Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/02355

 

 

 

 

 

 

 

 

 

          2017 оны 10 сарын 31 өдөр

           Дугаар 183/ШШ2017/02355

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  . . . . . . . . . . . . . . . . байрлах СР.М.И ХХК /РД: . . . . . /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  . . . . . . . .. . . . . . . . байрлах Т.Т ХХК /РД:. . . . . . . /-д холбогдох

Гэрээ цуцалснаас учирсан хохирол 7 093 300 төгрөг, ажлын хөлс 20 104 000 төгрөг, нийт 27 197 300 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 42 300 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч Ц.А, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанид учирсан хохирол 127 ам доллар буюу 259 990 төгрөг, Строй партнёр  ХХК-аар барилгын зураг төслийн ажил хийлгэхэд 81 400 рубль буюу 2 428 976 төгрөг, НӨАТ-т 3 845 454 төгрөг, ОХУ-ын хил хүртэл машинаар явахад 80 000 төгрөгийн шатахуун, ОХУ-д очоод авсан 7000 рубль буюу 208 800 төгрөгийн шатахуун нийт 6 823 000 төгрөг, албан бичгийн орчуулгын хөлсөнд 200 000 төгрөг торх болон рика мод бэлтгэхэд 280 000 рубль буюу 8 355 200 төгрөг, мод материал татаж баазад буулгахад тээврийн зардалд 320 000 рубль буюу 9 548 800 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2 000 000 төгрөг нийт 26 927 300 төгрөгийн хохирол учирсан.

Захиалагч талаас хариуцагч Т.Т. ХХК нь 2016.02.29-ний өдөр гүйцэтгэгч талаас нэхэмжлэгч СР.М.И ХХК-тай харилцан тохиролцож Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах хариуцагчийн амралтын газарт 2 давхар дүнзэн байшингийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д зааснаар гэрээт ажлын нийт төлбөр 211,500,000 төгрөг, 3.2-д зааснаар ажлын урьдчилгаа төлбөр 20 хувь буюу 42,300,000 төгрөг байхаар тус тус зааж өгсөн. Таскания трейдин ХХК нь гэрээний 3.2-д зааснаар урьдчилгаа 42,300,000 төгрөгийг СР.М.И ХХК-ийн дансанд шилжүүлж өгсөн. Гэрээний гүйцэтгэгч тал нь гэрээ байгуулсан, талууд харилцан тохирсон, гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарсан, урьдчилгаа төлбөрөө хийсэн, гэрээ хүчин төгөлдөр болсон учраас гэрээний үүргээ биелүүлж эхэлсэн. Ажлын үр дүн гараагүй, үр дүнг хүлээж аваагүй, ажил дөнгөж эхэлж байхад захиалагч тал болох Т.Т. ХХК гэнэт ажил гүйцэтгэх гэрээний 8.1 дэх хэсгийг зөрчиж 2016.03.29-ний өдөр “танай компаниар ажил гүйцэтгүүлэхээс татгалзаж байна, гэрээний урьдчилгаа төлбөр болох 42,300,000 төгрөгийг манай

компанид буцаан олгож өгнө үү” гэсэн бичгийг ирүүлж ажил дуусахаас өмнө гэрээгээ цуцалж уг ажлыг гүйцэтгэхэд гарсан зардал, ажилчдын ажлын хөлсийг манай компани төлж хохирол учрууллаа. Гэрээ байгуулсан 2016.02.29-ний өдрөөс уг бичиг иртэл 2016.03.29-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд манай компани ОХУ руу мөнгөө банкаар гуйвуулаад, өөрсдөө машинаар ОХУ-ын Эрхүү хотод машинаар очоод, байшин барих модоо модоо бэлдүүлээд, бааз руу татуулаад Монгол Улс руу авч ирэхэд бэлэн болгочихсон байсан. Мөн гэрээ байгуулах санал ирэхэд байшингийн зураг төслийг мэргэжлийн Строй партнёр ХХК-иар хийлгээд захиалагч талд үзүүлээд зөвшөөрөөд төсвөө гаргаад тохирчихсон байсан. Нийт 26,927,300 төгрөгийн хохирол учирсан тул Иргэний хуулийн 343, 352.5.3, 355.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Ам.долларыг Монгол банкны өнөөдрийн ханшаар 2047,17 төгрөгөөр, рублийн ханшийг 29,84 төгрөгөөр бодож гаргасан гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэрээгээ цуцалъя гэж хэлчхээд одоо хохирсон гэж яриад байна. 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр биш 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр бид гэрээ цуцлуулах хүсэлт өгсөн. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр СР.М.И ХХК-иас албан тоот авахдаа СР.М.И ХХК-иас байшин бариулахтай холбоотой гарсан зардал болон мөнгө шилжүүлэхэд 117 ам доллараас бусад урьдчилгаа төлбөрийг өгөхөд бэлэн байна гэж байгаа. 117 ам доллар гэж байгаад одоо 117 ам доллар болсон. Хэлсэн дүнгүүд өөрчлөгддөг. Ямар нэгэн байдлаар мөнгө салгаж авах гэсэн зорилготой нотлох баримтууд нь зөрдөг. Захирал нь би алдаатай зүйл хийсэн тийм учир танайд 6 000 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлье гэсэн талаар нотлох баримт байгаа. Захирал нь би хэлээгүй гэж батлаад байдаг ба шүүх хуралдаан дээр өөр зүйл яриад байдаг. 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ярихад танайх боль боль манайх захиалга ихтэй байгаа гэж хэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 7,8 өдрүүдэд амралтын өдөр байсан тул 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээ цуцлах албан тоотоо өгсөн.

Тус нэхэмжлэлийн тайлбар нотолгоо баримтууд нь өөрийнх нь компанийн албан бичгүүдээс өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь ИХШХШТХ-н 42 дүгээр зүйлийн 42.1. “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн”, 38 дүгээр зүйлийн 38.4-д “Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах”, 38.5 “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах” гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна. Ажил гүйцэтгэх гэрээнд ОХУ-д мод бэлтгэж оруулж ирнэ гэсэн ганц ч үг үсэг байхгүй. Харин захиалагчийн Горхи тэрэлж, амралтын газарт 2 давхар байшингийн торхыг бэлдэж, угсралтын ажлыг хийх ёстой байгааг ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх заалтаас харж болно. СР.М.И ХХК нь Монгол улсад бүртгэлтэй учраас албан ажил орчуулга нь тухайн байгууллагын дотоод асуудал, мөн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.1-д “Гүйцэтгэгч гэрээт ажлыг захиалагчийн баталсан зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэх”, “Зураг төсөвт заагдсан хэмжээ, үзүүлэлтийг нарийн баримталж” гэж заасан учраас зураг төслийн ажил нь гэрээнээс гадуур гарсан зардлыг Т.Т. ХХК нь хариуцахгүй. Учир нь 2 давхар байшингийн ерөнхий зургийг мэргэжлийн байгууллагаар манай компани өөрөө гаргаж СР.М.И ХХК-д үзүүлсэн. Байшингийн зургийг хүлээн авч зургийн дагуу барих болно гэж үнийн саналаа бидэнд өгсөн гэрээ байгуулагдсан байхад гэрээний үүргээ ноцтой зөрчиж захиалагчийн өгсөн зургийн хэмжээний дагуу ажлын зургийг хийж гүйцэтгээгүй, нийт талбайн хэмжээг нэмэгдүүлж, өрөөний хэмжээг зөрүүлж гэрээг зөрчсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 8.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг бүрэн хариуцаж нөхөн төлөх буюу арилгах үүрэгтэй” гэж хариуцлага хүлээхээр заасан байгаа. Иргэний хуулийн 219.1. “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гүйцэтгэгч СР.М.И ХХК нь манай компаниас 2,612,000 төгрөгийг суутган хасна гэснийг Т.Т. ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Иргэний хуулийн 219.4-д “Үүрэг гүйцэтгэгч санаатайгаар үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг арилгах үүргээс түүнийг чөлөөлөхөөр урьдчилан тохиролцож болохгүй” гэж үзсэн. Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар гэрээт ажлын нийт төлбөр 211,500,000 төгрөг байхаар гэрээнд заасан. Т.Т. ХХК нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргээ биелүүлж гэрээний 3.2-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 1 хоногийн дотор урьдчилгаа төлбөр болох 42,300,000 төгрөгийг СР.М.И ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдөр бэлнээр өгсөн. Т.Т. ХХК нь анхнаасаа гэрээний 1.4 заалтын дагуу ажил эхлэхээс өмнө 2016.03.09-ны өдөр гэрээ цуцлах тухай албан бичгийг сөрөг хариуцагч СР.М.И ХХК-д албан ёсоор бичгээр өгсөн зэргээр, захиалагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Гэрээ байгуулаад, урьдчилгаа төлбөр аваад, дараа нь санаатайгаар гэрээгээ зөрчөөд, хохирлоо барагдуулах мэтээр хугацаа хожих байдлаар шүүхэд хандаж, Т.Т. ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг илтэд хохироож байгааг тус компанийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Захиалагч талаас сөрөг нэхэмжлэгч Т.Т. ХХК нь 2016 оны 02-р сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн газарт 2 давхар дүнзэн байшингийн тын ажлыг гүйцэтгэгч талаас сөрөг хариуцагч СР.М.И ХХК-тай гэрээт гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэрээнд зааснаар гэрээт ажлын нийт төлбөр 211,500,000 төгрөг байхаар гэрээнд заасан. Т.Т ХХК нь урьдчилгаа төлбөр болох 42,300,000 төгрөгийг СР.М.И ХХК-д 2016 оны 03-р дугаар сарын 01-нд Саян захирлын хүсэлтээр бэлнээр өгсөн. СР.М.И ХХК нь анхнаасаа гэрээний үүргээ ноцтой зөрчиж, захиалагчтай тохиролцоонд хүрсэн зүйлээсээ татгалзсан учир гэрээний 1.4 заалтын дагуу ажил эхлэхээс өмнө 2016.03.09-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч СР.М.И ХХК-нд албан ёсоор бичгээр өгсөн. Гүйцэтгэгч компани хариу мэдэгдэл өгсөн. Уг хариу мэдэгдэлдээ гүйцэтгэгч тал захиалагчийн гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авч түүнийг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа зөвшөөрч урьдчилгаа төлбөрөөс 39 688 000 төгрөгийг өгнө гэсэн хариуг гүйцэтгэгч тал 2016 оны 3-р сарын 28-нд албан бичгээр хүлээн зөвшөөрсөн. Захиалагч манай компани нь 2.612.000 төгрөгийг суутган хасна гэснийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь ямар нэгэн ажил огт хийгдээгүй тул урьдчилгаа төлбөр 42,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Т.Т. ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 42 300 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаснаас 17 372 700 төгрөгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч 24 927 300 төгрөгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээнд талууд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болоод 9 хоногийн дараа буюу 2016.03.09-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг ирүүлсэн байсан. Энэ 9 хоногийн хугацаанд 24 927 300 төгрөгийг зарцуулсан байсан. Т.Т. ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 1.4 дэх хэсэгт заасан “талууд харилцан зөвшилцөж, хийгдсэн ажлыг хүлээлцэж төлбөр тооцоог дуусгаснаар” гэснийг зөрчиж харилцан зөвшилцөөгүй, хийгдсэн дээрхи ажлыг хүлээлцэж дүгнээгүй, тооцоог хийгээгүй. Гэрээний 8.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг бүрэн хариуцаж нөхөн төлөх буюу арилгах үүрэгтэй” гэж хариуцлага хүлээхээр зааж өгсөн. Гэтэл Т.Т. ХХК нь 9 хоногийн хугацаанд хийгдсэн ажлыг хүлээлцэж тооцоог хийж харилцан тохирсонгүй. Захиалагч тал гэрээний 4.1, 4.2 дахь хэсгийг тус тус зөрчиж гүйцэтгэгчтэй харьцах эрх бүхий ажилтанг томилон ажиллуулаагүй, гэрээний үүргийн биелэлтэд хяналтаа тавьж, шаардлага өгч чадаагүй. Иргэний хуулийн 225.4-д “талууд гэрээнээс татгалзаж болохгүй”, 343-д “ажил гүйцэтгэх гэрээ”, 343.2-т “ажлын үр дүн байна”, 352.5.3-т “үр дүнг хүлээж аваагүй байхад ажлын хөлсөө төлүүлэх”, 355.6-д “учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус зааж өгсөн байгаа гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СР.М.И ХХК нь хариуцагч Т.Т. ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохирол 7 093 300 төгрөг, ажлын хөлс 20 104 000 төгрөг, нийт 27 197 300 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 42 300 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Дараах  нөхцөл байдал тогтоогдлоо:

Нэг талаас захиалагч буюу Т.Т. ХХК нь нөгөө талаас гүйцэтгэгч буюу СР.М.И ХХК нар нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах Таскания трейдин ХХК-ийн амралтын газарт 2 давхар дүнзэн байшингийн угсралтын ажлыг 211 500 000 төгрөгт гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. /21-29-р хуудас/

Уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцааг үүсгэсэн байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй байна. Харин гэрээ цуцлагдснаас учирсан хохирлын талаар маргаж байна.

Захиалагч буюу Тасканя трейдин ХХК 2016 оны 3 сарын 9-ний өдөр 16-03/03 тоот албан бичгээр гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлснээр дээрх ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байна. / хх 30-р хуудас/

 

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардалын үндэслэлээ ажил эхэлсэн байхад захиалагч Т.Т ХХК гэрээний 8.1 дэх хэсгийг зөрчиж ажил гүйцэтгүүлэхээс татгалзсан тул гэрээ цуцалснаас учирсан хохирол, ажлын хөлсийг шаардаж байна гэж тайлбарласан.

Хариуцагч тал нь байшингийн ажлын ерөнхий зургийг гаргасны дараа ажлын зураг батлагдсанаар гэрээ хэрэгжих байтал өгсөн зургийн хэмжээний дагуу ажлын зургийг хийж гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээг цуцалсан өөрөөр хэлбэл гэрээний үүргээ ноцтой зөрчиж захиалагчийн өгсөн зургийн хэмжээний дагуу ажлыг зургийг хийж гүйцэтгээгүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй, гэрээ цуцлагдсан явдалд нэхэмжлэгч буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж нэхэмжлэгч СР.М.И ХХКнь гэрээ цуцалснаас учирсан хохирлыг хариуцагч Т.Т. ХХК-иас шаардах эрхтэй байна.

Хариуцагч тал уг гэрээний зураг төслийн ажлын шатанд байсан бөгөөд торхыг барих ажил эхлээгүй байсан гэх боловч талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 2-т “Оросын нутаг дэвсгэр дээр торхыг барих ажил гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 2016.03.30” гэж байгааг анхаарч нэхэмжлэгч тал гэрээ байгуулагдсанаас хойш торхыг бэлтгэх болон ажлын зардал үүссэн, мөн гэрээг цуцалсны улмаас учирсан хохирол бий болсон байна гэж дүгнэлээ.

Иймд хэрэг авагдсан баримтаар:

- мөнгө шилжүүлэхэд төлсөн хураамж 127 ам.доллар буюу 259,990 төгрөг, хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээний урьдчилгаа болгон шилжүүлсэн 42 300 000 төгрөгт ногдох НӨАТ-т 3 845 454 төгрөг, ОХУ-д зарцуулсан шатахуун 7000 рубль буюу 208 880 төгрөг, Ү.Ө ХХК-д орчуулгын хөлс 470 000 төгрөгийг /204-р хуудас/ гэрээнээс учирсан хохирол

- торх болон рейк мод бэлтгэхэд 8 355 200 төгрөгийг СР.М.И ХХК-ийн Мобит компанитай байгуулсан гэрээ, гүйцэтгэсэн ажил хүлээлгэн өгөх акт, 280 000 рубль/ шилжүүлсэн баримтыг үндэслэн, мөн мод материал татаж баазад буулгахад Русдомстрой компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр тээврийн зардал 320 000 рубль /9 548 800 төгрөг/ -ийг шилжүүлсэн байх тул нийт 17 904 000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний зардал гэж тооцож хариуцагчаас тус тус гаргуулах нь зүйтэй юм.

 

Харин хэрэгт авагдсан Строй партнер ХХК-иар барилгын зураг төслийн ажил хийлгэхэд 81 400 рубль төлсөн баримт нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээг бус 2 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг үндэслэн төлөгдсөн, 80 000 төгрөгийн шатахууны баримтад /38-р хуудас/ хэзээ төлсөн огноо нь бүдэг ба өмгөөллийн хөлсөнд 2 000 000 төгрөг гаргуулах шаардлага нь гэрээнээс учирсан хохирол гэж үзэхгүй нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсэн төлбөр тул гэрээнээс учирсан хохиролд нийт 4 508 976 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлд хавсаргасан Монгол банкны 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн лавлагаагаар 1 ам долларын ханшийг 2047,17 төгрөг, рублийн ханшийг 29,84 төгрөг гэж тодорхойлсон баримтыг үндэслэн тооцлоо.

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээг зөрчсөнөөс цуцалсан тул урьдчилгаа төлбөрөө гаргуулна гэж, нэхэмжлэгч тал нь сөрөг нэхэмжлэлээс 17 372 700 төгрөгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч, 27 197 300 төгрөгийг хохирол гарсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1 дэх заалтаар ажлын нийт төлбөрийг 211 500 000 төгрөг гэж тодорхойлсон, гэрээний 3.2-т зааснаар ажлын урьдчилгаа төлбөр 20 хувь буюу 42 300 000 төгрөг гэж тохиролцон төлбөрийг СР.М.И ХХК-ийн дансанд шилжүүлжээ.

Харин захиалагч буюу Т.Т. ХХК нь гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 217,662 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 369 450 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 369 450 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369 450 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, Ц.А-д буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6-д зааснаар хариуцагч Т.Т. ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохиролд 22 688 324 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч СР.М.И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 508 976 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан СР.М.И ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөр 42 300 000 төгрөгийг гаргуулан Т.Т. ХХК-д олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292 587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 217 662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 369 450 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 369 450 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369 450 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, Ц.А-д буцаан олгосугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Ц.УРАНГУА