Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.У-т холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч Д.У-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

хохирогч Б.Оргил, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, хохирогч Б.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.У-т холбогдох эрүүгийн 1804001490125 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

................. овгийн .................... ....................., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ................ аймгийн .................. суманд төрсөн, эрэгтэй, ... настай, дээд боловсролтой, хөдөлгүүрийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............ дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, .............. ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:.................../;

Д.У нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 09-ний шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 18 тоот өөрийн гэртээ иргэн Б.Оргилыг “өвөө буулгасангүй” гэж уурлан зодолдож улмаар түүний цээжний зүүн дээд хэсэг буюу эгэмний дунд хэсэг, мөн хэвлийн доод хэсэгт хутгалж амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Д.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.У-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Д.У энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Д.У нь хохирогч Б.Оргилын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 10.800.000 төгрөг төлснийг баталж, Д.У-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж Д.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.У гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ туйлын их харамсаж байна. Мөн хохирогчид учирсан эмчилгээний зардал болон бусад хохирлыг бүрэн барагдуулж, одоо Оргил нь эрүүл болсон ба надад ямар нэгэн гомдол саналгүй гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Би хохирогчид учирсан дээрх гэмтлийг санаатай учруулаагүй юм. Тухайн үед би өөрийн бөөгийн өрөөндөө зан үйлээ хийхээр бэлдэж байхад Оргил намайг гэнэт цочоож татах үед би эргэж харахдаа түүний хэвлийн тус газарт өөрийнхөө бөөгийн зан үйлд хэрэглэдэг зүйлээр хатгаж дээрх гэмтлийг учруулсан. Оргил тухайн үед хэвлийдээ хатгуулсандаа цочиж газар унахдаа миний бөөгийн зан үйлдээ хэрэглэдэг хувцасны зүүсчэл болон үзүүртэй жад, сэлэм, хас зэрэг төмөр эд зүйлийн аль нэгэнд хатгуулж цээжинд нь шарх үүссэн. Дээрх үйл баримт хохирогч Б.Оргилын шүүх хуралдаан дээр хэлсэн мэдүүлэг, Б.Оргилын эхнэр Б.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, миний бөөгийн зан үйлд хэрэглэдэг хувцасны зүүсгэл зэргээр давхар нотлогдож байгаа болно. Би найз Б.Оргилд дээрх хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ маш ихээр харамсаж, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа боловч дээрх үйлдлийг өөрийн санаатай үйлдлээр хийгээгүй, гэнэт цочиж эргэж харахдаа түүнийг хутгалж гэмтэл учруулсан юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Д.У-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл Д.У нь зөвхөн бөөгийн зан үйл гүйцэтгэхдээ ашигладаг хуутай хутга мэт хурц үзүүртэй зүйлээ гартаа барьж, бөөгийн зан үйлээ хийж байхад хохирогч өрөөний гаднаас орж ирэн түүнийг цочооход гартаа байсан зүйлээрээ түлхэхэд дээрх гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэгт авагдсан “Д.У нь бөөгийн зан үйл хийдэг өрөөндөө байсан, ямар нэг зүйл хийгээд байсан” гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бөөгийн зан үйл хийдэг хурц үзүүртэй эд зүйлсийн зураг зэргээс тодорхой харагддаг. Мөн хохирогчид гэмтэл учруулсан гэх эд зүйл нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно...” гэж тусгасан. Д.У-ын бөөгийн эд зүйлдээ ашигладаг хурц үзүүртэй эд зүйл нь иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай бус зөвхөн бөөгийн зан үйлд зориулсан эд зүйл тул шүүхээс зэвсэг гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч Д.У нь хохирогчид дээрх гэмт хэргийн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй. Тухайлбал Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн субъектив талын шинж болох гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулаагүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.Оргил болон шүүгдэгч Д.У нар нь дотно найз нөхдийн харилцаатай, хохирогч Б.Оргил шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэггээ “Д.У надад хоёулаа өвөө буулгая гэхээр нь энэ тухай түүний эхнэрт хэлэхэд цаадхаа болиул гэсэн. Би У-ын өрөөнд ороод болио гээд татахад тэр эргэж хараад түлхэх шиг болсон, гартаа үзүүртэй зүйл барьсан байсан ба тэр зүйлээрээ хатгасан юм шиг байна лээ, Д.У нь санаатайгаар намайг хутгалаагүй. Би нэлээд согтсон байсан ба гэнэт татсанаас Д.У цочсон байх, одоо миний эрүүл мэндийн байдал эрүүл болсон гомдолгүй” гэх мэдүүлэг, Д.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би өрөөндөө ороод хувцас өмсөж шашны зан үйлээ хийгээд сууж байхад Б.Оргил орж ирээд намайг цочоож татахад нь би эргэж харахдаа түүнийг хатгачихсан байсан. Бид зодолдоогүй. Б.Оргилын цээжинд би хатгаагүй, Б.Оргил ойчихдоо миний бөөгийн хувцасны зүүсгэл болох үзүүртэй жад сэлэм, хас зэрэг төмрүүдэд хатгуулсан байх” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Д.У нь дээрх үйлдлийг санаатай үйлдээгүй, хохирогчийн биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэх үндэслэлтэй байна. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолд хохирогч Б.Оргилын эхнэр гэрч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Д.У нь зүгээр байж байгаад Б.Оргилыг түлхээд, багалзуурдаад нуруу руу нь нэг зүйлээр цохиод, хутга бариад дайрсан гэсэн. Тэр үед нь Б.Оргил Д.У-ын хутгыг хориглоод ноцолдсон гэсэн” гэх мэдүүлгийг яллах талын гол нотлох баримтаар авч шийтгэх тогтоолд тусгасан ба тус гэрчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэх зохицуулалтын дагуу нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй юм. Мөн түүнчлэн хохирогч 3 өөр төрлийн мэдүүлэг өгсөн ба хохирогч гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа огт хийгээгүйг дурдах нь зүйтэй байна. Мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 166 шийтгэх тогтоолд “шүүгдэгч нь хохирогчийн хэвлийд хутгаар болгоомжгүй хатгасан гэж мэдүүлсэн ба прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хуулийн зүйл хэсгийг зөвшөөрөөгүй тул гэм буруугаа хүлээсэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан оногдуулах ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн. Д.У нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ ямар нэгэн маргаангүй, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа талаар удаа дараа илэрхийлж байсан ба зөвхөн гэм буруугийн хэлбэрийн талаар л маргадаг. Д.У нь дээрх гэмтлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр учруулсан гэж маргаж байгаа болохоос өөрийгөө гэм буруугүй гэх талаар маргаагүй тул түүнийг гэм буруугаа хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өерчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэх заалтын дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Оргил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.У болон Б.Оргил миний бие багаасаа найзалсан, бидний аав ээжүүд ч бас найз нөхдийн дотно харилцаатай юм. Тухайн хэрэг гарсан өдөр Б.Оргил миний бие шинээр бизнесийн үйл ажиллагаа эхлүүлсэн ба тухайн ажилд Д.У нь өөрийн биеэр ирж, цэвэрлэгээ хийж үйл ажиллагаагаа явуулахад тусалсан. Ингээд орой нь бид миний шинээр бизнесийн үйл ажиллагаа эхлүүлснийг тэмдэглэхээр болж найз Д.У-ынд очсон юм. Д.У нь бөө ба энэ ажлаа хийж олон ч хүмүүст тус болж байсан. Хэрэг гарах үед Д.У бөөгийн зан үйл хийдэг өрөөндөө зан үйл хийж байсан, эхнэр нь түүнийг зан үйл хийхийг нь болиул гэж хэлсэн тул миний бие түүний өрөөнд орж, араас нь боль гэж хэлээд татахад эргэж харахдаа бөөгийн зан үйлд хэрэглэдэг хутга шиг зүйлээрээ хатгасан. Д.У нь хэвлийн тус газарт нэг удаа хатгасан ба цээжин хэсэгт хутгалсан зүйл байхгүй. Харин унахдаа түүний бөөгийн хувцасны зүүсгэлд хатгуулж цээжинд гэмтэл учирсан байх гэж бодож байна. Учир нь Д.У эргэж харахдаа цочсондоо нэг удаал хатгасан ба цээжний гэмтэл нь хэрхэн учирсан талаар би санахгүй байгаа юм. Тухайн нь гэмтэл учрах үед зөвхөн Д.У бид хоёр л байсан ба гэрч Х.Намжилмаа, Б.Баярмаа нар нь тухайн үед унтаж байсан. Тэд хэргийн талаар бодит үнэнийг хараагүй ба манай эхнэр Б.Баярмаа надад гэмтэл учирсныг хараад уурлаж, бухимдсандаа мөрдөн байцаалтын шатанд биднийг маргалдаж, зодолдсон мэтээр мэдүүлэг өгсөн. Тухайн үед Д.У бидний хооронд маргалдсан, зодолдсон ямар нэгэн үйлдэл болоогүй. Б.Оргил миний бие бүрэн эдгэрсэн ба эрүүл мэндийн хувьд зугээр, өөрийн ажил төрөл хэвийн эрхлэн явуулж байгаа. Д.У надад учирсан хохирол, эмчилгээний зардал зэргийг бүрэн төлж барагдуулсан. Одоо Д.У-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Д.У нь бага насны хоёр хүүхэдтэй ба өөрөө ажил төрөл хийж эхнэр хоёр хүүхдээ тэжээдэг, сайн эцэг хүн юм. Түүнд надад дээрх гэмтлийг санаатай учруулах ямар ч хүсэл зориг, шалтгаан нөхцөл байгаагүй. Зөвхөн бөөгийн зан үйлээ хийж байх үед нь араас нь татаж, боль гэхэд эргэж харахдаа санамсар болгоомжгүй байдлаар гарт байсан зүйлээрээ хатгаж дээрх гэмтлийг учруулсан. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, түүний бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг зэргийг харгалзан үзэж түүнд хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Оргилын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Б.Оргилын удаа дараагийн өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “миний найз надад санаатай хүнд гэмтэл учруулаагүй. Тухайн нөхцөл байдлын улмаас эргэж харахдаа намайг санамсар, болгоомжгүй байдлаар хатгаж, гэмтээсэн” гэсэн мэдүүлгийг нь дэмжиж байна.” гэв.

Прокурор Ж.Бүрэнжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг анхан шатны шүүх хуралдаанд “...Д.У-т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх”-ээр уншиж сонсгосон. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13.00 цагт Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Ялтныг цагдан хорих төв /урьдчилан хорих байр/-д хүлээлгэн өгсөн тухай” баримтаар Д.Уыг тус дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх хэсгийн Цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай” шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дэх заалтад шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан байна. Гэтэл Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “Шүүгдэгчийн гэм бурууд хорих ял оногдуулсныг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх ара хэмжээ авах нь зүйтэй” гэж дүгнэсэн байтлаа уг шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.У-т таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан. Мөн “Тогтоох” хэсгийн 9 дэх заалтад “Д.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх”-ээр зөрүүтэй байдлаар бичсэн зэргээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Д.У-т холбогдох Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт шүүгдэгч Д.У-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай шийдвэрийг тусгуулах, мөн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 9 дэх заалтын “...Д.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэснийг “...Д.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Д.У нь согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 09-ний шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 18 тоот өөрийн гэртээ иргэн Б.Оргилыг “өвөө буулгасангүй” гэж уурлан зодолдож улмаар цээжний зүүн дээд хэсэг буюу эгэмний дунд хэсэг, мөн хэвлийн доод хэсэгт хутгалж амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Оргилын “...миний санаж байгаагаар намайг бөөгийн зан үйл хийдэг өрөөнд ороход өрөөний гэрэл унтраастай харанхуй байсан. Намайг уг өрөөнд ороход Уранбаатар бараан өнгийн хувцас өмссөн харагдсан. Тэгэхээр нь би Уранбаатар дээр очоод “боль” гээд өмссөн хувцаснаас нь зуурсан. Тэр үед Уранбаатар миний цээж хэсэг рүү гараараа түлхэх шиг болсон. Уранбаатарын бөөгийн зан үйл хийдэг жижиг өрөөнд ороход Уранбаатар гартаа бөөгийн зан үйл хийдэг эд зүйлээ барьсан байсан байх. Намайг бөөгийн хувцаснаас нь зуурахад эргэж хараад түлхэхдээ гартаа барьсан байсан зүйлээрээ хатгачихсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-28-29/, гэрч Б.Баярмаагийн “...нэг мэдэхэд Намжилмаа гэртээ муухай хашгираад явчихсан. Намжилмаа “Умбаадай болиочээ” гэж хашгирч байсан. Би сандараад гал тогооны өрөөнд ороход Оргил шалан дээр хөлөө жийгээд суучихсан, Намжилмаа нөхөр Уранбаатарын урдуур түүнийг аргадаж гүйж байсан. Манай нөхөр Оргил айгаад шоконд орсон байдалтай байсан. Би Оргилыг өргөөд босгоход Уранбаатар орилж хашгираад байсан. Эмнэлэг дээр очоод би Оргилыг цээжний зүүн тал болон хэвлий хэсэгтээ У-т хутгалуулсныг нь анзаарч харсан.” гэх мэдүүлэг /хх-33-34/, гэрч Х.Намжилмаагийн “...их дуу чимээ гараад байхаар нь сэрээд харахад манай нөхөр У, найз Оргилтойгоо гал тогооны өрөөнд зодолдож байхаар нь салгасан.” гэх мэдүүлэг /хх-36-37/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-8-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-46/, шинжээч Ө.Шаарийбуугийн мэдүүлэг /хх-54/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 278 дугаартай дүгнэлт /хх-73/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

          Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Д.У-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Д.У-ын зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс Д.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хэрэгт авагдсан гэрч Х.Намжилмаа, Б.Баярмаа нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдаж зодолдсон, мөн шүүгдэгч нь хохирогчийн биед хоёр удаагийн үйлдлээр шарх, гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчийн хүний биед хүнд хохирол учруулсан үйлдлийг “болгоомжгүй хийсэн” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, хохирогч Б.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт шүүгдэгч Д.У-ын таслан сэргийлэх арга хэмжээний талаар дурдалгүй орхигдуулсан ноцтой зөрчил гаргасан байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авч тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Д.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 9 дүгээр заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.У нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 64 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, хохирогч Б.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                     ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