Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0570/З |
Дугаар | 112 |
Огноо | 2017-03-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 112
“Бага таян” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, Б.Энхтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 946 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0107 дугаар магадлалтай, “Бага таян” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 946 дугаар шийдвэрээр: Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус үндэслэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Бага Таян ХХК-ийн МV-000150 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, мөн Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газрын эргээс онцгой бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоосны дагуу өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг буцаан олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах шаардлага бүхий Багатаян ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0107 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 946 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад ...Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус үндэслэн... гэснийг хасч, 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан гэсэн өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл ... геологи уул, уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана гэж заасан” гэх үндэслэлгүй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх хуулийн зохицуулалт нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл гэж зааснаас үзэхэд тус хуулийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээ нь хэсэгчлэн болон бүрэн цуцлагдаагүй тусгай зөвшөөрлөө эзэмшиж байгаа этгээдэд хамаарахаар байгаа юм.
Харин “Бага таян” ХХК-ийн хувьд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасантай давхцалтай хэсгийг буцаан олгосон байдаг. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт 2011 оны Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг тогтоосон тухайд дүгнээд, мөн “Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 582 дугаар шийдвэрээр “Бага таян” ХХК-ийн MV-000150А дугаар тусгай зөвшөөрөл бүхий 91 гектар талбайгаас гол мөрний урсац бүрэлэх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцсан 62,46 гектар хэсгийг цуцалж, мөн шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулснаар “Бага таян” ХХК нь 28,4 гектар талбайд ашигт малтмал ашиглах эрхтэй болсон байна” гэж дүгнэсэн байдаг.
Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх энэхүү үндэслэлгүй дүгнэлтийг баталгаажуулсан дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, нэгэнт тус хуульд заасан хориглосон хилийн заагт давхцсан талбайгаа цуцлуулсан аж ахуйн нэгжийг цуцлаагүй байсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарах хуулийн зохицуулалтад оруулан дүгнэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй гарахад нөлөөлжээ.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...ашиглалтын тусгай зөвшөөрлөөс цуцлагдсан 62,46 гектар талбайгаас 49,3 гектар нь энгийн хамгаалалтын бүсэд орж, хориглосон талбайгаас чөлөөлөгдсөн байна” гэж хавтаст хэрэгт авагдсан баримтуудад зөв дүгнэлт хийсэн байна. Гагцхүү шүүхээс “Бага таян” ХХК-ийн талбай цуцлагдсан байгаад одоо зарим хэсэг нь чөлөөлөгдсөн гэж дүгнэсэн атлаа цуцлагдаагүй этгээдэд хамааралтай хуулийн заалт хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл холбогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул түүний хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хасагдсан 49.3 гектар талбайг буцаан олгох шийдвэр гаргахыг захиргааны байгууллагад даалгах хууль зүйн боломжгүй гэж шүүх үзлээ” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд харин давж заалдах шатны шүүхээс Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан хугацааг гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаагүй асуудлаар шүүхээс дүгнэлт хийсэн. Хариуцагч нь өргөдлийн бүрдүүлбэр болон хугацааны талаар огт маргаагүй байна. Тэрхүү хуульд заасан хугацаа нь “Бага таян” ХХК-д хамааралгүй байна.
Учир нь хариуцагч “Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар урт нэртэй хуулийн хилийн заагийн солбилцлыг шинэчлэн тогтоосноос өмнө нь уг тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг нь уг хилийн заагт хамаарахгүй болсон байна” гэжээ. Харин цуцлагдсан талбайг буцаан олгох эрх зүйн зохицуулалт байхгүй, Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор буцааж олго гэж шийдээгүй учраас буцаан олгох боломжгүй гэж маргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх зөрчсөн гэж үзэхээр байна.
Хариуцагчийн тайлбарт “...нэгэнт солбилцолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зохицуулалт байхгүй байна” гэж маргаснаас бус өргөдлөө хуульд заасан шаардлагад нийцүүлэн гаргаагүй гэсэн тайлбар хийгээгүй юм. Захиргааны хэргийн шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах бүрэн эрхтэй бөгөөд захиргааны байгууллага тухайн салбарын хууль журмын дагуу өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой юм.
Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.3-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”; 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж заасан байдаг.
Мөн хуулийн 13.4.1-д “Засгийн газар тухайн талбайг хугацаанаас нь өмнө чөлөөлөх шийдвэр гаргасан”, 13.5-д “Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ” гэж заасан бөгөөд хуулиар захиргааны байгууллагуудад дээрх эрхүүд олгогдсон байна.
Нэгэнт Засгийн газрын тогтоолын дагуу чөлөөлөгдсөн талбайг өмнө эзэмшиж байсан “Бага таян” ХХК эзэмших хүсэлтэй байхад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс буцаан олгох эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн тайлбар хийсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 35.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно” гэж заасан бөгөөд тус компанийн ашиглалтын талбайг хуучин хэмжээнд нь нэмэгдүүлж тухайн зөвшөөрөл бүхий талбайн нөөцийг бүрэн ашиглах боломжоор хангах хууль эрх зүйн бүрэн боломжтой юм.
Дээрхээс дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д заасан хуулийн шаардлага хангахгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч “Бага таян” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших Хавчуугийн гол нэртэй, MY-000150А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 91 гектар талбайн зарим хэсэг болох 62,46 гектар талбай нь Улсын Их Хурлаас 2009 онд баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-д заасны дагуу Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор баталсан ашигт малтмал ашиглахыг хориглосон газарт хамрагдаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 582 дугаар шийдвэрээр хориглосон хэсэгт заагдсан хэсгийг ашиглах эрхийг цуцалж, 28,4 гектар талбайд ашиглах эрхийг баталгаажуулан, солбицолд өөрчлөлт оруулж бүртгэсэн үйл баримтын тухайд талууд маргаагүй болно.
Харин Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 282 дугаар тогтоолоор солбилцлыг шинэчлэн тогтоосноор нэхэмжлэгчийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу давхцалтай байсан талбайн зарим хэсэг тогтоолд заасан хилийн заагт хамаарахгүй болсноор нэхэмжлэгч нь уг чөлөөлөгдсөн талбайг буцаан авах хүсэлтээ гаргасан боловч хариуцагчийн зүгээс тухайн талбайг тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцаан олгох хуулийн зохицуулалт байхгүй гэж хариу өгснөөс маргаан үүсчээ.
Мөн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ хуулийн 1 дүгээр зүйлд “... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл ... гурван сарын дотор.... өргөдөл гаргана” гэж өөрчлөлт орсныг үндэслэн энэ хуульд заасан хугацааны дотор өргөдлөө гаргасан эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид маргажээ.
Дээрх байдлаар маргааны үйл баримт тодорхой байхад анхан шатны шүүх Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг үндэслэн өмнө нь эзэмшиж байсан талбайг буцаан авах хүсэлт гаргасан талаарх маргаанд хамааралгүй буюу шинээр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасныг үндэслэн дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.
Харин давж заалдах шатны шүүх маргаанд хамааралтай Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэсэн боловч нэхэмжлэгч энэ хуульд заасан хугацаанд өргөдлөө захиргааны байгууллагад гаргасан эсэх талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, хангалттай тогтоогдоогүй байхад “... хугацаа хэтрүүлсэн...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болно.
Нэхэмжлэгчээс хариуцагч захиргааны байгууллагад хандсан 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/08 дугаар бүхий албан бичгээс гадна “Ашигт малталын газар Уул уурхайн хэлтэст” гэсэн огноо дугааргүй, хэдийд гаргасан нь тодорхойгүй өргөдөл /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, мөн Байгаль орчин аялал аялал, жуулчлалын яамны 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03/4081 албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Эдгээрийг үндэслэн нэхэмжлэгчээс “...талбай буцаан авах өргөдлийг хуульд заасан хугацааны дотор гаргасан...” гэж, хариуцагчаас “... хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаагүй...” гэж зөрүүтэй тайлбар гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргасан эсэхийг шүүх тодорхойлон дүгнэх боломжгүй, энэ талаарх нотлох баримт хангалтгүй байна.
Дээр дурдсаны дагуу хяналтын шатны шүүхээс бүрдэл дутуу нотлох баримтад дүгнэлт хийх боломжгүй тул “шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой, харин түүний гомдолд дурдсанаар хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Шүүхүүд хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 946 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0107 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