Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 0079

 

 

                                

 

 

 

 

 

 

                                 

 

                                   Т.Г, Х.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

         Прокурор                                    С.Ё

         Шүүгдэгч                                Т.Г, Х.Ч

         Шүүгдэгчийн өмгөөлөгч        Х.Б, Ч.О

                                                        С.Б,  

          Хохирогч                                Н.С

          Хохирогчийн өмгөөлөгч        Ц.М, Г.У

          Нарийн бичгийн дарга          Б.Алтаншагай  нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Г, Х.Ч нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б, Ч.О, нарын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

“Ү” овогт Х-н Ч,

     

“Б” овогт Т-н Г.

 

-Шүүгдэгч Х.Ч Т.Г нар нь бүлэглэн иргэн С.М-тай 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 035 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 3 давхарын 304 тоот 76.87 м кв байрыг 122.992.000 төгрөгөөр зарж борлуулахдаа иргэн С.М-д 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж, С.М-ын эдэлбэл зохих 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхэлж авсан,

 

Шүүгдэгч Т.Г нь иргэн А.А-тай 2016 оны 04 сарын 29-ний өдөр 082 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхарын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа, “Их хаадын цуваа” ХХК-д дээрх 71.8 м.кв орон сууцыг 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 3.554.1.000 төгрөгийг завшсан,

 

- Т.Г нь Б.Б, Т.Б нартай 2016 оны 05 сарын 02-ны өдөр 083 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхарын 902 тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа, “Их хаадын цуваа” ХХК-д дээрх 57.63 м.кв орон сууцыг 92 236 815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 2.852.685 төгрөгийг завшсан,

 

          - “Их хаадын цуваа” ХХК-ийн “борлуулалтын менежер” гэх албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан, иргэн Д.М-д 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1650.0 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1452.0 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 12.850.200 төгрөгийн хохирол учруулсан,

 

-иргэн Э.Б-д 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1650.0 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1452.0 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 13.622.400 төгрөгийн хохирол учруулсан,

 

-иргэн Х.Чт /Их хаадын цуваа ХХК-д маркетингийн менежер ажилтай/ 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1 600 000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1 452 000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 10.182.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ү овогт Х-н Ч-г бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Т-н Г-г бүлэглэж албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д  заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д зааснаар шүүгдэгч Х.Ч, Т.Г нарыг 6 сар баривчлах ялаар, шүүгдэгч Т.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2.д зааснаар эрх хасахгүйгээр 2 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1.д зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар шүүгдэгч Т.Гд оногдуулсан 6 сар баривчлах ялыг 2 жил хорих ялд багтааж, 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Т.Гд оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д  зааснаар шүүгдэгч Х.Чыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Х.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тул шүүгдэгч Х.Чаас 1.249.137 төгрөг гаргуулж хохирогч С.М-д, шүүгдэгч Т.Ггаас 44.310.922 төгрөг гаргуулж С.М-д 1.249.137 төгрөг, “Их хаадын цуваа” ХХК-нд 4.3061.785 төгрөгийг тус тус олгох,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Т-н гаргаж өгсөн шүүх хуралдааны бичлэг бүхий 1 ширхэг СД хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжпээгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Т.Г давж заалдах гомдолдоо:

Т.Г миний бие Орхон аймгийн цагдаагийн газарт 2016 оноос хойш эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шүүгдэж 2002 оны эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэг, 2015 оны эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.12 дахь хэсэгт тус тус зааснаар ял шийтгэгдээд байна.

 

Шүүгдэгч Т.Г миний үйлдсэн С.М-н 2%-ийн хөнгөлөлтийг Х.Чтай хамтран залилсан гэх Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2., А.А, Б.Б нарын 3%-ийн хөнгөлөлтийг завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2.т зааснаар тус тус шийтгэсэн нь зүйлчлэлийн хувьд учир дутагдалтай байна. Би А.А, Б.Б нарыг хохироосон үйлдэл нь субъектив шинжийн хувьд С.М-г хохироосон үйлдэлтэй адилхан хууран мэхэлж зориудаар төөрөгдүүлэн, хуурамч гэрээ үйлдэн, худал хэлж үйлдсэн нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан байхад хөрөнгө завших гэмт хэргээр зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2.т заасан /Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас... Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол.../ энэ зүйл ангийн субъектив шинж нь хуурч мэхлэхгүй, итгэмжлэн үлдээсэн мөнгө, эд хөрөнгийг завших гэсэн үйлдэл байгаа. Харин 148 дугаар зүйлийн 148.2 зааснаар /Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас... Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан.../ гэсэн зүйл ангид Г-н А.А, Б.Б нарыг хохироосон гэмт хэргийн субъектив шинж нь таарч байх тул тус зүйл ангиар шийтгэх нь нийцэлтэй юм. Дээрхи Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудалд гомдолтой байгаа тул зүйлчлэлийн асуудлыг эргэн харж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.

 

Шийтгэх тогтоолд иргэн Д.М, Э.Б, Х.Ч нарт давуу байдал олгож 1.452.000 төгрөгөөр тус тус байрыг худалдан борлуулсан гэж шийтгэжээ. 2014 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 07/2014 тоот “ИХЦ” ХХК-ний ТУЗ-ын тогтоолыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан эдгээр ТУЗ-ын тогтоол, шийдвэрүүдэд “ИХЦ” ХХК-ний ТУЗ-ын гишүүн Р-н гарын үсэг нь өөр өөр зурагдсан байдаг. Мөн эдгээр тогтоол, шийдвэрүүд батлагдан гарах үед Павел Рихард нь Монгол улсад байсан нь нотлогдоогүй байна. Иймд намайг 07/2014 тоот “ИХЦ” ХХК-ний ТУЗ-ын шийдвэрийг зөрчсөн гэж гэм буруутайд тооцох нь учир дутагдалтай байна. Дээрхи ажиллагаа хийгдээгүй нь ЭХХШТХ-ийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүйд гомдолтой байна.

 

Минйи бие Т.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн С.М-н хөнгөлөлтийн 2% болон, А, Б нарын гэрээтэй холбоотой 3%-ийн хөнгөлөлтийг завшсан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээж хохирол барагдуулахад бэлэн гэдгээ мэдэгдэж байсан. Тухайн үед хэргийн нөхцөл байдлын улмаас хохирогчийн асуудал тодорхой бус байсан тул хохирлоо барагдуулж амжаагүй юм. Харин одоо С.М-д учруулсан хохирлоо /2.498.275 төгрөг/ бүрэн төлсөн. А, Б нартай байгуулсан гэрээний 3%-ийн хөнгөлөлт болох 6.406.785 төгрөгийг “ИХЦ” ХХК-ний дансанд шилжүүлсэн. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч Б.Ч-г биечлэн оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо:

-Хэргийн зүйлчлэлийн талаар

Шүүгдэгч Т.Ггийн үйлдлүүд нь Их хаадын цуваа ХХК-ийн ерөнхий захирал Н.С-н байнгын хяналтын дор, түүний зөвшөөрлөөр хийгдэж байсан орон сууцны борлуулалтын үйл ажиллагаа бөгөөд эдгээр борлуулалт нь 1 дүгээрт гүйцэтгэх захирал Н.С-т, 2 дугаарт тус компанийн хөрөнгө оруулагч, ерөнхий захирал, ТУЗ-н дарга Р-д тайлагнан, танилцуулагддаг, 3 дугаарт компанийн Татварын тайланд илт тусгагдан дотоод болон гаднын эрх бүхий албан тушаалтнуудын хяналтын дор хянагддаг байтал “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С нь садан төрлийн хүмүүсийн таарамжгүй харьцааны улмаас тухайн үйлдлүүдийг огт мэддэггүй байсан мэтээр мэдэн будилж, бусад хувь эзэмшигчдийнхээ хүсэл зоригоос ангид, дур мэдэн, өөрийгөө хохирсон хэмээн гомдол гаргаснаас үүдэн гэмт хэрэгт тооцогдоод байна гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Шүүгдэгч Т.Ггийн үйлдлүүд нь орон сууцны борлуулалт буурсан буюу бидний хэлж заншсанаар “эдийн засгийн хямрал” болж худалдан авагчийн худалдан авах чадвар унасан үед компаниас гаргаж байсан албан бус ч байж болох шийдвэрийн дагуу хийгдсэн үйлдлүүд юм. ....Орон сууцыг Т.Г нь худалдан борлуулахдаа иргэдтэй компанийг төлөөлөн гэрээ байгуулж байсан ба хэрэв компани өөрийн жинхэнэ гэж үзэж байгаа гэрээнийхээ дагуу орон сууцны үнийн дүнг худалдан авагчаас нэхэмжилж, худалдан авагч үүнийг хариуцахгүй гэсэн тохиолдолд гэрээгээ цуцлан орон сууцыг буцаан авч өөр худалдан авагчид зарах, эсхүл уг нэхэмжлэлийг хариуцах этгээдээр Т.Гг тогтоолгон түүнээс нэхэмжлэн гаргуулахаар зохицуулж болох иргэний эрх зүйн харилцаа буюу Т.Ггийн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж үзэж болохоор байна.

Иймд Т.Ггийн дээрх үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хэрэв шүүгдэгч Т.Гг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр бол ижил зорилгоор, ижил аргаар бусдын хөрөнгийг өөртөө авсан гэсэн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл буюу бусдын хөрөнгийг залилан мэхлэж авах, 150 дугаар зүйл буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэсэн 2 өөр гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдсэн, шүүхээс ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан явдал болсон гэж үзэж байна.

 

-Нотлох баримтын талаар

 

Энэ хэрэгт хохирогч талаас гаргаж өгсөн гомдол мэдээлэл, удаа дараагийн хүсэлтүүдэд дурьдсан зүйлүүдийг өөр эх сурвалжаар нотлогдоогүй байхад үнэн гэж таамаглалд үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Үүнд Орон сууцны үнэ тогтоосон ТУЗ-н тогтоол сүүлд нөхөн хийгдсэн байж болзошгүй талаар, хэрэгт байгаа ТУЗ-ын дарга Р-н гарын үсэг 2 өөр байгаа тул түүнийг Монгол улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагааг гаргуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргахад тухайн үед хохирогчоор тогтоогдсон байсан Б.Т нь П-н гарын үсгийг түүний үгүйд орлон зурчихдаг талаар мэдүүлсэн байдаг ба ийм учраас яллагдагчийн тал тухайн мэдээллийг өөрт ашигтай гэж тооцож байтал шүүх энэ байдлыг огт үнэлээгүй ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд энэ мэдээлэл огт тусгагдаагүй байна. Энэ байдлыг тодруулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеийн бичлэгийг судлах, энгийн хэний ч нүдээр харахад илт өөр өөр гарын үсгүүд П-н өмнөөс зурагдсан байх магадлалтай тул гарын үсэгт харьцуулсан шинжилгээ хийлгэх, П-н Монгол улсын хилээр нэвтэрсэн дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулах шаардлагатай байна, Үүнээс гадна Их хаадын цуваа ХХК-ийг Н.С төлөөлөх эрхтэйг нотлох баримт, мөн түүний Улсын бүртгэлийн хэлтэс, харилцагч Голомт банк зэрэг байгууллагад хүргүүлж байсан албан бичгүүд, компанийн үйл ажиллагааны болон татварын тайлангууд, татварын шалгалтын материалууд зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд нэн чухал шаардлагатай тул хэргийг прокурорт эсхүл анхан шатны шүүхэд буцаах шаардлагатай байна.

-Хохирлын талаар

 

Энэ хэрэгт хэнд, хэдий хэмжээний хохирол, хэрхэн учирсан болохыг огт тогтоогоогүй гэж үзэж байна. Учир нь дээр нотлох баримтын талаар дурьдагдсан ТУЗ-өөс гаргасан гарын үсэг эргэлзээтэй тогтоолын дагуу орон сууцны худалдаалагдах үнийг буюу хохирлыг тогтоосон байсан. Шүүгдэгч Т.Ггийн борлуулсан байр орон сууц яг хэдэн төгрөгөөр өөр худалдан авагчид худалдагдах байсан нь тодорхойгүй байна. Мөн Шийтгэх тогтоолд Т.Ггийн үйлдлээс Их хаадын цуваа ХХК-д 43061785 төгрөгний хохирол учирсан гэж заасан боловч тухайн компанийг хохирогчоор огт тогтоогоогүй, зөвхөн Н.С-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогчоор тогтоосон байна. Хэрэв Их хаадын цуваа ХХК-ийг хохирогч гэж үзвэл тухайн компанийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогчоор тогтоож, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох байсан нь зүй юм. Ингэж компани болон гишүүдийг орхигдуулсан нь компанийн бусад гишүүдийн болон шүүгдэгч нарын эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал болсон байна.

-Ял шийтгэлийн талаар

 

Т.Гд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасан үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхүй гэснийг огт хэрэглээгүй гэж үзэж байна. Дээрх заалтуудыг хэрэглэвэл Т.Ггийн үйлдлүүдийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 биш 150.1-т зааснаар, 2015 оны Эрүүгийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар биш 2002 оны Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266.1-т зааснаар зүйлчилж мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 1.4 дэх хэсэгт зааснаар Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолд заасан шүүгдэгч Т.Гд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, ялаас чөлөөлөх эсхүл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Ггийн хамтаар оролцох болно гэжээ.

 

Шүүгдэгч Х.Чын өмгөөлөгч Ч.О давж заалдах гомдолдоо:

.....Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Т.Г хохирогч С.М-д 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж 2 498 275 төгрөгийг авсан. Гэрч А.А-с 3 554 100 төгрөг, Б.Б-с 2 852 685 төгрөг авсан үйлдэл, сэдэлт, зорилго адилхан байхад хохирогч С.М-с мөнгө авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, гэрч А.А, Б.Б нараас мөнгө авсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2.т зааснаар буюу өөр, өөр зүйл ангиар зүйлчлэн ял оногдуулж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

 

Шүүгдэгч Т.Г нь “Их хаадын цуваа” ХХК-нд борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа иргэн Д.М-д худалдан борлуулсан байр нь иргэн Б.Г /Эрдэнэт үйлдвэрийн ажилтан/ захиалан авахаар болсон боловч энэ байрны м.кв томдсон тул буцаалт хийгдсэн байрны захирал Н.Сын зөвшөөрлөөр зарж борлуулах / 1м.кв 1 452 000/ зөвшөөрлийг захирал Н.С өгсөн болох нь гэрч Э.Б, Б.Д-н өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүх нотлох баримтаар үнэлсэн “Их хаадын цуваа” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 07/2014 дугаартай ТУЗ-ийн тогтоолыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ТУЗ-ийн дарга Р-н гарын үсэг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн ТУЗ-ийн тогтоолд зурсан гарын үсэг энгийн хүний нүдээр харахад зөрүүтэй байдаг.

 

Авилгатай тэмцэх газрын мөрдөгч Б 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагч Т.Гг Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналыг шийдвэрлэлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.14 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү гэжээ.

 

“Их хаадын цуваа” ХХК-нд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

-Хэргийн зүйлчлэлийн талаар

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдолд “Т.Ггийн үйлдлүүд нь “Их хаадын цуваа” ХХК-ийн захирал Н.Сын байнгын хяналтанд, түүний зөвшөөрлөөр хийгддэг байсан...” гэсэн байна. Т.Г нь гүйцэтгэсэн ажлаа хянуулж шалгуулсан боловч дараа нь батлуулсан гэрээний үнийн дүнтэй нүүрийг солих, захиалагчийн гарын үсгийг хуурамчаар зурах зэрэг үйлдэл хийсэн нь хэрэг хянан шалгах явцад хангалттай олон ба хөдлөшгүй баримтаар тогтоогдсон. “Их хаадын цуваа” ХХК-д учирсан хохирлыг хуулийн дагуу шалгуулж, буруутай этгээдийг тогтоолгох, компанийг хохиролгүй болгох үүргийг компанийн ТУЗ-өөс гүйцэтгэх захирал Н.Ст үүрэг болгон томилсон тогтоол 2017 оны 04 сарын 21-ний өдөр гарсан бөгөөд энэхүү хэргийг шалгуулах, гомдол хүсэлт гаргах бүхий л үйл ажиллагаа нь Н.Сын хувиараа дур мэдэн, бусад хувьцаа эзэмшигчдын хүсэл зоригоос ангид хийсэн зүйл байхгүй бөгөөд садан төрлийн таарамжгүй харилцаа гэх ойлголттой огт хамааралгүй. Хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид албан бус шийдвэр, албан бус үнэ, хөнгөлөлт гэсэн ойлголт огт байдаггүй бөгөөд бүх зүйл албан ёсны байдаг. Компанид орох байсан орлогыг захиалагчаас авч хувьдаа хэрэглэсэн гэдгээ шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Их хаадын цуваа” ХХК-д орох ёстой байсан дутуу орлогыг гэрээ байгуулсан захиалагч нараас шаадрдахад төлбөрийг төлсөн гэх Т.Ггийн гарын үсэгтэй бэлэн мөнгөний баримтыг үзүүлсэн тул өөрийн захиалан бариулсан орон сууцны төлбөрийг тус компанид бүрэн төлсөн байхад борлуулалтын менежер нь бэлэн мөнгөний баримт үйлдэн хүлээн аваад компанидаа шилжүүлээгүй байгаа тухай мэдүүлэг тайлбарыг хуулийн байгуулагад өгөх хэрэгтэйг л хэлсэн. Харин шүүгчдэгч нарын өмгөөлөгчийн гомдолд дурьдсанчлан хүсэл зоригийнх нь эсрэг шахаж шаардан мэдүүлэг өгүүлсэн зүйл огт байхгүй.

 

- Нотлох баримтын талаар

ТУЗ-ийн даргын гарын үсгийг орлон зурах гэх асуудал байхгүй бөгөөд түүнийг Чехээс ирсэн үед болон компанийн төлөөлөгч, удирдлагууд Чех Улсад очсон байх үед ТУЗ-ийн тогтоол албан ёсны хэлбэрээр гардаг тул зөвхөн нэг хүний ирсэн очсон үед ТУЗ-ийн тогтоол үйлдэгддэг гэх ойлголт байхгүй иймд ТУЗ-ын дарга П-н Монгол Улсын хилээр орсон гарсан лавлагаа шаардлагагүй.

 

-Хохирлын талаар

Шүүгчдэгч нарын өмгөөлөгчийн гомдолд энэ хэргийн улмаас хэнд хэдий хэмжээний хохирол учирсан болохыг огт тогтоогоогүй хэмээн бичсэн байна. Компанид учруулсан бодит хохирлын тооцоог нарийн тооцож гаргасан бөгөөд үүний дагуу шүүх шийдвэрлэж шүүгдэгч Т.Г нь хохирогч “Их хаадын цуваа” ХХК-д 43,061,785 төгрөгийн хохирол, шүүгдэгч Х.Ч, Т.Г нар нь бүлэглэн хохирогч С.М-д 2498275 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-өөс энэхүү хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх үүргийг Гүйцэтгэх захирал Н.С өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад “Их хаадын цуваа” ХХК-ийг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Б.Т-г тогтоож өгөхийг албан ёсоор хүсч хүсэлт, итгэмжлэл гаргасан бөгөөд ажиллагааны явцад итгэмжлэлээс татгалзан өөрийн биеээр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлтэй байгаагаа албан бичгээр гаргасны дагуу “Их хаадын цуваа” ХХК-ийг төлөөлөн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Энэ нь компанийн бусад хувь нийлүүлэгч гишүүдийн эрх ашгийг зөрчсөн зүйл биш юм.

 

-Ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч Х.Чыг бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Т.Г нь бүлэглэж албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн, Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.2-д зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 150-р зүйлийн 150.2-д зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 .д д зааснаар ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.9 дэх зүйлийн 1.д заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Иймд дээрхи тайлбар үндэслэлийг харгалзан үзэж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 265   дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-н хариу тайлбар:  

 

Т.Г болон өмгөөлөгчдийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, шүүгдэгчийн үйлдлийг буруу зүйлчилсэн, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан гомдлын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.т “Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 1.7 дугаар зүйлийн 2.т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” Гэсэн үүргээ биелүүлэлгүй дараах ажиллагааг мөрдөгч, прокурор бүрэн хийгээгүй байна. Үүнд:

 

Шүүгдэгч нарыг зүйлчилсэн зүйлчлэл бүхий хэргийн онцлог нь “бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” бөгөөд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан үйл баримт болох санхүүгийн баримтанд шинжилгээ хийх замаар тогтоож, хэргийн бодит үнэнийг тогоох боломжтой юм. Учир нь шүүгдэгч нарын бусдад үзүүлсэн гэх хөнгөлтийн талаар компани огт мэдээгүй, мэдэгдэлгүйгээр энэ бүх үйлдлийг хийсэн гэж хохирогч компаний Захирал зөвхөн мэдүүлэг. Гэтэл аливаа компаний орлого, зардал бүхэн санхүү, татварын тайландаа тусгагдаж, үнэн зөв тайлагнасан байх ёстой. Иргэн Х.Ч, Э.Б, П.М нарт эдлүүлсэн гэх хөнгөлөлтийн талаар Компаний захирал мэдэх боломж 2014 оноос хойш байсан буюу энэ хугацаанд компани нийт /07 сарын 09 өдрөөс 08 сарын 18 өдрийн хооронд/ 10 гаруй удаагийн тайлан гаргаж, тухайн санхүү, татварын тайлан бүрт Гүйцэтгэх захирал Н.С болон нягтлан бодогч нар өөрсдөө үнэн зөвийг нь баталгаажуулж, гарын үсэг зурдаг байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу аливаа санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл анхан шатны баримт буюу “ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ нэхэмжлэх, төлбөр, төлсөн баримт болон бусад нотолгоонд” үндэслэж гарах бөгөөд уг үндсэн үүрэг нь компанийн нягтлан бодогч болон гүйцэтгэх захиралтай хамааралтай юм. Тиймээс Х.Ч, Э.Б, Д.М нартай байгуулсан гэрээний үнийн дүн бүхий ажил, гүйлгээг компани хэрхэн бүртгэсэн тайлагнасан, ямар санхүүгийн баримтанд үндэслэж бүртгэснийг эдийн засгийн мэдлэг бүхий шинжээчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1.д зааснаар тогтоосон бол уг хэргийн бодит байдал болох компани мэдсэн эсвэл мэдээгүй байх аль нөхцөл байдалд байсан нь бүрэн тогтоогдох юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлангийн орлогын дүн нь тухайн хугацааны нийт орлогын дүн байдаг тул уг дүнг мэргэжлийн шинжээч задалж, яг ямар дүнгээр Х.Ч, Э.Б, Д.М нарын гэрээний төлбөрийг бүртгэж тайлагнасаныг тогтоох боломжтой юм.

 

Мөн Х.Ч, Э.Б, Д.М нартай байгуулсан захиалгын гэрээнээс гадна компаний зүгээс Орхон аймгийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст эдгээр иргэдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ямар нэгэн төлбөр тооцоо дууссан, хэдий хэмжээний төлбөр мөнгө хүлээн авсан талаархи баримтыг  зайлшгүй гаргаж өгч байж тухайн иргэдийн нэр дээр “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ” гарч өмчлөх эрх үүсч бүртгэнэ. Гэтэл мөрдөн байцаагчийн зүгээс Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичгийг төрийн эрх бүхий байгууллагаас гаргуулж эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагаас хувийн хэргийг татаж, шалгаагүй байгаа нь компани, түүний удирдлагын оролцоо, зөвшөөрөл байсан эсэхийг тогтооход ач холбогдолтой баримтыг хэрэгт аваагүй нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

“Их хаадын цуваа” ХХК-ийн зүгээс ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, баригдсан орон сууцаа худалдан борлуулах нь компаний үндсэн үйл ажиллагаа юм. Тус компаний зүгээс нийт хэдэн орон сууцыг тус бүр ямар үнээр борлуулсныг тогтоох нь энэ хэргийн үнэн, бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой. Мөрдөгч, прокурор зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн, үндэслэж үйл баримтыг тогтоож байгаа нь хэт нэг талыг барьсан байна гэж үзэх үндэслэлтэй. Учир энэ хэргийн 3 хавтаст бүхэлдээ хохирогч, гэрчийн мэдүүлгээс бүрдсэн бөгөөд зайлшгүй шаардлагатай өөр бусад төрлийн нотлох ажиллагаа огт хийгдээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан А.Б, А.А нарын мэдүүлгээр эдгээр иргэд компаний гүйцэтгэх захирал Н.Сын зөвшөөрлөөр 3 хувийн хөнгөлөлт эдэлсэн болох нь хохирогчийн “... манай компанид бараа нийлүүлдэг байсан” гэсэн мэдүүлгээр нотлогдоно. Зөвхөн энэ мэдүүлгээс үзэхэд зөвхөн Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүмүүст хөнгөлөлт үзүүлсэн гэх буруутгал үгүйсгэгдэх ба Орхон аймгийн улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудад ч хөнгөлттэй үнээр орон сууж борлуулжээ. Гэтэл компаний төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвхөн Эрдэнэт үйлдвэрт ажилладаг ажилтнуудад хөнгөлөлт эдлүүлэхээр зөвшөөрсөн байхад Компаний гүйцэтгэх захирал нь өөрөө дур мэдэж Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр хөнгөлөлт эдлүүлснийг үл харгалзан зөвхөн шүүгдэгч нарыг буруутгаж байгаа нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоосон, зөвхөн шүүгдэгч нар гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байгааг анхаарна уу.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл болсон нотлох баримт нь “Их хаадын цуваа” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 07/2014 тоот тогтоол байна. Энэ компаний эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал уу? аль эсвэл төлөөлөн удирдах зөвлөл үү энэ тогтоол эрх бүхий этгээдээс гарсан тогтоол мөн үү гэдэг асуудлыг мөрдөгч, прокурор огт шалгаж тогтоогоогүй байна. Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Компаний эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, 75.2-д “Хувьцаат компани нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд ХХК-ийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно” гэж хуульчилсан. Гэтэл “Их хаадын цуваа” ХХК нь төлөөлөн удирдах зөвлөлтэй эсэх, төлөөлөн удирдах зөвлөл нь Хувьцаа эзэмшигчдийн хурлаас албан ёсоор томилогдсон эсэхийг нягтлан шалгаж, Компаний дүрэм, хувьцаа эзэшигчдийн хурлын тогтоол, Улсын бүртгэлээс лавлагаа, баримт авахгүйгээр утас компаний 2014 оны 07/2014 тоот тогтоолыг шийтгэх тогтоолын үндэслэл, шүүгдэгч нарыг буруутгах гол баримт болгосон нь шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлага нийцэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн хийгдээгүй байгааг залруулах шаардлагатай байна.

 

Шүүгдэгчийн үйлдлийг буруу зүйлчилсэн талаар:

 

Т.Г нь иргэн А.А, Б.Б нарт эдлүүлсэн хөнгөлөлтийн талаар компанид худал мэдээлж, 2 хувийн хөнгөлөлтийг завшсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар зүйлчилсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон гэж үзэж байна. Учир нь: 150 дугаар зүйлийн 150.2.д заасан үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн” гэсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал”-д заагаагүй, хасагдсан нөхцөл юм.

 

Иргэн А.А, Б.Б нараас Т.Ггийн авсан 6.406.785 төгрөг нь мөн зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан” гэдэгт хүрэхгүй байна. Тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгийг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 12 сая төгрөгийн босгонд хүрэхгүй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.д “Үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул зөвхөн ялын доод хэмжээг харгалзан үзэж зүйлчлэлийг сонгохоос гадна тухайн этгээдийн “үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон болон эрх зүйн байдлыг” дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим үйлчилнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр Т.Ггийн үйлдлийг 150 дугаар зүйлийн 150.2.т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй тул зүйлчлэлийг 150.1.д зааснаар зүйлчлэн хөнгөрүүлж өгнө үү.

 

Т.Ггийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.2.д зааснаар тус тус өөр өөр гэмт хэрэг шинжтэй гэж үзэж ял оногдуулсан нь чухам яг ямар үйлдэл шинжээрээ 2 өөр гэмт хэрэг гэж үзсэн үндэслэлээ анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой тусгаагүй байна. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т ...” эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Ё дүгнэлтдээ:

       

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Т-н Г, Х-н Ч нарт  холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзвэл :

           

Орхон аймгийн Прокурорын газраас шүүдэгч Т-н Г-г:

          1./иргэн А.А-тай 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 082 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ  байгуулан 7А хорооллын 9 давхарын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 11.8470.000 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа “Их хаадын цуваа” ХХК-д дээрх 71.8 м.кв орон сууцыг 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 3.554.100 төгрөгийг завшсан,

 

-Б.Б, Т.Б нартай 2016 оны 05 сарын 02-ны өдөр 083 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхарын 902 тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа “Их хаадын цуваа” ХХК-д дээрх 57.63 м.кв орон сууцыг 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 2.852.685 төгрөгийг завшсан гэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2.т заасан гэмт хэрэгт,

 

2./“Их хаадын цуваа” ХХК-ийн “борлуулалтын менежер” гэх албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан иргэн Д.М-д 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1650.0 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1452.0 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 12.850.200 төгрөгийн хохирол учруулсан гэж,

- иргэн Э.Б-д 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1650.0 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1452.0 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 13.622.400 төгрөгийн хохирол учруулсан гэж, 

 

-иргэн Х.Чт /Их хаадын цуваа ХХК-д маркетингийн менежер ажилтай/ 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 10.182.400 төгрөгийн хохирол учруулсан гэж 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт,

 

3./Шүүгдэгч Х-н Ч, Т-н Г нарыг  бүлэглэн иргэн С.М-тай 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 035 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 3 давхарын 304 тоот 76.87 м кв байрыг 122.992.000 төгрөгөөр зарж борлуулахдаа иргэн С.М-д 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж, С.М-н эдэлбэл зохих 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхэлж авсан гэж нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.т заасан гэмт хэрэгт, тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Х.Чыг бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Т.Гг бүлэглэж албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн.., давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн.., хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д зааснаар шүүгдэгч Х.Ч, Т.Г нарыг 6 сар баривчлах ял оногдуулж, шүүгдэгч Т.Гг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2.д зааснаар эрх хасахгүйгээр 2 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1.д зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар шүүгдэгч Т.Гд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг 2 жил хорих ялд багтааж, 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил, 6 сар хугацаагаар тогтоож, шүүгдэгч Т.Гд оногдуулсан 2 жил, 6 сар  хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Х.Чыг 6 сар баривчлах ялаас чөлөөлж, шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

Гэвч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэнд бичигдсэн Т.Гд холбогдох дээрх 5 үйлдлийн иргэн А.А-тай 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 082 дугаартай, 9 давхарын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдсан атлаа 114.945.900 худалдсан гэж “Их хаадын цуваа”  ХХК-д орох 3.554.100  төгрөг завшсан гэх үйлдлэл.,  Б.Б, Т.Б нартай 2016 оны 05 сарын 02-ны өдөр 083 дугаартай  хорооллын 9 давхарын 902 тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа,  92. 236. 815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-д орох  2.852.685 төгрөг завшсан гэх үйлдлийг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж.,

 

“Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежер гэх албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан, иргэн Д.М-д 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа 1650.0 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох  1452.0 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 12.850.200 төгрөгийн., иргэн Э.Б-д 1 м.кв орон сууцыг 1650.0 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1452.0 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 13.622.400 төгрөгийн хохирол учруулсан., иргэн Х.Чт орон сууц борлуулахдаа 1 м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 10.182.400 төгрөгийн хохирол учруулсан  хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж хууль дүрэмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгосон  гэмт хэрэг үйлдсэн гэж.,

       Х.Ч Т.Г нар С.М-д 122.992.000 төгрөгөөр зарж борлуулахдаа иргэн С.М-д 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж, С.М-н эдэлбэл зохих 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж., үзэж тэднийг гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай байна.

 

         Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дээрх 6 үйлдэл нөгөө үйлдэлээсээ эрүүгийн хуульд заасан ямар шинжээрээ хоорондоо ялгагдаж байгаа нь тодорхойгүй, энэ талаар шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч нар ямар албан тушаалтан болоод албаны эрх мэдлээ урвуулсан ашигласан., эсхүл ямар арга хэлбэр, шинжээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн., ямар шинжээрээ  бусдад давуу байдал олгосон болохыг тогтоогоогүй, түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгчид яллах дүгнэлтийг эсэргүүцэж мэтгэлцсэн байхад түүнийг үгүйсгэсэн., эсхүл үгүйсгэх нотлох баримтыг зааж чадаагүй, мөн зарим үйлдлийн хувьд 2014 оны үйлдэл байхад компаний орлого, зарлагыг татварын тайланд тусгагдсан эсэх., иргэн Х.Ч, Э.Б, П.М нарт эдлүүлсэн гэх хөнгөлөлтийн талаар Компаний захирал мэдэх боломж  байхад яагаад, тухайн үеийн санхүү, татварын тайланд гүйцэтгэх захирал Н.С болон нягтлан бодогч нар өөрсдөө үнэн зөвийг нь баталгаажуулж, гарын үсэг зурсан байгаад шүүх дүгнэлт хийгээгүй байна. 

 

             Харин  нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаас үзвэл дээрх  6 үйлдэл нь  цаг хугацааны  хувьд шүүгдэгч Т.Г нь “Их хаадын цуваа” ХХК-ий орон сууцны борлуулалтын менежерээр, шүүгдэгч Х.Ч  маркетингийн менежерээр буюу тэд компаний гүйцэтгэх албан тушаалтанаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор компаний  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл дүрмээр олгогдсон  албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан  гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2., 148 дугаар 148.2., 2015 оны Эрүүгийн хуулийн 22.15 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч Х.Чын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 1. д заасан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчлөн, шүүгдэгч Т.Ггийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1. д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Х.Ч нь  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1. д заасан хөнгөн гэмт хэрэг  үйлдсэн, гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй.

 

 Хохирлын хувьд шүүгдэгч Т.Г нь 1.229.920 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр С.М-н “Хаан” банкны 5094352707 тоот дансанд, шүүгдэгч Х.Ч нь 1.229.920 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр С.М-н “Хаан” банкны 5094352707 тоот дансанд., шүүгдэгч Т.Г нь Б.Б-н 3 хувийн хөнгөлөлтийн зөрүү төлбөр 2.850.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Их хаадын цуваа” ХХК-ийн “Голомт” банкны 8125001738 дугаарын дансаар, мөн өдөр А.А-н 3 хувийн хөнгөлөлтийн зөрүү төлбөр 3.554.100 төгрөгийг “Их хаадын цуваа” ХХК-ийн “Голомт”банкны 8125001738 дугаар дансанд.,

 

Шүүгдэгч Х.Ч нь Б.Б-н 3 хувийн хөнгөлөлтийн зөрүү төлбөр 2.850.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Н.Сын “Голомт” банкны 2209332335 дугаарын  дансанд., А.А-н 3 хувийн хөнгөлөлтийн зөрүү 3.554.100  төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Н.Сын “Голомт” банкны 2209332335 дугаарын дансанд тус бүр шилжүүлсэн болох нь тухайн тооцооны баримт бичгүүдээр тогтоогдож байна.

 

Үүнээс Х.Чаас Н.Сын дансанд, Б.Б, А.А нарт төлөхөөр шилжүүлсэн нийт 6.404.100 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн гүйлгээгээр буцаан татжээ.

 

Шүүгдэгч Т.Г нь шийтгэх тогтоолоор хохиролд тооцон гаргуулах 1.249.137 төгрөгийн төлбөрөөс 1.222.920 төгрөг, шүүгдэгч Х.Чаас мөн тооцон гаргуулах 1.249.137 төгрөгийн төлбөрөөс 1.222.920 төгрөгийг тус тус төлснийг дурдах нь зүйтэй ба харин шүүгдэгч Т.Г нь Б.Б-д төлөх 2.850.000 төгрөг, А.А-д төлөх 3.554.100 төгрөгийг тус тус “Их хаадын цуваа” ХХК-ний дансанд шилжүүлсэн  нь буруу байх тул дээрх төлсөн төлбөрийг “Их хаадын цуваа” компаниас гаргуулж хохирогч тус бүрт буцаан олгох үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Т.Гг бусдад давуу байдал тогтоосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа боловч Х.Ч, Д.М, Э.Б нар нь тухайн худалдаж авсан орон сууцны м.кв талбайн үнийг талуудын хооронд болон гэрээний дагуу бүрэн гүйцэд төлөх үүрэгтэй тул “Их хаадын цуваа” ХХК нь зохих этгээдүүдээс хохирлоо шаардах эрхтэй юм.

 

Шүүгдэгч Т.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг төлсөн, ар гэрийн ахуй амьдралын байдал зэргийг харгалзан үзээд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж эрүүгийн  хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолын тогтоох  хэсэгт:

         Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т-н Г-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2., 148 дугаар зүйлийн 148.2 ., 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Х-н Ч-г 2002 оны хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг,

         - ...Шүүгдэгч Т-н Г-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт., Х-н  Ч-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан... гэж тус тус  өөрчлөн зүйлчилсүгэй... гэсэн заалт нэмсүгэй.

        2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1., 2 дугаар заалтыг:

          -Шүүгдэгч Т.Гг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 т зааснаар хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

        -шүүгдэгч Х.Чыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 1.д заасан  төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай... гэж, өөрчилсүгэй.

 

          3.Тогтоох хэсэгт:

 

       - 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 2002 оны оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.1 т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 1. д зааснаар Х.Чт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 д зааснаар Т.Гг 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2.700.000  төгрөгөөр торгосугай... гэсэн ,

 

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2 дугаар зүйлд зааснаар Т.Ггийн цагдан хоригдсон 71 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.125.000 төгрөгийг нийт оногдуулсан торгох ялын хэмжээнээс хасч үлдэх 1.575.000 төгрөгийн торгох ялыг эдлүүлсүгэй... гэсэн,

 

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Т.Гд оногдуулсан 1.575.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 315.000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6. д зааснаар шүүгдэгч торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй... гэсэн заалт тус тус нэмж,   

 

        4.Тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг :

 

         Шүүгдэгч Х.Ч С.М-д 1.229.920 төгрөг, шүүгдэгч Т.Г С.М-д 1.229.920 төгрөг тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч “Их хаадын цуваа” ХХК нь өөрт учруулсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар хариуцвал зохих этгээдүүдээс нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурьдаж, “Их хаадын цуваа” ХХК-аас буцаан гаргуулж 2.850.000 төгрөгийг гаргаж Б.Б-д, 3.554.100 төгрөгийг гаргаж  А.А-д тус тус олгосугай.., гэж өөрчлөн, тогтоох хэсгийн   3., 4. , 5., дугаар заалтыг  хүчингүй болгож,  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

         5.Шүүгдэгч Т.Г түүний өмгөөлөгч С.Б, шүүгдэгч Х.Ч, Т.Гнарын  өмгөөлөгч Ч.О нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Т.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Х.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.ТУЯА

                                                                                      

                ШҮҮГЧ                                                               С.ЦЭЦЭГМАА

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             З.ХОСБАЯР