Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 466

 

Т.Г, Х.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Н.С, хохирогч нарын өмгөөлөгч Ц.Мөнгөнцацрал, Г.Урантогос, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч Т.Г, Х.Ч, тэдгээрийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, Х.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар магадлалтай, Т.Г, Х.Ч нарт холбогдох 201714000333 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Баасанжаргал, Ч.Отгонбаатар, С.Батмөнх-Очир нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Т.Г,

2.Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2001 онд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял, 2004 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, Үйзэн овогт Х.Ч.

Шүүгдэгч Т.Г, Х.Ч нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Гд 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, мөн прокурооос 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Х.Ч, Т.Г нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан залилж мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.Гг 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан аж ахуй нэгжийн гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал тогтоох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Т.Гд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,

2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Х.Чыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, шүүгдэгч Т.Гг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял тус тус шийтгэж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч, Т.Г нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Х.Чыг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Гг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ггаас 36.655.000 төгрөгийг гаргуулж “Их хаадын цуваа” ХХК-нд, “Их хаадын цуваа” ХХК-иас 6.404.100 төгрөг гаргуулж Б.Бахатгүлд 2.850.000 төгрөг, А.Анхбаясгаланд 3.554.100 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч Т.Г, Х.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Х.Баасанжаргал нарын давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Баасанжаргал, Ч.Отгонбаатар, С.Батмөнх-Очир нар хамтран гаргасан гомдолдоо:

1.Анхан болон давж заалдах шатны шуүх Эруугийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:  Яг адил үйлдэлд улсын яллагч 2 өөр зүйл ангиар зүйлчлэх, шүүх бүр түүнийг 2-3 өөрөөр зүйлчилж байгаа нь Х.Ч, Т.Г нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн тогтоогоогүй, яллах дүгнэлт үндэслэл муутай, нотлох баримтууд эргэлзээтэй, Эрүүгийн хуулийг нэг мөр хэрэглээгүй болохыг нотолж байна.

1.1.Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг нийгэмд аюултай үйлдийн гадаад талын шинжээс бүрдэнэ гэдгийг манай улсын эрүүгийн эрх зүй судлаачид санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн байна. Гэмт хэргийн объектив талд үйлдэл, эс үйлдэхүй, /нийгэмд аюултай үйл/, хор уршиг шалтгаант холбоо, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн газар, арга, зэвсэг, хэрэгсэл, цаг үе, нөхцөл байдал хамаарагдана. Монгол улсын эрүүгийн эрх зүй нь хүний санаа ба үзэл бодлыг биш харин эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хариуцлагын нэг ёсны суурь нь гэмт хэргийн объектив тал юм. Гэмт хэргийн нийгмийн аюул нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд тухайн үйлдлийн нийгэмд ихээхэн аюултай шинж байдлаар, харин материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд хор уршгийн хэмжээгээр тусгалаа олно.

Тэгвэл шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байгаа үйлдлийн нийгэмд аюултай болох шинжийг бүрэн тодорхойлоогүй, хохирогч нь тодорхойгүй, хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Шүүгдэгч Т.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн /2002 он/ 265 дугаар зүйлд заасан үйлдэл мөн гэж зүйлчлэх тохиолдолд тус гэмт хэргийн “... аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учирсан” байх шаардлагатай. Гэтэл "Их хаадын цуваа" ХХК-д учирсан гэх 36.655.000 төгрөгийн хохирол нь тус компанийн олох байсан ашиг төдийгүй, тус компани тухайн үед эдгээр 3 орон сууцыг 1.452.000 биш 1.650.000 төгрөгөөр зарж чадах байсан эсэх нь ч тогтоогдоогүй. Магадгүй иргэн Г тус орон сууцыг 1.650.000 төгрөгөөр худалдаж авах гэж байхад нь Т.Г нь уг гэрээг байгуулахгүйгээр зориудаар зайлсхийж, иргэн Э.Батмөнхтэй хямд үнээр гэрээ байгуулсан бол тус компанид бодитой хохирол учирчээ гэж үзэж болох юм. Гэтэл хавтаст хэрэгт хэрхэн тус хохирлыг зайлшгүй олох байсан “орлого” гэж нотолж байгаа баримт байхгүй юм. Тус компани зөвхөн "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ажилтнуудад хөнгөлттэй үнээр зарах шийдвэртэй гэсэн атлаа хэд хэдэн байрыг 1.452.000 төгрөгөөр, заримдаа бүр 1.200.000, 1.720.000 төгрөгөөр ч зарах тохиолдол байсан талаар баримт хавтаст хэрэгт авагдсан.

1.2.Нийгмийн аюул бол гэмт хэргийн мөн чанарыг нээн илрүүлдэг түүний заавал байх материаллаг шинж юм. Тухайлбал, хууль зүйн шинжлэх ухааны доктор Г.Совд “Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ нь гэмт хэргийн объектив тал буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийгэмд хор аюул учруулсны эрчим ямар хэмжээнд байсан үр дагавар, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо зэргээр тодорхойлогдоно. Үүнд үйлдлээ хэрэгжүүлсэн арга, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, орчин, цаг хугацаа, учруулсан хохирлын хэмжээ, түүнээс уламжлах үр дагавар зэрэг олон асуудлыг хамааруулж үзсэний үндсэн дээр дүгнэлт хийж болно" гэж үзсэн. Харин хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Жанцан "Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэдэг нь гэмт үйлдэл эс үйлдэхүйд эрүүгийн хуулийн хамгаалалтанд авагдсан эрх ашиг сонирхлын мөн чанар, үнэ илэрхийлэх хууль цаазын үнэлэмж юм." гэсэн байна. Академич С.Нарангэрэл, Ж.Эрдэнэбулган нарын үзэж байгаагаар гэмт хэргийн нийгмийн аюулыг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект (эрх ашиг) -д үлэмжхэн гэм хор учруулсан буюу учруулах бодит заналхийллийг буй болгосон үйл гэж тодорхойлж болно. Хэрэв тухайн тодорхой үйл нийгэмд аюулгүй буюу уг үйлийн нийгмийн аюулын хэр хэмжээ их бус байвал гэмт хэрэгт тооцож болохгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан хуулиар нэмж, өөрчлөн найруулсан.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Т.Ггийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлээр, улсын яллагч 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ чухам ямар үндэслэлээр уг үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл болж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, тус заалтыг буруу хэрэглэсэн байна.

1.3.Гэм буруутай байх нь гэмт хэргийн зайлшгүй шинж мөн. Энэ нь гагцхүү ухамсар ба хүсэл зоригоос дотоод тал нь бүрдсэн зан үйлийг гэмт хэрэг хэмээн үзнэ гэсэн үг. Гэмт хэрэг болон хүний бусад аливаа зан үйл нь дотоод ба гадаад байдлаар илэрлээ олно. Зан үйлийн дотоод тал нь субъектээс зан үйлээ ухамсарлах ба түүний хүсэл зориг өөрөөр хэлбэл, тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийг эрмэлзэх, гадаад хийгээд дотоод саад тотгорыг арилгах чадвараас бүрэлдэнэ. Зан үйлийн сэдлэг ба чиглэсэн зорилго нь тухайн этгээдийн хүсэл зоригийн эрх чөлөөгөөр хэрэгжих бөгөөд өөрөөр хэлбэл, зан үйлийн хоёр хувилбарын аль нэгээс сонголт хийх эрх чөлөө байна. Тухайн этгээдийн гэмт зан үйл нь нийгэмд харш ба гэмт бус хууль ёсны зан үйлийн аль нэгнээс сонголт хийсэн байдаг. Хүний санаа, сэтгэцийн үйл явц, итгэл үнэмшил, түүний илэрхийлэл сөрөг шинжтэй байсан боловч гэмт хэрэг бус байж болно. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”

Х.Ч, Т.Г нарыг гэм буруутай гэж үзэж байгаа Эрүүгийн хуулийн 148.2, 150.2, 22.12.1, 265.1, 265.2 гэсэн бүхий л зүйл анги нь бүгд “Гэм буруугийн санаатай” байх шинжийг шаарддаг. Гэтэл шүүгдэгч нар нь өөрийн ажиллаж байсан үндсэн чиг үүргийнхээ дагуу “борлуулалт” хийсэн үйлдлийг санаатайгаар борлуулалт хийж, өөртөө ашиг хонжоо олж байгаа мэтээр зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийг буруу хэрэглэж хууль бус шинжтэй болохыг ухамсарлах гэмт үйлдэл байсан эсэх нь эргэлзээтэй.

