Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00608

 

В.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01142 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1292 дугаар магадлалтай,

В.Н-ийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч В.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч В.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 541 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1360 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1282 дугаар тогтоолоор хянан хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн зээлийн гэрээний үүрэгт 57 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нэхэмжлэгч Н.Тд 48 497 969 төгрөгийг олгох, Ү-2201027631 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 10 дугаар байрны 59 тоот, 57,86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлагад оруулж, худалдан борлуулж төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Мэдэгдэлд дурдсан хөндлөнгийн шинжээчийн гаргасан тайлан мэдэгдлийг гаргуулан өгөхдөө баахан бичиг цаасыг харуулсан бөгөөд тэдгээртэй нэг бүрчлэн танилцах боломж олголгүйгээр гарын үсэг зуруулан авсан. Гэтэл уг баримт бичиг болон тайланг дахин шалгаж үзэхэд миний эд хөрөнгө нь бүхий л цонх нь наран талдаа, тухайн байгууламжийнхаа нэгдүгээр давхарт байрладаг, бүрэн засвар хийсэн, түүнчлэн хажуудаа маш ойрхон ерөнхий боловсролын бага сургууль байдаг, үүнээс гадна үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой байгаа зэргээс хамаарч 98 000 000 төгрөгөөр хамгийн багадаа худалдан борлуулах боломжтой зах зээлийн үнэлгээтэй байна.

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2.1, 9.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагатай байдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаас үзвэл эд хөрөнгийг худалдан борлуулах албадан дуудлага худалдааны анхны үнэ нь тогтоосон үнийн 70 хувьтай тэнцэх буюу 62 510 000 төгрөг болж буурахаар байна. Хэрэв анхны дуудлага худалдаагаар хэн нэгэн этгээд аваагүй бол мөн зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж үзвэл тогтоосон үнэ нь 44 650 000 төгрөгөөр тогтоогдохоор байна. Миний одоогийн өмчилж байгаа эд хөрөнгийг өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байх тул хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээг хууль бусад тооцуулж, үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтулга, Б.Лочин нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 541 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1360 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1282 дугаар тогтоолоор В.Нээс 48 497 969 төгрөг гаргуулж Н.Тд олгохоор шийдвэрлэсэн.

Н дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2018 оны 4 дүгээр сарын 05-ны дотор төлбөр барагдуулахыг мэдэгдэж мэдэгдлүүдийг өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027631 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Залуус гудамж 10 дугаар байрны 59 тоотод байрлах 57.86 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд 89 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч В.Нт 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4/6186 тоот үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01142 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Нээс хариуцагч Нт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 10 дугаар байр, 59 тоот, орон сууцны зориулалттай, 57.86 м.кв талбайтай, Ү-2201027631 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Нийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1292 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01142 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 541 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1360 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1282 дугаар тогтоолоор хянан хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн Зээлийн гэрээний үүрэгт 57 720 00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч В.Н надаас тухайн иргэний хэргийн нэхэмжлэгч Н.Тд 48 497 969 төгрөгийг миний өмчлөлийн Ү-2201027631 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 10 дугаар байрны 59 тоот, 57,86 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулж төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл Хариуцагч Н, түүнийг төлөөлж Тасгийн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэх, Ахлах дэслэгч Б.Даваадоржийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 416185 дугаар мэдэгдэлд орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч 89 300 000 гэж бичжээ.

Мэдэгдэлд дурдсан Хөндлөнгийн шинжээчийн гаргасан тайланг тусгай мэдлэгтэй үнэлгээний байгууллага гаргасан гэж үзэхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийг хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа холбоотой зүйл заалтыг ноцтой зөрчсөн.

Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, онцлогт үндэслэсэн байх ёстой. Мөн хуулийн 9.2.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байна гэж заасан байдаг. Гэтэл шинжээчийн тайланг дахин шалгаж үзэхэд миний Эд хөрөнгө нь бүхий л цонх нь наран талдаа, тухайн байгууламжийнхаа нэгдүгээр давхарт байрладаг, бүрэн засвар хийсэн, түүнчлэн хажуудаа маш ойрхон ерөнхий боловсролын бага сургууль байдаг, үүнээс гадна үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой байгаа зэргээс хамаарч 100 000 000 төгрөгөөр хамгийн багадаа худалдан борлуулах боломжтой зах зээлийн үнэлгээтэй байна.

Мөн түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар аливаа эд хөрөнгийн үнэлгээний тайлан нь “хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг” байх ёстой бөгөөд мөн зүйлийн 9.2.1-т зааснаар “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх” мөн зүйлийн 9.2.3-т зааснаар “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагатай байдаг.

Энэ Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний тайланд заасан үнэ нь зах зээлийн бодит үнэлгээ, бүс нутгийн эд хөрөнгийн үнэлгээнээс хэт бага байх тул шүүхэд гомдол гаргаж, эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж, эд хөрөнгийн онцлогт үндэслэн түүнийг дахин тогтоолгох хүсэлтэй байна.

Учир нь уг байранд миний бие, бага насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг бөгөөд 2013 оноос хойш тодорхой ажил эрхлээгүй бөгөөд өөр амьдрах орон байр байхгүй. Гэтэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж зааснаас үзвэл Эд хөрөнгийг худалдан борлуулах албадан дуудлага худалдааны анхны үнэ нь тогтоосон үнийн 70 хувьтай тэнцэх буюу 62 510 000 төгрөг болж буурахаар байна. Хэрэв анхны дуудлага худалдаагаар хэн нэгэн этгээд аваагүй бол мөн зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж үзвэл тогтоосон үнэ нь 44 650 000 төгрөгөөр тогтоогдохоор байна.

Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” байх миний одоогийн өмчилж байгаа эд хөрөнгийг өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байх тул Хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээг хууль бусад тооцуулж, үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байна.

Үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь, магадгүй 50 хувиар тооцож албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, түүнээс Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-т зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч нь улсын бүртгэлд илотекийн эрх бүхий цорын ганц этгээдээр бүртгэгдсэн, эсхүл дуудлага худалдаанаас орсон орлогоос түүнийг зохион байгуулсантай холбогдсон зардлыг төлөөд үлдсэн хэсэг нь бүх үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байвал уг худалдааг зохион байгуулсан эрх бүхий этгээд зардлыг тооцсоны дараа үлдсэн орлогыг үүрэг гүйцэтгүүлэгч нарт зохих дараалал, журмын дагуу хуваарилж, үлдэгдлийг эд хөрөнгө нь дуудлага худалдаанд орсон өмчлөгчид шилжүүлбэл” миний бие дахин төлбөр барагдуулах ёстой болно.

