Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210

 

Д.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай                

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, хохирогч Б.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 160 дугаар магадлалтай, шүүгдэгч Д.Ут холбогдох 1804001490125 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2009 оны 4 дүгээр сарын 27-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2013 оны 10 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, нийт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2017 оны 9 дүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Х овогт Д.У нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Уыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Б.Оын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 10.800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У нь 64 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, хохирогч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.У гаргасан гомдолдоо: “Миний бие 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гэртээ найз Б.О, түүний эхнэр Б.Баярмаа, миний эхнэр Х.Намжилмаа нарын хамт зочны өрөөнд сууж байсан. Намжилмаа, Баярмаа нар буйдан дээр унтаж байсан үед Оргил бид хоёр түүний шинэ ажлын талаар ярилцаж байтал надад “маш муу зүйл болох” гэж байгаа мэт зөн төрж, онгод буулгах хэрэгтэй болсон. Би Улаанбаатар хотоос машин барьж ирсэн бөгөөд архи, пивоноос амсах төдий уусан, эрүүл байсан. Ингээд миний бие найз Од “Өвөө буулгах хэрэгтэй байна” гэж хэлээд бөөгийн зан үйл хийдэг өрөөнд ороод өмсгөл сэлтийг өмсөж, хамгаалалт болох толийг зүүж, нүд, нүүр хаасан хар унжлага бүхий малгай өмссөн байсан ба муу сүнс буюу зэргэлдээ орших сүнсийг хөөж зайлуулдаг ногоон хадгаар ороож холбон зүүсэн ясан хуй бүхий хутга мэт зүйлийг гартаа барьж суугаад “Муу муухай зүйл холуур байг” хэмээн залбиран сууж байтал араас “Хөөе” гэж эвгүй чимээ гарч, зүүн мөрнөөс хүчтэй татах үед айх, цочих зэрэгцэн эргэж харахдаа ард байсан зүйлийг гарт байсан зан үйл хийдэг хутга мэт зүйлээр хатгачихсан. Ингээд хэт төвлөрсөн бодол,  зан үйлээсээ сэхээ авч нүд, нүүр хаасан хар унжлага бүхий малгайгаа аваад хартал “Умбадай болио” гээд О миний хувцас өмсгөлийг тайлах гэж зулгаасан. Би гарт байсан малгай, зан үйл хийдэг хутга мэт зүйлээ доош мөлхөө ширээнд тавих гээд тонгойход О надаас зулгаасан хэвээрээ тэнцвэр алдаж миний дээрээс дарж унахдаа ёо гэж дуугарсан. Ингээд би Оыг татаж босгосон боловч унаж өгөөд байсан. Энэ үед би Оыг хатгаж гэмтээснээ мэдээд “Би чамайг гэмтээчихлээ” гэж хэлээд түүнийг өргөж тэврэн коридор, гал тогооны өрөөний гэрэлд суулгатал манай эхнэр бид хоёрын унаж ойчих чимээнээр сэрж, бид хоёрыг зодолдоод байна гэж ойлгоод “Умбаадай болиоч ээ” гээд намайг татсан. Би Оын хувцасыг сөхөж үзтэл түүний гэдсэн дэх шархнаас цус гарч байсан. Намжилмаа Оын шархыг хараад “Умбадай яаж байгаа юм бэ” гэж чангаар хашгиран уйлсан.

Би бөөгийн өрөө рүү гүйж өргөлийн архи авч ирээд Оын гэдэсний шархан дээр асгаж, ариулж “Амь наснаас холуур байг” гэж залбирч суутал Баярмаа ирж нөхрөө өмөөрч байгаа мэт уурлан хашгирч нүүр лүү алгадаж, маажих зэргээр над руу дайрсан. Баярмаа юу болсныг ойлгоогүй над руу дайраад байсан учир О Баярмааг тэвэрч аваад гарах гэхэд би “О эмнэлэг дуудъя, хүлээж бай” гэхэд “Мань нь зүгээрээ” гээд Баярмааг аваад гарч явсан. Болсон үнэн бодит явдал ийм байхад, О удаа дараа “У надад санаатай гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлсээр байтал хяналтын прокурор уг хэргийг зүйлчлэхдээ гэрч Баярмаагийн болсон явдлыг нүдээр хараагүй, хэт сэтгэл хөдлөлд автсан, согтуу байх үедээ өгсөн мэдүүлгийг гол нотлох баримт болгож авч үзсэн нь яллах талыг хэт баримталж, хууль зөрчсөн гэж үзэж байна. Эмнэлэг рүү дуудлагаар очиж шалгасан цагдаагийн тэмдэглэлд “Эмнэлэг дээр согтуу эмэгтэй агсам тавиад байна гэсэн дуудлагаар очиж шалгахад...” гэсэн тэмдэглэлээр гэрч Баярмаа нь хэт сэтгэл хөдлөлд автсан, согтуу байсан гэдэг нь нотлогдож байгаа юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү.

Оыг гэмтээх үедээ миний бие нүд, нүүр халхалсан хар унжлага бүхий бөөгийн малгайтай байсныг онцолж мэдэгдэхийг хүсэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн үнэн бодит байдлыг гүйцэт бүрэн тодруулж чадаагүй гэж үзэж байна. Мөрдөн байцаагч нь Оын цээжин дэх жижиг шархыг өмсгөл дээр унах үедээ үүсгэгдэх боломжтой эсэхийг шалгуулахдаа бөөгийн өмсгөлийн зүүсгэлийг нүхтэй гуулин суурьтай, түүнээсээ төмөр цагиргаар холбогдсон хутга, сэлэм гэх мэт хэлбэртэй зүүсгэлийг цагиргаар нь салгаж авч шалгуулсан нь учир дутагдалтай гэж үзэж дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна. Дээрх шалтгаануудыг харгалзан үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.

Миний бие нь өөрийн найзыг гэмтээсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Найзыгаа хатгаж гэмтээсэн нь миний буруу. Мөн найз Од учруулсан хохирол гомдлыг төлж барагдуулсан болно. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.

Миний аав Даваасүрэн, ээж Ганчимэг нар нь хөгшин хүмүүс байдаг ба сэтгэл санааны хямралд орж, хууч өвчин нь хүндэрч гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болж шаналж байна. Эхнэр Намжилмаа бие давхар ба бага насны хоёр хүүхдийн маань “Ааваа та гэртээ хэзээ ирэх вэ”, “Таны байгаа газарт хамт байж болохгүй юм уу” гэх асуултууд, гунигтай нүд, эцэг, эх, үр хүүхдүүдийн минь хувьд ямар хүнд байдалд байгааг илэрхийлж байна. Ийм учир ар гэрийн минь байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Уыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, 5 жил хорих ял шийтгэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэт яллах талыг барьж, миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн.

Хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл Д.У нь зөвхөн бөөгийн зан үйл гүйцэтгэхдээ ашигладаг хуйтай хутга мэт хурц үзүүртэй зүйлээ гартаа барьж, бөөгийн зан үйлээ хийж байхад хохирогч өрөөний гаднаас орж ирэн түүнийг цочооход гартаа байсан зүйлээрээ түлхэж дээрх гэмтлийг учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэгт авагдсан “Д.У нь бөөгийн зан үйл хийдэг өрөөндөө байсан, ямар нэг зүйл хийгээд байсан” гэх мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бөөгийн зан үйл хийдэг хурц үзүүртэй эд зүйлсийн зураг зэргээс тодорхой харагддаг. Мөн хохирогчид гэмтэл учруулсан гэх эд зүйл нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно...” гэж тусгасан.

Д.Уын бөөгийн зан үйлдээ ашигладаг хурц үзүүртэй эд зүйл нь иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай бус бөөгийн зан үйлд зориулсан эд зүйл тул шүүхээс зэвсэг гэж үзсэн нь үндэслэлгүй байх ба энэ талаар давж заалдах гомдолд тусгасан боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй.

