| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 106/2019/0057/Э |
| Дугаар | 239 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 239
Л.Цид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнхцэцэг,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Сандагсүрэнгийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 8 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлд үндэслэн Л.Цид холбогдох 1802004850275 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Авга овгийн Л-н Ц, 1998 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, чимэглэх уран зурагчин мэргэжилтэй, “Сайхан” салонд шивээсчин ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./,
Л.Ц нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36и байранд байрлах “Сайхан” салонд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.48 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Л.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Авга овогт Л-н Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Цид 1 жил хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Л.Цид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Л.Ц нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №24 гэж дугаартай зууван хэлбэртэй дугуй хэлбэртэй 3 ширхэг бор өнгийн шавар мэт зүйл 0,4353 грамм, №52 гэж дугаартай АМ1410627 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт АU0338800 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, №51 гэж дугаартай ZN0569722 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, 8*8 см хэмжээтэй цэгчилж шатсан тугалсан цаас, №81 гэж дугаартай Cuddle гэсэн бичигтэй цагаан өнгийн босоо дугуй хэлбэртэй сав, №82 гэж дугаартай зууван хэлбэртэй, хуванцар тагтай, цагаан өнгийн хуванцар сав, №83 гэж дугаартай АG5271985 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, №84 гэж дугаартай 8*8 см хэмжээтэй 2 ширхэг тугалган цаас, №86 гэж дугаартай АК5805844 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, 8*8 см хэмжээтэй нэг тал нь хөө мэт зүйлээр бохирлогдсон, нөгөө тал нь олон тооны цэгчилж шатсан тугалган цаас, №87 гэж дугаартай 1,5 см диаметртай жижиг, цагаан өнгийн хуванцар тагтай сэв зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Цийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж,
Шүүгдэгч Л.Цт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Прокурор Ж.Сандагсүрэн бичсэн эсэргүүцэлдээ “...Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №52 гэж дугаартай АМ1410627 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, АU0338800 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, №51 гэж дугаартай ZN0569722 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, №83 гэж дугаартай АG5271985 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, №86 гэж дугаартай АК5805844 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан нь Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Монгол банкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно...” гэснийг зөрчсөн байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн дэвсгэртүүдийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан нь Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Монгол банкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно...” гэснийг зөрчсөн байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Л.Ц нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36и байранд байрлах “Сайхан” салонд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.48 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Л.Цийн “...шавар мэт зүйлийг сонирхоод тэр өдрөө ажил дээрээ хэрэглэж үзсэн. Хэрэглэхдээ тугалган цаасан дээр тавиад доороос нь асаагуураар төөнүүлээд шавар ууршихаар нь утааг нь сорж хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх-158-161/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...2018.10.24 Лида Цэнд-Аюуш УХ9804119 гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн Тетрагидроканнабинол нь НҮБ-н Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх 11322 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-118/,
“...Шинжилгээнд ирүүлсэн №24 гэж дугаарласан зууван дугуй хэлбэртэй 3 ширхэг бор өнгийн шавар мэт зүйл, №52 гэж дугаарласан АМ1410627 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, АU338800 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, №51 гэж дугаарласан ZN0569722 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, №81 гэж дугаарласан Cuddle гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн босоо дугуй хэлбэртэй сав, №82 гэж дугаарласан зууван хэлбэртэй, хуванцар тагтай, цагаан өнгийн хуванцар сав, №83 гэж дугаарласан АС5271985 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, №84 гэж дугаарласан тогоо хэлбэртэй, шаргал өнгийн металл гаанс мэт зүйл, №85 гэж дугаарласан 8x8 хэмжээтэй 2 ширхэг тугалган цаас, №86 гэж дугаарласан АК5805844 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 8x8 хэмжээтэй нэг тал нь хөө мэт зүйлээр бохирлогдсон, нөгөө тал нь олон тооны цэгчилж шатсан тугалган цаас, №87 гэж дугаарласан 1.5 см диаметр жижиг, цагаан өнгийн хуванцар тагтай сав зэрэг зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,4562 гр байсан шинжилгээнд 0,0209 гр-г зарцуулж, 0,4353 гр-г буцаав.” гэх 11307 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-123-124/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-25/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-37-40/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-92-98/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд зааснаар тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Цийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзлээ.
Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн дэвсгэртүүдийг устгахаар шийдвэрлэсэн нь Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгтэй нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар бичсэн прокурор Ж.Сандагсүрэнгийн эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна.
Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно.” гэж хуульчилсан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АМ1410627, АU0338800, ZN0569722, АG5271985, АК5805844 серийн дугаартай мөнгөн дэвсгэртүүдийг Монголбанкинд шилжүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын мөнгөн дэвсгэртүүдтэй холбоотой хэсгийг “...№52 гэж дугаартай АМ1410627 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт АU0338800 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, №51 гэж дугаартай ZN0569722 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, №83 гэж дугаартай АG5271985 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, №86 гэж дугаартай АК5805844 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт зэргийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Монголбанкинд шилжүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц. ОЧ