Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2019/00073/И |
Дугаар | 001/ХТ2020/00727 |
Огноо | 2020-10-27 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2020/00727
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01037 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1259 дүгээр магадлалтай,
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Д.Х, М.Д нарт холбогдох,
“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 12 902 558.95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Х.Тэмүүжин нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х нь “Х” ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1090012968 дугаартай гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг 30 хоногт 2.25 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн хугацааг сунгаж зээлийн дансны дугаарыг 1090025553 тоот болгож өөрчилсөн. Мөн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1090025553 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн гэрээний дуусах хугацааг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болгон сунгаж зээлийн дансны дугаарыг 1090012968 тоот болгож өөрчилсөн.
Дээрх гэрээнд М.Д нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 16 390 926.86 төгрөг, зээлийн хүүнд 12 564 310.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 105 022.68 төгрөг буюу нийт 29 060 259.65 төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1090012968 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 684 хоног хугацаа хэтрүүлээд байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байна. 1090012968 тоот зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1090012968-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр №000113409, Ү-2206005937 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 7 гудамж 252 тоот хаягт байршилтай 65.1 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай №000011837, Г-2206000574 дугаартай 414.38 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. “Х” нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж байсан ч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1090012968 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 8 609 073.14 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар хүү 3 865 909.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 427 576.10 төгрөг, нийт 12 902 558.95 төгрөгийг Д.Х, М.Д нараас гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкнаас 25 000 000 төгрөгийг анх зээлсэн нь үнэн. Бид хувиараа хүлэмжээр ногоо тарьдаг. Тэгээд хувийн аж ахуй маань бүтэлгүйтэж зээлээ төлөхөд хэцүү болсон. Би огт ойлгоогүй тэр зээлийн гэрээний сунгалтууд дээр гарын үсэг зурсан байна. Бид хүүгээ төлье гэж хүсэлт гаргасан. Тухайн үедээ гэрээг нь гүйцэд уншаагүй зүгээр гарын үсэг зурсан гэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-ийн зүгээс 12 902 558.95 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ 3 гэрээний асуудал ярьдаг. 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Д.Х, М.Д нарт мөнгө зээлсэн. Үүнтэй холбоотой зээлийн гэрээнд 2 удаа нэмэлт өөрчлөлт хийж 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацааг өөрчилж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгахаар тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 5 сарын хугацаагаар сунгахаар тус тус гэрээ байгуулсан.
Хариуцагч нар нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөг зээлсэнд маргахгүй. Өөрөөр хэлбэл үндсэн зээл төлөх асуудалд маргахгүй. Тооцоолол дээр маргаж байна. Зээлийн гэрээ 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдахдаа зээлийн гэрээний хугацаа 36 сар байхаар тохиролцсон. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусахаас 8 сарын өмнө зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээний хугацааг сунгасан байдлаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Хавтаст хэрэгт “Х” ХХК-ийн гаргасан нотлох баримтаар хариуцагч нарын зүгээс “Хинд” гаргасан хүсэлт нь огт хугацаа сунгах талаар байгаагүй. Хариуцагч нарт зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэл сонирхол байгаагүй. Үндсэн зээлийн асуудлыг түр хойшлуулж өгөөч, зөвхөн хүүг төлье гэх хүсэлт зоригийн илэрхийлэл хариуцагч нараас гартал “Х” ХХК-ийн зүгээс өөрсдийн давуу талыг ашиглан зээлийн хурлаар зээлдэгч М.Д, Д.Х нар зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээг сунгахаар шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 39-д зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг шууд утгаар тайлбарлана. Хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байхад гэрээ байгуулагдсан буюу Иргэний хуулийн 196-н асуудал яригдаж байгаа бол энэ анхнаасаа гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасан гэрээ байхад ямар ч шалтгаангүйгээр дахин сунгасан. Хавтаст хэрэгт энэний хүсэл зоригийг илэрхийлсэн хүсэлт байдаггүй. Гэтэл хүсэлтийг үндэслэн гээд сунгасан. Д.Х, М.Д нараас бидний бизнесийн үйл ажиллагаа доголдож, бизнес амжилттай хэрэгжиж байх үеийн өндөр төлөлтийг хийхэд хүндрэлтэй байх тул бидэнд учирсан бизнесийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хүлээж аван эргэн төлөлтийн хуваарийг өөр байдлаар хийж өгнө үү гэх хүсэл зоригийн илэрхийллийг “Х” ХХК-ийн зүгээс өөрт ашигтайгаар зээлийн гэрээний хугацаа сунган 3 жилийн турш дахин хөөн бодох аргаар хийж байна. Энэ гэрээ бол хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй, анхнаасаа байгуулагдаагүй хэлцэл юм. Байгуулагдаагүй хэлцэл учраас Иргэний хуулийн 216.4-т заасны дагуу 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Х” ХХК, Д.Х, М.Д нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хугацааг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгохоор байна. Энэ цаг хугацаанаас хойш төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн 216-д заасны дагуу хүүнд төлөгдсөн нөхцөлүүдийг үндсэн зээлээр тооцож, зээлийн тооцооллыг өөр байдлаар шийдэж өгнө үү. Тэгвэл тооцооллын хувьд өөр гарна. “Х” ХХК-ийн зүгээс тооцоолол гаргаж өгсөнгүй. Хариуцагчид зээл төлөлттэй холбоотой баримт байдаггүй, “Х” ХХК-иас гаргаж өгсөн дансны хуулга байдаг.Зээлийн гэрээний хугацааг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дууссанаар тооцвол хугацаа нь дууссанаас хойш хүүнд төлөгдсөн төлбөрүүдийг үндсэн зээлээс хасалт хийх аргачлалаар бодвол өөр дүн гарна гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01037 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Х, М.Д нараас 12 902 558.95 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х, М.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 291 591 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож,
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд Д.Хын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206005937 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 7 дугаар гудамжны 252 тоот хаягт байршилтай 65.1м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2206000574 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 7 дугаар гудамжны 252 тоот нутаг дэвсгэр 18633305896278 нэгж талбарын дугаартай 414.38м.кв га газар буюу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1259 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 183/ШШ2019/01037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Хын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Хаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01037 тоот шийдвэрийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1259 тоот магадлалын зарим хэсгийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байна.
Монгол Улсын иргэн бүр их, бага хэмжээгээр арилжааны банкуудад зээлтэй бөгөөд арилжааны банкууд хугацаа нь дууссан зээлийг төлүүлэх арга хэмжээ авахын оронд зээлийн хугацааг сунгаж, иргэдийг эдийн засгийн хувьд илүү хүнд нөхцөлд оруулж байгаа нь хууль бус юм. Хуулийг нэг мөр хатуу дагаж мөрдөх ёстой боловч зарим тохиолдолд Монгол Улсын шүүх уян хатан байх нь шударга ёсны зарчмын хувьд нийцнэ. Энэхүү зарчмын хүрээнд хяналтын гомдлыг гаргаж байгааг эрхэм шүүгч нар анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна.
Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Хэргийн 107 дугаар талд хариуцагч нарын “Манайх 5 сард газар болон хүлэмж түрээслэн хөрөнгө оруулалт хийж ногоо тарьсан. Энэ хугацаанд ногоо, ургац муу авч ашиггүй ажилласан болно. Ийм болоод банкны хугацааг хэтрүүлэн зээл төлж чадаагүй, Бидний энэ байдлыг харгалзан үзэж, бизнесийн орлого сайжиртал 10 сарын хугацаанд хүү төлөх хүсэлттэй байна” гэх өргөдөл авагдсан байх боловч 2015 оны 09 дүгээр сарын 23, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнд хариуцагч нар харилцан зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар дээрх нэмэлт гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан гэж үзнэ” гэжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж зохицуулсан. Хариуцагч Д.Х, М.Д нар нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн нэмэлт гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний хугацаа сунгахад “Хүсэлт зоригийн илэрхийлэл” нь өөр байсан нь Хавтаст хэргийн 107 дугаар талд авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Тодруулбал, Зээлийн гэрээний хугацааг сунгах бус харин зээлийн хүүгийн төлөлтийг түр хугацаанд төлж, улмаар үндсэн зээлийг хойшлуулах хүсэл зоригийн илэрхийлэл гаргасан. Гэтэл нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зүгээс уг хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг сунгасан нь хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллээс тэс хөндлөн, давуу байдлаа ашигласан үйлдэж болох нь харагдаж байна. Түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгахад “Хүсэл зоригийн илэрхийлэл” ч байхгүй бөгөөд банк давуу байдлаа ашиглаж гарын үсэг зуруулсан.
Гэтэл давж заалдах шатны шүүх уг асуудлыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж заасны дагуу “Нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан”, уг зурсан үйлдлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр болсон.
Хэдий хариуцагчийн зүгээс “Нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан” нь буруу боловч хариуцагч этгээдүүдийн банкнаас юу хүсэж байсан бэ? гэдгийг эрх зүйн хувьд дүгнээгүй нь алдаа болсон.
Түүнчлэн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “1090012968 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-д зээлдэгчийг төлөөлж “Хамтран үүрэг гүйцэтгэгч” “М.Д” гарын үсэг зураагүй. Ийнхүү хамтран үүрэг гүйцэтгэгч “Нэмэлт гэрээ”-нд гарын үсэг зураагүй байхад анхан шатны шүүхээс “Гэрээнд гарын үсэг зурснаар хэлцэл хүчин төгөлдөр болсон” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй нөхцөлд хэлцэл байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “1090012968 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт болон 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр №109001268/НӨ-2 тоот “1090012968 тоот Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт”-ийг хариуцагч нарын зүгээс байгуулагдаагүй гэж үзэж байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон.
Хариуцагч нарын зүгээс 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 1 456 049.67 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн уг дүнг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу үндсэн зээлээс хасаж шийдвэрлэж ёстой.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4- т заасны дагуу шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн дүнгээс 1 456 049.67 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
“Х” ХХК нь хариуцагч Д.Х, М.Д нарт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 12 902 558.95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...талууд харилцан тохиролцоогүй байхад гэрээг сунгасан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1. дэх заалтад нийцээгүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.
Зохигч 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1090012968 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, гэрээгээр Д.Х, М.Д нар 25 000 000 төгрөгийг 30 хоногт 2.25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг барагдуулахаар, зээлийн үндсэн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй нийт үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж тохиролцсон бөгөөд, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 7 дугаар гудамжны 252 тоот 414.38 м.кв талбай бүхий газар, тус газар дээр баригдсан 65.1 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалж, “Барьцааны гэрээ” байгуулжээ.
Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Талууд гэрээнд 3 удаа өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тогтоосон, зээлдэгч 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлбөр хийгээгүй, энэ хугацаанд 29 060 259.65 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө гэрээгээр тохирсон хүүгийн хамт нэхэмжилжээ.
Хоёр шатны шүүх талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг зөрчөөгүй талаарх дүгнэлт хуульд нийцжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1.-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулжээ.
Зээлдэгч зээл авсан талаар маргаагүй, үлдэгдэл төлбөрийг төлнө гэх боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж байснаас гэрээний хугацааг сунгах хүсэлт гараагүй, хугацаа сунгасан гэрээ нь хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй тул сунгасан хугацаанд төлсөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс хасах ёстой гэж маргаж, барьцааны гэрээний талаар маргаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд талууд гарын үсгээ зуржээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талуудын тохиролцоо хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцсэн, энэ үндэслэлээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Зээлдэгч 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8 609 073.14 төгрөг, зээлийн хүү 3 865 909.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 427 576.10 төгрөг, нийт 12 902 558.95 төгрөгийн төлбөртэй талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, тооцоог эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбараа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01037 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1259 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Хаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД