| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 183/2019/00888/И |
| Дугаар | 001/ХТ2020/00660 |
| Огноо | 2020-10-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2020/00660
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00904 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 988 дугаар магадлалтай,
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Д.Г-ад холбогдох,
“Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 979 545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д.Гтай 16/17 тоот хийн түлш Хийн тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр худалдан авагч нь манай компаниас 687 400 төгрөгийн хийн тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт худалдан авсан ба энэхүү дүнгээс 34 370 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж 653 030 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Д.Гыг 653 030 төгрөгийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлөөгүй байна. 16/17 тоот гэрээний 2.3-т Худалдан авагч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж төлнө гэж заасан ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 326 515 төгрөгийн алданги нэмж тооцогдож байна. Иймд Д.Гаас хийн тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр, алданги нийт 979 545 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Г нь “Д” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хийн тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үнэн. 2017 оны 7 дугаар сард “Д” ХХК-ийн борлуулагчид 653 000 төгрөг, мөн таксины мөнгө 10 000 төгрөгийг өгсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01351 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Гаас 979 545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 060 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Гаас 28 060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1364 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00904 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 060 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Г болон эхнэр Н.О бид яахын аргагүй “Д” ХХК-д 663 000 төгрөгийг өгсөн нь үнэн. Шүүхүүд нотлох баримтгүй гэх үндэслэлээр “Д” ХХК-ийн талд шийдвэр гаргасан. Бид 2 тэтгэврийн хөгшдийг хулхидсан гэж цагдаагаар шалгуулах хүсэлт тавьсан боловч шүүхээр нэгэнт орсон болохгүй гэсэн. Аргаа барж Мобикомд хандан утасны бичлэгийг үзэж өгөөч гэтэл заавал цагдаа, мөрдөгч нар үзэх эрхтэй гээд хавьтуулаагүй. Одоогийн залуучууд муухай зальтай болжээ. Бид 2 мөнгөө өгсөн нь үнэн бөгөөд дахиад 1 сая төгрөг гэдэг бидэнд хэдэн зуун сая төгрөгийн өр тавих мэт хүнд тусч байна. Бид 2 бас машин лизингээр ББСБ-аас авсан. Гэтэл Бөхболд гэх залуу бид хоёрын урьдчилан хийсэн 5 500 000 төгрөгийг залилж аваад идсэн байсан. Миний хүү цагдаагаар явж байж энэ залууг олж аваад төлүүлсэн. Үүнийг та нар лавлаж асууж болно. Бид 2 тэр эмэгтэйг танина. Иймд бидэнд хэцүү байх тул тусална уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
“Д” ХХК нь иргэн Д.Гад холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 979 545 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...тус компанийн ажилтан гэх 2 эмэгтэйд худалдан авсан барааны мөнгийг өгсөн байтал дахин гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй...” гэжээ.
Хэрэгт цугларсан баримтаар зохигч 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Хийн тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, худалдагч “Д” ХХК 687 400 төгрөгийн үнэ бүхий хийн тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт худалдан авагчид шилжүүлэхдээ 34 370 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн, худалдан авагч барааны үнэ 653 030 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.
Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул худалдан авагч худалдан авсан барааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр худалдагч барааны үнийг, алдангийн хамт нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтыг зөрчөөгүй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг төлсөн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Хариуцагч тоног төхөөрөмжийн үнийг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэх дүгнэлт хууль зөрчөөгүй, энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Харин хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнэд 663 000 төгрөгийг өгсөн гэх этгээдээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шийдвэр, магадлалыг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00904 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 988 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД