Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 227

 

  Т.Х, Б Ж Ё /В J Y/ нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Ш.Хосбаяр,

          орчуулагч Э.Б,

          шүүгдэгч Б Ж Ё, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

          шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,  

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Х, Б Ж Ё нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох 2017 2603 0038 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б Ж Ё /B J Y/, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ........... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт ............ муж .......... бонжи 6 тоотод оршин суух бүртгэлтэй, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй,

1995 оноос 2013 оныг хүртэлх хугацаанд нийт 12 удаагийн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шийтгүүлж байсан гэх, /паспортын дугаар: ......../;

2. Б овгийн Т-н Х, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .....дүүргийн 20 дугаар хороо, ......., .......н гудамжны .. дүгээр байр, .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;

Б Ж Ё /B J Y/, Т.Х нар нь бүлэглэн:

- 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ......... дүүргийн 7 дугаар хороо, ............... тоотод оршин суух иргэн Б.О-н амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, Аюуш бурхан, гуулин үнсний сав, мөнгөн болон гуулин цөгц, виски, цүнх зэрэг нийт 21.788.000 төгрөгийн хөрөнгийг,

- 2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө ....... дүүргийн .. дугаар хороо, ........ хотхоны ... тоотод оршин суух иргэн Л.Г-н амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт, кулон, гинж, үсний сувдан даруулга, гоо сайхны жижиг цүнх, бугуйн цаг, мөнгөн тоногтой хэт хутга, бурхан, очир, эрхи, хөөрөгний толгой, хөөрөг, даалин, гадаад  улсын мөнгөн тэмдэгтүүд, зургийн аппарат зэрэг нийт 180.283.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, мөн бэлэн 10.000.000 төгрөг зэрэг нийт 190.283.000 төгрөгийн хөрөнгийг,

- 2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө ...... дүүргийн ... дугаар хороо, ......... хотхоны ....... тоотод оршин суух иргэн С.О-н амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт, кулон, нарны шил, бугуйн цаг, мөнгөн аяга, домбо, ваар, бурхан, хонх, очир, бүрээ, тахилын хадаг, бумба, хөөрөг, даалин, байршил тогтоогч, дуран, цүнх, бүс, дээлийн товч, чихэвч зэрэг нийт 38.345.000 төгрөгийн хөрөнгийг,

- 2017 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө ...... дүүргийн ..... дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах иргэн Л.Ч-н ... тоот амины орон сууцны 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтрэн орж, ээмэг, бөгж, зүүлт, кулон, гинж, бугуйвч, энгэрийн зүүлт, гоёл чимэглэл хийх зориулалтын сав, бугуйн цаг, гоёлын үнэт чулуу, нарны шил, түрийвч, эрхи, хөөрөгний халбага, нуух, толгой, хөөрөг, даалин, хос янгирын дүрс бүхий таягны толгой, бурхан, гүц, хонх, очир, хадаг, хуучны мөнгөн тэмдэгтүүд, бор өнгийн модон хийц, цүнх зэрэг нийт 592.323.000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө, мөн бэлэн 15.000.000 төгрөг зэрэг нийт 857.739.000 төгрөгийн хөрөнгийг тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б Ж Ё /B J Y/, Т.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б Ж Ё /B J Y/-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Х-г бусдын эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар Б Ж Ё /B J Y/-ийг 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар Т.Х-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, Худалдаа хөгжлийн банкны 3 ширхэг баримт, бусад 9 ширхэг сидид буулгасан бичлэг зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж,  

- Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, “Make good money” гэсэн бичиглэлтэй дэвтэр 1 ширхэг, “Daejeonkorea” гэсэн бичигтэй Б Ж Ё-ийн зурагтай дэвтэр 1 ширхэг, хуудасны хамт, хар өнгийн арзгар ултай, 10 дугаартай шинжилгээнд тохирсон пүүзэн гутал 1 хос, урдаа цахилгаантай, саарал өнгийн малгайтай, юүдэнтэй куртик 1 ширхэг, хар саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн халаастай, цахилгааны оруулгатай өмд тус бүр 1 ширхэг, цэнхэр өнгийн урдаа цахилгаантай куртик 1 ширхэг зэргийг шүүгдэгч нарын ар гэрт буцаан олгож,

- 68-48 УБЧ улсын дугаар /хуурамч гэх/ 2 ширхэг, 12-74 ДАР улсын дугаар /хуурамч гэх/ 2 ширхэг, 45-20 УБА улсын дугаар /хуурамч гэх/ 2 ширхэг, 21-52 УБҮ улсын дугаар /хуурамч гэх/ 2 ширхэг, 82-74 УБП улсын дугаар /хуурамч гэх/ 2 ширхэг зэргийг устгуулахаар Авто тээврийн үндэсний төвд шилжүүлж,

- хар өнгийн том таслагч багаж 1 ширхэг, шар өнгийн жижиг таслагч багаж 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дунд зэргийн таслагч багаж 1 ширхэг, улаан өнгийн богино лоом төмөр 1 ширхэг, хар өнгийн урт лоом төмөр /үзүүр нь тахийсан хэлбэртэй/ 1 ширхэг, шар өнгийн үүрдэг зориулалтаар бэлтгэсэн зүйл 1 ширхэг, хөрөө 2 ширхэг, хугархай хуурай 1 ширхэг, алх 1 ширхэг, уяа 1 ширхэг, цайвар өнгийн 3 ширхэг будаг, гар станц 2 ширхэг, чихэвчний хамт, станцын суурь 2 ширхэг, цэнэглэгч 2 ширхэг, шар өнгийн станц хайрцагтай 2 ширхэг, суур цэнэглэгч, чихэвчийн хамт, “Сосо” гэсэн бичигтэй хар өнгийн бүх хаалга онгойлгох зориулалттай түлхүүр багажны цуглуулга 1 ширхэг /ком/, отвертка 2 ширхэг, цагаан өнгийн урт уяа, бахь 2 ширхэг, газу /газовичек/ гэж нэрлэдэг төмөр багаж бахь мэт хэлбэртэй, дугуйн торцов 1 ширхэг, тусгай түлхүүрнүүд 1 ком 9 ширхэгтэй, ажлын бээлий 4 хос, 1 өрөөсөн, будаг 3 ширхэг, богино антенн, 9 мм түлхүүр 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, суурин станц 1 ширхэг холбогч утасны хамт, “AGATHA” гэсэн цэнхэр өнгийн хавтас дотор хуурамч номер дугаар хийж байхдаа ашигласан байж болох сэтгүүлийн тасархай, цагаан өнгийн даавуу мэт зүйл дотор цайвар өнгийн төмөр цоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б Ж Ё /B J Y/-ийн урьдчилан цагдан хоригдсон 463 хоног, Т.Х-н урьдчилан цагдан хоригдсон 328 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 30.486.000 төгрөгийг хувь тэнцүүлэн Б Ж Ё-оос 15.243.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ч-д 4.250.000 төгрөг, хохирогч С.О-д 2.150.000 төгрөг, хохирогч Д.Ж-д 7.730.000 төгрөг, Цагдаагийн Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст 1.113.000 төгрөгийг, Т.Х-с 15.243.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ч-д 4.250.000 төгрөг, хохирогч С.О-д 2.150.000 төгрөг, хохирогч Д.Ж-д 7.730.000 төгрөг, Цагдаагийн Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст 1.113.000 төгрөгийг тус тус олгож, Т.Х-н нэр дээрх Худалдаа хөгжлийн банк дахь 419008634 тоот төгрөгийн дансан дахь 11.049.917, Б Ж Ё-ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банк дахь 450012618 тоот төгрөгийн дансан дахь 11.049.526 төгрөгийн захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласныг хүчингүй болгож, дансан дахь мөнгөн хөрөнгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Т.Х-н эзэмшил дэх 32-71 УБЦ улсын дугаартай “Toyota Prius-30” загварын автомашиныг улсын орлого болгож, 01420269 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, 0933712 дугаартай татварын гэрчилгээ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн түлхүүр 1 ширхэг зэргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б Ж Ё /B J Y/ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний эд зүйл болох гар утас, цүнх, гутал, бөгж, бэлэн мөнгө /воноор 1 сая орчим/ зэргийг хурааж аваад одоо болтол өгөөгүй талаар анхан шатны шүүх хурал дээр хэлсэн болно. Мөн миний бие нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу давж заалдах шатны шүүх хурлаас өмнө бүх хохирлыг барагдуулсан. Гэтэл яллах дүгнэлтэд байхгүй мөнгийг илүү нэхэмжлээд түүнийг шүүх хүлээж авсан болно. Уг хүлээж авсан шалтгаан нь хохирлын үнэлгээн дээр гарын үсэг зурсан гэх бөгөөд бид хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, танилцаж гарын үсэг зурсан. Бид үнэлгээг зөвшөөрөхгүй, хэт өндөр гарсанд гомдолтой байгаагаа бичиж тэмдэглэсэн болно. Машиныг хохиролд тооцолгүй, улсын орлого болгох шийдвэр гаргаж, хохирлыг 100 хувь барагдуулсан боловч хуулинд заасан хөнгөлөлт үзүүлэлгүй, хамгийн өндөр ял өгсөн болно. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирлыг бүрэн барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харж үзэлгүй хамгийн дээд ялыг оногдууллаа. Хохирогч нарын гадаад валютыг төгрөгт шилжүүлбэл 3 сая гаруй төгрөгийг байцаагч авсан болно. Орчуулагч Мөнхжаргалыг хуурч хохирогчийн бөгжийг хүлээж авсан болгож гарын үсэг зуруулсан. ...” гэв.

Шүүгдэгч Т.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхээс яллах дүгнэлтэд дурдагдсан хохирлыг шийдвэрлэхдээ нийт 52.066.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б Ж Ё-оос 26.033.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ч-д 19.250.000 төгрөг, хохирогч С.О-д 5.670.000 төгрөг, Цагдаагийн Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст 1.113.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу хохирлыг бүрэн барагдуулсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг багасгаж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс хохирогч С.О, Д.Ж нарын гомдлын дагуу хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Давж заалдах гомдол гаргасан үндэслэл нь 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхдээ яллах дүгнэлтэд дурдаагүй хохирлын тооцооны тухай зөрүүтэй санал гаргасныг шүүх хүлээн авсан шалтгаан нь хохирлын үнэлгээтэй танилцаж гарын үсэг зуран хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн бөгөөд яллах дүгнэлт үйлдэхдээ техникийн алдаа гаргасан гэж урьдын гаргасан шүүхийн шийдвэрээс буцсан 8.000.000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь:

1. Хэргийн гол утга санаанд өөрчлөлт орохгүй, буруу ташаа ойлгохооргүй, ганц үг, үсэг, тоо алдахыг техникийн алдаа гэж тооцож болохоос биш, хэдэн хуудас бичигдсэн материалыг техникийн алдаа гэж үзэх боломжгүй юм. Прокурорт хэрэг шилжүүлэхэд хавтас хэрэгтэй танилцаж, хуулийн дагуу гарын үсэг зурсан болохоос хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Үнэлгээ хэт өндөр гарсан талаар танилцсан баримтад бичсэн байхад илт гуйвуулж, яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2. Шийтгэх тогтоолыг 25 хоногийн дараа гардаж авсан бөгөөд уг тогтоол нь алдаатай, буруу бичигдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн болно. Шүүх хуралд орчуулагчаар Мөнхжаргал гэх хүнийг оролцоогүй байхад оролцсон гэж бичсэн. Ам бүлийн тодорхойлолтод 28 хоногоос 9 насны 2 хүүхэдтэй, ам бүл 4 гэж өөрчлөлт оруулсныг орхигдуулсан. Прокурорын асуусан асуултад хариулсан талаар огт бичигдээгүй, өөр зүйл бичигдсэн зэрэг зөрүүтэй зүйлүүд байна.       

3. Т.Х миний эзэмшил дэх 32-71 УБЦ улсын дугаартай “Toyota Prius-30” загварын автомашиныг улсын орлого болгож шийдвэрлэсэн. Уг тээврийн хэрэгслийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Арвижих үнэлгээний компаниар үнэлүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлогод шилжүүлнэ” гэж заасан байна. Мөн тус хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж шинэчилсэн хуулиар өөрчлөлт оруулсан. Иймд шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулж, хохирлын төлбөрт тооцуулах хүсэлтэй байна.

4. ..... дүүргийн 7 дугаар хороо, ..... тоотод оршин суух хохирогч Б.О-н эд зүйлс алдагдсан хулгайн хэрэгт би огт хамаагүй бөгөөд “бурхан зарна” гэхэд нь Б Ж Ё-ийн хамт очиж уулзаж байсан юм. Энэ хэргийг Б Ж Ё л таксинд ганцаараа сууж явж, ганцаараа үйлдсэн гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн.

5. Хохирогч С.О, Д.Ж нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн” гэсэн гомдлыг гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нарын болон шүүгдэгч нарын эд зүйлийг хүлээлгэн өгөөгүй зэрэг дутуу ажиллагаа хийгдсэн. Хохирогчид хүлээлгэж өгөх ёстой гадаад валютуудыг солиулж, өөрийн хэрэгцээнд зориулсан гэдгээ хүлээн зөвшөөрч дахин сери дугаараар нь тааруулах боломжгүй учир прокурор асуухаар нь Б Ж Ё-ийн орчуулагч болон өмгөөлөгчийн зардалд өгсөн гээд хэлсэн учир та нараас Бадамцэцэг прокурор асуувал ингэж хэлээрэй гэж гуйж байсан. Цалингийн зээлээ төлж дуусгаад дахин зээл авч төлнө гэсэн боловч өгөөгүй болно. Монгол төгрөгт шилжүүлвэл 3 сая орчим төгрөг болно. Шүүгдэгч Б Ж Ё-ийн орчуулагчаар ажиллаж байсан Мөнхжаргал хохирогчийн эд зүйлс болох цагаан шигтгээтэй метал бөгжийг хүлээн авсан болгож гарын үсэг зурсан. Гэрт хийсэн нэгжлэгээр миний өөрийн эд зүйлсийг хурааж аваад буцаан олгохдоо “Canon” зургийн аппаратны цэнэглэгч, видео проекторын цэнэглэгч, шаргал өнгийн шинэ гутал зэргийг буцаан өгөөгүй юм. Гэрээс болон биед үзлэг хийх явцад хураан авсан бэлэн мөнгийг буцаан өгөхдөө хошууч Галбадрах байцаагч нь яармагт намайг дуудаж, машин дотроо 2 сая төгрөгийг өгсөн бөгөөд 1 сая төгрөгийг манай эхнэрийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Уг мөнгийг мөн хувийн хэрэгцээндээ зарцуулсан байсан бөгөөд Яармагт очиж мөнгө авахдаа гэрчээр нэг найзын хамт очсоноос гадна дансны хуулбар нь нотлох баримтаар байгаа болно. Шүүгдэгч Б Ж Ё-ийн гар утас, зөөврийн компьютерийн цэнэглэгч, цүнх, бөгж, гутал гэх зэрэг зүйлсийг буцаан олгоогүй бөгөөд бусад эд зүйлсийг олгохдоо хуулийн дагуу олголгүй, өөр өөр хүмүүст хэд дахин хувааж өгсөн. Хохирогчийн болон өөрсдийн эд зүйлсийг олж өгөх хүсэлт гаргахад бидэнд үл итгэн шүүгдэгч Б Ж Ё-ийн 1 дүгээр хороололд байрлах хөлсний байранд ирж, хууль бус нэгжлэг хийгээд юу ч олоогүй бөгөөд хэд хоногийн дараа ямар шалтгаанаар мэдэгдэхгүй Галбадрах мөрдөгч солигдон ахмад Баяржаргал хэргийг хариуцах болсон. Ахмад Баяржаргал нь хохирогчийн алга болсон гадаад валютын талаар мэдүүлэг авахад нь энэ бүх үнэн учрыг хэлэхэд мэдүүлэг авахаа болиод маргааш нь хэргийг прокурор луу шилжүүлсэн байсан. Энэ бүгдийг 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн анхан шатны шүүх хурал болон урьдчилсан хэлэлцүүлэг дээр дахин шалгаж өгөх хүсэлтийг удаа дараа өгсөн боловч эд мөрийн баримт болох нотлох баримт дутуу хэргийг анхан шатны шүүх нь хянан шийдвэрлэх боломжтой гэсэн буруу дүгнэлт гаргасан болно.

Иймд хохирогч нарын зарим эд зүйлс, гадаад валют болон шүүгдэгч нарын зарим эд зүйлсийг буцаан олгоогүй, хүлээж аваагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлс нь алга болсон зэрэг зөрчлүүд байгаагаас гадна хохирогч, шүүгдэгч нарын эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгуулж өгнө үү. ...” гэв.

   Шүүгдэгч Б Ж Ё-ийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б Ж Ё-ийн бичсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б Ж Ё надад хэлэхдээ хувийн компанийн хийсэн эд зүйлийн үнэлгээ их өндөр гарсан. Үүнийг эс зөвшөөрч байгаа учраас гарын үсэг зурсан гэдэг. Шинжээч томилсон тогтоолоор үнэлгээ хийхийг “Рендо” ХХК-д даалгасан байхад “Дамно” ХХК гүйцэтгэсэн нь буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд “1 каратын алмазан шигтгээтэй бөгжийг хүлээн авсан боловч хуурамчаар гарын үсэг зуруулсан” гэж хэлсэн. Ам.доллар, вон зэрэг Монгол мөнгөөр нийт 3.000.000 орчим төгрөг байсан. Эдгээр нь байхгүй байна гэдэг. Б Ж Ё нь Монгол улсад бизнес хийх гэж ирсэн бөгөөд зорилгоо биелүүлж чадаагүй. Солонгос улсад ямар нэгэн хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй. Авсан эд зүйлийнхээ 95 хувийг нь буцаан өгсөн бөгөөд 5 хувийг нь өөрөө төлж, хохирлыг барагдуулсан гэж надад хэлсэн. Мөн тэрээр 4 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлсэн. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байгаа. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бүлэглэн гүйцэтгэх...”, 2 дахь хэсэгт “...бүлэглэн гүйцэтгэх оролцоо...” гэсэн заалтуудыг бичээгүй. ... Ар гэрийн байдлын хувьд, эхнэр нь нас барсан, 2 охинтой, хүнд, хэцүү амьдралтай. Төрсөн эх нь 75 настай. Б Ж Ё нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар “Тоyota Prius 30” загварын автомашиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Уг автомашин 14.000.000 төгрөгийн үнэлгээтэй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн. Үүнээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой байна. Энэ нь 1 жилийн хорих ял оногдуулах боломжтой гэсэн үг юм. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс Б Ж Ё-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч Т.Х-н өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.Х-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Уг хэргийн төлбөрийн талаар улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо нь яллах дүгнэлтэд дурдагдсанаас зөрүүтэй байсан. Мөн хэрэгт авагдсан хохирлын тооцоог хохирогч, яллагдагч нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцуулж, гарын үсэг зуруулсан байна. Яллах дүгнэлтэд дурдагдсан хохирол нь хэрэгт авагдсан хохирлын тооцооноос зөрүүтэй бичигдсэнийг шүүх техникийн алдаа гэж үзсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Тухайн алдаа нь техникийн биш, утга найруулгын алдаа байсныг шүүх ийнхүү шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Т.Х-н ам бүлийн тодорхойлолтод “28 хоногоос 9 настай хоёр хүүхэдтэй, ам бүл 4” гэж өөрчлөлт оруулсныг орхигдуулан бичсэн. Ийнхүү бичсэнээрээ Т.Х-н эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Шүүгдэгч Т.Х-н давж заалдах гомдлын 3 дахь үндэслэлд “... миний эзэмшлийн 32-71 УБУ улсын дугаартай, “Тоyota prius” загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгон шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулж, хохирлын төлбөрт тооцуулах хүсэлтэй байна. ...” гэсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтуудын агуулгыг авч үзвэл, хураан авсан эд хөрөнгүүдийг нэн түрүүнд хохирлыг барагдуулах зардалд зарцуулж, илүү гарсан мөнгө, хөрөнгийг улсын орлого болгоно гэсэн агуулгатай гэж үзэж байна. Ингэж шийдвэрлэснээрээ анхан шатны шүүх хохирогч нарын эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан. Хураан авсан авто машиныг хохиролд шилжүүлэн шийдвэрлэх ёстой байтал улсын орлого болгон шийдвэрлэж, тухайн хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн. Хэрвээ энэхүү хуулийн заалтуудын дагуу хохиролд тооцсон бол шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх, цаашлаад шүүгдэгч Т.Х-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой байсан. Түүнчлэн Т.Х-н давж заалдах гомдолд “... дүүргийн 7 дугаар хороо, ......... тоотод оршин суух хохирогч Б.О-н эд зүйлс алдагдсан хулгайн хэрэгт би огт хамаагүй бөгөөд “бурхан зарна” гэхэд нь Б Ж Ё-ийн хамт очиж уулзаж байсан. Энэ хэргийг Б Ж Ё ганцаараа үйлдсэн гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн. ...” гэжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд, шүүгдэгч нарыг 4 удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж бичсэн. Хавтас хэргийн материал болон шүүгдэгч нарын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд Б Ж Ё нь 4 удаагийн үйлдэлтэй, Т.Х нь нийт 3 удаагийн үйлдэлтэй байна. Т.Х нь ............тоотын хулгайн үйлдэлд ямар нэгэн оролцоо байхгүй бөгөөд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэх ёстой байсан. Т.Х-н хувьд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогч нарын эд хөрөнгийг олоход өөрийн зүгээс маш их туслалцаа үзүүлсэн. Өнөөдөр хохирогч нар эд хөрөнгөө хүлээж авсан нь түүний туслалцаа, дэмжлэг байсныг шүүх харгалзан үзэх хэрэгтэй. Иймд давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү. ...” гэв.    

          Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн материалтай танилцсан. Яллах дүгнэлт үйлдсэн прокурор урьд үйлдсэн яллах дүгнэлттэйгээ ижил хохирлын хэмжээг тавьсан. Хэрэгт хохирлын талаар нэмэлт ажиллагаа хийгээд үнэлгээ шинээр тогтоосон. Энэ талаар прокурор А.Дэлгэрмөнхөөс тодруулахад, техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзсэн. Шүүхэд сүүлд тооцсон хохирлын хэмжээгээр тооцуулах санал гаргасан. Хэрэгт хэд хэдэн удаагийн хохирлын үнэлгээ, тооцоо гарсан. Анхан шатны шүүхээр зөвтгүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалтыг баримталсан. Хэд хэдэн хохирлын тооцоо гарснаас аль нь үндэслэлтэй вэ гэдгийг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал байсан. Үүний дагуу улсын яллагчийн зүгээс саналаа өгсөн. Хэрэгт тооцоо нийлсэн эсэхтэй хохирогч, шүүгдэгч нар танилцаж, гарын үсэг зурсан ба хохирлын талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хэмжээнд биш, шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх тул хохирлын хэмжээг дээрх байдлаар тооцсоныг хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Өмгөөлөгч, шүүгдэгч нар зарим нэг эд зүйл алга болсон гэж гомдолдоо дурдсан. Энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй. Хэргийн материалтай танилцахад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хураан авсан хөрөнгө орлого, эд зүйлсийг хохирогч нарт болон холбогдох этгээдүүдэд бүгдэд нь хүлээлгэн өгсөн байдаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорт, мөн бусад байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаж байгаагүй. ...” гэв.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Т.Х, Б Ж Ё /B J Y/ нар нь бүлэглэн:

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ..... дүүргийн .. дугаар хороо, ...... тоотод оршин суух иргэн Б.О-н амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, Аюуш бурхан, гуулин үнсний сав мөнгөн болон гуулин цөгц, виски, цүнх зэрэг нийт 21.788.000 төгрөгийн хөрөнгийг,

2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө ....... дүүргийн ... дугаар хороо, ........ хотхоны .... тоотод оршин суух иргэн Л.Г-н амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт, кулон, гинж, үсний сувдан даруулга, гоо сайхны жижиг цүнх, бугуйн цаг, мөнгөн тоногтой хэт хутга, бурхан, очир, эрхи, хөөрөгний толгой, хөөрөг, даалин, гадаад  улсын мөнгөн тэмдэгтүүд, зургийн аппарат зэрэг нийт 180.283.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, мөн бэлэн 10.000.000 төгрөг зэрэг нийт 190.283.000 төгрөгийн хөрөнгийг,

2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө .......хотхоны ... тоотод оршин суух иргэн С.О-н амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт, кулон, нарны шил, бугуйн цаг, мөнгөн аяга, домбо, ваар, бурхан, хонх, очир, бүрээ, тахилын хадаг, бумба, хөөрөг, даалин, байршил тогтоогч, дуран, цүнх, бүс, дээлийн товч, чихэвч зэрэг нийт 38.345.000 төгрөгийн хөрөнгийг,

2017 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө .......... дүүргийн 4 дүгээр хороо, ....... байрлах иргэн Л.Ч-н ... тоот амины орон сууцны 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтрэн орж ээмэг, бөгж, зүүлт, кулон, гинж, бугуйвч, энгэрийн зүүлт, гоёл чимэглэл хийх зориулалтын сав, бугуйн цаг, гоёлын үнэт чулуу, нарны шил, түрийвч, эрхи, хөөрөгний халбага, нуух, толгой, хөөрөг, даалин, хос янгирын дүрс бүхий таягны толгой, бурхан, гүц, хонх, очир, хадаг, хуучны мөнгөн тэмдэгтүүд, бор өнгийн модон хийц, цүнх зэрэг нийт 592.323.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, мөн бэлэн 15.000.000 төгрөг зэрэг нийт 857.731.000 төгрөгийн хөрөнгийг тус тус хулгайлан авахдаа тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь:

хохирогч Л.Ч-н “... Би эхнэрийн хамт Англи улс руу хувийн ажлаар явсан байсан. ... манай гэрээс Аюуш бурхан 1 ширхэг, Майдар бурхан, таягны толгой, очиртой мөнгөн хонх, улаан шүрэн толгойтой, алтан нуухтай хаш хөөрөг, шигтгээ шүр, оюу толгойтой, алтан нуухтай манан хөөрөг, улаан шүрэн толгойтой их гарын шар халтар манан хөөрөг, бага гарын бөөрөндөө муурын сийлбэртэй манан хөөрөг, бага гарын 3 ширхэг хөөрөг, шинэ үеийн гүйдэг гартааман дунд гарын шаргал туяатай толгойгүй, мөнгөөр хийж, алтаар бүрсэн товч 7 ширхэг, үзэг, бал, бэлэн 15.000.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” /1 хх 78-79/,

хохирогч Л.Г-н “... Эхнэр бид хоёрыг гэртээ ирээд эд зүйлээ шалгахад Ногоон дарь эх бурхан, Цагаан дарь эх бурхан тус бүр 1 ширхэг, гуулин 3 ширхэг бурхан, сейфэнд байсан их гарын хуучны хийцтэй, алтан нуух, халбага, хажтай, улаан шүрэн толгойтой, цагаан өнгийн хаш хөөрөг, их гарын, улаан шүрэн толгойтой хөөрөг, дунд гарын халтар манан хөөрөг, ногоон хаш хөөрөг, улаан шүрэн толгойтой дунд гарын хөөрөг, мөн шүрэн толгой, халтар манан, бага гарын хөөрөг, мөнгөн хэт хутга, бугуйн алтан цаг, алтан бөгж, гинж, эмэгтэй хүний “Омеga” брэндийн бугуйн цаг, бриллиантан шигтгээтэй ээмэг, цагаан алтан бөгжнүүд, цагаан алтан бугуйвч, хүзүүний гинж, шар, цагаан алтан холимог бугуйвч, цагаан алттай, улаан шүрэн ээмэг, сваровски гинж, бугуйвч, Япон шүртэй, цагаан алтан ээмэг, хүзүүний зүүлт, 10 граммтай алтан бөгж, 7 граммтай алтан бөгж, Fendi брэндийн бугуйн цаг, гэрэл зургийн аппарат, бэлэн 10.000.000 төгрөг, 2000 ам.доллар зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /3 хх 16-18/,

хохирогч С.О-н “...Намайг Вьетнам улсад байхад манай эхнэр Ж миний гар утас руу “гэрт хулгай орсон байна” гэж мессеж бичсэн байсан. ... миний мэдэж байгаагаар эхнэрийн хэрэглэдэг алт, мөнгө, сувд, бриллианттай ээмэг, зүүлтүүд, их гарын шинэ цагийн хийцтэй алтан нуухтай, зааны ясан халбагатай чүнчигноров хөөрөг, усан болор, толгойгүй хөөрөг, бага гарын, бор алаг өнгийн манан хөөрөг, ногоон чүнчигноров хөөрөг, 4 ширхэг бугуйн цаг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /3 хх 59-60/,  

хохирогч Б.О-н “... Намайг ажлынхаа гадаа буухад манай охин гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. ... Манай гэрээс Аюуш бурхан, гарын сарвуу дүрс бүхий үнсний сав тус бүр 1 ширхэг, том, жижиг зулын мөнгөн цөгц 7-8 ширхэг, эмэгтэй цүнх, виски архи зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /3 хх 120-122/,

гэрч Н.Н /1 хх 80-81, 5 хх 195-197/, Н.Н...хүү /1 хх 49-52/, П С Х /1 хх 72-74/, Б.А /1 хх 171-174/, Н.У /2 хх 14/, О.Ш /3 хх 133/, Д.Ж /5 хх 202-205/ нарын мэдүүлгүүд,

хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 12-14, 2 хх 221-223, 3 хх 44-46, 100-101/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 75-76, 86, 2 хх 142-143, 160-162, 175-176/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 87, 90-95/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 161-168, 3 хх 124-131/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх 242-250, 7 хх 1-2/, эд зүйлийн үнэлгээ /3 хх 61-62, 123/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1 хх 189-194, 2 хх 80-81/, нэгжлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 106-112/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 13-14/, тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 24-26/, эд зүйлийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2 хх 144-149, 163-166/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5 хх 39-40, 72/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

   Шүүгдэгч Т.Х, Б Ж Ё нарыг бүлэглэн, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар Т.Х-д 5 жилийн хугацаагаар хорих ял, Б Ж Ё-д 7 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Т.Х, Б Ж Ё /B J Y/ нарын холбогдсон хэрэг нь цаг хугацааны хувьд 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацааг хамрах бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу аль хуулийг хэрэглэх талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийх ёстой байжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт “ ...бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан ... ” гэмт хэрэгт арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс “ бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан ....” гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг хоёр жил, дээд хэмжээг найман жил болгон багасгаж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Т.Х, Б Ж Ё /B J Y/ нарын үйлдсэн гэмт хэрэгт тухайн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй нь буруу болжээ.

 Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Т.Х, Б Ж Ё нарыг гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн үйлдсэн гэж зөв дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн аль хэсгийг болон мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлахдаа тухайн зүйлийн аль хэсгийг журамласан нь тодорхойгүй, хуулийн зүйл, заалтыг хэт ерөнхий байдлаар бичсэнийг зөвтгөж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээг 857.739.000 төгрөгөөр тооцсон байтал анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо нийт хохирлын хэмжээг 1.070.613.000 төгрөг гэж ихэсгэж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт                     “... яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх...” эрхийг хуульчилсан бөгөөд яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан 2017.11.01-ний өдрийн 69, 70 дугаартай тогтоол /7 хх 32-35/, улсын яллагчийн яллах дүгнэлт /7 хх 195-206/ зэрэгт шүүгдэгч Б Ж Ё, Т.Х нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас 857.739.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдад учруулсан хохирлын хэмжээ болон хэргийн зүйлчлэлтэй танилцан зохих тайлбар, мэдүүлгээ өгч, уг хохирлын хэмжээний хүрээнд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг эдэлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоны гадна улсын яллагч нь шүүгдэгч нарт ашигтайгаар буюу 857.739.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн Үнэлгээний комиссын дүгнэлтийг үндэслэн хэргийг харъяалах анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх хохирогч Л.Г, Л.Ч, С.О нарын гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээг Монголын хохирол үнэлэгчдийн холбооны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээг 1.070.613.000 төгрөг байхаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хальсан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Харин нэр бүхий хохирогч нарын олдоогүй эд зүйлийг шүүгдэгч нараас төлүүлэхээр заасан хохирлын хэмжээнд өөрчлөлт ороогүй болно.

Учир нь, 2017 онд нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгөд үнэлгээ хийсэн комиссын дүгнэлт болон Монголын хохирол үнэлэгчдийн холбоо ТББ-аас тус тус хийгдсэн үнэлгээнүүд өөр хоорондоо зөрүүтэй хэдий ч эзэддээ буцаж очоогүй, олдоогүй эд зүйлийн хохирлыг шүүгдэгч нараар төлүүлэх нь “... гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

            Прокурорын яллах дүгнэлтэд “ ... байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон ...” гэх хүндрүүлэх шинжээр анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан боловч уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтын шинжээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байна.

Гэвч яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолын дагуу зүйлчлэлээ зөв тодорхойлсон боловч “... байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон ...” гэсэн хүндрүүлэх шинжийг хасахгүйгээр техникийн шинжтэй алдаа гаргасныг анхан шатны шүүх анзааралгүй, энэ талаар дүгнэлт хийлгүй орхисныг тэмдэглэвэл зохино.

Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд орчуулагч Э.Болор-Эрдэнэ оролцож, эрх үүрэгтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт орчуулагч Б.Мөнхжаргалыг орсон байдлаар бичсэн нь алдаатай болжээ.

Шүүгдэгч Т.Х-с “ ... хураагдсан тээврийн хэрэгслийг хохирлын төлбөрт тооцуулж өгнө үү. ... хохирогч нарын зарим эд зүйлс, гадаад валют болон шүүгдэгч нарын зарим эд зүйлсийг буцаан олгоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлс нь алга болсон зөрчлүүд байгааг шалгуулах хүсэлтэй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн,  шүүгдэгч Б Ж Ё-оос “...Хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй, хэт өндөр гарсан. Мөн машиныг хохиролд тооцолгүй, улсын орлого болгох шийдвэр гаргасан, түүнчлэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байхад ял шийтгэлийг хөнгөрүүлэлгүй, хүнд ял оногдуулсанд гомдолтой ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч, үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл /2 хх 43-70/, эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл / 2 хх 131-141, 144-159, 163-174, 177-178, 189/, хохирогч Д.Ж-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 142, 143, 191/, хохирогч Н.Н-т эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /2 хх 160-162/, хохирогч Л.Г-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 175, 176/, хохирогч Б.О-т эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 178, 179/, /5 хх 192/,  БНСУ-аас орчуулагч Б.Мөнхжаргалын нэр дээр буцаж ирсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх 181-191/ зэргээр хохирогч нарт буцаан олгогдсон болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Х, Б Ж Ё нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-71 УБЦ улсын дугаартай, “Тоyota prius” загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн  7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого ...” гэдгийг тайлбарласнаас үзэхэд “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ...техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас үзэхэд, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг албадан гаргуулж улсын орлого болгох, эсхүл хохиролд тооцуулах эсэх нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Х, Б Ж Ё нар нь хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрдөггүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий байгууллагын даалгаснаар үнэн зөв дүгнэлт гаргах үүрэг хүлээсэн мэргэжлийн шинжээч нарын гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хохирлын хэмжээг тодорхойлсон нь хуульд нийцжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж тус тус хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, хамтран оролцох гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд үүргээ хуваарилах буюу хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилготой санаа бодол, үйл хөдлөл, хүсэл зоригоо нэгтгэсэн этгээдүүдийн нэгдэл байхаас гадна тэдгээрийн хоорондын бодит тохиролцоо бий болсон байх учиртай.

    Мэдүүлгийг газар дээр шалгасан ажиллагааны тэмдэглэлд: “...Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт бурхан зарах гэж байсан хүнтэй /хохирогч Б.О-тай/ уулзсан гэх газрыг Т.Х зааж өгсөн талаар тэмдэглэл, фото зургийн үзүүлбэрүүд /5 хх 72, 77-79/,

Хохирогч Б.О-с авсан тайлбарт: “... өөр нэг хүнд үзүүлсэн. Тэр хүн нь намайг Засгийн газрын баазад ажлаар гадаадын хүмүүсийг авч яваад Богдын музей үзэж байхад нэг бурханы өмнө Монгол, Солонгос хоёр залуу эртний эдлэл үзээд зогсож байсан. Тэгэхээр нь би Монгол залуутай нь дуудан ярилцаж эртний эдлэл сонирхдог юм уу, надад нэг өв залгамжлан ирсэн бурхан байгаа. Би бурханаа орон сууц болгомоор байна, чи үзэх үү гэж хэлэн би утасны дугаарыг нь авч өөрийнхөө дугаарыг өгсөн. Тэгээд тэр хоёр манай гудамжны үзүүрт нэг удаа ирж бурханыг үзсэн. Тэгээд үнэ тохиролцоогүй, дахин холбогдоно гээд холбогдоогүй...” /3 хх 109/,

Иргэн Б.О-с Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өөрийн нэр дээр бүртгэлтэй, хэрэглэж байсан Скайтелын хэрэглэгчийн  91156181 дугаарын утасны ярианы түүхийг хэрэгт хавсаргуулсан бөгөөд дээрх дугаараас 2016.11.01-ний өдрийн 13 цаг 05 минут 27 секунд, 2016.11.03-ны өдөр 16 цаг 43 минут 55 секундэд тус тус Т.Х-н /4 хх 42/ 80058189 дугаар руу холбогдсон баримтууд /3 хх 177-186/,

 Ж.Х-г яллагдагчаар байцаасан тэмдэглэлд: “... би тэр хүнтэй Яармагийн эцсийн буудлын орчим байдаг хүүхдийн тоглоомтой саравчин доор бурхан үзээд салсан...” гэх зэрэг нотлох баримтуудаас үзэхэд бурхан худалдах хүсэл зорилго бүхий иргэн Б.О-тай утсаар ярих, түүнтэй Б Ж Ё-г дагуулж хамт очиж уулзах зэргээр хулгайлах эд зүйлийн шинж байдал, үнэ өртгийг судлах, бурхан болон бусад эд зүйлсийг хулгайлах айлын байршил, хаягийг олох, унаа машинаараа үйлчлэх гэх мэт байдлаар шүүгдэгч Б Ж Ё-т идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлсэн Т.Х-н үйлдэлд хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжийг бүрэн агуулсан болохыг тодорхойлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч нараас “... 3 сая төгрөгийн орчим гадаад валютыг байцаагч авсан, орчуулагч Мөнхжаргалыг цагаан шигтгээтэй бөгж авсан мэтээр гарын үсэг зуруулсан ...” гэсэн гомдлууд гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.”, мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно...” гэж оролцогчид эрх олгожээ.

  Мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг оролцогч нарт удаа дараа танилцуулсан тэмдэглэл /6 хх 109, 110, 7хх 28, 29, 178, 183/ зэргээс үзэхэд шүүгдэгч Б Ж Ё, Т.Х нараас дээрх нөхцөл байдлын талаар мөрдөгч болон хяналт тавьж байсан прокурорт тодорхой санал гомдол, хүсэлт гаргаж байгаагүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мөрдөн байцаагч мөнгө авсан нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ бэлэн мөнгө, зарим алдагдсан эд зүйлс буцаан олгогдсон болохыг тэмдэглэвэл зохино.

Иймд шүүгдэгч Т.Х-ны давж заалдах гомдлоос “... Шүүх хуралд орчуулагчаар Мөнхжаргал гэх хүнийг оролцоогүй байхад оролцсон гэж бичсэн, хохирлын хэмжээг яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэрлэсэн. ...” гэх үндэслэлүүдийг хүлээн авч, бусад үндэслэлүүд болон шүүгдэгч Б Ж Ё-ийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.