Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00625

 

О.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2019/00280 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2019/00017 дугаар магадлалтай,

О.М-гийн нэхэмжлэлтэй,

Ш-т холбогдох,

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Х” ХХК-тай 1460001763 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 340 000 долларыг 365 хоногт 12 хувийн хүүтэйгээр 96 сарын хугацаатайгаар зээлсэн. Тус зээлийн гэрээний баталгаа болгож улсын бүртгэлийн Г-1112000149 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сум Гоёот 8-1 тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг барьцаалуулсан.

Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс “Х ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02192 дугаар захирамжаар “З” ХХК, О.М, Л.Г нараас 763 651 243 төгрөг гаргуулж Хинд олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Нийслэлийн Шраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж, харьяаллын дагуу Шт шилжүүлсэн.

Шраас барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан бөгөөд улмаар үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөрөнгө үнэлгээний “И” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн. Тус компани нь Шийдвэр гүйцэтгэх газраас томилсон тогтоолын дагуу барьцаа хөрөнгө буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум Гоёот 8-1 тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг нийт 957 540 000 төгрөгөөр үнэлсэн. Уг хөрөнгө үнэлгээний тайланг надад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шуудангаар мэдэгдсэн.

Үйлчилгээний зориулалттай тус барилгыг миний бие 2011 оноос эхлэн найман жилийн турш өөрийн бүхий л хөрөнгө, хүч чадал, сэтгэл зүрхээ шингээн барьж босгосон. Тухайн хөрөнгийн үнэлгээ хамгийн багадаа 2 800 000 000 төгрөг хүрнэ гэж үзэж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газраас миний хөрөнгийг 957 540 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс илт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн Шраас хөрөнгийн үнэлгээг мэдэгдэхдээ “И” ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Шт хүргүүлснийг тус байгууллага нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу 20 хоногийн дараа шуудангаар мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Шраас үнэлсэн илт хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэн шүүхэд хандсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Будхүү, Д.Жамсран, Б.Эрдэнэчимэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02192 дугаар захирамжаар “З” ХХК, О.М, Л.Г нарын зээлийн барьцаа хөрөнгөөс төлбөрийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч нарт төлбөрийг удаа дараа төлж барагдуулах талаар шүүхийн шийдвэр биелүүлэхийг утсаар болон биечлэн уулзах болгондоо мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шинжээч томилж барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь Л.Г, Л.С нарын нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд О.М нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд ямар ч хамааралгүй этгээд юм.

Төлбөр төлөгч О.М нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж тогтоосон хаягтаа оршин суудаггүй, төлбөрийг төлөхгүй байгаа зэрэг үйлдэл, үйл ажиллагааг одоог хүртэл явуулсаар байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эд хөрөнгийн эзэмшигч нарт шуудангаар мэдэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн байгааг анхаарч үзнэ үү. О.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2019/00280 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Мгийн Шт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 143/ШЗ2019/00669 дугаартай захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2019/00017 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2019/00280 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Мгийн Шт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гоёот 8-1 тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг нийт 957 540 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 203/МА2019/00017 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Хэргийн үйл баримтын тухайд:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02192 дугаар захирамжаар “З” ХХК, О.М, Л.Г нарын зээлийн барьцаа хөрөнгөөс төлбөрийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт удаа дараа төлж барагдуулах талаар Шүүхийн шийдвэр биелүүлэхийг утсаар болон биечлэн уулзах бүртээ мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөр төлөгч нар төлбөрийг төлж барагдуулаагүй болно.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 203/МА2019/00017 дугаар магадлалаар зохигчдын үндэслэл болгон мэтгэлцэж байгаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02192 дугаар захирамж, уг захирамжийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудас, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хэрэгт авагдаагүй гэх нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна”, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлага, мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу тус тус иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль журмын дагуу явагдсан байтал дээрх баримт бичгүүдийг хэрэгт явагдаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж буйг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Төлбөр төлөгч О.М нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, төлбөрийг төлөхгүй байгаа зэрэг үйлдэл, үйл ажиллагааг одоог хүртэл явуулсаар байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эд хөрөнгийн өмчлөгч нарт баталгаат шуудангаар мэдэгдсэн бөгөөд тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн байгааг анхаарч үзнэ үү.

Төлбөр төлөгч О.М нь Өвөрхангай аймгийн Хархорин сум ,1 дүгээр баг, Вангийн овоо, Өлийн 7-8 тоотод, төлбөр төлөгч П.Г нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 1За байр 112 тоотод, зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн болох Өмнөговь аймгийн Ханбогд сум өмчлөгч Л.С нь Өвөрхангай аймаг Хархорин сум, 1 дүгээр баг, Вангийн овоо Өлийн 3-7 тоотод тус тус оршин суух хаягтай тул мэдэгдэл, үнэлгээний тайланг биечлэн танилцуулах боломжгүй, баталгаат шуудангаар илгээхээс өөр аргагүй байдаг болохыг харгалзан үзнэ үү.

Давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэх зохицуулалтын гомдол гаргах 7 хоногийг хуулийн 55.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлсөн өдрөөс эхлэн тоолохоор байгаа тухай дурдсан атлаа нэхэмжлэгчийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын хуулийн хугацааг харгалзан үзээгүй нь үндэслэлгүй байна.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16300928/08 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “И” ХХК-ийн үнэлгээчин Д.Гантулгыг томилон, мөн өдөр шинжээчид эрх, үүрэг хариуцлагыг танилцуулан, хөрөнгө үнэлгээний ажлын гэрээг байгуулсан байтал тус шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагаар бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутгах үүднээс тусгай зөвшөөрөл, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, гүйцэтгэх хуудас, Баянзүрх, Сүхбаатяр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02192 дугаар шүүгчийн захирамж зэргийг шаардаж, хамааралгүй асуудлыг авч хэлэлцсэн байх нь мөн үндэслэлгүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2019/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч О.М нь Өмнөговь аймгийн Шарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, О.М нь дээрх хөрөнгийн өмчлөгч биш, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж маргажээ.

Хны зээлийн төлбөрт 761 668 098 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн “З” ХХК, О.М, Л.Г нарын зөвшөөрлийг баталсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02192 дугаартай шийдвэр, гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчөөс төлбөрт хураагдсан Өмнөговь аймаг Ханбогд сум, Гоёот 8-1 тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийг гэрчилгээтэй газар, мөн хаягт байрлах 504 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг үнэлүүлэхээр “И” ХХК-ийн үнэлгээчин /Д.Гантулга/-г шинжээчээр томилсонд шинжээч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 957 540 000 төгрөгөөр үнэлжээ.

“И” ХХК-ийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч О.Мд мэдэгдсэн, хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас нэхэмжлэгчийг хураагдсан эд хөрөнгийн өмчлөгч биш тул үнэлгээг мэдэгдэх шаардлагагүй гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх  нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хэрэгт  цугларсан баримтад үндэслэгдсэн, хууль ёсны бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн алдааг засч, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон, улмаар төлбөрт хураагдсан хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах санал болгох доод үнийг тогтоохдоо үнийн саналыг төлбөр төлөгчөөс авсан эсэх, шинжээч томилж, үнэлгээ тогтоох ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дарааллын дагуу явагдсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн эрх зүйн байдал тодорхойгүй, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх тусгай зөвшөөрөлтэй болохыг нотолсон баримтгүй үндэслэлээр шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлага хангах үндэслэлгүй гэж үзэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

Иймд “...давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэгт хамааралгүй асуудлыг хэлэлцэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн...” гэх  хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ биелүүлсэн, магадлал 116 дугаар зүйлийн 116.2., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2019/00017 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД