Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/102

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ж.Б

Хохирогчийн өмгөөлөгч Ц.М, Г.У, Б.Ц

Хохирогч Н.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б, Х.Б, Ч.О

Шүүгдэгч Т.Г, Х.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гэрэлмаа, Х.Ч нарт холбогдох эрүүгийн 201714000333 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Т.Г

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Х.Ч

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.Ч Т.Г нар нь бүлэглэн иргэн С.Мөнхбаттай 2015 оны 11 сарын 27-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 035 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 3 давхарын 304 тоот 76.87 м кв байрыг 122992000 төгрөгөөр зарж борлуулахдаа иргэн С.Мөнхбатад 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж, эдэлбэл зохих 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхэлж авсан,

Шүүгдэгч Т.Гнь иргэн А.Анхбаясгалантай 2016 оны 04 сарын 29-ний өдөр 082 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхарын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118470000 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа, “И” ХХК-д дээрх 71.8 м.кв орон сууцыг 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “И” ХХК-ийн орлогод орвол зохих 3.554.1000 төгрөгийг завшсан,

Шүүгдэгч Т.Гнь иргэн Б.Бахатгүл, Т.Бурхаан нартай 2016 оны 05 сарын 02-ны өдөр 083 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхарын 902 тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа, “И” ХХК-д дээрх 57.63 м.кв орон сууцыг 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “И” ХХК-ийн орлогод орвол зохих 2.852.685 төгрөгийг завшсан,

Шүүгдэгч Т.Гнь И” ХХК-ийн “борлуулалтын менежер” гэх албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан иргэн Д.Мөнхнасанд 2014 оны 07 сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “И” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “И” ХХК-д 12.850.200 төгрөгийн хохирол учруулсан,

Иргэн Э.Б 2014 оны 07 сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “И” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “И” ХХК-д 13.622.400 төгрөгийн хохирол учруулсан,

Иргэн Х.Чт /И ХХК-д маркетингийн менежер ажилтай/ 2014 оны 08 сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “И” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “И” ХХК-д 10.182.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөнхбатын үйлдлийн хувьд Чулуунбаатартай бүлэглээгүй. 3 хувийн хөнгөлөлтийн талаар Мөнхбатад би утсаар хэлсэн. Мөнхбат ирж гэрээ хийх үед өөр харилцагчтай байсан тул Чулуунбаатарын дансыг бичээд өгчих гэсэн. Би Чулуунбаатарыг манай захирал гэж танилцуулаагүй. Мөнхбат нь 3 хувь хөнгөлүүлэхийг зөвшөөрч оффис дээр ирсэн. Урьдчилгаа 30 хувь төлсөн иргэдэд 3 хувийн хөнгөлөлт үзүүлэх үүрийг захирал Сүхбаатар өгсөн. Үүний дагуу Амарбаясгалан, Бахатгүл нар нь урьдчилгаагаа төлж 3 хувийн хөнгөлөлтөнд хамрагдсан. Анхбаясгалан, Бахатгүл нарын хувьд 3 хувийн хөнгөлөлтийг тухайн үед бэлнээр гаргасан нь үнэн. Гэрээг сольж янзалсныг компани мэдээгүй байх үндэслэлгүй. Батмөнхийн хадам аав Дамдинсүрэн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын авах үнэ 1.452.000 төгрөгөөр авах эрхтэй хүн. Мөнхнасангийн хувьд  Ганхуягийн гэрээг шилжүүлэн гэрээ хийсэн. Энэ нь захирал Сүхбаатарын заавраар хийгддэг ажил. Чулуунбаатарын байрны хувьд захирал Сүхбаатар бид хоёрт Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад өгдөг үнээр өгнө гэсэн. Бид ч ярилцаж 1.452.000 төгрөгөөр гэрээ хийсэн. Би нябо Отгонтуулд тайлангаа байнга цаасаар болон цахимаар илгээж байсан. Орон сууцны борлуулалтыг дан ганц цаас гэрээгээр хийгддэг ажил биш. Захирал Сүхбаатар нь хянаж тамга дарж баталгаажуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх зэргийг гардан хийдэг байсан. Би борлуулалтын менежер болохоос ТУЗ-ын гишүүн биш. ТУЗ-ын тогтоолыг үндэслэн намайг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. ТУЗ-ын олон тогтоолуудыг энэ хэрэгт хамааруулж намайг буруутгаж байна. Энэ олон ТУЗ-ын тогтоолууд бүгд хуурамчаар үйлдэгдсэн гэж үзэж байгаа. Би ажил үүргээ Сүхбаатар захирлын чиглэлээр явуулж байсан. Би тухайн үед Мөнхбатад 3 хувь хөнгөлөлт эдэлнэ гэж хэлсэн. Мөнхбат зөвшөөрсөн. Мөнхбат нартай цуг ажилладаг болон найз нөхдүүд нь зуучилж байсан. Тэр зуучилдаг хүмүүс нь байр сонирхсон хүмүүсийг явуулдаг байсан. Тэгээд хөнгөлөлтөөс урамшуулал хэлбэрээр өгч болох уу гэж асуусан. Мөнхбатын төлбөрөөс хөнгөлөлтийн зөрүү 2.498.275 төгрөгийг авч 1.300.000 төгрөгийг нь зуучлагчид өгсөн. Үлдэгдлийг нь би авсан. Би Анхбаясгалан, Бахатгүл, Мөнхбат нарт 3 хувийн хөнгөлөлт үзүүлж зөрүү 2 хувийг зуучлагчид өгсөн. Алтанхуяг, Цэцэгмаа, Батсайхан гэсэн хүмүүс зуучилсан. Уг нь зуучлагчийн талаар анх мэдүүлэхдээ хэлж байсан. Алтанхуяг-Бахатгүлийн, Цэцэгмаа-Анхбаясгалангийн, Батсайхан-Мөнхбатын гэрээн дээр зуучилсан.  Зуучлагчтай хувааж авч байгаа үйлдлээ компанийн орон сууц борлуулах систем гэж бодож байна. Хууль бус үйлдэл эсэхээ мэдэхгүй байна. Санаатайгаар хийсэн үйлдэл биш. Мөнхнасанг Эрдэнэт үйлдвэрт ажилладаггүйг мэдэж байсан. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрт ажилладаг Ганхуяг гэдэг хүн тэр байрыг захиалсан байсан. Тэгээд тэр Ганхуяг аваагүй бусдад үзүүлэхэд ч зарагдахгүй 9 сар болсон байсан юм. Батмөнх Эрдэнэт үйлдвэрт ажилдаггүй хүн. Харин хамтран зээлдэгч нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг байсан. Ер нь бол Эрдэнэт үйлдвэрт гурваас дээш жил ажилласан, орон сууц худалдан авч байгаагүй 8 саяын хөнгөлтөнд хамрагдаагүй хүн байх ёстой. Гэвч энэ нь хэрэгждэггүй байсан. Гэрээ болгон захирал Сүхбаатарын хэлсний дагуу хийгддэг байсан. Чулуунбааатар бид хоёрын орон сууц худалдан авсны тухайд компанийн зүгээс харин үзэх л асуудал байх. Зөрүү 2 хувийг зуучлагчид өгөх юм байна гэдгийг захирал Сүхбаатарт хэлж байсан. 3 хувийн хөнгөлөлт эдэлсэн үнийг компанийн дансанд хийлгээд үлдэх 2 хувийг бэлнээр авч байсан. 1 хүнтэй хийсэн 2 янзын гэрээ байгаа. Татварын шалгалтаар компанийн дансанд хийсэн үнийн дүнтэй тааруулах гэж хийсэн. Гэрээг дахин бичихдээ гэрээ байгуулсан хүмүүст хэлээгүй. Тэд мэдэхгүй. Би Мөнхбатын хохирлыг төлсөн. Шүүхийн шийдвэрээр төлөх ёстой юм байна гэж бодсон. Анхбаясгалан, Бахатгүл нарын хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн. Компанийн зүгээс ажилчиддаа хөнгөлтөөр байр олгох журам байгаагүй. Манай борлуулалтын үнэ м2 1.760.000 төгрөгөөр борлуулж байсан үе байгаа. Ийм өндөр үнээр борлуулахдаа захирал Сүхбаатарын шийдвэрээр борлуулсан. Зуучлагч зуучлаагүй бол энэ 3 орон сууц борлогдохгүй байсан. 3 хувийн хөнгөлөлт энэ компанид нэг их чухал зүйл биш. Хөнгөлөлт нь орон сууцаа хурдан борлуулах л байсан. Мөнхнасан, Дамдинсүрэн, Сарангэрэл нараас шан харамж аваагүй, танихгүй. Ер нь бол гологдол, м2 дутуу, тааз намхан байруудыг нь борлуулж өгсөн. Энэ алдаатай байруудыг зарах гэж цаг хугацаа, маркетинг шаардсаныг хохирогч өөрөө мэдэж байгаа. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Х.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөнхбаттай холбоод яриад байна. Мөнхбатаас бэлэн мөнгө аваад Гэрэлмаад өг гэсэн. Сүхбаатар захирлын даалгавраар хийсэн. Анхан шатны шүүхээс Мөнхбатын төлбөрийн зөрүүг төл гэсэн шийдвэр гарахаар нь төлсөн. Би өөрийгөө И компанийн захирал гэж хэзээ ч хэлж байгаагүй. Би яагаад энэ Итай холбогдоод байгааг ойлгохгүй байна. Миний байр худалдаж авсан асуудал байгаа. Гэрээний хувьд бид 2 гэрээ хийсэн харагдаад байгаа. Би худалдан авагч учраас гарын үсэг зурах ёстой. Бид хоёр 30 хувиа төлсөн. Банкны зээлд хамрагдахад байгууллагын тодорхойлолт хэрэгтэй болсон. Сүхбаатар гадаад явсан учир үүрэг гүйцэтгэгч Бадрал надад тодорхойлолт хийж өгсөн. Тэгээд Голомт банкны зээлд хамрагдсан. Байр худалдан борлуулахад дэлгүүрээс бараа авч байгаатай адилгүй. Мөнхбатыг анх надтай уулзахад зөвлөгөө өгсөн. Мөн компанид ийм хэмжээний мөнгө хэрэгтэй гэдгийг нь хэлж авсан. Сүхбаатар надад мөнгийг нь аваад Гэрэлмаад өгөөрэй гэсний дагуу л хийсэн. Мөнхбат надаас юу хийдэг хүн бэ захирал уу гэж асуугаагүй. Мөнхбатаас бэлнээр 15.500.000 төгрөг авсан. Гэхдээ тамгатай баримт бичиж өгсөн. Ажил үүрэг гүйцэтгэж байхдаа ажил үүргийн хуваарь гэж бичгийн баримт байхгүй. Ажил амаар, утсаар явагддаг байсан. Ганхуяг гэдэг Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүн байр захиалчихаад авахааргүй болж энэ байр нь Мөнхнасанд шилжсэн юм. Шүүхийн тогтоол гарч Гэрэлмааг хорьсний дараа энэ төлбөрүүдийг төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-г зөвшөөрөхгүй. Гэрэлмаатай бүлэглэн Мөнхбатыг залилсан үйлдэл байхгүй. ТУЗ-ын тогтоол буруутгах гээд нөхөөд хийчихсэн эд гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэрэлээ, Чука 2 миний зөвшөөрлөөр ажилласан бол ийм байдалд орохгүй байсан. Мөнхбатын 5 хувийн хөнгөлттэй холбоотой асуудлын хувьд төлбөрийг 100 хувь төлбөл хөнгөлөлт 5 хувь, Чехэд 7 хоног аялах журамтай. Мөнхбатын хувьд 3 хувийн хөнгөлтийн үнийн дүнтэй гэрээ хийгдсэн байгаа. Гэрээг шалгах үүрэг Чехээс ирсэн. Гэрээг шалгахад Мөнхбатын гэрээ 2 өөр байсан. Манайд байгаа гэрээ нь 3 хувь байсан. Компанид байгаа гэрээн дээрхи гарын үсгийг Мөнхбатад үзүүлэхэд “миний гарын үсэг биш” гэж хэлсэн. “Мөнхбат мөнгөө Чулуунбаатар захиралд гадаа приус машин дотор өгсөн” гэж хэлсэн. Тэгээд Мөнхбатыг гомдлоо гарга гэсэн. Тэрний дагуу гомдлоо гаргаад явсан. Бас Анхбаясгалангийн гэрээ хуурамч байсан. Анхбаясгаланг дуудаж уулзсан. Гэрээг нь харахад манай компани дээр байгаа гэрээнээс өөр байсан. 3 хувийн хөнгөлөлт эдлээгүй гэж хэлсэн. 3 хувийн хөнгөлттэй тэнцэх мөнгийг Гэрэлмаад бэлнээр өгсөн гэсэн бэлэн мөнгөний баримт үзүүлсэн. Бахатгүлийг мөн дуудаж асуухад төлбөрөө бүрэн төлсөн гэсэн. Компаний гэрээ, Бахатгүлийн гэрээ 2 зөрсөн. Мөн 3 хувьтай тэнцэх мөнгийг Гэрэлмаад бэлэн өгсөн гэж хэлсэн. Гэрэлмээгийн хэлснээр татвартай холбоотой хуурамч гэрээ хийх ямарч шаардлага байхгүй. Гэрэлмаа чиг үүргийнхээ дагуу гэрээ хийсэн бол гарын үсгээ зурж тамгаа дарна. Би гэрээ хийсэн бол би гарын үсгээ зурж тамгаа дарна. Ажил ингэж л явагдаж байсан. Эрдэнэт үйлдвэрийн ажилчидтай гэрээ хийвэл м2 1.452.000 төгрөгөөр, м2 1.650.000 төгрөгөөр тогтоосон. Тогтоож баталсан ТУЗ-ын тогтоол байдаг. Эрдэнэт үйлдвэрийн ажилчин Ганхуяг гэдэг хүн гэрээ хийсэн байсан боловч авч чадаагүй. Энэ байрыг Мөнхнасан гэдэг хүн худалдан авах гэрээ хийх хүсэлт гаргасан. Тэгэхээр нь Мөнхнасанд гэрээ хийхдээ гэрээг шилжүүлэх биш, шинээр хийх ёстой байсан. Гэтэл Ганхуягийн гэрээ хийсэн он сар өдрөөр Мөнхнасантай хийсэн байгаа юм. Батмөнхийн хувьд м2 1.650.000 төгрөгөөр авах ёстой байсан. Гэтэл гэрээ нь бас хуурамч, гарын үсгийг нь зурчихсан байсан. Хамтран эзэмшигч нь Эрдэнэт үйлдвэрийн 8 саяын хөнгөлөлтөнд хамрагдсан хүн байсан. Энэ орон сууцыг борлуулах үнэ м2 1.650.000 төгрөг байсан. Гэтэл Чулуунбаатар нь м2 1.452.000 төгрөгөөр авсан байсан. Уг нь хүсэлт гаргах байсан. Манай компанийн барьсан байрыг худалдахад зуучлагчийн шаардлага байхгүй энэ талаар анх удаа сонсож байна. Хэрэв компани зуучлагч авсан бол зуучлагчийн хөлсийг худалдан авагчаас бэлнээр авах шаардлага байхгүй. Манай компанид 45.560.060 төгрөгний хохирол учирсан. Үүнээс Мөнхбатын 2.498.275 төгрөг төлөгдсөн. Бахатгүл, Амарбаясгалан нарт 6.404.100 төгрөг төлөгдсөн. Эдгээрийг хасаад үлдэгдэл 36.657.685 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2016 оны 4 сарын сүүлээр байр худалдаж авах гээд “И" ХХК руу очоод борлуулалтын менежер Т.Гэрэлмаатай уулзсан. Гэрэлмаагаас танай байр м.кв нь хэд вэ гэсэн 1 м.кв нь 1.650.000 төгрөгөөр зарагдана гэсэн. Гэрэлмаатай уулзсан чинь энэ хүнтэй уулз гэсэн. Уулзаад 100 хувь мөнгөө төлвөл ямар нэг хямдрал байгаа юу гэсэн чинь 1м.кв-аас 50.000 төгрөг хасаад өгөх бололцоо байна гэсэн. 122.992.000 төгрөг өгөх болсон. Надад 107.492.000 төгрөгийг “И” ХХК-ийн дансанд үлдэгдэл мөнгийг нь бэлнээр өгнө шүү гэсэн. Ингээд 107 сая төгрөгийг дансанд хийгээд үлдэгдлийг бэлнээр захирал Чулуунбаатарт өгсөн юм. Чулуунбаатар надаас мөнгө авахдаа И компанийн баримтан дээр мөнгийг хүлээн авлаа гэсэн бичиг дээр гарын үсэг зурж, тамгаа дарж өгсөн. Тухайн үед Чулуунбаатарыг захирал гэж бодсон. 2 хувь болох 2.498.275 төгрөгийг Гэрэлмаа, Чулуунбаатар нараас нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /2хх 102-103 ху/,

 

-Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2016 оны 05 сарын 02-ны өдөр “И” ХХК-ийн Евро Эко хорооллын 5-р байрны 304 тоот 76.87 м.кв 3 өрөө байрыг 1 м.кв-ийг 1600.000 төгрөгөөр бодож 122.992.000 төгрөгөөр худалдаж авсан. Манайх 3 давхарт байдаг, би байр худалдан авахдаа Чулуунбаатар гэдэг хүнтэй гэрээ байгуулж авсан. Менежер нь Гэрэлмаа гэж хүн байсан. Намайг байр авч байхад “И” ХХК нь 100 хувь төлбөрөө төлсөн тохиолдолд 5 хувийн хөнгөлөлт үзүүлж байсан юм байна лээ. Гэтэл 3 хувийн хөнгөлөлт үзүүлээд 2 хувийн хөнгөлөлт үзүүлэхгүй хохироогоод байгаа юм. 2 хувийн хувийн хөнгөлөлт нь 2.498.275 төгрөг юм. Уг нь 5 хувийн хөнгөлөлтэй байсныг нь мэдэж байсан, Гэрэлмаа, Чулуунбаатар нараас асуухад 3 хувь болсон гэж хэлсэн. Чулуунбаатар нь би өөрөө захирал гэж худлаа хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх 108 ху/,

 

-Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2016 оны 5-р сард “И” ХХК-иас байр худалдан авахаар гэр бүлийн хүрээнд ярьсан. “И” ХХК-ийн ажилтан Гэрэлмаатай уулзаад байрны талаар тодруулан 5-р байрны 901 тоот 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 1.650.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд би банкнаас зээл авч төлбөрөө 100 хувь төлсөн. 2017 оын 5 сард “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сүхбаатар утсаар яриад би ирж уулзахад “надад гэрээ үзүүлээд энэ чиний гарын үсэг мөн үү” гэж үзүүлсэн. Тухайн гарын үсэг минийх биш байсан. Би Гэрэлмаатай сууж байгаад л гэрээ байгуулсан. ...би байр худалдан авахдаа ямар нэг хөнгөлөлт эдлээгүй. Би Чулуунбаатар гэх хүнд мөнгө өгөөгүй. Гэрэлмаад бэлнээр 3.554.100 өгсөн, надад хүлээн авсан баримт бичиж өгсөн. Тухайн үед нэг юмны зөрүү л гэж бэлнээр авч байсан, юуны зөрүү гэдгийг нь ойлгоогүй /1хх 119, 120 ху/

 

-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ....Би өөрийн төрсөн эх Бурхааны хамт зээлийн гэрээ байгуулан “И” ХХК-ийн барьсан 7А хорооллын 5-р байрны 902 тоот 2 өрөө 57.63 м.кв байрыг 1 м.кв-ийг 1.650.000 төгрөгөөр бодож 95.089.500 төгрөгөөр худалдан авсан. Гэрээг тухай байгууллагын борлуулалтын менежер Гэрэлмаа гэдэг эгчтэй байгуулж байсан. Ээж бид 2-ыг 30 хувийн мөнгөө төлж байхад Гэрэлмаа хажууд байж байгаад манай байгууллагад мөнгө хэрэгтэй байна гээд 2.850.000 төгрөг ээж бид хоёроос бэлнээр аваад баримт өгсөн. Тэгтэл саяхан “И” ХХК-ийн ажилтан дуудаад танайх байр авах үедээ 3 хувийн хөнгөлөлт эдэлсэн юм уу гэж асуусан. Манайх эдлээгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл манайх 3 хувийн хөнгөлөлт эдлээд байраа 92.236.815 төгрөгөөр худалдаж авсан мэт гэрээ байгуулсан байсан. Тухайн гэрээн дээрх гарын үсгийг үзсэн чинь ээж бид хоёрын гарын үсгийг дуурайлгаж зурсан байна лээ. Манайх ямар нэгэн хөнгөлөлт эдлэх шалгуур хангаагүй гэсэн мэдүүлэг /1хх 129-130 ху/,

 

-Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би гэр бүлийн хүнтэй ярилцаж байгаад 2015 оны 4 сард 7А хорооллын 3-р байрны 303 тоот 64,9 м.кв 2 өрөө орон сууцны байрыг 1 м.кв-ийг 1.452.000 төгрөгөөр бодож авсан. Гэрэлмаа гэж хүнтэй байр худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан. Байр үзээд явж байхад Гэрэлмаа 303 тоот байрыг үзүүлээд энэ байрыг Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүн авах гээд урьдчилгаа 5.0 сая төгрөг өгсөн, тэгээд авч чадахгүй болсон гэсэн. Би энэ байрны талаар дарга нараас асуугаад өгье хэрэв болно гэвэл та хоёр 5 сая төгрөгийг нь төлөөд энэ байрыг авч болох юм гэхэд нь нэг удаа Гэрэлмаад 5 сая төгрөг өгөөд энэ 5 сая төгрөгөө байрныхаа нийт үнээс хасуулж тооцоод байраа авсан гэсэн мэдүүлэг /1хх 125-126 ху, 2хх 56 ху/,

 

-Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би нөхөр хүүхдийн хамт И ХХК- ийн орон сууцны 3-р байрны 303 тоотод оршин суудаг. И ХХК-ийн борлуулалтын менежер Гэрэлмаа гэх эмэгтэйтэй уулзаж байр сонирхож үнийг асуухад 1м.кв-ийг 1.650.000 төгрөгөөр борлуулж байгаа гэсэн. ...Тэгээд Гэрэлмаа надад хандаж та 303 тоот байрыг сонирхохын бол 1 м.кв-ийг нь 1.452.000 төгрөгөөр орж болно гэсэн. Хэрэв 303-т орохын бол надад 5.0 сая төгрөг өгөх шаардлагатай яагаад гэвэл 303-т өмнө ГОК-ийн ажилтан нь 5.0 сая төгрөг байршуулсан байгаа тэр мөнгийг гаргах шаардлагатай гэсэн. Тэгээд нөхөр бид 2 Гэрэлмаад 5.0 сая төгрөг бэлнээр өгсөн юм. Дараа нь 89.000.0 төгрөг өгөөд нийт 94.0 сая болсон гэсэн мэдүүлэг /2хх 200-201 ху/,

 

-Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...И ХХК-ийн 3-р байрны 4 давхарт 2 өрөө байр худалдан авахаар гэрээ хийж урьдчилгаа 5.0 сая төгрөг тушаасан, Тэгээд энэ байр арай томдоод 30 хувийн төлөлт нь хүрэхгүй байхаар нь Гэрэлмаатай уулзаад дараагийн байрнаас бага хэмжээтэй байранд ормоор байна гээд 6-р байрны 503 тоотод орох болсон юм. Урьдчилгаанд өгсөн 5.0 сая төгрөгөө сүүлд байр авах үедээ “И” ХХК-иас авсан, гэхдээ бэлнээр нь эргүүлж аваагүй, шууд дансаар шилжээд манай байрны үнээс хасагдаж байсан юм гэсэн мэдүүлэг /1хх 127, 128 ху/,

 

-Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Х.Ч, Т.Гнарт 1м.кв-ийг 1.452.000 төгрөгөөр орон сууц бариулах тухай гэрээ хийх зөвшөөрөл өгөөгүй. Надад ийм хэмжээний эрх мэдэл байхгүй гэсэн мэдүүлэг /2хх 49 ху/,

 

-Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би 2014 оны хавар И ХХК-иас байр худалдан авахаар гэр бүлийн хүрээнд ярилцсан. Манай хадам аав Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүн байгаа нэр дээр нь авч болох уу гэсэн чинь болно гэж хэлсэн. Тэгээд Голомт банкинд очоод хадам аав 8 хувийн зээл авах гэсэн чинь тэтгэвэрт гарах гэж байгаа юм байна зээл олгохгүй гэхээр нь би өөрөө үндсэн зээлдэгчээр орсон юм. Эрдэнэт үйлдвэр ХХК-иас орон сууцны 8 сая төгрөг төлөгдөөгүй, би өөрөө урьдчилгаа мөнгө төлсөн гэсэн мэдүүлэг /1хх 121, 2хх 54 ху/

 

-Хөдөлмөрийн гэрээ, тушаал  /1хх 13-17, 22 ху/

-И ХХК-ны ТУЗ-ийн хурлын тэмдэглэл, хурлын тогтоол /1хх 37-40 ху/

-Орон сууц бариулах тухай гэрээ /1хх 41-55, 59-62, 66-69, 72-75,80-82,84-85, 87-90, 232-238, 243-246 ху/

-Бэлэн мөнгөний баримт /1хх 56-57, 96, 195,  ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 137, 148 ху/

            -Т.Гэрэлмаа,   нарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 4-6, 2хх 110-115,  3хх 99-102, 191-192 ху/

-Хохирол төлсөн баримт /4хх 89-95 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Хавтаст хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл Х.Ч Т.Г нар нь иргэн С.Мөнхбаттай 2015 оны 11 сарын 27-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 035 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 3 давхарын 304 тоот 76.87 м.кв байрыг зарж борлуулахдаа иргэн С.Мөнхбатад 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж, гэрээг 5 хувийн хөнгөлөлт эдэлсэн мэтээр үйлдэж С.Мөнхбатын төлсөн мөнгөнөөс 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг хувьдаа авсан, шүүгдэгч Т.Гнь иргэн А.Анхбаясгалантай 2016 оны 04 сарын 29-ний өдөр 082 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхарын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулсан боловч 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэрээ үйлдэн 3.554.100 төгрөгийг хувьдаа авсан, мөн иргэн Б.Бахатгүл, Т.Бурхаан нартай 2016 оны 05 сарын 02-ны өдөр 083 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхарын 902 тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан боловч 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэрээ үйлдэн 2.852.685 төгрөгийг хувьдаа авсан, шүүгдэгч Т.Гнь “И” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа тус компанийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр тооцож иргэн Д.Мөнхнасанд 2014 оны 07 сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууцыг, иргэн Э.Батмөнхөд 2014 оны 07 сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус худалдан борлуулсан, мөн өөрийн нөхөр  Х.Чт 2014 оны 08 сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “И” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримтуудууд тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Х.Ч, Т.Г нар нь бүлэглэн хохирогч С.Мөнхбатад 7А хорооллын 304 тоот 76.87 мкв орон сууцыг 122.992.000 төгрөгөөр худалдан борлуулахдаа 5 хувийн хөнгөлөлт үзүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж С.Мөнхбатын эдэлбэл зохих 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг залилж авсан, шүүгдэгч Т.Гэрэлмаад орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг дур мэдэн өөрчлөх, зөвшөөрөл авалгүйгээр гэрээг баталгаажуулж орон сууц өмчлөх эрхийг бусдад шилжүүлж, төлбөрийг компанийн харилцах данснаас гадуур хүлээн авах эрхийг компаниас олгоогүй байхад хохирогч А.Анхбаясгаланд 7А хорооллын 9 давхарын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа “И” ХХК-д 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэж 3.554.100 төгрөгийг, хохирогч Б.Бахатгүл, Т.Бурхаан нартай 7А хорооллын 9 давхарын 902 тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан боловч “И” ХХК-д 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэж 2.852.685 төгрөгийг тус тус залилан авсан, мөн шүүгдэгч Т.Гнь “И” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал тогтоон “И” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон зарж борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 мкв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр тооцож иргэн Д.Мөнхнасанд 64.9 м.кв талбай бүхий орон сууцыг зарж борлуулан 12.850.200 төгрөгийн хохирлыг, иргэн Э.Батмөнхөд 68.8 м.кв талбай бүхий орон сууцыг зарж борлуулан 13.622.400 төгрөгийн хохирлыг, иргэн Х.Чт 68.8 м.кв талбай бүхий орон сууцыг зарж борлуулан 10.182.400 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Н.Сүхбаатарын “...Мөнхбатын хувьд 3 хувийн хөнгөлтийн үнийн дүнтэй гэрээ хийгдсэн байгаа. Гэрээг шалгах үүрэг Чехээс ирсэн. Гэрээг шалгахад Мөнхбатын гэрээ 2 өөр байсан. Манайд байгаа гэрээ нь 3 хувь байсан. Компанид байгаа гэрээн дээрхи гарын үсгийг Мөнхбатад үзүүлэхэд “миний гарын үсэг биш” гэж хэлсэн. “Мөнхбат мөнгөө Чулуунбаатар захиралд гадаа приус машин дотор өгсөн” гэж хэлсэн. Тэгээд Мөнхбатыг гомдлоо гарга гэсэн. Тэрний дагуу гомдлоо гаргаад явсан. Бас Анхбаясгалангийн гэрээ хуурамч байсан. Анхбаясгаланг дуудаж уулзсан. Гэрээг нь харахад манай компани дээр байгаа гэрээнээс өөр байсан. 3 хувийн хөнгөлөлт эдлээгүй гэж хэлсэн. 3 хувийн хөнгөлттэй тэнцэх мөнгийг Гэрэлмаад бэлнээр өгсөн гэсэн бэлэн мөнгөний баримт үзүүлсэн. Бахатгүлийг мөн дуудаж асуухад төлбөрөө бүрэн төлсөн гэсэн. Компаний гэрээ, Бахатгүлийн гэрээ 2 зөрсөн. Мөн 3 хувьтай тэнцэх мөнгийг Гэрэлмаад бэлэн өгсөн гэж хэлсэн. Гэрэлмаагийн хэлснээр татвартай холбоотой хуурамч гэрээ хийх ямарч шаардлага байхгүй. Гэрэлмаа чиг үүргийнхээ дагуу гэрээ хийсэн бол гарын үсгээ зурж тамгаа дарна. Би гэрээ хийсэн бол би гарын үсгээ зурж тамгаа дарна. Ажил ингэж л явагдаж байсан. Эрдэнэт үйлдвэрийн ажилчидтай гэрээ хийвэл м2 1.452.000 төгрөгөөр, м2 1.650.000 төгрөгөөр тогтоосон. Тогтоож баталсан ТУЗ-ын тогтоол байдаг. Эрдэнэт үйлдвэрийн ажилчин Ганхуяг гэдэг хүн гэрээ хийсэн байсан боловч авч чадаагүй. Энэ байрыг Мөнхнасан гэдэг хүн худалдан авах гэрээ хийх хүсэлт гаргасан. Тэгэхээр нь Мөнхнасанд гэрээ хийхдээ гэрээг шилжүүлэх биш, шинээр хийх ёстой байсан. Гэтэл Ганхуягийн гэрээ хийсэн он сар өдрөөр Мөнхнасантай хийсэн байгаа юм. Батмөнхийн хувьд м2 1.650.000 төгрөгөөр авах ёстой байсан. Гэтэл гэрээ нь бас хуурамч, гарын үсгийг нь зурчихсан байсан. Хамтран эзэмшигч нь Эрдэнэт үйлдвэрийн 8 саяын хөнгөлөлтөнд хамрагдсан хүн байсан. Энэ орон сууцыг борлуулах үнэ м2 1.650.000 төгрөг байсан. Гэтэл Чулуунбаатар нь м2 1.452.000 төгрөгөөр авсан байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Мөнхбат /1хх 108, 2хх 102-103 ху/, гэрч А.Анхбаясгалан /1хх 119, 120 ху/, гэрч Б.Бахатгүл /1хх 129-130 ху/, гэрч Д.Мөнхнасан /1хх 125-126 ху, 2хх 56 ху/, гэрч Д.Сарангэрэл /2хх 200-201 ху/, гэрч Б.Ганхуяг /1хх 127, 128 ху/, гэрч Л.Бадралт /2хх 49 ху/, гэрч Э.Батмөнх /1хх 121, 2хх 54 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хөдөлмөрийн гэрээ, тушаал /1хх 13-17, 22 ху/, И ХХК-ийн ТУЗ-ийн хурлын тогтоол, тэмдэглэл /1хх 37-40 ху/, орон сууц бариулах тухай гэрээнүүд /1хх 41-55, 59-62, 66-69, 72-75,80-82,84-85, 87-90, 232-238, 243-246 ху/, бэлэн мөнгөний баримт  /1хх 56-57, 96, 195 ху/, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г“...Мөнхбатын үйлдлийн хувьд Чулуунбаатартай бүлэглээгүй. 3 хувийн хөнгөлөлтийн талаар Мөнхбатад би утсаар хэлсэн. Мөнхбат ирж гэрээ хийх үед өөр харилцагчтай байсан тул Чулуунбаатарын дансыг бичээд өгчих гэсэн. Би Чулуунбаатарыг манай захирал гэж танилцуулаагүй. Мөнхбат нь 3 хувь хөнгөлүүлэхийг зөвшөөрч оффис дээр ирсэн. Урьдчилгаа 30 хувь төлсөн иргэдэд 3 хувийн хөнгөлөлт үзүүлэх үүрийг захирал Сүхбаатар өгсөн. ...Гэрээг сольж янзалсныг компани мэдээгүй байх үндэслэлгүй. Батмөнхийн хадам аав Дамдинсүрэн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын авах үнэ 1.452.000 төгрөгөөр авах эрхтэй хүн. Мөнхнасангийн хувьд  Ганхуягийн гэрээг шилжүүлэн гэрээ хийсэн. Энэ нь захирал Сүхбаатарын заавраар хийгддэг ажил. Чулуунбаатарын байрны хувьд захирал Сүхбаатар бид хоёрт Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад өгдөг үнээр өгнө гэсэн. Бид ч ярилцаж 1.452.000 төгрөгөөр гэрээ хийсэн. Орон сууцны борлуулалтыг дан ганц цаас гэрээгээр хийгддэг ажил биш. Захирал Сүхбаатар нь хянаж тамга дарж баталгаажуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх зэргийг гардан хийдэг байсан. Би борлуулалтын менежер болохоос ТУЗ-ын гишүүн биш. ТУЗ-ын тогтоолыг үндэслэн намайг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. ТУЗ-ын олон тогтоолуудыг энэ хэрэгт хамааруулж намайг буруутгаж байна. Энэ олон ТУЗ-ын тогтоолууд бүгд хуурамчаар үйлдэгдсэн гэж үзэж байгаа. Би ажил үүргээ Сүхбаатар захирлын чиглэлээр явуулж байсан. ...Хууль бус үйлдэл эсэхээ мэдэхгүй байна. Санаатайгаар хийсэн үйлдэл биш. ...Ер нь бол гологдол, м2 дутуу, тааз намхан байруудыг нь борлуулж өгсөн. Энэ алдаатай байруудыг зарах гэж цаг хугацаа, маркетинг шаардсаныг хохирогч өөрөө мэдэж байгаа. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй” гэж, шүүгдэгч Х.Ч “...Мөнхбатаас бэлэн мөнгө аваад Гэрэлмаад өг гэсэн. Сүхбаатар захирлын даалгавраар хийсэн. Би өөрийгөө И компанийн захирал гэж хэзээ ч хэлж байгаагүй. Би яагаад энэ Итай холбогдоод байгааг ойлгохгүй байна. ...Мөнхбатыг анх надтай уулзахад зөвлөгөө өгсөн. Мөн компанид ийм хэмжээний мөнгө хэрэгтэй гэдгийг нь хэлж авсан. Сүхбаатар надад мөнгийг нь аваад Гэрэлмаад өгөөрэй гэсний дагуу л хийсэн. ...Мөнхбатаас бэлнээр 15.500.000 төгрөг авсан. Гэхдээ тамгатай баримт бичиж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-г зөвшөөрөхгүй” гэж тус тус мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нар нь өөрсдийнхөө эсрэг мэдүүлэх, хэргийн болон өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь “...хэргийн бодит байдлыг тогтоогоогүй,  хэргийн сэдэлт санаа зорилгыг нарийн шалгаагүй,  энэ хэргийн улмаас бодит хохирол учраагүй, И ХХК-ийн ТУЗ-ын даргын гарын үсэг нь 3 өөрөөр бичигдсэн, мөн ТУЗ-ын тогтоол нь хууль ёсны эсэх зэрэг эргэлзээтэй байдлууд байгаа тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байх боловч уг хүсэлтийг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын дээрхи мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Мөнхбатын хохирогчоор өгсөн “...2016 оны 4 сарын сүүлээр байр худалдаж авах гээд “...Гэрэлмаагаас танай байр м.кв нь хэд вэ гэсэн 1 м.кв нь 1.650.000 төгрөгөөр зарагдана гэсэн. Гэрэлмаатай уулзсан чинь энэ хүнтэй уулз гэсэн. Уулзаад 100 хувь мөнгөө төлвөл ямар нэг хямдрал байгаа юу гэсэн чинь 1м.кв-аас 50.000 төгрөг хасаад өгөх бололцоо байна гэсэн. 122.992.000 төгрөг өгөх болсон. Надад 107.492.000 төгрөгийг “И” ХХК-ийн дансанд үлдэгдэл мөнгийг нь бэлнээр өгнө шүү гэсэн. Ингээд 107 сая төгрөгийг дансанд хийгээд үлдэгдлийг бэлнээр захирал Чулуунбаатарт өгсөн” гэсэн, гэрчээр өгсөн “... “И” ХХК-ийн Евро Эко хорооллын 5-р байрны 304 тоот 76.87 м.кв 3 өрөө байрыг 1 м.кв-ийг 1600.000 төгрөгөөр бодож 122.992.000 төгрөгөөр худалдаж авсан. ...байр худалдан авахдаа Чулуунбаатар гэдэг хүнтэй гэрээ байгуулж авсан. Менежер нь Гэрэлмаа гэж хүн байсан. Намайг байр авч байхад “И” ХХК нь 100 хувь төлбөрөө төлсөн тохиолдолд 5 хувийн хөнгөлөлт үзүүлж байсан юм байна лээ. Гэтэл 3 хувийн хөнгөлөлт үзүүлээд 2 хувийн хөнгөлөлт үзүүлэхгүй хохироогоод байгаа юм. ...Гэрэлмаа, Чулуунбаатар нараас асуухад 3 хувь болсон гэж хэлсэн. Чулуунбаатар нь би өөрөө захирал гэж худлаа хэлсэн” гэсэн мэдүүлгүүд, гэрч А.Анхбаясгалангийн “...“И” ХХК-ийн ажилтан Гэрэлмаатай уулзаад байрны талаар тодруулан 5-р байрны 901 тоот 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 1.650.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд би банкнаас зээл авч төлбөрөө 100 хувь төлсөн. 2017 оын 5 сард “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сүхбаатар утсаар яриад би ирж уулзахад “надад гэрээ үзүүлээд энэ чиний гарын үсэг мөн үү” гэж үзүүлсэн. Тухайн гарын үсэг минийх биш байсан. ...Гэрэлмаад бэлнээр 3.554.100 өгсөн” гэсэн, гэрч Б.Бахатгүлийн “...зээлийн гэрээ байгуулан “И” ХХК-ийн барьсан 7А хорооллын 5-р байрны 902 тоот 2 өрөө 57.63 м.кв байрыг 1 м.кв-ийг 1.650.000 төгрөгөөр бодож 95.089.500 төгрөгөөр худалдан авсан. Гэрээг тухай байгууллагын борлуулалтын менежер Гэрэлмаа гэдэг эгчтэй байгуулж байсан. Ээж бид 2-ыг 30 хувийн мөнгөө төлж байхад Гэрэлмаа хажууд байж байгаад манай байгууллагад мөнгө хэрэгтэй байна гээд 2.850.000 төгрөг ээж бид хоёроос бэлнээр аваад баримт өгсөн. Тэгтэл саяхан “И” ХХК-ийн ажилтан дуудаад танайх байр авах үедээ 3 хувийн хөнгөлөлт эдэлсэн юм уу гэж асуусан. Манайх эдлээгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл манайх 3 хувийн хөнгөлөлт эдлээд байраа 92.236.815 төгрөгөөр худалдаж авсан мэт гэрээ байгуулсан байсан. Тухайн гэрээн дээрх гарын үсгийг үзсэн чинь ээж бид хоёрын гарын үсгийг дуурайлгаж зурсан байна лээ” гэсэн, гэрч Д.Мөнхнасангийн “...2015 оны 4 сард 7А хорооллын 3-р байрны 303 тоот 64,9 м.кв 2 өрөө орон сууцны байрыг 1 м.кв-ийг 1.452.000 төгрөгөөр бодож авсан. Гэрэлмаа гэж хүнтэй байр худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан. Байр үзээд явж байхад Гэрэлмаа 303 тоот байрыг үзүүлээд энэ байрыг Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүн авах гээд урьдчилгаа 5.0 сая төгрөг өгсөн, тэгээд авч чадахгүй болсон гэсэн. ...Гэрэлмаад 5 сая төгрөг өгөөд энэ 5 сая төгрөгөө байрныхаа нийт үнээс хасуулж тооцоод байраа авсан” гэсэн, гэрч Д.Сарангэрэлийн “...И ХХК-ийн борлуулалтын менежер Гэрэлмаа гэх эмэгтэйтэй уулзаж байр сонирхож үнийг асуухад 1м.кв-ийг 1.650.000 төгрөгөөр борлуулж байгаа гэсэн. ...Тэгээд нөхөр бид 2 Гэрэлмаад 5.0 сая төгрөг бэлнээр өгсөн” гэсэн, гэрч Б.Ганхуягийн “...И ХХК-ийн 3-р байрны 4 давхарт 2 өрөө байр худалдан авахаар гэрээ хийж урьдчилгаа 5.0 сая төгрөг тушаасан, Тэгээд энэ байр арай томдоод 30 хувийн төлөлт нь хүрэхгүй байхаар нь Гэрэлмаатай уулзаад дараагийн байрнаас бага хэмжээтэй байранд ормоор байна гээд 6-р байрны 503 тоотод орох болсон юм. Урьдчилгаанд өгсөн 5.0 сая төгрөгөө сүүлд байр авах үедээ “И” ХХК-иас авсан”, гэрч Л.Бадралтын “...Х.Ч, Т.Гнарт 1м.кв-ийг 1.452.000 төгрөгөөр орон сууц бариулах тухай гэрээ хийх зөвшөөрөл өгөөгүй. Надад ийм хэмжээний эрх мэдэл байхгүй”  гэсэн, гэрч Э.Батмөнхийн “...2014 оны хавар И ХХК-иас байр худалдан авахаар гэр бүлийн хүрээнд ярилцсан. Манай хадам аав Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүн байгаа нэр дээр нь авч болох уу гэсэн чинь болно гэж хэлсэн. Тэгээд Голомт банкинд очоод хадам аав 8 хувийн зээл авах гэсэн чинь тэтгэвэрт гарах гэж байгаа юм байна зээл олгохгүй гэхээр нь би өөрөө үндсэн зээлдэгчээр орсон юм. Эрдэнэт үйлдвэр ХХК-иас орон сууцны 8 сая төгрөг төлөгдөөгүй, би өөрөө урьдчилгаа мөнгө төлсөн” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байх бөгөөд шүүгдэгч Т.Г өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Анхбаясгалан, Бахатгүл нарын хувьд 3 хувийн хөнгөлөлтийг тухайн үед бэлнээр гаргасан нь үнэн. Гэрээг сольж янзалсныг компани мэдээгүй байх үндэслэлгүй.  ...Би тухайн үед Мөнхбатад 3 хувь хөнгөлөлт эдэлнэ гэж хэлсэн. Мөнхбат зөвшөөрсөн. Мөнхбат нартай цуг ажилладаг болон найз нөхдүүд нь зуучилж байсан. Тэр зуучилдаг хүмүүс нь байр сонирхсон хүмүүсийг явуулдаг байсан. Мөнхбатын төлбөрөөс хөнгөлөлтийн зөрүү 2.498.275 төгрөгийг авч 1.300.000 төгрөгийг нь зуучлагчид өгсөн. Үлдэгдлийг нь би авсан. Би Анхбаясгалан, Бахатгүл, Мөнхбат нарт 3 хувийн хөнгөлөлт үзүүлж зөрүү 2 хувийг зуучлагчид өгсөн. Алтанхуяг, Цэцэгмаа, Батсайхан гэсэн хүмүүс зуучилсан. ...Зуучлагчтай хувааж авч байгаа үйлдлээ компанийн орон сууц борлуулах систем гэж бодож байна. ...Мөнхнасанг Эрдэнэт үйлдвэрт ажилладаггүйг мэдэж байсан. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрт ажилладаг Ганхуяг гэдэг хүн тэр байрыг захиалсан байсан. Тэгээд тэр Ганхуяг аваагүй, бусдад үзүүлэхэд ч зарагдахгүй 9 сар болсон байсан юм. Батмөнх Эрдэнэт үйлдвэрт ажилдаггүй, харин хамтран зээлдэгч нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг байсан. ...1 хүнтэй хийсэн 2 янзын гэрээ байгаа. Татварын шалгалтаар компанийн дансанд хийсэн үнийн дүнтэй тааруулах гэж хийсэн. Гэрээг дахин бичихдээ гэрээ байгуулсан хүмүүст хэлээгүй. Тэд мэдэхгүй” гэсэн мэдүүлгээр давхар няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Т.Г А.Анхбаясгалан, Б.Бахатгүл нартай байгуулсан гэрээний үнийн дүнг хуурамчаар үйлдэж, жинхэнэ болон хуурамч гэрээний үнийн дүнг хувьдаа авсан үйлдэл нь албан тушаалаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэн Орхон аймгийн прокуророос  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

 

Мөн Т.Г “И” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа тус компанийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр тооцож иргэн Д.Мөнхнасанд 2014 оны 07 сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууцыг, иргэн Э.Батмөнхөд 2014 оны 07 сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус худалдан борлуулсан үйлдэл, мөн өөрийн нөхөр  Х.Чт 2014 оны 08 сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “И” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулсан үйлдлүүд нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар  өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Х.Ч Т.Г нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Т.Г үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал тогтоох гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна гэж дүгнэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Г давтан үйлдлээр аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал тогтоох гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх бөгөөд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзсэн бөгөөд хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Яллах дүгнэлтэнд шүүгдэгч Т.Г иргэн А.Анхбаясгалантай 082 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 9 давхарын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулсан боловч 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан хуурамч гэрээ үйлдэн “И” ХХК-ийн орлогод орвол зохих үнийн дүнг 3.554.1000 гэж алдаатай бичсэнийг зөвтгөж шийдвэрлэлээ.

 

Хохирлын хувьд хохирогч С.Мөнхбатад 2.498.275 төгрөгний учирсан хохирол учирсныг шүүгдэгч нар нь 2018 оны 08 сарын 09-ний өдөр 2.459.840 төгрөгийг Голомт банкны дансаар дамжуулан төлж, 38.435 төгрөгийг дутуу төлсөн байх боловч хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Г А.Анхбаясгалантай 082 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 9 давхарын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулж түүнийгээ 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж гэрээ үйлдэн хувьдаа авсан 3.554.100 төгрөгийг, Б.Бахатгүл, Т.Бурхаан нартай 083 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 9 давхарын 902 тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулж түүнийгээ 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж гэрээ үйлдэн хувьдаа авсан 2.852.685 төгрөгийг шүүгдэгч нь “И” ХХК-ийн дансанд хийсэн болох нь 2018 оны 08 сарын 15-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримтаар нотлогдож байх бөгөөд эдгээр гэрээний үнийн дүнгийн зөрүүг тухай орон сууц худалдан авсан иргэдэд буцаан олгох нь зүйтэй. Харин “И” ХХК нь энэ талаар маргавал иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.

 

Шүүгдэгч Т.Г аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал тогтоосны улмаас учирсан хохирол болох “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр тооцож иргэн Д.Мөнхнасанд 2014 оны 07 сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууцыг борлуулсаны зөрүү 12.850.200 төгрөг, иргэн Э.Батмөнхөд 2014 оны 07 сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулсаны зөрүү 13.622.400 төгрөг, мөн өөрийн нөхөр  Х.Чт 2014 оны 08 сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууцыг борлуулсаны зөрүү 10.182.400 төгрөг, нийт 36.655.000 төгрөгийг шүүгдэгч Т.Гаас гаргуулж “И” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Гнь 71 хоног цагдан хоригдсоныг, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х.Ч, Т.Г  нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан залилж мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан аж ахуй нэгжийн гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал тогтоох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Т.Гэрэлмаад холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Х.Чыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Г эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Х.Ч, Т.Г нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Х.Ч-ыг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Г 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гэрэлмаа, Х.Ч-т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-аас 36.655.000 /гучин зургаан сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж И” ХХК-нд, И” ХХК-с 6.404.100 /зургаан сая дөрвөн зуун дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод оршин суух Б.Бахатгүлд 2.850.000 /хоёр сая найман зуун тавин мянга/ төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод оршин суух А.Анхбаясгаланд 3.554.100 /гурван сая таван зуун тавин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг тус тус олгосугай.

 

8. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Г нь 71 хоног цагдан хоригдсоныг, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.БАЙГАЛМАА