цамхагийг байрлуулахад барилгын зөвшөөрөл авах шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү үндэслэлээ Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/64 дүгээр албан бичигт дурдсан ...хайгуулын өрөмдлөгийн цамхагийг байрлуулахад Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 18 дахь хэсэгт хамаарахгүй байна... гэх албан бичгээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрх тушаалыг зөрчиж байна.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах “******* ” ХХК-ийн Баянтүмэн 17 дугаар талбайд хэргийн 2 талын оролцогчдыг байлцуулан үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр “тухайн өрөмдлөгийн цамхаг байрлах газар нь Дорнод аймаг, Чойбалсан сумын дунд хэсэгт Дорнод аймгийн төвөөс 33 км зайтай, Чойбалсан сумаас  цамхаг хүртэл 21 орчим км зайд байрлаж байх ба “******* ” ХХК-ийн хайгуулын зөвшөөрөлтэй талбайд “30 орчим метрийн өндөртэй 1 өрмийн цамхаг, 2 ширхэг генератор, 11 ширхэг контейнер, 1 эсгий гэр, 2 ёмкост” тус тус байлаа.[10]

 Дээрх үзлэгийн тэмдэглэлээс харахад “******* ” ХХК нь зөвшөөрөл авалгүйгээр газар ашиглаж өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулсан нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийг зөрчсөн байна.

2. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн эрх үүргийг шилжүүлэх тухай” 452 дугаар тогтоолоор Засгийн газрын 2010 оны 316 дугаар тогтоолын дагуу Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын Баянтүмэн 17 талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Газрын тосны газар /хуучин нэрээр/ болон  “******* ” ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “******* ” ХХК-ийн охин компани болох “ ” ХХК-д бүхлээр нь шилжүүлжээ.[11]

Дээрх тогтоолыг үндэслэн Газрын тосны хайгуулын Баянтүмэн 17 талбайн бүтээгдэхүүн хуваах эрх, үүрэг шилжүүлэх тухай гурван талт /“******* ” ХХК, “ ” ХХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар/  гэрээг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан байна.[12]

  Иймд “******* ” ХХК-ийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын Баянтүмэн 17 талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах гэрээлэгчийн эрх, үүрэг “ ” ХХК-д шилжсэнээр “******* ” ХХК-ийн дээрх талбайд газрын тосны хайгуул явуулах ажиллагаа дуусгавар болсон байна.

Харин “ ” ХХК-ийн хувьд нэгэнт “******* ” ХХК-аас гэрээлэгчийн эрх, үүрэг шилжиж ирсэн тул цаашид хуульд заасан журмын дагуу хайгуулын үйл ажиллагаагаа явуулах боломжтой.

3. Маргаан бүхий захиргааны акт болох Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийн тухайд:

Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/280 дугаар захирамжаар “...“******* ” ХХК нь эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүй газар, түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, газрын тосны хайгуулын цамхаг, тулгуур түшиц хана түүнтэй адилтгах бусад барилга байгууламжийг байршуулан 1 га газрыг хууль бусаар ашигласан нь тогтоогдсон тул дээрх газрыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор чөлөөлөхийг даалгасан аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамж, ...албан мэдэгдлийг хүргүүлсэн боловч уг шаардлагыг биелүүлээгүй тул газрыг албадан чөлөөлөх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 08-ны дотор зохион  байгуулахыг Чойбалсан сумын Засаг даргад үүрэг болгосон шийдвэрийг гаргажээ.[13]

Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/280 дугаар захирамж нь Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Газар чөлөөлүүлэх тухай” А/626 дугаар захирамжийг үндэслэж гарсан бөгөөд энэхүү захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар шүүх дүгнэж аймгийн Засаг даргын А/626 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн тул энэхүү захирамжийг үндэслэж гарсан Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/280 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл дээрх 2 захирамжийн утга агуулга адил байх тул Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/280 дугаар захирамжид хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Харин нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/280 дугаар захирамж гарахаас өмнө Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн эрх үүргийг шилжүүлэх тухай” 452 дугаар тогтоолоор Засгийн газрын 2010 оны 316 дугаар тогтоолын дагуу Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын Баянтүмэн 17 талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар

Газрын тосны газар болон “******* ” ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “******* ” ХХК-ийн охин компани болох “ ” ХХК-д бүхлээр нь шилжүүлсэн байхад дээрх захирамжийг “******* ” ХХК-ийн нэрээр гаргасан нь үндэслэлгүй гэж маргадаг.

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын хувьд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/280 дугаар захирамжийг гаргахдаа “******* ” ХХК-ийн гэрээлэгчийн эрх, үүрэг “ ” ХХК-д бүхлээр нь шилжсэнийг шууд мэдэх боломжгүй юм.

Харин “******* ” ХХК-ийн зүгээс дээрх захирамж гарахаас өмнө өөрийн компанийн гэрээлэгчийн эрх, үүрэг “ ” ХХК-д бүхлээр нь шилжсэнийг мэдэгдэх ёстой. Тиймээс нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “н”,  Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-3-р хуудас

[2] Хавтаст хэргийн 191-192-р хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн 5-6-р хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 1-2-р хуудас

[5] Хавтаст хэргийн 31-р хуудас

[6] Хавтаст хэргийн 69-р хуудас

[7] Хавтаст хэргийн 70-р хуудас

[8] Хавтаст хэргийн 67-р хуудас

[9] Хавтаст хэргийн 68-р хуудас

[10] Хавтаст хэргийн 84-85-р хуудас

[11] Хавтаст хэргийн 187-р хуудас

[12] Хавтаст хэргийн 188-р хуудас

[13] 2 дугаар хавтаст хэргийн 14-р хуудас