Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210

 

А.Б-, М.М- нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуулын өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч А.Б-ий өмгөөлөгч А.Ариунаа, Б.Баасанцогт,

шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Г.Ууганбаяр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Б-ий өмгөөлөгч Г.Тамир, К.Манлай, А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Б-, М.М- нарт холбогдох эрүүгийн 1805038680706 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Өлзийбаяр овгийн А.Б-, 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэгт түр оршин суух хаягийн бүртгэлтэй,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтуудад зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Боржигон овгийн М.М-, 1995 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

А.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 21 цаг 25 минутын үед, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “ТНТ” зочид буудлын гадна М.Бат-Очиртой маргалдан зодож алсан,

М.М- нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 21 цаг 20 минутын үед, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “ТНТ” зочид буудлын 305 тоот өрөөнд нөхөр М.Бат-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.Б-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ийг 10 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.М-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, М.М-д хувийн баталгаа гаргах, А.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б-ий өмгөөлөгч Г.Тамир гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч А.Б-ий үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон талаар хүлээн зөвшөөрч байгаа боловч түүнд сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд талийгаачийг анхнаасаа таньдаггүй байсан бөгөөд гэрч Э.Энхтөр, Э.Цогтбаатар, М.М-, А.Амарбат, Б.Ариунжаргал, яллагдагч А.Б- нарын мэдүүлэг, камерын бичлэг зэргээс үзэхэд, талийгаач М.Бат-Очир нь шүүгдэгчийг анхнаасаа хэл амаар доромжилж, зүй бус харьцаж, заналхийлж түүний араас шилээр гэмтээх санаа зорилгыг агуулсан үйлдэл хийсэн нь тогтоогддог. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинжээч Л.Баттулга, Д.Дэжидмаа нараас “...сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах буюу физиологийн аффектийн талаар тайлбарлаж өгнө үү...” гэж асуухад “...сэтгэцийн өөрчлөлтийг сэтгэцийн түр аффект гэж үздэг. Энэ сэтгэл хөдлөл нь хүн юмс үзэгдэл байгалийг танин мэдэх, байгалийн сайхныг мэдэрдэг, баясдаг, инээдэг, муу муухайг мэдэрч, цочирдох зэрэг үйлдлээр хүлээж авдаг. Үүнийг сэтгэл хөдлөл гэнэ. Сэтгэл хөдлөл нь энгийн сэтгэл хөдлөл, эмгэг сэтгэл хөдлөл байна уу гэдгийг ялгаж үзэх шаардлагатай. Хэрвээ сэтгэл хөдлөл байх боломжтой гэж үзэж байгаа бол шинжээч дахин томилуулаад шинжилгээ хийлгэх боломжтой” гэж, мөн шүүгдэгч М.М-ын Ч.Баднайнямбуугаас “архи уусан хүн аффектэд орохуу” гэж асуухад “согтолтын хэр хэмжээнээс болно. Гэвч энэ тохиолдолд тухайн хүн удаан хугацаагаар унтаж амарсан байгаа тул аффектэд орох боломжтой” гэж тус тус хариулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-г, 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-г тогтоохоор хуульчилсан байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж, хэлэлцүүлэгээр тухайн асуудлаар шинжээч томилж, шинжилгээ хийлгүүлэхийг хүссэн боловч шүүх хуралдаанаар тогтоох боломжтой гэж үзэн хангалгүйгээр шийдвэрлэсэн. Иймээс А.Б- тухайн мөчид сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан эсэхийг шинжилгээ хийлгэж, нарийвчлан тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлнө гэж үзэж байх тул хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч А.Б-ий өмгөөлөгч К.Манлай гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолд “...шүүгдэгч А.Б- нь тухайн үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Энэ талаар шинжээчийн дүгнэлт зайлшгүй гаргах шаардлагагүй гэж үзлээ...”, мөн “...эдгээр үйлдлийг хийж байх үед шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ...” гэж өмгөөлөгч нарын саналыг хүлээж аваагүй үндэслэлээ тайлбарласан байна. Шүүгдэгч А.Б-ий өмгөөлөгч нарын саналаар шүүх хуралдаанд оролцсон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч Л.Баттулга гэм буруугийн хэлэлцүүлэгт “сэтгэл санаа хүчтэй цочрон давчидах нь хууль зүйн ойлголт биш бөгөөд цэвэр сэтгэл зүйн ойлголт юм. Бид өмнө нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан эсэх дээр шинжилгээ хийж дүгнэлт гаргаж байсан. Мөн одоо ч гаргах боломжтой, учир нь энэ дүгнэлтийг гаргахад нөхөн шинжилгээ хийж болдог” гэж мэдүүлсэн. Өмгөөлөгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинжийн субъектив талын шинжийг бүрэн тогтоогоогүй тул сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан эсэх талаар заавал шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч А.Б-ий өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй хэмээн үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Гэрч А.Амарбат, Э.Цогтбаатар, Э.Энхтөр, М.М- нарын мэдүүлгээс үзэхэд, М.М-, Д.Ганхуяг нарын үйлдэл “нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь хүний амь нас хохирох байдалд хүргэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхад прокуророос шалгаагүй, шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

2. Шүүгдэгч А.Б-ий үйлдэл нь амь хохирогч М.Бат-Очирын хууль бус халдлага эхэлсэн үед хийгдсэн болох нь гэрч Э.Энхтөр, Э.Цогтбаатар, А.Амарбат нарын мэдүүлэг, А.Б-ий эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. А.Б-д учирсан гэмтлийг амь хохирогчоос өөр хүн учруулах боломжгүй бөгөөд амь хохирогч түүнийг хагарсан пивоны шилээр зүсэхээр дайрч, зүсч, зодсон байдаг. Ямар ч хүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй юм.

3. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээ, нэмэлт шинжилгээ зэргээр амь хохирогч М.Бат-Очирыг гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэсэн. Шүүгдэгч М.М- амь хохирогчийн нүүр лүү нь нэг бус удаа гутлаараа өшиглөж гэмтээсэн талаар гэрчүүд мэдүүлдэг. Гэтэл юуг үндэслэж М.М- зөвхөн хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн шүүх ямар ч хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь ойлгомжгүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн холбогдогчийн үйлдлийг шалгалгүйгээр, нотлох баримтыг үнэлэлгүйгээр ийнхүү хөнгөрүүлж зүйлчилсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Түүнчлэн шинжээч томилсон тогтоол, шинжээчид тавигдсан асуултуудад амь хохирогч үхэлд хүргэсэн гэмтэл авсны дараа ямар хугацаанд амьд байх боломжтой, ямар үйлдэл хийх боломжтой эсэх талаар тусгагдаагүй, хариулт аваагүйн гадна, гэрч Б.Гүррагчаагийн мэдүүлгээс дүгнэхэд, А.Б-ий үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан нь эргэлзээтэй.

4. Амь хохирогч М.Бат-Очирын “А.Б-ийг зодож хөнгөн хохирол учруулсан” гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад, улмаар хэрэгсэхгүй болгосон нь дэндүү хариуцлагагүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад яллагдагч нас барсан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар заасан.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Б-ий өмгөөлөгч Б.Баасанцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйя. Шүүгдэгч А.Б-ий өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх тухайн цаг хугацаанд байсан гэрчүүдийн мэдүүлэг, камерын дүрс бичлэг зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс хэргийн бодит байдалд хийсвэр дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Шүүгдэгч А.Б- амь хохирогчийн зүй бус үйлдэл, доромжлол, эрхшээлд бүрэн автасны улмаас сэтгэл санаа нь цочрон давчдаж түүнийг алсан байдаг. Тэрээр хүний амь нас хохирсон асуудалд маргаагүй бөгөөд амь хохирогчийн ар гэрт хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье...” гэв.

Шүүгдэгч М.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна.” гэв.

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч М.М-ын өшиглөсөн үйлдлийн улмаас амь хохирогчийн хамраас цус гарсанд маргахгүй. Шинжээчийн мэдүүлгээс үзвэл хамраас цус гарч тогтсон асуудал нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамар, ухархайн гэмтэл нь гараараа цохих болон гутлаараа өшиглөхөд аль алинаар нь үүсгэгдэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл амь хохирогчид учирсан хөнгөн зэргийн гэмтэл А.Б-ий гараараа цохих үйлдлийн улмаас үүссэн байж ч болзошгүй, эргэлзээтэй байдаг...” гэв.

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Г.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуулын өмгөөлөгч С.Чулуунбаатарт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. “ТНТ” зочид буудлын гаднах хяналтын камерын дүрс бичлэгээс үзвэл шүүгдэгч А.Б- тухайн цаг хугацаанд сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан, аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Талийгаач М.Бат-Очир нь шүүгдэгч А.Б-д цохиулж газар савж унаснаас хойш дахин босоогүй, идэвхитэй үйлдэл хийгээгүй байдаг...” гэв.

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийн материалыг судлахад, шүүгдэгч М.М- өөрийн нөхөр М.Бат-Очирыг хөдөө явсан хойгуур зочид буудалд бусадтай хамт архидан согтуурч, маргааш нь түүнийг дуудан ирүүлсэн. Улмаар амь хохирогч М.Бат-Очир зочид буудалд ирснээр хардалт үүсч, тэнд байсан хүмүүстэй маргалдсан байдаг. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон. Амь хохирогч М.Бат-Очирын зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч А.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, улмаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь шүүгдэгч А.Б-ий хувьд харин ч ашигтай шийдвэр болсон гэж үзэж байна. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэдэг нь түрхэн зуур хийж байгаа хариу үйлдэл гэдгийг шинжээч нар мэдүүлсэн. Камерын дүрс бичлэгээс үзвэл шүүгдэгч А.Б-, амь хохирогч М.Бат-Очир нар өрөлт авч харилцан зодолдсон нь тодорхой харагддаг. Иймээс шүүгдэгч А.Б- тухайн цаг хугацаанд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан, аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Шүүх эмнэлгийн шинжээч амь хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж байдлыг тогтоохоос биш уг гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоохгүй. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцүүлэн шүүгдэгч нарт тохирох ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТНТ” зочид буудалд М.М- нь бусадтай архидан согтуурч, өөрийн хамтран амьдрагч М.Бат-Очирыг дуудан ирүүлсэн ба 21 цаг 20 минутын үед тус буудлын 305 тоот өрөөнд М.Бат-Очиртой гэр бүлийн таагүй харилцааны улмаас маргалдаж, харилцан хүч хэрэглэх явцдаа нүүрэн тус газарт нь өшиглөснөөс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар М.Бат-Очир түүнийг хамт байсан хүмүүстэй нь хардаж маргаан үүсгэн, 21 цаг 25 минутын үед тус буудлын гадна талбайд А.Б-тэй харилцан зодолдох явцад А.Б- нь М.Бат-Очирын толгойн тус газарт цохиход хохирогч дагзаараа газар савж унаснаас гавал тархины битүү гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэн нас барсан үйл баримт тогтоогдлоо.   

Тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлыг мэдүүлсэн гэрч Э.Цогтбаатарын “...“ТНТ” зочид буудалд найз М-, Б- нарын хамт архи ууцгааж хоносон. Маргааш нь М-ын нөхөр Бат-Очир, зүс таних ах Хуягаа нар ирээд ... Б- бид хоёрыг хэл амаар доромжлон цохиж байхад гаднаас М- орж ирээд нөхөртэйгээ маргалдаад нүүр лүү нь өшиглөөд хамраас нь цус гаргачихсан... Бат-Очир гартаа пивоны шил бариад бид хоёрын араас хөөсөн... гадаа гараад Б-тэй маргалдаж, бие биенийхээ нүүрэн тус газарт цохиход Бат-Очир газарт унасан...” /1хх-ийн 96-98/ гэх,  

гэрч Э.Энхтөрийн “...бид нарыг гадаа гарахад М-ын нөхөр гартаа пивоны хагарсан шилний хүзүү хэсгийг барьчихсан “Та нарыг ална” гээд дайрахаар нь би гарт нь байсан шилийг өшиглөж унагаасан. Тэгтэл Б- түүний нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиж унагаагаад дээрээс нь хэд хэдэн удаа цохисон... М-ын нөхөр босч ирээд Б-ийг элдэв янзаар хараагаад заналхийлээд байхаар нь Б- дахин нүүрэн тус газар нь нэг удаа цохиход хойшоо хатуу хучилттай зам дээр дагз хэсгээрээ саваад уначихсан. Тэгээд босч ирээгүй...” /1хх-ийн 102-103/ гэх,

гэрч Д.Ганхуягийн “...Очироо Цогоотой хэрэлдэж, элдвээр хэлж доромжлоход шивээстэй залуу нь Цогоог өмөөрч Очироотой маргалдсан. Намайг гадаа гарахад талийгаач ухаангүй хэвтэж байсан...” /1хх-ийн 106-108/ гэх,

гэрч А.Амарбатын “...тэр хоёр залуу 305 тоот өрөөнд оронгуутаа тэнд унтаж байсан хоёр залууг алгадаж сэрээгээд элдвээр доромжлоод байсан... тэгтэл талийгаач залуугийн эхнэр нь гаднаас орж ирээд нөхрийгөө цохиж аваад эрчиндээ орон дээр унасан ... арзгар ултай гутлаараа нөхрийнхөө нүүр лүү өшиглөж хамраас нь цус гаргасан... талийгаач гартаа хагархай шил барьчихсан “Та хоёрыг ална” гэхэд цагаан футболктой залуу гар луу нь өшиглөөд шилийг нь унагаасан... талийгаач нь Б-ийг цохиж авахад Б- зөрүүлээд шанаанд нь цохиж газар унагаагаад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон... талийгаач босч ирээд заналхийлж, дахин зодолдох гээд өрөхөд Б- нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгэхэд талийгаач хойшоо дагзаараа савж унаад толгойн ар хэсгээс нь цус гарчихаар нь би дотогшоо ороод дуудлага өгсөн...” /1хх-ийн 116-117/ гэх,

гэрч Б.Ариунжаргалын “...талийгаач гартаа хагарсан пивоны шилний амны хэсгийг нуугаад барьчихсан байсан ба Бээб гэх залуу “Чи шилээ хаячих, хоёулаа эр хүн шиг зодолдъё” гэж хэлэхэд хажуу талаас нь зохион байгуулагч Төрөө талийгаачийн гар луу нь өшиглөөд шилийг унагаасан... Бээб гэх залуу талийгаачийг ... цохиход ар дагз хэсгээрээ замын хатуу хэсэг дээр нэлээд хүчтэй савж унасан...” /1хх-ийн 118-119/ гэх мэдүүлгүүд нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ТНТ” зочид буудлын хяналтын камерын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 69-80/-ээр давхар нотлогдож байна.

Талийгаачийн М.Бат-Очирын цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн 1647 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан...” /1хх-ийн 142-143/ болохыг тогтоосон бөгөөд хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээний 969 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...талийгаачийн цогцост тогтоогдсон дагз ясны дагзны төвгөр, нугасны том нүх болон турк эмээлийг дайрсан шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз болон суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их, бага тархины орой болон суурийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд, харин баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний ухархайн дотор ба дээд ханын хугарал, мөн хамрын ясны хугарал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, мөн баруун, зүүн хацар, шанаа, баруун завьжны зөөлөн эдийн няцрал гэмтэл, зүүн шилбэний шарх гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд зүүн бугалганы цус хуралт гэмтлээс бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл...” болохыг /1хх-ийн 147-149/ тодорхойлсон.

Түүнчлэн А.Б-ий сэтгэцийн байдалд шинжилгээ хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 658 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүнийг “...хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан, үнэн зөв мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” /1хх-ийн 194-195/ болохыг тогтоосон ба дүгнэлт гаргасан шинжээч М.Ундармаа, Д.Дэжидмаа, Л.Баттулга нар шүүх хуралдаанд оролцож, гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан үндэслэл бүхий тайлбар, мэдүүлгийг өгсөн байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх М.М-, А.Б- нарын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч М.Бат-Очирын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоог бодитой тогтоож, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.

Өөрөөр хэлбэл, амь хохирогч М.Бат-Очирын биед үүссэн “хоёр нүдний ухархайн дотор, дээд ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч М.М-ын өшиглөх үйлдлийн улмаас учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэхүү үйл явдлын дараа амь хохирогч М.Бат-Очир нь шүүгдэгч А.Б-тэй харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Б-ий гэмт үйл ажиллагаанд сэтгэл санааны гэнэтийн цочролд автсан, сэтгэхүйн хэвийн байдлаа алдсан шинж илрээгүйн гадна, довтлогч этгээдийн хууль бус халдлагын эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал байгаагүй. Харин тэрээр өөрийгөө удирдан жолоодож үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан хүний амь хохирох хор уршгийг шууд хүсээгүй боловч түүнд зориуд хүргэж, хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд уурсан дургүйцэж, тодорхой хугацаанд үргэлжлэн зодолдсон ба хохирогч түүнд цохиулж газарт унаснаар гавал тархины битүү гэмтэл авч дахин босоогүй, идэвхитэй үйлдэл хийлгүй байсаар нас баржээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тал бүрээс нь бүрэн бодитой, үнэлэлт дүгнэлт өгсөн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Прокуророос М.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч М.М- нь тухайн цаг хугацаанд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Бат-Очиртой маргалдаж, нэг нэгнийхээ биед халдсан ба энэхүү үйл явдлаас өмнө М.Бат-Очирын эрүүл мэнд, сэтгэл санааны эсрэг байнгын шинжтэй гэмт үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх байдлуудыг үндэслэн, анхан шатны шүүх прокуророос М.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, А.Б-ийг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгч А.Б-, М.М- нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор зохих ял шийтгэлийг тус тус оногдуулсан нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Түүнчлэн амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуулын гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон, үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруугийн хэлбэр, хууль хэрэглээ, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэл заан маргасан шүүгдэгч А.Б-ий өмгөөлөгч Г.Тамир, К.Манлай, А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-ий өмгөөлөгч Г.Тамир, К.Манлай, А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                          ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                          ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН