Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/78

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч А.Бямбажав, Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У-т холбогдох эрүүгийн 1804001490125 дугаартай хэргийг Хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               Б.Нарангэрэл   

 Улсын яллагч                                                 Ж.Бүрэнжаргал

 Иргэдийн төлөөлөгч                                   Ч.Ариунбаатар

 Хохирогч                                                     Б.О-

 Хохирогчийн өмгөөлөгч:                            С.О-

 Шүүгдэгч                                                      Д.У-

 Шүүгдэгчийн өмгөөлөгч:                             Ц.Д- нар оролцов.

 

Шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлгүүрийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр  Н-, 6-8 насны 2 хүүхэд нарын хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол .. дүгээр байрны .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 214 дугаартай шийтэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг шүүх 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж шүүх хорих ялыг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж шүүх ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан

 Х- овгийн Д-гийн У- /РД:................./

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар :

            Яллагдагч Д.У- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.О-ыг “өвөө буулгасангүй” гэж уурлан зодолдож улмаар түүний цээжний зүүн дээд хэсэг буюу эгэмний дунд хэсэг мөн хэвлийн доод хэсэгт хутгалж амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“2018 оны 7 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө  О-ыг Улаанбаатар хотод шинэ лангуу нээснийг тэмдэглэж манайд /Багануур дүүргийн 3-р хороо 27-р  дугаар байрны 18 тоот/ О- түүний эхнэр Б-, миний эхнэр Н- бид нар архи пиво уусан. Ууж дуусах үед муу юм болох гээд байгаа юм шиг зөн надад гэнэт төрж өвөөгөө буулгахаар бөөгийн өрөөндөө ороод бөөгийн хувцас өмсөж шашны зан үйлээ хийхээр сууж байтал О- орж ирсэн. Тэр “боль, чи архи уусан байна” гээд намайг татахад нь би түүнийг гартаа барьж байсан хутгаар хатгачихсан байсан. Бид зодолдоогүй. Би цочоод болгоомжгүйгээр гэдэс рүү нь хатгачихсан байсан, цээжинд нь би хатгаагүй. О- ойчихдоо миний бөөгийн хувцасны зүүсгэл болох үзүүртэй жад, сэлэм, хас зэрэг төмрүүдэд хатгуулснаас цээж хэсэгт нь хатгагдсан шарх үүссэн байх. Тухайн үед өрөө харанхуй байсан. Багын найзаа гэмтээж олон хүнийг зовоосондоо гэмшиж харамсаж байна” гэв.

                                                   /хх-86,94-95 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Б.О-ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