Гэтэл өөрт байгаа ганц хөрөнгө болох өмчлөлийн Эд хөрөнгийг алдчихаад 2 хүүхэдтэйгээ толгой хорогдох газаргүй гудамжинд гарах нөхцөл үүсэж байгаагаас гадна дахин өр төлбөрт хууль бусаар тооцуулах нөхцөл байдал бий болж байгаа тул Тогтоосон үнийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байх тул үүнийг шийдвэрлэж, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбартаа үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байхад шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг тал бүрээс бүрэн дүүрэн, нотлох баримтын хүрээнд хуулийн дагуу шийдвэрлээгүй тул дээрх үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01142 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, эд хөрөнгийн үнийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч В.Н нь Нт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 10 дугаар байрны 59 тоот 57.86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч В.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...миний эд хөрөнгө нь бүхий л цонх нь наран талдаа, тухайн байгууламжийнхаа нэгдүгээр давхарт байрладаг, бүрэн засвар хийсэн, түүнчлэн хажуудаа маш ойрхон ерөнхий  боловсролын бага сургууль байдаг, үүнээс гадна үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой байгаа зэргээс хамаарч хамгийн багадаа 98 000 000 төгрөгөөр худалдан борлуулах боломжтой зах зээлийн үнэлгээтэй.  ...Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний тайланд заасан үнэ нь зах зээлийн бодит үнэлгээ, бүс нутгийн эд хөрөнгийн үнэлгээнээс хэт бага байх тул эд хөрөнгийн онцлогт үндэслэн, үнэлгээг дахин тогтоолгох хүсэлтэй байна. ...Шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд орохоор бол анхны дуудлага худалдаа 30% буурах, хэрэв энэ дуудлага худалдаагаар борлогдохгүй бол хоёр дахь дуудлага худалдааны санал болгох доод үнэ 44 650 0000 төгрөгөөр тогтоогдохоор байна. Энэ нь Иргэний хуульд заасан өмчлөгч хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаагаас гадна өөрт байгаа ганц хөрөнгө болох орон сууцаа төлбөрт алдчихаад, 2 хүүхэдтэйгээ толгой хорогдох газаргүй гудамжинд гарах нөхцөл үүсэж байгаагаас гадна дахин төлбөр төлөх нөхцөл байдал бий болж байх тул тогтоогдсон үнийг зөвшөөрөхгүй, гомдолтой байна, ...зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

В.Нээс 48 497 969 төгрөгийг гаргуулж Н.Тд олгуулах тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 541 дүгээр шийдвэрт хариуцагчийн хүсэлт, гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Залуус гудамжны 10 дугаар байрны 59 тоот, 57.86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч 100 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилж, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 89 300 000 төгрөгөөр үнэлжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үүссэн нөхцөл байдал, үйл баримтыг бүхэлд нь шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, үнэлгээг үндэслэлгүй гарсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч В.Н шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн гомдолдоо: “...хөндлөнгийн шинжээчийн гаргасан тайланг тусгай мэдлэгтэй үнэлгээний байгууллага гаргасан гэж үзэхгүй байна, ...үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн, ....хөрөнгийн шинж байдал, онцлогт үндэслэж үнэлээгүй тул дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна, шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” гэх үндэслэл зааснаас гадна нэхэмжлэлд дурдсан үндэслэлээ мөн дурджээ. 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2.-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, 8.2.-т санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж мөрдүүлнэ гэж, 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлага, тусгагдах зүйлийг тухайлан заасан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох нь хэргийн 62, 63 дугаар талд авагдсан улсын бүртгэлийн 901110608 дугаарт бүртгэгдсэн Улсын бүртгэлийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдсон байх тул  тусгай мэдлэгтэй үнэлгээний байгууллага үнэлгээний тайланг гаргасан гэж үзэхгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээний тайланд дурдснаар үнэлгээчин хөрөнгийн биет байдалтай газар дээр нь танилцаж, хөрөнгийн төлөөлөгчийг байлцуулан уг хөрөнгийн талаарх мэдээлэл, хөрөнгийн ашиглалтын одоогийн байдал, холбогдох баримт бичгүүд, ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг үндэслэж, өртгийн, орлогын хандлагын арга, зах зээлийн  харьцуулалтыг үндэслэж, үнэлгээний тооцоолол хийж гүйцэтгэсэн байдал, шүүх хуралдаанд оролцож, үнэлгээ хийсэн аргачлал, үнэлгээний тайланг тайлбарласан үнэлгээчний тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр “Нрын Фэйсбүүк хуудас”-т үзлэг хийж, орон сууцтай ижил бүс, байрлалд байршилтай, ойролцоо талбай бүхий орон сууцны үнэлгээ, хэрэгт цугларсан баримтад үндэслэн үнэлгээ хууль зөрчөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул “...орон сууцыг хөрөнгийн шинж чанар, онцлогт тохируулан үнэлээгүй, ...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1292 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч В.Нийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч В.Нээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД