Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/345

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0260/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч А.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч Т.Б өмгөөлөгч Г.Энхцэцэг,

Шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Н.Баярмаа,

Хохирогч Д.Ө, Х.С,

Шүүгдэгч Т.Б, С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт Б овогт С-ын С-ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Б овогт С-ын С, Б овогт Т-ын Б нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000303 дугаартай хэргийг  2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Б овогт Т-ын Б /РД:............/, ..... оны ..... дугаар сарын ....-ний өдөр ..........  аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, хэрэгт холбогдохоосоо өмнө ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдарч байсан, Урьд:

- Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай,.

2. Монгол улсын иргэн, Б-н овогт С-ын С /РД:.........../, ..... оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ........... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, .......... аймаг, ...... сум, 2 дугаар баг, Шийрийн бригад хөдөө тоотод оршин суух бүртгэлтэй, оршин суух тодорхой хаяггүй, Урьд:

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ..... дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 25,000 төгрөгөөр торгох ял,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ...... оны 11 дүгээр сарын 4ний .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн   99.2-д зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ...... оны 3 дугаар сарын 7-ны ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн    99.2-д зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял,

- Сум дундын 7 дугаар шүүхийн ....... оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ......... дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 04 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С, Т.Б нар нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1а байрны аркт иргэн ........ эд зүйлийг авахаар амь биед аюултайгаар хүч хэрэглэн архи, гар утас, түрийвчтэй мөнгө бичиг баримтыг дээрэмдсэн,

 Шүүгдэгч С.С нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.С, Т.Б нар нь бүлэглэн ........ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ...... байрны аркт иргэн Д.Өгийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, архи, гар утас, түрийвчтэй мөнгө, бичиг баримтыг дээрэмдсэн,

Шүүгдэгч С.С нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х.Стэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж, биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний шарх бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Б-ийн өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 20-нд С.С бид хоёр маргалдсан байсан. Тухайн үед хохирогчийн архи, гар утас, түрийвч зэргийг нь би авсан. Түрийвчинд нь байсан мөнгийг аваад түрийвчийг нь тэнд нь шидчихсэн. 6 ширхэг 20,000 төгрөг байсан. С тэр үед байгаагүй. Надаас түрүүлээд явчихсан байсан. Би араас нь гүйж очоод Сд би архийг нь авчихлаа гэж хэлсэн. Анх архи барьчихсан явахыг нь хараад архийг нь авах зорилготой очсон гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Сын өгсөн: С-ийн хувьд яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байх тул нэмж ярих зүйлгүй. Дээрмийн хэрэгт би оролцоогүй. Б бид хоёр тэр үед муудалцсан байсан. Б намайг зодох байх гээд би орхиод түрүүлээд явсан. Гэтэл араас хүрч ирээд тэр хүний архийг нь авчихлаа хурдан яв гэсэн. Би архийг нь л авсан юм байна гэж бодсон. Гар утас авсныг мэдээгүй. Таксинд суусны дараа мөнгө авсныг нь мэдсэн. 6 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт гартаа барьчихсан байсан гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Ө-ийн өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 20-ны орой Ар жанчивлан явах гээд билет авчихсан байсан. Ойр зуурын юм бэлдэх гээд 200,000 төгрөгтэй явж байсан. Дэлгүүрээс 1 шил архи аваад арк руу ороход араас эмэгтэй хүн тэвэрсэн. Би яагаад эмэгтэй хүн намайг тэврээд байгаа юм бол гээд гайхсан. Миний халаасыг ухаад зугтаагаад явсан. Би хойноос нь та хоёрыг таньж байна шүү ахдаа буцаагаад өгчих гэж хэлсэн. С.С халаасыг нь ух гэж хэлсэн. Тухайн үед миний гар гэмтэлтэй байсан. Эрэгтэй хүн л гарыг минь мушгисан. Би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Энэ хоёрын хойноос явах гэтэл энэ хоёр хүн зугтаагаад явсан. Би сард 260,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Тухайн үед тэтгэврээ авсан байсан. Би гэрээс гарахад 200,000 төгрөгтэй гарсан. Түүнээс архи аваад 189,500 төгрөг үлдсэн байсан. Би эрүүл биш согтуу байсан. тэгэхдээ тийм их согтуу байгаагүй. Би хохиролд бэлэн байсан 189500 төгрөг болон иргэний үнэмлэх дахин авахад зарцуулсан мөнгө, автобусны билетийн үнэ, түрийвчний үнэ, гар утасны үнэ, архины үнэ зэргийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан хэмжээгээр төлүүлмээр байна гэх мэдүүлэг,

Хохирогч Х.С-ийн өгсөн: ......... оны 05 дугаар сарын 11-нд би согтуу байсан. 5-4 дүгээр байрны гадаа С-тай таараад юм ярьж байгаад хамт архи уусан. Сыг У-ыг дуудаад өг гээд дуудуулаад бид гурав  манайд 3-уулаа уусанБи нэг сэрэхэд намайг хутгалсан байсан. Би таксинд суугаад эмнэлэгт очсон. Би хэрэлдэж барьсан зүйлээ санахгүй байна. Гомдолгүй. 300,000 төгрөгийн эмчилгээний зардлыг л авмаар байна. Би уг эмчилгээний зардлыг хүнээс мөнгө аваад өгчихсөн болохоор надаас нэхээд байгаа гэх мэдүүлэг.

 

Мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Т.Б-ийн өгсөн: “2017 оны 04-р сарын 20-ны орой цагийг нь сайн санахгүй байна, нилээд харанхуй байсан би ч бас согтуу байсан бөгөөд С-тай хамт хуучин хорооллоос хог түүж явж байгаад шинэ хороололд ирсэн. тэгээд Стай өөр өөр тийшээ явж хог түүнэ гэдгээс болоод бид 2 маргалдсан. С бид 2 консулын тэр хавьд хэрэлдээд Сайханаа 1б байрны арк руу гүйгээд явчихсан. Би араас нь явж байсан чинь нэг эрэгтэй хүн мөнгө тоолоод түрийвч рүүгээ хийж байхыг харсан тэгээд би хойноос нь гүйж очоод халаас руу нь гараа хийгээд газар руу түлхсэн. Түлхэж байгаад халаасанд нь байсан түрийвчнээс нь бэлэн мөнгийг нь аваад түрийвчийг нь буцаагаад шидчихээд гүйгээд явчихсан. Тэгээд би Сын араас  очоод хүний мөнгө утсыг нь авчихлаа" гэж хэлээд таксинд суугаад мөнгөө үзсэн чинь 6 ширхэг 20 мянган төгрөгийн дэвсгэрт байсан. Мөн гар утсыг халаасандаа хийгээд явсан. Тэгээд явж байхдаа шуудайнд байсан архины үлдэгдлийг уугаад бүр согтчихсон байсан. Аль дэлгүүр орсноо санахгүй байгаа. Өглөө хуучин хороололд 27-р байрны подвальд сэрсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69/,

 

Шүүгдэгч С.С-ын өгсөн: “...Гадаа нилээн харанхуй болсон байсан. Б бид 2 уулзчихаад баталион явах гээд алхаж байсан. Тэгэхэд 1б байрны аркнаас гартаа архи барьсан эрэгтэй хүн гарч ирсэн чинь Б тэр хүн рүү очоод аркийн тэнд барьцалдаад авсан. Тэгэхээр би зугатаагаад цаашаа явсан. ...Би тэр хүний царай зүсийг нь хараагүй. Би бол эрүүл байсан Б нилээн согтсон байсан. Б хаана хэнтэй архи уусныг мэдэхгүй би Бтэй уулзаагүй 2 хоносон байсан. Би тэр хохирогчид огт гар хүрээгүй. Бийг тэр хүнтэй барилцаад авахаар нь би түрүүлээд яваад өгсөн. Би Бийг тэр хүний гарт байгаа архийг нь авах гэж байна гэж бодсон. Гэтэл Б гартаа Хараа архи 1 шилийг, 6 ширхэг 20,000 төгрөг барьчихсан байсан. Өөр юу авсныг нь мэдээгүй. Б надтай уулзахад өөрт нь 6000 төгрөг байсан. Намайг түрүүлээд явсны дараа Б араас ирээд хурдан яваарай гээд гартаа архи барьчихсан байхаар нь би нөгөө хүний архийг нь авчихаад намайг хурдан яв гэж байгаа юм байна гэж бодсон. Дараа нь таксин дотор мөнгө гаргаж ирэхээр нь Бийг би тэр эрэгтэй хүний архи бас мөнгийг нь авсан юм байна гэж бодсон. Б намайг байнга зодож нүддэг учраас би цагдаад хэлээгүй тэр бол миний буруу. 2.5 литрийн Сэрүүн пиво тэр мөнгөөр худалдаж аваад тэр хүнээс авсан хараа архитай нь хамт уусан. Тэгээд Б согтоод намайг цохиод авахаар нь би түлхэж унагаачихаад яваад өгсөн. Маргааш өглөө үүрээр Б 7000 төгрөгтэй орж ирсэн. Бусад мөнгийг нь юунд зарцуулсныг нь мэдэхгүй. Би тэр хүнд огт гар хүрээгүй. Б тэр хүнийг зодож цохисон үгүйг мэдэхгүй байна.

...Надад Сийг хутгалъя гэсэн бодол байгаагүй. Харин С өөрөө хутга бариад намайг чи шаа гэж дайраад намайг цохисон. Тэгэхээр нь би тэсэлгүй хатгасан. Би хүний биед хүнд гэмтэл учруулснаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 202, 207-208/,

 

Гэрч Д.Н-н өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн үед би рестораныхаа хашаан дотор явж байсан чинь Ариа гэж дууддаг 1 жилийн өмнөөс мэддэг болсон Б нокиа маркийн гар утас гаргаж ирээд та авчих аа гэж хэлсэн. Надад мөнгө байхгүй, би авахгүй гэсэн чинь би шартаж үхлээ гээд байсан. Тэгээд ресторанаас үлдсэн архийг гуйгаад байхаар нь өгсөн чинь надад тэр утсаа өгчихөөд яваад өгсөн гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 37/,

 

Гэрч Б.У-ын өгсөн: ...С С бид нар архи ууж байхад тэр хоёр урьдны асуудлаас болоод маргалдаад байсан. Урьд нь С Сийн гаранд нь хутгалж ял авч байсан юм. Тэрийг яриад байх шиг байсан. Би тухайн үед архи их уусан байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байна. С хутгалсуулан талаар мэдэхгүй байгаа юм гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 125/,

 

Гэрч Э.Э-ын өгсөн: Би яаралтай тусламжийн хүлээн авах тасагт 16:00 цагаас эхлэн үүрэг гүйцэтгэж байна. Манай тасагт 40 орчим насны эрэгтэй хүний бие нь муу, хутгалуулчихсан юм, туслаачгээд орж ирсэн. Өөрийгөө С гээд би одоогоос 2-3 цагийн өмнө байх эмэгтэй хүнтэй хамт архи ууж байгаад хутгалуулсан, тэр хутгалсан эмэгтэйгээ танина гээд нэрийг асуухад огт хэлэхгүй байсан. Хутгалуулчихаад гайгүй байх гээд гэртээ 2-3 цаг харж байгаад бие муудаад байхаар нь ирлээ гээд согтуу ирсэн. Юм асуух тусам ухаан санаа нь балартаад, хэл яриа нь бүдгэрээд байхаар нь олон зүйл асуулгүй нарийн мэргэжлийн эмч дуудаж үзүүлсэн. Шингэн залгасан, биед нь байгаа шархны байдлыг үзэхэд цээжний зүүн дээд хэсэгт зүрхэн тус газарт 1 удаа хутгалуулсан бололтой шарх байсан. Шарханд 3 ширхэг оёдол тавьсанЦус гарч байсан шинэ шарх байсан. Ингээд шинжилгээнүүд өгөөд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд шууд хагалгаанд оруулсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 126-127/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны  5 дугаар сарын 2-ны өдрийн 498 дугаартай Д.Ө-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /1-р хх-ийн 55//,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны  6 дугаар сарын 14-ний өдрийн 649 дугаартай Х.С-ийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний шарх, хагалгааны дараах байдал, зүүн даланд сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх-ийн 134/,

Хүний бие, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 104-106/, Х.Сийн өвчний түүх /2-р хх-ийн 2-27/,

Гэрч Д.Н-оос гар утас хураан авсан, хохирогч Д.Ө-д гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-24/,

Нокиа-1680 маркийн гар утас 20000 төгрөг, Эрэгтэй хүний бор өнгийн ширэн түрийвч 30000 төгрөг, Хараа архи /0,75л/ 11000 төгрөг, автобусны билет 3500 төгрөг, иргэний үнэмлэх 23000 төгрөгийн үнэлгээтэй байна гэхК” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-39-40, 46-47/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 89-99/, шар эрээн өнгийн бариултай хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөн байцаагчийн тогтоол /хх-114/,

Шинжилгээнд ирүүлсэн Ундралын өмсөж явсан гэх футболк дээр цус илэрсэн, Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-152/,

Шинжилгээнд ирүүлсэн Сийн гэрээс хураан авсан 00-ийн цаас, бэлтгэлийн цамцанд цус илэрсэн, Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-158/,

Шинжилгээнд ирүүлсэн Ундралын гэрээс хураан авсан цэнхэр өнгийн эмэгтэй цамц, ногоон цайвар өнгийн нүүр гарын алчуурт цус илэрсэн, Эмэгтэй цамцан дээрхи цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-164/,

Шинжилгээнд авсан Х.Сийн цусны бүлэг нь В/III/ байна гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 178/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч С.С, Т.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ........ аймгийн ..... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ..... байрны аркт иргэн Д.Ө-ийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж архи, гар утас, түрийвчтэй мөнгө, бичиг баримт зэргийг дээрэмдсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн,

Шүүгдэгч С.С-ын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

Шүүгдэгч С.С, Т.Б нар нь иргэн Д.Ө-ийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг С.С үйлдээгүй, Б ганцаараа үйлдсэн гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь  С.С-ын холбогдсон дээрэмдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч энэ байдал хохирогч Д.Өгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...намайг эрэгтэй, эмэгтэй 2 хүн дээрэмдсэн. Араас эмэгтэй нь тэврээд унагасан. Эрэгтэй нь халааснаас эд зүйл авсан. Харвал шууд танина, манай тэр хавиар байнга явж хог түүдэг хүмүүс байсан... гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж тус тус заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.

 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ багасаж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Харин 2015 оны Эрүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ ихсэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Бийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлын улмаас хохирогч Д.Ө-д бэлэн мөнгө 189500 төгрөг болон 30000 төгрөгийн үнэлгээ бүхий бор өнгийн жижиг түрийвч, 11000 төгрөгийн үнэлгээтэй Хараа архи, 3500 төгрөгийн үнэлгээтэй автобусны билет, 23000 төгрөгийн иргэний үнэмлэх, 20000 төгрөгийн үнэлгээтэй нокиа-1680 маркийн гар утас алдагдаж нийт 277000 төгрөгийн хохирол учирснаас 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий  нокиа-1680 маркийн гар утсыг буцаан өгсөн нь гэрч Д.Н-оос эд зүйл хураан авч хохирогч Д.Өд  гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 22-24/-ээр нотлогдож байх ба 257000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч Х.Ст 300,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Б-өөс 128,500 төгрөг гаргуулж хохирогч Д.Өд, шүүгдэгч С.С-аас 428,500 төгрөг гаргуулж 128,500 төгрөгийг хохирогч Д.Ө-д, 300,000 төгрөгийг хохирогч Х.Ст тус тус олгох нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Т.Б нь Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн ....  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.С нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ........ оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ....... дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 25,000 төгрөгөөр торгох ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ......... оны 11 дүгээр сарын 4-ний ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ........ оны 3 дугаар сарын 7-ны .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Сум дундын 7 дугаар шүүхийн ..... оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ...... дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 04 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч С.С нь ........ оны 10 дугаар сарын 18-нд Сын Х-г төрүүлсэн болох нь төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээгээр нотлогдож байгаа ба энэ байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал  зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, С.С нарт тус бүр 2 / хоёр жил/ жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар С.Сд 5 жил 1 хоног /таван жил нэг хоног/-ийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журам, 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулна гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуульд заасан журмыг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч С.Сд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 2 сарыг нэмж нэгтгэн нийт элдэх ялыг 5 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Т.Бт энэ тогтоолоор оногуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 2 сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.С-ын цагдан хоригдсон 43 хоног, шүүгдэгч Т.Бийн цагдан хоригдсон 157 хоногийн тус тус эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Т.Бт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болохоор заасан ба С.С нь 2017 оны 10 дугаар сарын 18-нд Сын Х-г төрүүлсэн боловч анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаалнагэж заасан байх тул 2017 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн, шийтгэх тогтоол гарах үед 36 хоногтой Сын Хд нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өмд, дотоож, цамц, куртик зэргийг хохирогч Х.Ст олгож, арчуур, эмэгтэй цамц, эмэгтэй футболка, хутга зэргийг устгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Бийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т.Б-өөс 128,500 төгрөг гаргуулж хохирогч ................... тоотод оршин суух Давхар овогт Доржийн Ө /РД:........../-д, шүүгдэгч С.Саас 428,500 төгрөг гаргуулж 128,500 төгрөгийг хохирогч Д.Өд, 300,000 төгрөгийг хохирогч Боржигон овогт Халзангийн С, /РД:................/-т тус тус олгосугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, С.С нарт тус бүр 2 / хоёр жил/ жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар С.Сд 5 жил 1 хоног /таван жил нэг хоног/-ийн хорих ял шийтгэсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар С.Сд оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зарим болох 2 сарыг нэмж нэгтгэн нийт элдэх ялыг 5 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар Т.Бт энэ тогтоолоор оногуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......... оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн .......дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Сд оногдуулсан 5 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял, Т.Бт оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сын урьдчилан цагдан хоригдсон 43 хоног, Т.Бийн урьдчилан цагдан хоригдсон 157 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 10-нд төрсөн Сын Хд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад даалгасугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өмд, дотоож, цамц, куртик зэргийг хохирогч Х.Ст олгож, арчуур, эмэгтэй цамц, эмэгтэй футболка, хутга зэргийг устгасугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Т.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ИХТАМИР

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Я.ТУУЛ

 

                           ШҮҮГЧ                      А.НАРАНТУЯА