              “У- надад хоёулаа өвөө болъё гэхээр нь энэ тухай түүний эхнэр Н-д хэлэхэд “цаадахаа болиул” гэсэн. Би У-ын өрөөнд ороод болио гээд татахад тэр эргэж хараад хутгалсан. Цээжний гэмтэл яаж учирсныг санахгүй байна. Тухайн үед би подволктой байсан. Би нэлээд согтсон байсан ба гэнэт татсанаас У- цочсон байх. Би түүний хутгыг хараагүй. Одоо миний биеийн байдал эрүүл болсон Гомдолгүй, Нэхэмжлэх зүйлгүй. Хор уршиг найман сая /8 000 000/  төгрөг учирснаас У- арван сая найман зуун мянган 10 800 000 төгрөг төлсөн” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Алтантуяа, Н- бид гурав нэг хэсэг дуг хийгээд унтчихсан байсан. Нэг мэдэхээд Н- “У- болиочээ” гээд муухай хашгирч байсан. Би сандраад гал тогооны өрөөнд яваад ортол О- шалан дээр хөлөө жийгээд суучихсан, Н- нь нөхөр У-ын урдуур түүнийг аргадаад гүйж байсан. Тухайн үед нөхөр О- шоконд орсон байдалтай байсан. Би О-ыг өргөж босгоход У- орилж хашгираад байсан. Тухайн үед би их айсан байсан учраас юу хэлж байсныг санахгүй байна. Би нөхрөө тэдний гэрээс авч гарахад манай нөхөр сөхрөөд явж чадахгүй байсан. Би нөхөртөө “У- бид хоёрын араас гарч ирээд алчихвал яана” гэж хэлээд арай хийж 25 дугаар байрны автобусны буудлаас таксинд сууж эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод О-ыг зүүн талын цээж болон хэвлий хэсэгтээ хутгалуулсныг анзаарч харсан. Энэ хэрэг нь 2018 оны 7 дугаар сарын 8-9-нд шилжих шөнийн 02 цагт болсон. Тухайн үед У- бараг эрүүл шахуу, О- халамцуу байсан. Эмнэлэг дээр О- надад хэлэхдээ “У- бөө бууна гэхээр нь эхнэрт нь хэлтэл эхнэр Н- нь”наадахаа боль гэж хэл” гэсэн.О- У-ыг боль гэж хэлсэн гэсэн. У- зүгээр байж байгаад О-ыг түлхээд, багалзуурдаад нуруу луу нь нэг зүйлээр цохиод, хутга бариад дайрсан” гэсэн. Тэр үед О- У-ын урдаас хутгыг нь хориглоод ноцолдсон гэсэн. О-ын хүзүүнд багалзуурдсан ором гарсан байсан. Ар нурууны хоёр талаар хөхөрч цус хурсан, баруун далан дээр 7см урт зүсэгдсэн шарх үүссэн байсан” гэсэн 2018 оны 7 сарын 19-ний өдрийн мэдүүлэг /хх-33-34 дэх тал/

Гэрч Х.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

“У-, О-, Б- бид нар шөнө 22 цаг өнгөрч байхад 1 шил архи 2 пиво уусан. Шөнө намайг унтаж байхад их дуу чимээ гараад байхаар нь сэрээд харахад манай нөхөр У- найз О-тойгоо гал тогооны өрөөнд зодолдож байхаар нь би салгасан” гэсэн 2018 оны 7 сары 09-ний өдрийн мэдүүлэг /хх-35 дахь тал/

Гэрч А.М-ын мөрдөн байцаалтад өгсөн:

“ ...Б-тай уулзахад “...Б- У-ыг яаралтай ол, манай нөхрийг хутгалаад, зодож байгаад зугтаагаад явчихсан...яаралтай олох хэрэгтэй байна” гэж хэлсэн.

Н- “намайг унтаж байхад гал тогооны өрөөнд их дуу чимээ гараад байхаар би сэрээд очиход О- манай нөхөртэй зодолдож байсан. Эхэндээ би айгаад салгаж чадахгүй байсан ба Б-г сэрэхээр салгасан” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дэх тал/

Шинжээчийн 09 шэ/278 дугаартай дүгнэлтэд:

“Б.О-ын биед хэвлийн хөндийг нэвтэрч нарийн гэдэс, бүдүүн гэдэс, S гэдсийг 5 хэсэг газарт гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн идээт үрэвсэл, цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх  гэмтэл нь шинэ гэмтэл, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т-д зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтлийн  хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 73 дах тал / зэрэг болно.

Шинжээч Ө.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:

“Хохирогчийн цээжний зүүн дээд хэсэг, хэвлийн зүүн доод хэсэгт тус тусучирсан гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Шарх нь ир үзүүртэй хүчин зүйлээр хатгах, хатгагдах үед үүснэ. Гэмтлүүд хоёр тусдаа хэсэгт учирсан. Хэргийн газрын үзлэгийн фото зургаас харахад энэ гэмтлүүд нь бөөгийн өмсгөлийн ар нуруу хэсэгт тогтоосон сүх, хутга, жадны хэлбэртэй зүйл дээр хохирогч нэг удаа унах үед үүсэх боломжгүй. Хэвлийн шархны урт нь 2.2 см, өргөн нь 0,2 см хэмжээтэй гүн шарх байсан. Хүний арьс уян хатан байдаг учраас шархны хэмжээ дээрх хэмжээнээс их байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-54 дэх тал/

 Яаралтай тусламжийн хуудаст эмч М.А-ын  2018 оны 7 сарын 9-ны 03 цаг 15 минутад хийсэн тэмдэглэлдээ “О-ын биеийн байдал хүндэвтэр, зүүн хөхний дээд хэсэгт 0,5 см хатгагдсан шарх, хүйсний зүүн талд 1-1,5 см өргөн, 1 см гүн хатгагдсан шархтай, цээж, хэвлий, хүзүү хэсэгт арьс улайж өнгө нь өөрчлөгдсөн” гэжээ /хх-52 дахь тал, хх-5 дахь талын фото зураг /

Улсын яллагч дүгнэлтдээ: У- нь өвөө буулгасангүй гэж уурлан Б.О-ыг зодож  цээжний зүүн дээд хэсэг, хэвлийн доод хэсэгт хутгалж амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. У-ыг 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. У- нь энэ хэргийг үйлдэхээс өмнө 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж шүүх ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж, 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасныг анхаарна уу. Мөн 2002 оны эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно гэж заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна. У- нь өмнөх үйлдсэн гэмт хэрэгтээ 7 сар цагдан хоригдсон гэв.

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: У- найз О-ыг болгоомжгүй гэмтээсэн гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Тэдний аав ээж нар олон жил хамт ажиллаж хүүхдүүд нь ах дүү шиг амьдарсан хүмүүс. Хохирогчид 8 сая төгрөгийн эрүүл мэндийн хор уршиг учирснаас шүүгдэгч 10 сая 800 мянган төгрөг зарцуулсан  байна. Хор уршгийг төлөхдөө сэтгэл гарган илүү төлсөн. У-ын өмнөх 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж шүүх ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн нь 2002 оны эрүүгийн хуульд хамаарагдаж байгаа учир энэ хуулиар төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн зарчмыг зөрчиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Д.У- нь хохирогчид санамсаргүйгээр хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэв.

 Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Яллагдагч Д.У- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 9-ний шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 18 тоотод байх өөрийн гэрт бөөгийн өрөөндөө /өөрийнх нь тайлбарласнаар өвөө буулгахаар/ харанхуйд сууж байхад нь энэ үйлдлийг хориглосон Б.О-ыг “өвөө буулгасангүй” гэж уурлан түүний цээжний зүүн дээд хэсэгт, хэвлийн зүүн доод хэсэгт тус тус хутгалж бие махбодид нь хэвлийн хөндийг нэвтэрч нарийн гэдэс, бүдүүн гэдэс, S гэдсийг 5 хэсэг газарт гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн идээт үрэвсэл, цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүдийг учруулсан байна.

          Энэ үйлдэл нь шүүгдэгч Д.У-ын “би өвөө буулгахаар өмсгөлөө өмсөөд бөөгийн өрөөндөө /харанхуйд/ сууж байхад О- намайг татсан тул би цочсондоо түүнийг хутгалсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.О-ын  “У-ын бөөгийн өрөөнд ороход тэр бөөгийн өмсгөлөө өмсчихсөн цаашаа хараад зогсож байсан ба би “өвөө буулгахаа болио” гээд хувцаснаас нь гараараа татахад тэр эргэж хараад хутгалсан. Би нэлээд согтсон байсан. Цээжний гэмтэл яаж учирсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-гийн “нэг хэсэг дуг хийгээд унтчихсан байсан, гэнэт Н- “У- болиоч ээ” гээд муухай хашгирахад нь гал тогооны өрөөнд ортол О- шалан дээр хөлөө жийгээд суучихсан, Н- нөхөр У-ын урдуур түүнийг аргадаад гүйж байсан, О-ыг өргөөд босгоход У- орилж хашгираад байсан, тэдний гэрээс О-ыг авч гараад эмнэлэгт очсон үедээ түүнийг зүүн талын цээж болон хэвлий хэсэгтээ хутгалуулсныг харсан,...эмнэлэг дээр очоод О- надад хэлэхдээ “У-ыг өвөө буулгахаа боль гэж хэлсэн, У- гэнэт түүнийг түлхээд, багалзуурдаад нуруу луу нь нэг зүйлээр цохиод, хутга бариад дайрсан” гэж ярьсан гэсэн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудаст “О-ын биеийн байдал хүндэвтэр, зүүн хөхний дээд хэсэгт 0,5 см хатгагдсан шарх, хүйсний зүүн талд 1-1,5 см өргөн, 1 см гүн хатгагдсан шархтай, цээж, хэвлий, хүзүү хэсэгт арьс улайж өнгө нь өөрчлөгдсөн” тухай бичсэн эмчийн тэмдэглэл, гэрч Н-гийн “унтаж байхад нь их дуу чимээ гарсан, сэрээд харахад У- найз О-тойгоо гал тогооны өрөөнд зодолдож байхаар нь очиж  салгасан тухай” мэдүүлэг, шинжээчийн  “Б.О-ын биед хэвлийн хөндийг нэвтэрч нарийн гэдэс, бүдүүн гэдэс, S гэдсийг 5 хэсэг газарт гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн идээт үрэвсэл, цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх зэрэг гэмтэл тогтоогдсон, эдгээр гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн 09шэ/278 дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн  “цээжний шарх нь бөөгийн өмсгөлийн зүүсгэл дээр унаснаас үүсэх боломжгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсон хэргийн байдалтай нийцжээ.

  

 Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Гэрч Х.Н- нь шүүгдэгчийн   гэр бүлийн гишүүн, гэрч Б.Б- хохирогчийн гэр бүлийн гишүүн тул мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдэнд хуульд заасан эрхийг тайлбарлан өгч мэдүүлгүүдийг гаргуулсан нь хуульд нийцжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хэрэг гарахад У- хохирогч О- нар хоёулхнаа байсан. Хохирогч хэлэхдээ “намайг түлхэх шиг болсон, яаж хутгалсныг санахгүй байна. Бид маргаагүй” гээд байна. Гэтэл гэрч Б-, Н- нар О-ын мэдүүлгээс өөр зүйл яриад байна. Тэдний мэдүүлгийн  эх сурвалж нь хоорондоо маргаагүй, болгоомжгүй үйлдэл боллоо гээд байгаа тул гэрчүүдийн мэдүүлэг нотлох баримтын ач холбогдлоо алдсан” гэж мэтгэлцэв.  Шүүх гэрч Х.Н-, Б.Б- нарын мэдүүлгийн эх сурвалж нь тогтоогдсон төдийгүй ач холбогдлоо алдаагүй гэж үзэж байна. Учир нь: гэрчүүд үйлдэл болсон өрөөний зэргэлдээ өрөөнд байсан, их дуу чимээнээр сэрэхэд нь У- О- нар гал тогооны өрөөнд зодолдож байсан, салгасан, У- орилж хашгирч байсан зэргийг харж сонссоноо мэдүүлснийг эх сурвалжаа заасан гэж үзэх ба хохирогч тэр даруйдаа буюу эмнэлэг дээр очоод байхдаа эхнэр Б-даа “У- хэрхэн яаж хүч хэрэглэснийг ярьсан яриа нь хохирогчийн биед үүссэн мэсний 2 удаагийн шарх, хүзүү хоолойд нь хүч хэрэглэсний ул мөр гарсан байсныг яаралтай тусламжийн хуудас дахь тэмдэглэл, мэс заслын тэмдэглэл зэргээр давхар батлагдсан. Иймд гэрч Н- Б- нарын мэдүүлэг үнэн зөв бөгөөд эх сурвалж нь тодорхой байна. Хохирогч нь үйлдэл болсны дараа эхнэр Б-д У-ын үйлдлийн талаар ярьснаа үгүйсгэж няцаадаггүй.

Шүүгдэгч мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчийг хэвлийд нь нэг удаа хутгалсан үйлдлээ хүлээн мэдүүлсэн ба хохирогчийн цээжинд хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. О-ыг хутгаар хоёр удаа хатгаж гэмтээсэн нь шинжээчийн “хохирогчийн хэвлийд болон цээжинд үүссэн хатгагдсан шарх нь хоёулаа хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн гэсэн   дүгнэлт,  цээжний шарх нь У-ын өмссөн бөөгийн өмсгөлийн ар нуруунд зүүсэн хутга, жад, сэлэм зэрэг зүүсгэл дээр хохирогч дарж унахад үүсэх боломжгүй гэсэн шинжээч эмчийн мэдүүлэг, шинжээчийн эдгээр дүгнэлт, мэдүүлэгт талууд маргаагүй байдал, мөн гэрч Б-гийн “О- эмнэлэг дээр надад  хэлэхдээ У- намайг гэнэт түлхээд, багалзуурдаад нуруу луу нь нэг зүйлээр цохиод, хутга бариад дайрсан гэж ярьсан” гэсэн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудаст “О-ын зүүн хөхний дээд хэсэгт, хүйсний зүүн талд тус тус хатгагдсан шархтай, цээж, хэвлий, хүзүү хэсэгт арьс улайж өнгө нь өөрчлөгдсөн” тухай бичсэн эмчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар батлагдаж байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчид яаралтай тусламж үзүүлсэн болон мэс засал хийсэн эмч нарын үзлэгийн тэмдэглэл, өвчний түүхтэй танилцаж мөн хохирогчийн биед үзлэг хийх  зэргээр гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн хохирогчийг хутгалсан үйлдлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг авч үзэхэд:

Шүүгдэгч Д.У- нь “Би О-ыг санамсаргүй хутгалсан” гэж мэдүүлдэг, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөхөөс зайлсхийж  байсан /хх-21-22, 27 дахь талууд/ боловч  үүний дараа нь хэргийн талаар хоёр удаа мэдүүлэхдээ /хх-29-30 дахь тал/  “У-ыг бөөгийн харанхуй өрөөндөө өмсгөлөө өмсчихсөн цаашаа хараад зогсож байхад нь би ороод “өвөө буулгахаа болио” гээд хувцаснаас нь  гараараа татахад миний цээж рүү гараараа түлхэх шиг болсон гэж мэдүүлсэн ба хохирогч бөөгийн өрөөнд унасан, ойчсон талаар мэдүүлээгүй байна.

Гэрч Б.Б- мэдүүлэхдээ “Н- “У- болиочээ” гээд муухай хашгирч нөхөр У-ыг аргадаад гүйж байсан, У- орилж хашгираад байсан...Эмнэлэг дээр очоод байхад О- “У-ыг өвөө буулгахаа боль гэж хэлсэн, У- намайг түлхээд, багалзуурдаад нуруу луу  нэг зүйлээр цохиод, хутга бариад дайрсан” гэж хэлсэн, мөн О-ын хүзүүнд багалзуурдсан ором гарсан байсан. Ар нурууны хоёр талаар хөхөрч цус хурсан, баруун далан дээр 7см урт зүсэгдсэн шарх үүссэн байсан” гэж тус тус мэдүүлж байсан байх ба энэ тухай хохирогч О- /хх-29 дэх тал/  “би Б-гийн асуусан зүйлийг ярьсан, тухайн үед миний хүзүү хорсож өвдөөд байсан” гэж мэдүүлсэн, яаралтай тусламжийн хуудаст О-ын хүзүү хэсэгт улайж өнгө нь өөрчлөгдсөн талаар тэмдэглэгдсэн, шинжээчийн дүгнэлт болон зэргийг харьцуулан үнэлээд шүүгдэгч Д.У- нь хохирогчийг хутгалсан үйлдэлдээ санаатай хандсан, энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд хүргэсэн, Д.У-ын үйлдэлд согтуурсан  байдал нь нөлөөлсөн гэж дүгнэв.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хүнд хохирол болох нь шинжээчийн “Дээрх  гэмтэл нь шинэ гэмтэл, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т-д зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтлийн  хүнд зэрэгт хамаарна ” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.  

У- нь үйлдэлдээ хутга хэрэглэсэн нь шүүгдэгчийн “би гартаа бөөгийн зан үйл хийдэг хутга барьж байсан” гэсэн мэдүүлэг, түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би хутгаа цонхоор чулуудчихсан” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Н-гийн “У-ын бөөгийн зан үйл хийхдээ хэрэглэдэг ясан бариултай нарийхан хутга байдаг. 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс хойш харагдаагүй, У- тэр хутгаа хаячихсан гэсэн” мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газраас эд мөрийн баримт болох хутгыг олж илрүүлээгүй байна.

Шүүгдэгч Д.У-ын үйлдэл нь иргэн Б.О-ын Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, тус тус заасан Монгол Улсын иргэний “хүн бүр амьд явах”, “эрүүл мэндийн халдашгүй байх” эрхүүдэд ноцтой халдсан үйлдэл мөн.

          

 Иймд  Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдлоо.    

           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан шүүгдэгчийн гэм бурууг үндэслэн хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд өмнө 3 удаа ял шийтгүүлж байсан боловч хорих ялыг биечлэн эдэлж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан  лавлагааны баримт /хх-н 100-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбаруудаар /хх-н  114-125 хуудас/ тогтоогдож байна. Хавтаст хэрэгт учирсан хор уршгийг нотлох баримт хавсаргагдаагүй боловч хохирогч Б.О- нь би эмчилгээнд 8 000 000 төгрөг зарцуулсан найз У-аас надад 10 800 000 төгрөг төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.  Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарах зардлыг тухай бүр төлж байсан  нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Иймд Д.У-т Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялыг дундаж хэмжээнээс доош татан  оногдуулах нь зүйтэй. 

Шүүгдэгч нь хохирогчийн хэвлийд хутгаар болгоомжгүй хатгасан гэж мэдүүлсэн ба прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хуулийн зүйл хэсгийг зөвшөөрөөгүй тул гэм буруугаа хүлээсэн гэж үзэх боломжгүйг тэмдэглэе.

Д.У- Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж шүүх ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар /хх-114-125 дахь тал/ тогтоогджээ. Шүүгдэгч нь хорих ялыг тэнссэн хугацаанд дахин хэрэг үйлдсэнийг үндэслэн шийтгэх тогтоол тус бүрээр оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагат эдлүүлбэл зохино.

Д.У- нь хорих ялыг биечлэн эдэлж байгаагүйг  харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагат эдлүүлбэл зохино. Шүүгдэгч энэ хэрэгтээ 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс  буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдлыг хэлэлцэж дуусах, улмаар анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцэх өдөр хүртэл /2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр/ 215 хоног цагдан хоригдсон нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 160 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтаар мөн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн гэмт хэрэгт 203 хоног цагдан хоригдсоныг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар тус тус тогтоогджээ. Иймд дээрх хэргүүдэд нийт 418 хоног урьдчилан хоригдсоныг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Бөөгийн өмсгөлийн арын зүүсгэл болох хутга, жад, сэлэм хэлбэрийн металл зүүсгэлүүдийг хэргийн газрын үзлэгээр хураан авч шинжилгээнд хүргүүлсэн боловч шинжилгээгээр цусны ул мөр илрээгүй /хх-78 дахь тал/ байх ба уг эд мөрийн баримтуудыг шүүхэд ирүүлээгүйг тэмдэглэе.

Шүүгдэгчийн гэм бурууд хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

              Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдвал зохино.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х- овгийн Д-гийн У-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Х- овгийн Д-гийн У-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар  таван   /5/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт  зааснаар Х- овгийн Д-гийн У-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт долоон /7/ жилийн хорих ялыг эдлүүлсүгэй. 
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.У-ын эдэлбэл зохих долоон /7/ жилийн хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар  Д.У-ын цагдан хоригдсон  418 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Д.У- нь хохирогч  Б.О-ын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 10 800 000 /арван сая найман зуун мянган төгрөг төлснийг баталж хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  7. Д.У-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
  8.  Энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүйг дурдсугай.
  9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчинтэй болхыг мэдэгдсүгэй
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргах журамтайг мэдэгдсүгэй.
  11. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Д.У-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  12. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.ОЮУНБАТ 

А.БЯМБАЖАВ 

Б.БАЙГАЛМАА