Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00610

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03234 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 194 дүгээр магадлалтай,

Т.Б-ын нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь “Х” ХХК-иас 25 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд төлж чадахгүйн улмаас банкны зүгээс шүүхэд хандсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 795 дугаар захирамжаар бидний эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Миний бие эвлэрлийн гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлж чадаагүйн улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, амины орон сууц 3 гудамж, 74а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002764 дугаартай 131 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2201008573 дугаартай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлгээчнээр үнийг нь тогтоолгож, үнэлгээний дүнг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танилцуулсан.

Уг үнэлгээтэй танилцахад 60 737 102 төгрөгөөр миний эзэмшлийн дээрх хаягт байрлах хувийн сууц болон газрыг үнэлсэн байна.

Дээрх үнэлгээг “С” ХХК нь зах зээлийн бодит үнэлгээтэй нийцээгүй, хэт доогуур үнэлсэн байх тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Учир нь манай байр нь А зэрэглэлийн бүсэд байрлалтай, бүрэн ашиглалтад байгаа, нам даралт болон цахилгаан халаалтын зуухтай, цэвэр бохир усны асуудлаа бүрэн шийдсэн, 380 в-ын тогтой, өргөн гудамжтай гэх мэт маш олон давуу талтай. Манайхтай байршил ойролцоо Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны зам дагуу байрлалтай 390 м.кв талбайтай 2 давхар объектыг 280 000 000 төгрөгөөр зарахаар шуурхай зар сонинд хэвлэсэн байгаагаас харахад бидний олон жилийн хүч хөдөлмөрөөр босгосон хувийн сууц болон газрыг минь хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, амины орон сууц 3 гудамж, 74а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002764 дугаартай 131 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2201008573 дугаартай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлсэн “С” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адилбек шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/00795 дугаар захирамжаар Т.Баас 18 452 472 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу “Х” ХХК нь албадан гүйцэтгүүлэх хуудас бичүүлэн манай байгууллагад хандсан.

2018 оны 08 сарын 09-ны өдрөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан төлбөр төлөгч Т.Бт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй ба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, үнийн санал зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр “С” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002764 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС-ны 3-74а тоот 131 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2201008573 дугаартай 700 м.кв талбайтай газрын хамт 60 737 102 төгрөгөөр үнэлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Т.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03234 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан Нт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Т.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 194 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03234 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Б би “Х” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлд өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Миний бие дээрх зээлийн гэрээний дагуу хугацаандаа төлбөрөө төлж чадаагүйн улмаас “Х” ХХК шүүхэд хандсаны дагуу бид шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулсан ба миний бие гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж чадаагүйн улмаас гүйцэтгэх хуудас бичигдэн Нт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. НШШГГ-аас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа миний үл хөдлөх хөрөнгийг “С” ХХК-иар зах зээлийн үнэлгээг хэтэрхий бага үнээр үнэлүүлсэн. Энэ үнэлгээнд гомдол гаргаж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг засаж шийдвэрлэх байтал хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Төлбөрт хураагдсан үл хөдлөх нь А зэрэглэлийн бүсэд байрлалтай, бүрэн ашиглалтад орсон, нам даралт болон цахилгаан халаалтын зуухтай, цэвэр, бохир усны асуудлаа бүрэн шийдсэн, 380 в-ын тогтой зэрэг олон давуу талтай юм.

Гэтэл “С” ХХК нь зах зээлийн бодит байдлаас хэт доогуур үнэлснийг НШШГГ нь худалдан борлуулах гэж байгаа нь миний эрх ашгийг хөндөж байгаад гомдолтой байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3234 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 194 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.Б нь Нт холбогдуулан төлбөрт битүүмжлэгдсэн, хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, амины орон сууц 3 гудамж, 74а тоотод байрлах 131 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг мөн хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газартай нь хамт 60 737 102 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 795 дугаартай захирамжаар “хариуцагч Т.Б, М.Оюунчулуун нар нь “Х” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн 18 452 472 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хуваарийн дагуу төлөхөөр, гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох СХД-ийн 11 дүгээр хороо, Баян хошуу Хөтөл хороолол, АОС-ны 2б хэсэг 47а тоотод байрлах 131 м.кв талбайтай, 2 давхар, хувийн орон сууцыг тус хаягт байрлалтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрт заагдсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан бөгөөд талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...дээрх үл хөдлөх эд хөрөнгө А зэрэглэлийн бүсэд байрлалтай, бүрэн ашиглалтад орсон, 3 давхар хувийн сууцтай, нам даралт болон цахилгаан халаалтын зуухтай, цэвэр бохир усны асуудлаа бүрэн шийдсэн, 380 в-ын тогтой зэрэг маш олон давуу талтай байхад үнэлгээчин зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн...” гэж тайлбарласан.

 Хариуцагч Н: “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч нь шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтыг журмаар гаргасан гомдолдоо: “Хөрөнгө үнэлгээний “С” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн А бүсэд байрлалтай, бүрэн ашиглалтад орсон, нам даралт болон цахилгаан халаалтын зуухтай, цэвэр бохир усны асуудлаа бүрэн шийдсэн, 380 в-ын тогтой зэрэг олон давуу талыг үнэлэлгүй зах зээлийн бодит байдлаас хэт доогуур үнэлснийг Нар худалдан борлуулах гэж байгаа нь миний эрх ашгийг хөндөж байна...” гэжээ.

 Хэрэгт авагдсан баримтаар шинжээч нь үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийг ижил бүс, байрлалд байршилтай, үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан байх бөгөөд объектыг зах зээлийн харьцуулах аргаар үнэлэхдээ жиших хөрөнгийг үнэлэгдэж буй хөрөнгийн байршлын бүс, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал, цахилгаан, халаалтын асуудлыг шийдвэрлэсэн байдал, барилгын хийц, ашиглалтын байдал зэргийг бүхэлд нь харьцуулан үзсэн байх тул үнэлгээг үндэслэлгүй гарсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй байх тул хуулийн зүйлчлэлийг зөвтгөж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 194 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03234 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...55.2.2....” гэснийг “...55.7....” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Т.Бын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД