Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 225

 

 

  Б.Э-, М.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

цагаатгагдсан этгээд М.М-, түүний өмгөөлөгч Н.Н-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 7 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Э-, М.М- нарт холбогдох эрүүгийн 1805053970279 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бэсүд овгийн Б.Э-, 2000 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........... сургуулийн ....... дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......... дүүргийн ..... дугаар хороо, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;

2. Модныхон овгийн М.М, 2000 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, ..... сургуулийн............ дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......... дүүргийн ......... дугаар хороо,............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

Б.Э- нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 102 дугаар байрны орцноос Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан, М.М-тай бүлэглэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис өөрийн биедээ болон М.М-гийн цүнхэнд хадгалсан,

М.М- нь Б.Э--той бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нийслэлийн 46 дугаар сургуулийн арын үерийн далан дээр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий цагаан өнгийн гялгар уутны хамт 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Э-, М.М- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүний цагаатгаж, шүүгдэгч Б.Э--ын үйлдлээс М.М-тай бүлэглэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.Э--ыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа №1 дугаартай усны хуванцар сав, шингэн гэх хаягтай гялгар уутанд хийгдсэн ус мэт зүйл, №2 дугаартай тугалган цаас гэх хаягтай тогоо хэлбэрт оруулж базсан мэт мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, гялгар уутанд хийгдсэн гялгар уутны хамт 460884 грамм, 2.2229 грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлын гаралтай каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодис мэт зүйл, №3 дугаартай гялгар уутанд савласан өвсөрхөг ургамал гэх хаягтай дотроо цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 114.7 грамм тус бүрийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “М.М-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүгдэгч М.М- нь Б.Э-той бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нийслэлийн 46 дугаар сургуулийн арын үерийн далан дээр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1970 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэрч Б.Б-ын “... Үүрэг гүйцэтгэх үед үерийн далан дээр сэжиг бүхий 20-25 насны 3 эрэгтэй үерийн далан дээр байсан бетон дээр сууж байхаар нь шалгах гээд очиход 1 эрэгтэй нь зугтаасан. Үлдсэн 2 эрэгтэйг шалгахад нэг залуугийнх нь үүрч явсан хар өнгийн цүнхнээс гялгар ууттай өвс мэт зүйл байсан, сууж байсан газарт нь мөнгөлөг өнгийн цаастай зүйл, хуванцар савтай шингэн байсан. Хуванцар сав нь цоорсон, хуйлсан цаас хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-29/,

Насанд хүрээгүй гэрч Б.С-ийн “...Эрхэмээтэй 10 дугаар хорооллын үерийн далан дээр уулзсан. Тэр үед Э үл таних /С/ гэх залуутай хамт ирсэн. Бид нар тамхи татаж зогсож байгаад Э “өнөөдөр ийм зүйл олсон, үүнийг тамхин дотор хийчихлээ” гээд 2 ширхэг тамхи гаргаж ирсэн. М-д нэгийг нь өгөөд, М сорж байгаад надад өгсөн. Э болохоор нөгөө тамхиа өөрөө татаж дуусгасан. Тэр Э-тэй ирсэн С гэх залуу ирчихээд ажилтай гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-34-35/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “... Гурав дахь хавтангийн дээд талд гялгар уутанд хийж амсрыг нь боосон 80-10 грамм орчим өвс байсныг хураан авав. Гурав дахь хавтангийн зүүн урд булангийн доод шороон гадаргуу дээр 4х2 см хэмжээтэй мөнгөлөг, тугалган цаас байсныг №2 гэж дугаарлав. Дөрөв дэх хавтангийн баруун урд булангаар буюу 20 см зайд 0.5 грамм хэмжээтэй хуванцар сав байна. Уг саванд дороосоо 5-6 см хэмжээтэй 50-70 грамм орчим шингэн зүйл байв. Хуванцар савны гол хэсгээр цоолж 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг ороож хийсэн байв...” гэх тэмдэглэл /хх-3-8/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл “... 2 уут өвс мэт зүйл, 1 уут шингэн зүйл, 1  уут усны савыг хураан авлаа...” гэх тэмдэглэл /хх-24/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10631 тоот дүгнэлтэд “... шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Б.С гэсэн хаягтай шээс, М.М- гэсэн хаягтай шээс зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх-52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10632 тоот дүгнэлтэд “... шинжилгээнд ирүүлсэн №3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан гялгар уутанд ургамал мэт зүйл, хэлбэрт оруулсан тугалган цаас, №1 гэж дугаарласан гялгар ууттай шингэн зүйл, хуйлсан 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт /AU0206076 серийн дугаартай/, цоорхой бүхий хуванцар сав тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” /хх-52-55/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-10-11/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байхад шүүх Б.Э-, М.М- нарын давхар нотлох баримтаар нотлогдоогүй мэдүүлгийг үнэлж “эргэлзээтэй байна” гэж үзээд М.М-гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү…” гэв.

Цагаатгагдсан этгээд М.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр би Б.Э-той таарсан. Шалгалттай яараад явж байсан учраас ярьж байсан зүйлийг нь сайн ойлгоогүй. Орой нь фитнестээ хамт явахдаа өвс гэж ярьж байсан. Өвсийг би өөрөө цүнхэндээ хийгээгүй. Б.Э- миний цүнхэнд хийсэн гэдгийг нь мэдээгүй...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.М-гийн өмгөөлөгч Н.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э- нь М.М-гийн цүнхэнд ууттай зүйлийг хийхдээ энэ дотор өвс байгаа гэж огт хэлээгүй. Дотор юу байгаа талаар ч М.М- асуугаагүй бөгөөд уутанд юу байсныг мэдээгүй. Харин цагдаа ирэхэд Б.Э- зугтаасан. Цагдаа цүнхэнд байгаа зүйлийг задалж үзээд “өвс” байна гэж хэлэхэд л энэ талаар мэдсэн. М.М-гийн цүнхнээс гарсан нь үнэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худалдах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийн шинж илрээгүй. Энэ тухайгаа мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар хэлсэн. Б.Э- нь М.М-г “энэ тухай юу ч мэдэхгүй, найзыгаа энэ гэмт хэрэгт холбогдуулсандаа харамсаж байна” гэж хэлдэг. Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдааны үеэр шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн М.М-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй.

Прокуророос шүүгдэгч Б.Э-, М.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хэлэлцээд шүүгдэгч М.М-гийн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй”, үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх, “...шүүгдэгч М.М-ийн үйлдэлд гэмт хэргийн шинж буюу сэтгэцэд нөлөөт бодис гэдгийг мэдэж өөрийн цүнхэндээ хадгалах санаа зорилго тогтоогдохгүй байна. Мөн уг бодисыг өөрийн цүнхэндээ хадгалах талаар идэвхитэй үйлдэл хийгээгүй, шүүгдэгч Б.Э-ын “цүнхтэй явж байгаа юм байна, цүнхэндээ хийчих” гэж хэлсний дагуу цүнхний амыг нээж өгч уг ууттай зүйлийг нь цүнхэндээ хийлгэсэн нөхцөл байдал тогтоогджээ...” гэсэн дүгнэлтийг хийхдээ тодорхой нотлох баримтад үндэслээгүй, прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан яллах талын нотлох баримтууд болох эд зүйл хураан авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийж биологийн дээж авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, үгүйсгэн, няцаасан талаарх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иймд “М.М-гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э-, М.М- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН      

                        ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