Д.Уын үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаагүй. Тухайлбал Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн субъектив талын шинж болох гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулаагүй гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Оргил болон шүүгдэгч У нар нь дотно найз нөхдийн харилцаатай, хохирогч Оргил шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Д.У надад хоёулаа өвөө буулгая” гэхээр нь энэ тухай түүний эхнэрт хэлэхэд цаадхаа болиул гэсэн. Би Уын өрөөнд ороод болио гээд татахад тэр эргэж хараад түлхэх шиг болсон, гартаа үзүүртэй зүйл барьсан байсан ба тэр зүйлээрээ хатгасан юм шиг байна лээ, У нь санаатайгаар намайг хутгалаагүй. Би нэлээд согтсон байсан ба гэнэт татсанаас У цочсон байх, одоо миний бие эрүүл болсон, гомдолгүй” гэх мэдүүлэг, Д.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би өрөөндөө ороод хувцас өмсөж, шашны зан үйлээ хийгээд сууж байхад О орж ирээд намайг цочоож татахад нь  би эргэж харахдаа түүнийг хатгачихсан байсан, бид зодолдоогүй, Оын цээжинд би хатгаагүй, О ойчихдоо миний бөөгийн хувцасны зүүсгэл болох үзүүртэй жад, сэлэм, хас зэрэг төмрүүдэд хатгуулсан байх” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Д.У нь дээрх үйлдлийг санаатай үйлдээгүй, хохирогчийн биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолд хохирогч Оын эхнэр гэрч Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Д.У нь зүгээр байж байгаад Оыг түлхээд, багалзуурдаад нуруу луу нь нэг зүйлээр цохиод, хутга бариад дайрсан. Тэр үед нь О Уын хутгыг хориглоод ноцолдсон гэсэн” гэх дам яриаг яллах талын гол нотлох баримтаар авч шийтгэх тогтоолд тусгасан. Хэргийн жинхэнэ байдлыг авч үзвэл тухайн асуудал болоход гэрч Баярмаа унтаж байсан, сүүлд нь сэрсэн бөгөөд түүний мэдүүлэг нь дамжмал нотлох баримт гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Тус гэрчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэх зохицуулалтын дагуу нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, өөрөөр хэлбэл өөрийнхөө үзээгүй, хараагүй зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх боломжгүй юм. Мөн хохирогч 3 өөр төрлийн мэдүүлэг өгсөн ба хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа огт хийгдээгүйг дурдах нь зүйтэй байна.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүийн 166 дугаар шийтгэх тогтоолд “шүүгдэгч нь хохирогчийн хэвлийд хутгаар болгоомжгүй хатгасан гэж мэдүүлсэн ба прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хуулийн зүйл хэсгийг зөвшөөрөөгүй тул гэм буруугаа хүлээсэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд  заасан оногдуулах ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн.

Д.У нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ ямар нэг маргаангүй, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан ба зөвхөн гэм буруугийн хэлбэрийн талаар л маргадаг. Д.У нь дээрх гэмтлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр учруулсан гэж маргаж байгаа болохоос өөрийгөө гэм буруугүй гэж маргаагүй тул түүнийг гэм буруугаа хүлээсэн гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгч Д.У хохирогчийг санаатай хутгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байна. Д.У урьд нь 3 удаа ял шийтгүүлж байсан. Хамгийн сүүлд хар тамхины хэргээр 2017 оны 9 дүгээр сарын 29-ний  өдөр 2 жил жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Д.У нь хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэсэн заалтыг шүүх зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.У болон түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Ут холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.У нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний шөнө 02 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 18 тоот өөрийн гэртээ иргэн Б.Оын цээжний зүүн дээд хэсэг буюу эгэмний дунд хэсэг, мөн хэвлийн доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Уыг урьд 2017 оны 9 дүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял нэгтгэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг зөвтгөхгүй орхигдуулсныг буруутган тэмдэглэх нь зүйтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдааг хяналтын шатны шүүх  хуралдаанаар зөвтгөж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэн өөрчлөх боломжгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Д.Ут холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан “Хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлэх тухай” гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн тогтоол нь түүний хувийн байдлыг тогтооход чухал ач холбогдолтой нотолгооны эх сурвалж байтал Д.Уын урьд ял шийтгүүлсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоол, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолыг мөрдөгч, прокурор нь хавтаст хэрэгт хавсаргаагүй байх бөгөөд шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-100/ болон прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Д.Уын урьд ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл, огноо, оногдуулсан ял, тэнсэж хянан харгалзсан хугацаа зэрэг зарим мэдээллийг зөрүүтэй, бүрэн бус тэмдэглэсэн зөрчил тогтоогдсоныг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 160 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ут холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх хүртэл шүүгдэгч Д.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН