Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00657

 

П.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01351 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1364 дүгээр магадлалтай,

П.Б-ын нэхэмжлэлтэй,

Х” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, харуицагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006.01 сараас Хинд зээлийн эдийн засагч, эрсдлийн газрын мэргэжилтэн, ахлах эдийн засагч, ахлах харилцааны менежер, тооцооны төвийн захирал, салбарын бизнес хөгжил хариуцсан менежер, хяналтын албаны ахлах мэргэжилтэн, тусгай актив зээл төлүүлэлтийн газрын мэргэжилтэн зэрэг албан тушаалд үр бүтээлтэй ажиллаж ирсэн.

 2019.03.20-ны өдрөөс эхлэн өвчний учир 2018.03.23-ны өдрийн хооронд эмнэлгийн магадлагаатай байгааг эхнэр Г.О миний шууд удирдлагуудад мэдэгдсээр байтал ажлаас халах шийдвэр гарган ажилд маань оруулахгүй, бүр эцэст нь 2019.03.26-ны өдөр 26/766 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарган үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд хуульд заасны дагуу хууль бусаар ажлаас халсан тушаалыг хүчингүй болгон үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож, эрхэлж байсан ажилд маань эргүүлэн авахыг даалган 2019.03.20-ны өдрөөс хойших цалин 1 600 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б нь Ханд зээлийн эдийн засагч, эрсдэлийн газрын мэргэжилтэн, ахлах эдийн засагч, ахлах харилцааны менежер, тооцоололын төвийн захирал, салбарын бизнес хариуцсан менежер, хяналтын албаны ахлах мэргэжилтэн, тусгай актив, зээл төлөвлөлтийн газрын мэргэжилтэн зэрэг албан тушаалд тасралтгүй 2016 оны 1 сараас эхлээд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад 2019 оны 3 сарын 20-ны өдөр өвчтэй, 2019 оны 3 сарын 23-ны өдрийг хүртэл эмнэлэгийн магадлагаатай байхад ажлаас халах шийдвэр гаргаж, үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд хуульд заасны дагуу хууль бусаар ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр ажлаас халсныг тогтоож, эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгож, цалин 1 600 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Б нь Хны Иргэдийн банкны тусгай актив зээл төлүүлэлтийн газрын мэргэжилтнээр ажиллах хугацаандаа 2 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэл үндэслэлээр цуцалсан. Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 26/766 тоот тушаал нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Н.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар гэрээг цуцлах тушаал гаргасан. П.Б нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар 3 сарын 20, 21-ний өдрүүдэд ажил тасалсан үйл баримт нь тогтоогдсон тул ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах тушаал гаргасан. Энэ тушаал нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3 сарын 20, 21-ний өдрүүдэд П.Б нь ажил тасалсан байдаг. Мөн 3 сарын 20-ны өдөр Нанзаддорж руу эхнэр нь манай нөхөр ажилдаа очсон уу, ажлаараа гадуур гарсан уу гэртээ ирж хоносонгүй гэж ярьсан байдаг. 3 сарын 20, 21-ний өдөр өвчтэй байсан гэдгийг хэлсэн тухай баримт огт байхгүй. Тиймээс 3 сарын 20, 21-ний өдөр ямар нэгэн шалтгаангүй ажил тасалсан, эхнэр нь П.Быг хайж Х руу ярьсан учраас ажил тасалсан гэдэг нь тогтоогдож байгаа. Эрүүл мэндийн хувьд сахарын өвчтэй, тогтмол эмчийн хяналтад байсан гэдгийг үгүйсгээгүй. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар 8 цагаар хэвийн нөхцөлд бусад ажилчдын адил ажиллаж ирсэн. Эмнэлэгийн магадлагааг банкинд авчирч өгөөгүй шүүх хуралдааны үеэр олж харсан. Хөдөлмөрийн гэрээний 5.7-т зааснаар ажлын нэг өдрийн 8 буюу түүнээс дээш цагаар ажил тасалсан бол ноцтой зөрчил гаргасанд тооцно гэж заагаад харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Иймд П.Быг ажлаас халсан тушаал нь үндэслэлтэй юм гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01351 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК-д /РД:2693321/ холбогдох, Иргэдийн банкны тусгай актив, зээл төлүүлэлтийн газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахыг хүссэн Ц овогтой П.Бын /РД:ХН75110111/ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1364 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01351 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн 181 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01351 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №1364 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин ИХШХШТХ-ийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийлгүй орхигдуулан хэргийн оролцогчид болох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав нарт эрх үүрэг тайлбарлах үүргээ биелүүлээгүй дээрх этгээдүүдэд эрх үүрэг тайлбарлалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд мөн ИХШХШТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.6, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтүвшинд нөлөөллийн мэдүүлэг танилцуулж гарын үсэг зуруулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь дээрх шийдвэр ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон.

Мөн нөгөө талаар анхан шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйл, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь зохих ёсоор үнэлээгүй, “Хөдөлмөрийн тухай хууль”- ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь мөн ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гарахад нөлөөлсөн.

Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хянахдаа давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэх үүргээ биелүүлсэнгүй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын шаардлагатай холбоотой зарим асуудлыг хэрхэн хянаж шийдвэрлэсэн тухайд огт тайлбар өгөөгүй илтэд ойлгомжгүй магадлалыг гаргажээ

Шүүхэд хянагдаж буй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарах нь хэргийг хянаж буй шүүгчийн зүгээс холбогдох хууль, тогтоол, журмыг хэрэглэн хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, хэргийн оролцогчдын хувьд тэгш эрхийн зарчимд үндэслэгдсэн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахаас шууд хамаарна гэж ойлгогдож байна.

Ийм ч учраас ИХШХШТХ болон Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудаас гадна Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс шүүгч заавал хэрэгжүүлэх үүрэгтэй журам, тогтоолыг гаргасан байна.

Тухайлбал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр  хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2016 оны  02 дугаар сарын 08-ны өдрийн №8 тоот тогтоолын 1-р хавсралт “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4 дэх хэсэг “Хэрэг үүсгэсний дараах ажиллагаа” гэсэн хэсгийн 4.1.4-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай” баримт №5, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан “Нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай баримт”-д хэргийн оролцогч, шүүх хуралдааны оролцогчоор тус тус гарын үсэг зуруулахдаа холбогдох ажиллагааг хийж баримтыг хэрэгт хавсаргана” гэсэн, мөн 5 дахь хэсэг “Шүүх хуралдаан” гэсэн хэсгийн 5.1.3-т “хуралдааны явцад хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлан өгсөн тохиолдолд гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай” баримт №10-д гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргана” гэж мөн 7 дахь хэсгийн 7.1-д “Энэ аргачлалын хэрэгжилтэд шүүгч, шүүхийн тамгын газрын дарга хяналт тавьж ажиллана” гэж 7.2-т “Системийн хэрэглэгч хянан шийдвэрлэх ажиллагааг бүртгэхдээ, горимын дагуу ажиллах, болзошгүй алдаанаас сэргийлэх, хариуцлагатай анхаарал болгоомжтой хандах үүрэгтэй. Үүнд шүүгч, тамгын газрын дарга  хяналт тавьж ажиллана” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №23 тоот тогтоолын хавсралт “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын 1 дэх хэсэг “Нийтлэг үндэслэл” гэсэн хэсгийн 1.1-д “Шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн иргэдийн төлөөлөгч /цаашид “мэдүүлэг хөтлөгч” гэх/ нар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, Шүүхийн ерөнхий зөвлөл/цаашид “Ерөнхий зөвлөл” гэх/-д нөлөөллийн мэдүүлгийг хүргүүлэх, Ерөнхий зөвлөлд ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авах, бүртгэх, холбогдох баримт бүрдүүлэх, шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шийдвэрлүүлэх, хариуг олон нийтэд мэдээлэх харилцааг энэ журмаар зохицуулна” гэж “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, холбогдох баримтыг бүрдүүлэх” гэсэн хэсгийн 2.1-д “Мэдүүлэг хөтлөгч, түүний даалгасан этгээд Ерөнхий зөвлөлийн 2013 оны 6 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан маягтын дагуу зохигч, хэргийн оролцогч нарт нөлөөллийн мэдүүлгийг зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар тайлбарлан танилцуулж гарын үсэг /гарын үсгийн тайллын хамт/ зуруулж, баталгаажуулна” гэсэн.

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай“ баримт №5, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан “Нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай баримт”-д хэргийн оролцогч, шүүх хуралдааны оролцогчоор тус тус гарын үсэг зуруулахдаа холбогдох ажиллагааг хийж баримтыг хэрэгт хавсаргана” гэж мөн тус тус заасан байна.

П.Бын нэхэмжлэлтэй Хинд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Хийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцох эрхийг Х 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №29/4656 дугаартай албан тоотоор Н.Ариунтуул, Б.Халиун нарт, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №29/5344 дугаартай албан тоотоор Л.Энхтүвшинд тус тус олгосон байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуултай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өмгөөлөгч Н.Баасанжав нь “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн байна.

ИХШХШТХ-ийн 34-р зүйл, 34.3 дахь хэсэгт өмгөөлөгч гэрээгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хуульд заасан эрх эдэлж үүрэг хүлээхээр хуульчилсан байх учир өмгөөлөгч Н.Б болон мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Л.Э нарт ИХШХШТХ-ийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн эрх үүргийг шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа тайлбарлан өгч, эрх үүрэг тайлбарласан баримтанд гарын үсэг зуруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа болно гэж үзэж байна.

Мөн нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж гарын үсэг зурж баримтжуулаагүй нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа болох юм.

Дээрх алдааг анхан шатны шүүх гаргасан, энэ алдааг нь давж заалдах шатны шүүхийн хуралдаанаас залруулах боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн гомдлыг нэхэмжлэгч талаас гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлын энэ хэсгийг шийдвэрлэж анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дээрх байдлаар зөрчсөн нь үндэслэлтэй зөв эсэх, хэрвээ анхан шатны шүүхийн энэ алдаа нь гаргаж болохуйц зөв зүйтэй алдаа мөн бол ямар хуулийн ямар зүйл заалтаар зөвтгөгдөж байгаа талаар хэрвээ ИХШХШТХ-ийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс гаргасан тогтоол журам хүчингүй болсон учраас анхан шатны шүүх дээрх хууль болон журам тогтоолыг хэрэглээгүй бол хэзээ хэрхэн хүчингүй болсон тухайд магадлалдаа зааж өгөх үүрэгтэй байсан.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Н.Б “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудал байхгүй, шүүх хуралдаан эхлэхэд эрх үүрэг тайлбарласан. Бусад баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй оролцож байсан гэдэг нь харагдана..” гэх тайлбарыг хэлдэг.

Хэрвээ өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзсэн бол хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон өмгөөлөгчид эрх, үүрэг  тайлбарласан тухайд гарын үсэг зуруулан баримтжуулсан баримт №10 гэсэн баримт хэрэгт авагдсан байх ёстой бөгөөд энэ баримт үгүй байгаа нь хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбартай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх нь өөрөө хэргийн оролцогчдын хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэн хуульд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй хууль тогтоогчоос хуульчилсан холбогдох хууль болон эрх бүхий байгууллага болох Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс баталсан журам тогтоолыг ягштал хэрэгжүүлэх үүрэгтэй хууль хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд харин анхан шатны шүүхийн алдааг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс залруулах үүрэгтэй гэж ойлгогдож байгаа.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэх дүгнэлт нь илт үндэслэлгүй дүгнэлт болно.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалдах журмаар гомдол гаргахдаа “анхан шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болох гэрч Г.О, Э.Нанзаддорж нарын мэдүүлгүүд илтэд зөрүүтэй байхад ИХШХШТХ-ийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт зааснаар гэрчүүдээс нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй атлаа гэрч Э.Нанзаддоржийн мэдүүлгийг үндэслэн Э.Нанзаддоржийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж мөн хэрэгт авагдсан ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан бичгийн нотлох баримт болох П.Бын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эмнэлгийн магадлагааг нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гэж үнэлэхдээ ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлийг зааж өгсөн.

Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөхдөө “...нэхэмжлэгч талын бичгээр гаргасан баримт нь хэдэн цагт хэн рүү ярьсныг нотлохоос бус өвчтэй байсан гэх ярианы агуулгыг нотлохгүй, мөн гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байх тул эргэлзээтэй баримт гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан эмнэлгийн магадлагаа нь тамга тэмдэггүй, ерөнхий эмчийн гарын үсэггүй байна. Иймд нэхэмжлэгчийн өвчний учир эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлийг баримтаар нотлогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй...” гэжээ.

Хэрвээ шүүхэд дуудагдан асуугдсан гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн асууж болох тухайд хууль тогтоогч хуульчилж өгсөн  байдаг. Гэрчүүдийн хоорондоо ярьсан ярианы жагсаалт ярианы агуулгыг нотлох боломжгүй бол зөрүүтэй өгөгдсөн гэрчүүдийн мэдүүлгийн хэн нэгнийх нь мэдүүлэг үнэнд нийцнэ гэсэн шүүхийн дүгнэлт өөрөө харин эргэлзээтэй баримт болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэрч Э.Нанзаддоржийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэхэд ямар баримт үндэслэл болж буй тухайд үндэслэлтэй дүгнэлтийг хийсэнгүй.

Анхан шатны шүүх “...хэрэгт авагдсан Г.О утасны ярианы жагсаалтаар 09:00 цагийн үед Алтанбагана руу ярьсан нь нотлогдохгүй, харин 11:48 цагт Э.Нанзаддоржийн утас руу залгасан байх тул Э.Нанзаддоржийн мэдүүлгийг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ...” гэж ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөнд гомдолтой.

Х гаргаж буй хүсэлт болон тайлбараараа нэхэмжлэгчийн эхнэр Г.О Хны ажилтан Д.Алтанбагана болон Э.Нанзаддорж нартай 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр холбогдсон болохыг үгүйсгэдэггүй.

Хариуцагчийн төлөөлөгч Н.А хэрэгт Л.Энхтүвшингийн цахим шууданг гаргаж өгсөн байдаг.

Уг цахим шууданд Д.Алтанбагана Л.Энхтүвшинд 2019-04-04-ний өдөр  “...2019.03.20-нд П.Б ахын эхнэр 11 цагийн үед залгасан ...дараа нь эхнэр нь мессежээр Нанзаддоржийн утсыг авсан...” гэсэн байдаг.

Цахим шуудангийн доод хэсэгт нь Х ажлын утас: 11332333, гар утас 99039751 гэсэн байна.

Нэхэмжлэгч талаас Г.О 99113345 дугаартай гар утасны ярианы жагсаалтын 1-д 2019.03.20-ны өдрийн 09:11:14 цагт Д.Алтанбаганын 99039751 дугаарт Г.О залган 00:55 минут, жагсаалтын 11-д 2019.03.20-ны өдрийн 11:48:47 цагт Э.Нанзаддоржийн 99004434 дугаарт Г.О залган 01:52 минут ярьсан тухай Мобиком корпорацийн баримт авагдсан байдаг.

Анхан шатны шүүх энэ баримтыг хуулийн дагуу үнэлээгүй учир давж заалдах журмаар гомдол гаргахдаа энэ тухайд маш тодорхой дэлгэрэнгүй тайлбарлан шүүхийн хэлэлцүүлэгт гомдлоо дэмжин оролцсон.

Шүүхэд асуугдсан гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, энэ үүргээ зөрчвөл хуулийн хариуцлага хүлээдэг ба гэрч Э.Нанзаддорж эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд худал мэдүүлэг өгсөн байна.

Г.О нь Д.Алтанбагана, Э.Нанзаддорж нартай ямар нэгэн гэр бүлийн болон хувийн харилцаагүй учир тэдэнтэй нөхөр П.Бын талаар бус өөр байдлаар харилцах ярилцах ямар ч шаардлагагүй болно.

Ийм учраас л Г.О 2019.03.19-ний өдөр тусдаа хүүхдүүд дээрээ очиж хоносон, 03.20-ны өглөө нөхөр П.Б нь утсаа авахгүй байсан учир нөхрөө ажилдаа очсон эсэхийг 2019.03.20-ны өдрийн 09:11:14 цагт Д.Алтанбаганаас асууж, дараа нь П.Бын найз Баярсайханаас нөхрийнхөө бие нь муудаж эмнэлэгт үзүүлэн нөхрийн ах П.Пүрэвдоржийнд байгаа, эмнэлэг магадалгаа өг тухай сонсоод П.Пүрэвдоржийн эхнэр С.Рэгзэдмаагийн 86660088 дугаарын 11:37:17 цагт 01:19 минут ярьж нөхөр П.Бын биеийн байдлын ч асуусны дараа 11:48:47 цагт Э.Нанзаддоржид нөхрийгөө өвчтэй байгаа тул мэдэгдсэн бүхий л үйл баримтууд нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

Гэтэл давж заалдах шатны шүүх гомдлын энэ хэсэг үндэслэлтэй эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь илт хууль бус байна.

2.  Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэлдээ хавсарган өгсөн “Мичид Асралт” өрхийн эмнэлгийн магадлагаа нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан буюу өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан нотариатчаар гэрчлүүлсэн баримт байсан, нотариатчийн үйлдэл хүчин төгөлдөр байсан байхад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тамга тэмдэггүй гэсэн тайлбар болон анхан шатны шүүхийн дүгнэлт нь өөрөө хуульд нийцээгүй байсан болно.

Хэрвээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад эмнэлгийн магадлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг эргэлзээтэй гэж үззх үзсэн юм бол шүүх ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувийг нь шаардан авах эрхтэй байсан.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын маргааны явцад П.Б нь үнэхээр өвчтэй байсан эсэх талаарх “Мичид Асралт” эмнэлгийн өвчтөн үзүүлсэн; бүртгэлийн талаарх баримтыг гаргуулах, үүнтэй холбоотойгоор шүүх хурлыг нэг, удаа хойшлуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хурлыг нэг удаа хойшлуулах үүрэгтэй байсан гэж үзэж байна.

Хариуцагчийн өмгөөлөгч эмнэлгийн магадлагааны талаар маргахдаа “...Ренчинханд эмчийн тамга болон “Мичид-Асралт” эмнэлгийн тамга байхгүй байна, Эрүүл мэнд Нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 243 тоот тушаалын 4.5-д заасан шаардлагыг хангаагүй...” гэдэг.

Энэ тайлбар нь үндэслэлгүй. Учир нь нэгдүгээрт дээрх магадлагаа нь Сүхбаатар дүүргийн 185-р тойргийн нотариатч Ө.Мөнхтуяагаар хуулбар үнэн болох нь гэрчлэгдэн 2019.04.12-ны өдрийн бүртгэлийн №1393 дугаарт бүртгэгдсэн нь дээрх магадлагаанд тамга тэмдэг дарагдсан эх баримт байсан болохыг тогтоож байгаа юм.

Нөгөө талаар Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 1-р хавсралт “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 4.1-д “Энэ журмын 2.1.1-д заасан асуудлаар /2.2.7. хувь хүн өвчин, осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдах, эмчлүүлэх, сувилуулах, жирэмслэх, амаржих, хиймэл эрхтэн хийлгэх, хөл хоригдох, өвчтөн асрах, зэрэг асуудалтай холбогдуулан гаргах магадлагаа эмч дангаар магадлагаа гаргаж болох ба энэ мөн тохиолдолд өөрийн албан тушаал, овог нэрийг бичиж, гарын үсгээ зурж, хувийн тэмдгээ дарж баталгаажуулна” гэсэн байна.

 “Мичид-Асралт” эмнэлэгиин эмч Ренчинхандын олгосон магадлагаа энэ журмыг зөрчөөгүй байна.

Гэтэл анхан шатны шүүхийн “...Эрүүл мэндийн сайдын 143-р тушаалаар батлагдсан  журмаар эмнэлгийн магадлагааг олгож буй эмч гарын үсэг зурж, тамга дарах, тухайн эмнэлгийн ерөнхий эмч гарын үсэг зурж эмнэлгийн тамгаар баталгаажуулахыг зөрчсөн гэж үндэслэлтэй. Учир нь хэрэгт нэхэмжлэгчээс хавсаргасан эмнэлгийн магадлагаа нь ямар нэгэн тамганы дардасгүй байна. Энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс эх хувь гэж ерөнхий эмчийн гарын үсэггүй атлаа эмнэлгийн тамга дарагдсан баримтыг үзүүлсэн боловч хариуцагч тал тухайн баримтыг эсэргүүцсэн тул хэргийн баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ... ЭМЯ-ны сайдын тушаалаар баталсан журам зөрчсөн буюу тамгагүй, ерөнхий эмчийн гарын үсэггүй байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзнэ...” гэж дүгнэлт хийсэн байдаг.

Анхан шатны шүүх Эрүүл мэндийн сайдын хэдэн оны 143 дугаар тушаал болохыг ч шийдвэртээ зааж өгсөнгүй, давж заалдах шатны шүүх мөн ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан нотариатчийн гэрчилсэн баримтын талаар нотариатчаар хуулбар үнэн гэж гэрчлэгдсэн нь яагаад хууль бус гэж үзэж буй тухайд ч үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Эрүүл мэндийн сайд дангаараа 143 тоот тушаал гэх тушаалыг гаргаагүй, хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт дурдан мэтгэлцсэн тушаалын дугаар нь 1999 оны 243 тоот тушаал гэсэн тушаал ч огт байхгүй харин Эрүүл мэнд Нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаал гэсэн тушаал гарч дагаж мөрдөгдөж ирсэн байхад шүүх огт байхгүй тушаалыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хариуцагч талд илт үйлчилсэн илэрхий хууль бус шийдвэрийг шүүх гаргасан болохыг нь нотолж байгаа болно.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн өмгөөлөгч “...Эрүүл мэнд Нийгмийн Хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалыг 143 тоот тушаал гэж андуурч бичсэнийг залруулах нь зүйтэй...” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Засгийн газраас яам агентлагийг тодорхой нэр зааж томилон үүрэг хариуцлага хүлээлгэдэг.

Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан дан Эрүүл мэндийн яамны сайдын 143 тоот тушаал ч байхгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/233 тоот тушаал ч байхгүй.

Улсын Дээд Шүүхийн 2006.04.24-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” № 21 тоот тогтоолын 2 дахь хэсэг “Шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага”-ын 2.2-т “хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шууд шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана” гэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/233 тоот тушаал гэж мэтгэлцчихээд шүүх огт байхгүй тушаалыг хэрхэн яаж судлан үнэлж шийдвэрээ гаргасан нь ойлгомжгүй төдийгүй илт хууль бус шийдвэр байсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо тушаалын тухайд гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх ямар ч дүгнэлт анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөсөн үндэслэлээ магадлалдаа зааж өгсөнгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо   нэхэмжлэгч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана”, гэсэн нь мөн 43.2-т “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч П.Боос Х ажлыг нь ч хүлээн аваагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч Л.Энхтүвшин нь “...өдөр тутмын ажил надад байдаг учир би тэр ажлыг дараагийн хүнд шууд хуваарилах боломжтой...” гэснээр Х Хөдөлмөрийн тухай хуулийг дур зоргоороо ноцтой зөрчдөг болох нь тогтоогдож байгаа болно.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар Х нэхэмжлэгч П.Бын хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн, хуулийн энэ заалтаар нэхэмжлэгч П.Б өвчтэй, эмнэлгийн  магадлагаатай байснаар Хинд ямар хохирол учруулсан нь ойлгомжгүй байна.

Энэ үйл баримт нь мөн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр нь илт хууль бус болохыг нь тогтоож байгаа гэсэн гомдлыг гаргасан.

Гэтэл давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд дээрх байдлуудаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр тогтохгүй, мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулах үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

П.Б нь “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэнд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Нэхэмжлэгч П.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2019 оны 03 дугаар сарын 20-23-ны хооронд өвчний учир эмнэлгийн магадлагаатай байхад ажил тасалсан гэх үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар ажлаас халах шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчлөө. Иймд хууль бусаар ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...” гэж тайлбарлажээ.

Хны хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 26/766 тушаалаар П.Быг “...2 өдрийн ажил тасалсан нь Хны хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4., 4.3.4., ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.9. дэх заалтуудыг зөрчиж, 5.7.5.-д заасан ноцтой зөрчлийг гаргасан...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэж, нэхэмжлэгч нь өвчний учир ажилдаа ирээгүй болохоо үндэслэл бүхий, эргэлзээгүй баримтаар нотлоогүй, ажилтны гаргасан зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор талууд Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан тул  ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх үүргийг нь тайлбарлах үүргээ биелүүлээгүй, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй нь Ирггэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1., 5 дугаар зүйлийн 5.6.-г зөрчсөн, ...нотлох баримт үнэлэх 40, 37 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс П.Бямбадоржийг өвчтэй байсныг түүний эхнэр 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр утсаар ярьж мэдэгдсэн тухай Г.Оийн мэдүүлэг, эмнэлгийн магадлагаагаар нотлогдоно гэж тайлбарлах боловч гэрч Э.Нанзаддоржийн “...эхнэр нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нөхрөө ажилдаа ирсэн эсэхийг утсаар залгаж асуусан, 03 дугаар сарын 21-ний өдөр П.Б руу залгахад согтуурсан, Зайсанд байна гэсэн тул энэ талаар эхнэрт нь хэлсэн...” гэх мэдүүлгийг няцааж, үгүйсгээгүй, энэ талаар мэтгэлцээгүй байх тул хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Хэргийн 23, 24 дүгээр талд хариуцагч, түүний өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн танилцуулсан баримт авагдсан байх ба энэ хэргийн хариуцагч нь “Х” ХХК гэх хуулийн этгээд, шүүх тухайн хуулийн этгээдээс томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуульд заасан эрх, үүргийг  нэг л удаа танилцуулах бөгөөд хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдох бүрт тэдэнд холбогдох эрх, үүргийн танилцуулах үүрэг хүлээхгүй.

Шүүх хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх байтал нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 181 000 төгрөгийг тушаасан тухай баримт хэрэгт авагдсныг үндэслэн давж заалдах шатны шүүхээс дээрх төлбөрийг нэхэмжлэгчид буцааж олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1364 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2 дахь заалтад “...” гэснийг  “2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т зааснаар...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД