Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00771

 

“А-Э”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00564 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар магадлалтай,

“А-Э”ХХК-ний нэхэмжлэлтэй

МГВХЭ ХХК-д холбогдох

Гэм хорын хохирол 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч М.Лгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “А-Э”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 06 дугаар сард МГВХЭ ХХК-тай тос тосолгооны материал, аккумлятор, сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулж 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 14 000 000 төгрөгийн үнэ бүхий 401-00023А travel motor маркийн экскаваторын сэлбэгийг худалдан хүлээлгэн өгсөн боловч худалдан авагч тал төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул манай компани шүүхийн журмаар гэрээний төлбөр гаргуулахаар тус шүүхэд хандсан хэдий ч хариуцагч тал гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ний өдрийн 142/ШШ2016/01371 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.10-ний өдрийн 07 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017.03.21-ний өдрийн 00315 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 1-д МГВХЭ ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн моторыг нэхэмжлэгч “А-Э”ХХК-д буцаан олгохоор заасан. “А-Э”ХХК нь Улсын дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 315 тоот тогтоолын дагуу МГВХЭ ХХК-ийн захирал М.Лд холбогдуулан 401-00023а travel motor маркийн экскаваторын сэлбэгийг гаргуулахаар тус шүүхийн 548 тоот шийдвэр гүйцэтгэлийн хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, 2017 оны 11 дүгээр сард тус шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Магвансүрэнгийн хамт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар МГВХЭ ХХК-ийн захирал М.Лгийн эзэмшилд байгаа 401-00023а travel motor маркийн экскаваторын сэлбэгийг очиж үзэхэд сэлбэгийн ихэнх хэсэг нь дутуу, бүрэн хэмжээгээр ашиглах ямар ч боломжгүй байсан тул бид тухайн сэлбэгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар авах боломжгүй хэмээн үзэж шийдвэр гүйцэтгэлийн хуудсаа буцаан авсан. Нэгэнт МГВХЭ ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу манай компанид худалдан авсан тоног төхөөрөмжөө биет байдлын доголдолгүй эргүүлэн өгөөгүй, түүний эзэмшилд байгаа тоног төхөөрөмж нь ашиглагдах боломжгүй болтлоо тоногдсон байх тул Иргэний хуулийн 9.4.4-д заасныг удирдлага болгон тоног төхөөрөмжийн хохиролд 14.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

МГВХЭ ХХК-ийн захирал М.Лшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч "Акума эрин" ХХК 2016 онд манай ХХК-аас моторын үнэ гэж 14.0 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасанчлан "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа" бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай. 3. 401-00023А мотор нь шингэнээр ажилладаг бөгөөд ийм мотор буюу хөдөлгүүрт алдагдах сэлбэг гэж байдаггүй бөгөөд том цул төмөр бөгөөд шингэн 2 нүхтэй, дээрээ хэдэн боолтны нүхтэй байдаг. Тоногдох 14.0 сая төгрөгийн өртөг бүхий эд анги байхгүй юм. 4.Өмнөх нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх явцад маргаан бүхий моторт үзлэг хийлгэхийг хүсэж хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00564 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан МГВХЭ ХХК-аас 7.236.946 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А-Э”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5.836.946 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч МГВХЭ ХХК-аас 130.741 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А-Э”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч МГВХЭ ХХК-ийн захирал М.Лгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар МГВХЭ ХХК-ийн захирал М.Лгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130.741 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Лхяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалуудыг Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн явдлыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ...Хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ гээд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад тус шүүх шийдвэрийг хэвээр үлдээлээ. Шүүх ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэлээ: Үүнд:1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгоод байгаа “Тос, тосолгооны материал, аккумулятор, сэлбэг нийлүүлэх” гэрээнээс харахад гэрээний гол нөхцөл болох “худалдаж байгаа барааны нэр, төрөл, тоо ширхэг, чанар, үнэ, төлөх хугацаа” зэргийг харилцан тохиролцоогүй: 2. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “бараа материалын борлуулалтын падаан”-аар хариуцагч надад ямар бараа материал хүлээлгэн өгсөн нь тодорхой бусын зэрэгцээ хариуцагч талын буюу миний гарын үсэг байхгүй бөгөөд дээрх падааныг би 2016 онд шүүх дээр л харсан. Би тухайн үед хэд хэдэн удаа моторыг нь ачаад “А-Э”ХХК дээр очиход хүлээж авалгүй буцааж байсан болох нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ний өдрийн 142/ШШ2016/01371 дугаартай шийдвэрээр нэгэнт нотлогдсон байгаа юм. 3. Би анхнаасаа мотороо буцааж ав гэж байсан болохоос моторыг нь экскобатордоо тавьсан мөнгийг нь төлнө, оронд нь машин ав гэж хэлж байгаагүй тийм мэдүүлэг тайлбар ч хэрэгт байхгүй, дээрх шийдвэрээр надад экскобатарч байхгүй болох нь нотлогдож байхад хоёр шатны шүүх моторыг намайг ашиглах боломжгүй болгосон гэж дүгнэсэн явдал нь зүйд нийцсэнгүй. Моторыг би ашиглах боломжгүй болгосон бол гэмтэл, элэгдэл нь шинэ байх учиртай шүү дээ. 4.Нэхэмжлэгч “А-Э”ХХК надаас мөнгө авах хүсэлтэй байсан болохоос сэлбэгээ авахыг огт хүсээгүй бөгөөд 3 удаа өгөх гэж хотод аваад очиход хүлээж аваагүй талаар эхнээсээ л би тайлбарлаж гэрчүүд хүртэл үүнийг нотлон мэдүүлэг өгсөөр байтал намайг олон жил сэлбэгийг ашиглан хохирол учруулсан мэт хийсвэр дүгнэлтийг шүүх хийлээ. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд шийдвэр гаргахаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хий хоосон яриаг үндэслэн шийдвэр гаргах учиргүй шүү дээ. ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.6-д: “нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр ....байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу Иргэний хэрэг үүсгээд ажиллагаа хийсэн тохиолдолд ИХШХШТХ-тийн 115-р зүйлийн 115.2.3 дахь заалт, мөн хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай байсан боловч шүүх үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Иймд хоёр шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй тул хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэр, магадлалд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А-Э”ХХК нь МГВХЭ ХХК-д холбогдуулан хохирол 14 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч МГВХЭ ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

“А-Э”ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 00315 дугаар тогтоолын дагуу хариуцагч нь 401-00023А travel motorыг буцааж өгөх үүрэгтэй боловч уг эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн тул хохирол 14 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх ёстой байсан эд хөрөнгийг бус өөр эд хөрөнгийг нийлүүлсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, моторыг буцааж өгөх гэж хэд хэдэн удаа очсон боловч хүлээж аваагүй, уг сэлбэгийг огт ашиглаагүй гэсэн үндэслэлийг заасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 7 236 946 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулагдсан,  “А-Э”ХХК 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 14 000 000 төгрөгийн үнэ бүхий 401-00023А travel motor маркийн экскаваторын сэлбэгийг падааны хамт МГВХЭ ХХК-ийн захирал М.Лд хүлээлгэн өгсөн боловч талууд маргаж, шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 21-ний 00315 дугаар тогтоолоор МГВХЭ ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн моторыг гаргуулж “А-Э”ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу “А-Э”ХХК-д моторыг буцаан олгуулахаар  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан боловч “А-Э”ХХК моторыг ашиглах боломжгүй болгосон гэж гүйцэтгэх бичиг баримтаа буцаан авч, моторын үнээр хохирсон гэж хариуцагчаас хохирол шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь сэлбэг техникийн иж бүрдлийг бүрэн бүтэн эсэх, зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалай, Н.Ганболд, Д.Содномдаржаа нарын дүгнэлтээр Dooson Travel 401-00023A маркийн хөдөлгүүр нь гадна харагдах байдлын иж бүрдлийг өөрчилсөн, бэхэлгээний боолтын нүхнүүд сунасан, боолт уг хэсгээрээ хугарсан, хөдөлгүүрийн дунд хэсэгт гол холбож гагнаас хийсэн, нэмэлт өөрчлөлт хийсэн тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэсэн байдал тогтоогджээ.

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд моторыг анх ямар байдлаар хүлээлцсэн, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь хадгалалтын эсвэл зориудаар эд ангийг өөрчилж, гэмтээснээс болсон, энэ гэмтэл нь шинэ гэмтэл эсэх, ... моторыг хүлээж аваагүй нэхэмжлэгчийн үйлдэл байгаа эсэх ач холбогдол бүхий байдал тодорхой бус, маргааны  үйл баримтыг дүгнэх, улмаар хууль хэрэглэх боломжгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг баримталж нэхэмжлэлийг хангахдаа хариуцагчийн ямар гэм буруу тогтоогдсон талаар зайлшгүй хийх эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, энэ талаарх үйл баримт тодорхой бус тул хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх боломжгүйд хүргэжээ.

Иймд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг шүүх тухайн маргаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 142/ШШ2019/00564 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 741 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                                  П.ЗОЛЗАЯА