1.4.Хүний үйлдэл нь сэдэлттэй ба тодорхой зорилгод хүрэхийг эрмэлздэг. Сэдэлт ба зорилго нь гэмт хэргийн субъектив талын бие даасан шинж боловч гэм буруугийн хамт тухайн этгээдээс үйлдсэн гэмт хэрэгтээ харилцсан сэтгэхүйн харилцааг тодорхойлж, тэрхүү үйлийг үйлдэхдээ удирдлага болгосон зорилгыг нотолж, гэм буруутай этгээд чухам ямар сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэний учрыг олох боломжийг олгоно. Гэмт хэргийн сэдэлтэд үндэслэн үүсэх гэмт хэргийн зорилго нь сэдэлтийн хамт гэмт хэрэг үйлдэх үед гэм буруу байгаа эсэхийг үлэмж хэмжээгээр тодруулж өгнө. Хэрэв гэмт хэргийн бурэлдэхүүнд гэмт хэрэг үйлдсэн сэдэлт ба зорилгыг тодорхой заасан байвал эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэх нь эрүүгийн эрх эүйн ач холбогдолтой болно.

Эрүүгийн хуулийн 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлд “...хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор”, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд “хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилго”-ийг зайлшгүй тогтоож байж тус гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзнэ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь ямар нэгэн ашиг хонжоо тус үйлдлээс олоогүй, бусдад зориудаар давуу байдал үүсгэсэн нөхцөл байдал тогтоодоогүй.

1.5.Иргэн А.А, Б.Б нараас Т.Ггийн авсан гэх 6.406.785 төгрөг нь мөн зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан” гэдэгт хүрэхгүй байна. Тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгийг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 12 сая төгрөгийн босгонд хүрэхгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс яагаад ийнхүү хүндрүүлэн зүйлчилж байгаа нь ойлгомжгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс мөн энэ асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

1.6.Хэрэв тус компанид хохирол учирсан гэж үзвэл уг хохирлыг хэн төлөх вэ? Хэн уг орон сууцыг хямд үнээр худалдан авсан бэ? Хэнд давуу байдал үүссэн бэ? гэсэн асуултанд хариулсны үндсэн дээр тус хохирлыг төлөх этгээд нь тодорхойлогдоно. Гэтэл уг орон сууцыг худалдан авсан этгээд тус хэрэгт иргэний хариуцагчаар татаагүй, зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан. Нэр бүхий иргэдэд орон сууцыг худалдан борлуулснаар компанид бодитой хохирол учраагүй. 2015 оны Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2.5.1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тодорхойлсон тул ийнхүү хямдралтай үнээр худалдан борлуулснаар компанийн орон сууцны өртөгөөс доогуур үнээр борлуулаагүй болох нь Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад худалдаж байгаа 1.452.000 төгрөг гэсэн үнээр нотлогдоно. Гэтэл уг хохирлыг Т.Ггаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эруугийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шуухийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон тухайд:

2.1.Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4-д заасны дагуу “Өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэсгийн нөхцөл байдалд хийсэн хууль зуйн дүгнэлт”-ийг заавал тусгахаар хуулиар шаардсан. Гэтэл анхан шатны шүүх Тогтоолын тодорхойлох хэсэгт зөвхөн нотлох баримтуудыг жагсаан дурдаж, эдгээр баримтаар зөвхөн “үйл баримт”-ыг тогтоогдлоо гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн байна.

2.2.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан өөрийн бүрэн эрхийг хэтрүүлэн хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл 39.1.4-д “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” буюу анхан шатны шүүхээс оногдуулсан зүйлчлэлийг хүндрүүлэхээр “даалгавар” бичиж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 79 тоот магадлалаас тэс өөр шийдвэр гаргаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг эрс дордуулсан.

2.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байгаа цорын ганц нотлох баримт байдаг. Т.Гд эрх олгосон гэх “эрх зүйн баримт бичиг” буюу 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ТУЗ-ын тогтоол нь хуурамч баримт бичиг байж болзошгүй хэд хэдэн үндэслэл бүхий нөхцөл байдал шүүх хуралдааны явцад тогтоогдоод байна.

Шүүх хурал дээр Н.Сын өгсөн мэдүүлэг нь хоорондоо байнга зөрүүтэй, гарын үсэг, тамганы дардсын тухай мэдүүлэг өгөх бүртээ өмнөх мэдүүлгээсээ буцсан. Тус тогтоол дээр гарын үсэг зурсан Рехарт Павел гэх хүний гарын үсэг зөрүүтэй. Тогтоол дээр дарагдсан тамга тэмдгийн дардас нь мөн зөрүүтэй. Тус компанийн дүрэм, гэрчилгээ зэрэг түүний эрх зүйн байдлыг тодорхойлох үндсэн баримт бичигт хавтаст хэрэгт огт авагдаагүйн улмаас тус компанийн шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь ТУЗ мөн эсэх нь эргэлзээтэй, гарцаагүй нотлогдохгүй байна.

2.4.Нотлох ажиллагааг дутуу хийсэн дараагийн нотолгоо бол Т.Ггийн “гэрээг хуурамчаар үйлдсэн үйлдэл”-ийн талаар бодит байдлыг огт тогтоогоогүй. Т.Ггийн А.А, Б.Б, С.М нарт эдлүүлээгүй хөнгөлөлтийг эдлүүлсэн мэтээр гэрээг хуурамчаар үйлдсэн үйлдэлд зөвхөн Т.Гг дангаар нь буруутгадаг. Гэтэл тухайн үед орон сууц зарагдахгүй, дөнгөж орон сууцнуүд ашиглалтанд орж, чанар стандартын шаардлага хангахгүй байсан үед компанийн гүйцэтгэх захирал Н.Сын зүгээс “орон сууц худалдан авах худалдан авагч олж ирсэн хүнд энэ хөнгөлөлтийн төлбөрөөс өгч, борлуулалтаа нэмэгдүүлээрэй” гэсэн үүрэг даалгаврын дагуу ийнхүү эдгээр 3 иргэнд эдлүүлээгүй хөнгөлөлтийг Т.Г нь дангаараа бус өөр бусад зуучлан зарахад тусалсан иргэнд хуваарилан өгсөн байдаг.

Н.С нь уг үйлдлийг өөрөө маш сайн мэдэж байсан нь Г.Б гэх худалдан авагчийн мэдүүлгээс тодорхой харагдана. Г.Б нь “хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авахаар харилцан тохиролцож байсан боловч орон сууц худалдан авахаа больж, төлсөн мөнгөө буцаан авсан боловч мөн л 3 хувийн хөнгөлөлт гэж эдлүүлсэн байсан төлбөрийг компаниас буцаан олголгүй, НӨАТ-ийн 10 хувийн шимтгэл гээд буцаан олгоогүй” байдаг. Н.Сын зүгээс уг мөнгийг өөрөө мэдсээр байж худалдан авагчид буцаан олголгүй НӨАТ гэж үндэслэлгүй, худал тайлбарлан өгөөгүй байгаагаас үзэхэд уг хөнгөлөлтийг компанийн орлогод анхнаасаа оруулдаггүй дүн болох нь тогтоогдоно. Н.С нь татвараас зайлсхийх зорилгоор хөнгөлөлт эдлүүлсэн мэтээр орлогоо бууруулан тайлагнаж, зөрүү төлбөрийг /хөнгөлөлт гэх дүнг/ өөрөө болон уг орон сууцыг борлуулсан ажилтан, зуучлагч нарт дамжуулан өгч байсан байна. Т.Г ч энэ талаар цагдаагийн байгууллагад өгсөн анхны тайлбартаа тодорхой мэдүүлсэн байхад энэ нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг огт хийгээгүй.

2.5.Дээрх нэр бүхий 3 иргэнд эдлүүлсэн мэтээр үйлдсэн хөнгөлөлт нь компанид орох ёстой орлого биш, гагцхүү компанийн гүйцэтгэх захирлын орон сууцыг борлуулахын тулд ажилтнууддаа олгосон “боломж” байсан боловч хожим нь уг нөхцөл байдлыг Т.Г, Х.Ч нарын эсрэг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн мэтээр баримт бүрдүүлэн өөрийн татвараас зайлсхийсэн, нуусан үйлдлээ хайцаалж байж болзошгүй үйлдлийг бүрэн тогтоогоогүй.

2.6. Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.2-д заасны дагуу дараахь ажиллагааг бүрэн хийгээгүй байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас нэгэн баримт зайлшгүй өмгөөлөгчийн анхаарлыг татаж байна. Энэ нь 1-р хавтасны 193-195 дугаар талд авагдсан НӨАТ-ын баримт юм. Нийт дүн 95.042.000 төгрөг. Энэ дүнгээс харахад компанид худалдан авагч Б.Б, Т.Б нарын төлсөн төлбөр бүрэн орсон буюу компанийн зүгээс Б.Бахатгул, Т.Б нарын төлсөн дүнгээр НӨАТ-ын баримт өгсөн, НӨАТ-д шивилт хийсэн болох нь тус баримтаар тогтоогдож байна. Тэгэхээр худалдан авагч бүрт өгдөг НӨАТ-ын баримтаар шүүхэд тус компанийн удирдлага, санхүү мэдсэн эсэх нь маш тодорхой тогтоогдох бүрэн боломжтой байтал энэ төрлийн ажиллагааг огт хийгээгүй.

Аливаа компанийн орлого, зардал бүхэн санхүү, татварын тайландаа тусгагдаж, үнэн зөв тайлагнасан байх ёстой. Иргэн Х.Ч, Э.Б, Д.М нарт эдлүүлсэн гэх хөнгөлөлтийн талаар Компанийн захирал мэдэх боломж 2014 оноос хойш байсан буюу энэ хугацаанд компани нийт /2014 оны 7 сарын 9-ний өдрөөс 2016 оны 8 сарын 18-ны өдрийн хооронд/ 10 гаруй удаагийн тайлан гаргаж, тухайн санхүү, татварын тайлан бүрт гүйцэтгэх захирал Н.С болон нягтлан бодогч нар өөрсдөө үнэн зөвийг нь баталгаажуулж, гарын үсэг зурдаг байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу аливаа санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл нь анхан шатны баримт буюу “ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоонд” үндэслэж гарах бөгөөд уг үндсэн үүрэг нь компанийн нягтлан бодогч болон гүйцэтгэх захирал нарт хамааралтай юм. Тиймээс Х.Ч, Э.Б, Д.М нартай байгуулсан гэрээний үнийн дүн бүхий ажил, гүйлгээг компани хэрхэн бүртгэсэн, тайлагнасан, ямар санхүүгийн баримтанд үндэслэж бүртгэснийг эдийн засгийн мэдлэг бүхий шинжээчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5.1-д зааснаар тогтоосон бол уг хэргийн бодит байдал болох компани мэдсэн, эсвэл мэдээгүй байх аль нөхцөл байдалд байсан нь бүрэн тогтоогдох юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлангийн орлогын дүн нь тухайн хугацааны нийт орлогын дүн байдаг тул уг дүнг мэргэжлийн шинжээч задалж, яг ямар дүнгээр Х.Ч, Э.Б, Д.М нарын гэрээний төлбөрийг бүртгэж тайлагнасныг тогтоох боломжтой юм.

Мөн Х.Ч, Э.Б, Д.М нартай байгуулсан захиалгын гэрээнээс гадна компанийн зүгээс Орхон аймгийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст эдгээр иргэдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ямар нэгэн төлбөр тооцоо дууссан, хэдий хэмжээний төлбөр мөнгө хүлээн авсан талаархи баримтыг зайлшгүй гаргаж өгч байж тухайн иргэдийн нэр дээр "Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ" гарч өмчлөх эрх үүсч бүртгэнэ. Гэтэл мөрдөн байцаагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичгийг төрийн эрх бүхий байгууллагаас гаргуулж эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагаас хувийн хэргийг татаж, шалгаагүй байгаа нь компани, түүний удирдлагын оролцоо, зөвшөөрөл байсан эсэхийг тогтооход ач холбогдолтой баримтыг хэрэгт аваагүй нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмын дагуу 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баасанжаргал гаргасан саналдаа: “Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир гаргасан саналдаа: “Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Г.Урантогос гаргасан саналдаа: “Шүүгдэгч Т.Г нь “Их хаадын цуваа” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Түүнд худалдан авагч нартай гэрээ байгуулах эрхийг компани олгосон. Т.Г энэ давуу байдлаа ашиглан Эрдэнэт үйлдвэрт ажилдаггүйг мэдсээр байж 3 иргэнд хөнгөлттэй үнээр орон сууц борлуулах гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнгөнцацрал гаргасан саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гаргасан саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Т.Г, Х.Ч нар нь бүлэглэн залилах гэмт хэргийг, Т.Г нь тус компаний борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө давуу байдал тогтоон компанид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь нотлогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нар нь бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдсон байхад хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн, бусдад учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй байхад тэдгээрийг тэнсэж, хянан харгалзсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Баасанжаргал, Ч.Отгонбаатар, С.Батмөнх-Очир нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.Г, Х.Ч нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г, Х.Ч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй хүнд төлбөр олгуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон талаар давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар магадлалаар хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах талаар өмгөөлөгч Х.Баасанжаргал, Ч.Отгонбаатар, С.Батмөнх-Очир нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г, Х.Ч нарын өмгөөлөгч Х.Баасанжаргал, Ч.Отгонбаатар, С.Батмөнх-Очир нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                  ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН