Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00530

 

Н.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01462 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар  сарын 16-ны өдрийн 1803 дугаар магадлалтай,

Н.Ө-ын нэхэмжлэлтэй,

ОТ ХХК-д холбогдох

Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан  цалин хөлстэй  тэнцэх олговорт 203.975.848 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ө-, түүний өмгөөлөгч С.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхзул, О.Майцэцэг, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ө-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2010 оны 7 дугаар сараас эхлэн ОТ ХХК-ийн Хангамжийн хэлтэст гэрээний ажилтан, 2011 оны 7 дугаар сараас тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2014 оны 6 дугаар сараас Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалаар ажлаас халагдсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Миний гүйцэтгэж байсан ажил үүрэг компанийн үйл ажиллагаанаас хасагдаагүй, стратегийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер, барааны гэрээ хариуцсан менежерт 2 хувааж шилжүүлсэн. Намайг ажлаас халахын тулд өөр нэршил бүхий менежерийн албан тушаалыг бий болгосон. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг компанийн хүний нөөцийн хэлтсээс дуудаж, миний хэрэглэж байсан гар утас, компьютер зэрэг албан ажлын хэрэгцээний эд хогшлыг бүгдийг нь хураан авч, ажиллах боломжгүй болгосон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг ажлаас халсан гэж үзэж байна. Харин тушаалыг хожим 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан ажил олгогч Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэснийг компани зөрчиж, дээрх тушаалыг гаргасан. Иймд компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 203 975 848 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Н.Ө-ын эрхэлж байсан хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаал байхгүй болж орон тоо нь хасагдсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу түүнд нэг сарын өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэж, улмаар 12 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Мэдэгдлийг гардуулаад 30 өдөр болсон, хууль зөрчсөн гэвэл түүнийгээ нотлох шаардлагатай. Нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээж авснаа зөвшөөрсөн. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гүйцэтгэх захирлын 47/17 тушаалаар компанийн орон тоо бүтцийг өөрчилж, нэхэмжлэгчийн ажлын орон тоо хасагдсан. Гүйцэтгэх удирдлагын гэрээнд компанийн бүтэц, орон тоог батлах эрх олгосон. Улсын бүртгэлээс ирүүлсэн дүрмийн 6б заалтад албан тушаалтнуудтай байхыг, дүрмийн 8-д гүйцэтгэх удирдлага нь албан тушаалтанд хамаарч байгаа. Улсын бүртгэлд өгсөн дүрмийн орчуулга нь алдаатай тул англи эхийг барина. Мэдэгдэлд заавал ажиллахыг шаарддаггүй. Орон тоо нь байгаа гэдэг хэрэгт нотлогдохгүй байна. Иймд ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн НR4007/17 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч Н.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01462 дугаар шийдвэрээр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3., 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ө-ыг эрхэлж байсан ОТ ХХК-ийн хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, шаардлагаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай №Эйч Ар 4007/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, олговорт шаардсан дүнгээс 316 336 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ОТ ХХК-иас 203 659 512/ /хоёр зуун гурван сая зургаан зуун тавин есөн мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ө-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 203 659 512 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, Н.Ө-ын нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч ОТ ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ОТ ХХК-иас 1 246 447 /нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар  сарын 16-ны өдрийн 1803 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01462 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1 246 447 гэснийг 1 176 247 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 246 447 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх “ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтныг ажлаас халахын тулд орон тоо хасагдсан гэх үндэслэл бодитоор бий болсон гэдгийг нотлох үүрэгтэй. Ийнхүү нотолж чадаагүй тохиолдолд 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй гэж үзнэ” гэжээ. Орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3 дах хэсэгт зохицуулсан байхад шүүх уг зохицуулалтыг огт хэрэглээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3-т “энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэжээ. Уг зохицуулалтын дагуу ажил олгогч орон тоо хасагдсан үндэслэлээр ажилтныг ажлаас халснаас хойш 3 сарын дотор тухайн орон тоог дахин бий болгосон байх тохиолдолд л ажилтныг тухайн ажилд нь эгүүлэн тогтоох буюу ажлаас халсан тушаал үндэслэлгүй болох нь тогтоогддог. Хариуцагчийн зүгээс ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/18 дугаартай тушаал, компанийн хуучин болон шинэ орон тооны бүдүүвчийг тус тус шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд уг нотлох баримтуудаас хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх орон тоо хасагдсан болох нь харагддаг. Түүнчлэн тушаал гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хариуцагч компанийн бүтцэд хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэсэн орон тоог буцаан нэмээгүй байдаг. Ийнхүү тухайн орон тоог буцаан бий болгосон талаар баримт хэрэгт нэг ч байхгүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн З6.3-т заасны дагуу ажилтныг эгүүлэн ажилд нь томилох ямар ч үндэслэл бүрдээгүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий уг зохицуулалтыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасны дагуу шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч нь орон тоо хасагдсан гэдгийг нотлох зорилгоор ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/18 дугаартай тушаал, компанийн хуучин болон шинэ орон тооны бүдүүвчийг гарган өгсөн ч уг үйл баримт бодитоор бий болсон гэдгийг нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т нийцээгүй байна. Хариуцагч ОТ ХХК нь бүтцийн өөрчлөлт хийж, ажил үүргийн давхардал бүхий орон тоог хасаж, хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер албан тушаалын гүйцэтгэх үүргийг стратегийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер, барааны гэрээ хариуцсан менежер нарын гүйцэтгэх үүрэгт нэгтгэсэн байдаг. Түүнчлэн энэ талаар нэхэмжлэгч ч мөн нэхэмжлэлдээ дурдсан буюу өөрийн гүйцэтгэж байсан орон тоо байхгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт нэхэмжлэгчийн маргаж буй ажлаас халагдсан тушаалын үндэслэл Хөдөлмөрийн хуулийн 40.1.1 буюу орон тоо хасагдсан үндэслэл байх тул ийнхүү орон тоо хасах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр нь хэрэгт хамгийн их ач холбогдолтой бөгөөд хамааралтай баримт юм. Гэтэл шүүх уг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьж, хариуцагч компанийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх ОТ ХХК-ийн ажилчдын тоо 2017, 2018 оны 4-р улиралд монгол ажилтны тоо ижил тоогоор буюу 61 байхаар баталсан байгаа нь орон тоо хасагдсан гэдгийг үгүйсгэж байна гэж дүгнэжээ. Шүүх ийнхүү дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дах хэсгийг тус тус зөрчсөн буюу бүтцийн өөрчлөлт хийсний дараа компанид байх ажилчдын тоог өмнө нь ямар байсан түүнтэй адил байна гэж үзсэн байна. Цаашлаад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдах болон орон тоо цөөрүүлэх гэсэн хоёр ойлголтыг ялгаатай байдлаар ойлгож тайлбарлаагүй байна. Орон тоо хасагдах гэдэг нь тухайн байгууллагад уг орон тоо байхгүй болох буюу тухайн орон тоонд дахин ажилтан авахгүй байхыг ойлгодог. Хариуцагч компанийн хувьд 2017 оны 12 сараас хойш “хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер” гэх орон тоо хасагдсан буюу уг орон тоонд нэг ч ажилтан авч ажиллуулаагүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх уг чухал үйл баримтыг огт харгалзан үзэлгүйгээр илтэд ажилтны талд шийдвэр гаргаж, ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хугацаа тогтоохын зорилго нь ажил олгогч ажилтаны өмнө хүлээсэн үүрэг хэзээ дуусгавар болох талаарх ойлголтыг ажилтанд өгөх явдал ба үүгээр дамжуулан ажилтан дараагийн ажил олгогчоо хайх боломжтой болдог. Нэхэмжлэгч өнөөдөр өөр ажил эрхэлж байгаа бөгөөд түүнд 1 хоногийн өмнө ажлаас халах тушаалыг гардуулсан нь өөр ажил хайх хугацаа огт олгоогүй гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн уг зохицуулалтын өөр нэгэн зорилго нь ажилтан ажлаас халах тушаалыг үндэслэн ажилгүйдлын тэтгэмж авах боломжийг бүрдүүлэх бөгөөд хариуцагчийн тушаал, үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн ажилгүйдлын тэтгэмж авах эрх нь зөрчигдөөгүй, уг эрхийг хязгаарлаагүй болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэртээ уг зохицуулалтыг үндэслэн хариуцагч компани 2017 оны 11 сарын 06-ны өдөр ажилтанд ажлаас халах тухай мэдэгдэл хүргүүлж, 2017 оны 12 сарын 05-ны өдөр халах тушаал гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл тул ажлаас халах тухай гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзжээ. Ажлаас халах тушаалын үндэслэл нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн эсхүл огт үндэслэлгүй байх тохиолдолд шүүх тушаалыг хүчингүй гэж үзэж, ажилтныг эгүүлэн ажилд томилдог. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дах хэсэг нь ажлаас халах тушаал гаргах процесс ажиллагааг зохицуулсан буюу хугацаа тодорхойлсон заалт юм. ОТ ХХК-ийн зүгээс орон тоо хасагдаж байгаа тул ажлаас халах болсон талаар ажилтанд мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүлээн авсан гэдэг. Ажил олгогчийн зүгээс мэдэгдэл хүргүүлсний дараа ажлаас халах тушаал гаргахдаа 30 хоногийн дараа ажлаас халах тушаал гаргаж, ажилтныг ажлаас чөлөөлөн 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, ээлжийн амралтын олговрыг холбогдох журмаар тооцож олгосон байна. Нэхэмжлэгчийг ажлаас халах тухай ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны НК4007/17 дугаар тушаал нь үндэслэлтэй буюу Хөдөлмөрийн хуулийн 40.1.1, 42.1, 43.1, 55.1 дэх хэсгүүдэд тус тус нийцсэн байх боловч гагцхүү тушаал гарсан өдөр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан хугацаанаас нэг хоногийн өмнө гарсан байна. Энэ нь тухайн тушаал огт үндэслэлгүй эсхүл тушаалын үндэслэл хууль зөрчсөн хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй. Харин тушаал гаргах ажиллагааны хувьд бага хэмжээний, засаж болохуйц алдаа гаргасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ажлаас халах тушаалыг 1 хоногийн өмнө гаргасан нь тухайн тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцогдохгүй төдийгүй ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан мэдэгдэх үүргээ биелүүлсэн байхад шүүх уг ялимгүй зөрчилд үндэслэн тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дах хэсгийг буруу тайлбарлаж, зорилгоос нь гажуудуулан хэрэглэсэн гэж үзэж байна. Ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл хүлээн авсан бөгөөд ажлаас халах тушаалыг нэг хоногийн өмнө гаргасан гэсэн үндэслэлээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьсан, шударга ёсны зарчимд нийцээгүй төдийгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсгийн эорилгод нийцээгүй байна. Хэрэв шүүх хуулийг зөв хэрэглэсэн бол нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээж, нэг хоног алдсан ялимгүй зөрчлийг засварлан тухайн нэг хоногийн цалин хөлсийг ажилтанд гаргуулах нь хууль ёсны төдийгүй шударга ёсонд нийцсэн зарчим болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй буюу биелэгдэх боломжтой байх ёстой. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж, нэхэмжлэгчийг “хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер” гэх албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр нь бодит байдалд хэрэгжих боломжгүй буюу тухайн орон тоо нь байгууллагын бүтцээс хасагдсан гэдгийг харгалзан үзээгүй байна. Байгууллагад орон тоо байхгүй, байдаггүй албан тушаал ажилтныг эгүүлэн томилж буй шийдвэрийг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Ө-, ОТ ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх   олговорт 203.975.848 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “...эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан” гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, ажил олгогч санаачилж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн шаардлага гаргаж, шүүхэд хандах хугацааны талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлахдаа гаргасан алдааг залруулсан боловч тухайн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг бус 2 дахь заалтыг өөрчилсөн нь буруу болсон байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

Н.Ө- ОТ ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус компанийн Хангамж-үйлчилгээний хэлтсийн хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерээр ажиллаж байгаад компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалаар ажлаас халагджээ.

Ажил олгогч Н.Ө-ыг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халж, тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1, тус компанийн гүйцэтгэх захирлын 2017.10.11-ний өдрийн “...бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” 47/17 тушаал, түүний хавсралт, ...хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл, хамтын гэрээг баримталсан байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “...орон тоо хасагдсан” нөхцлийг заасан бөгөөд “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн байгууллагын бүтэц, орон тооноос тодорхой ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болохыг ойлгоно.

Шүүх ажил олгогчийн тушаалыг хэлбэр болон агуулгын хувьд хуульд нийцсэн эсэх, тушаал гаргах үндэслэл бий болсон эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх ба үүний тулд хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан болон тэдний хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх үүрэгтэй. Шүүх нэхэмжлэгч Н.Ө-ын эрхэлж байсан ажлын байрны орон тоо бодитоор хасагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэхдээ дээрх журмыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл,   хариуцагч нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо хассан үндэслэлээ нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй болно. 

Шүүх хариуцагч ОТ ХХК-ийн шүүхэд гаргасан тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 44/16 тоот, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12/17 тоот, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 тоот тушаалуудаар батлагдсан бүтэц, орон тоо, 2018 оны 4-р улирлын байдлаархи орон тоог тогтоосон баримтуудыг харьцуулан үнэлж, хангамж үйлчилгээний хэлтсийн монгол ажилчдын тоо урьд байсан 61 хэвээр, хангамжийн стратегийн менежерийн ажил үүрэг нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэгтэй ижил төстэй гэж үзсэн нь буруу биш байна. Харин шүүх “орон тоо бодитоор хасагдаагүй” тухай дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа түүний эрхэлж байсан ажлын байрыг шинээр бий болгосон гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь хоорондоо зөрчилтэй болсныг дурдах нь зүйтэй. Шинэ бүтцэд байгаа “хангамжийн стратегийн менежерийн” ажил албан тушаал нь нэршлийн хувьд өөр байгаагаас бус “хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер”-ийн ажлын байрны чиг үүрэгтэй ижил байх тул орон тоо хасагдаагүй, хэвээр байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах ажилтанд ажил олгогч энэ тухай нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй” байна.

Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Н.Ө-д ажил олгогч 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гардуулж, гэрээг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цуцлахаа мэдэгджээ. Түүнчлэн уг мэдэгдэлд аливаа үндэслэл шалтгааны улмаас гэрээ цуцлах хүртэл нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгүүлэх боломжгүй болсноо тодорхой заагаагүй байх тул мөн өдрөө ажлын тоног төхөөрөмжийг хураан авч, ажлыг бодитоор гүйцэтгүүлээгүйг хуульд заасан журмыг хэлбэрийн төдий хэрэгжүүлсэн гэж үзэх,  хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хууль, мэдэгдэлд заасан хугацаанаас өмнө  гаргасан нь хуульд нийцээгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна. Гагцхүү эдгээр үндэслэл нь дангаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох нөхцөл болоогүйг дурьдав.

Дээр дурдснаар орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн тул нэхэмжлэгч Н.Ө-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль болон журмын дагуу тооцож, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар  сарын 16-ны өдрийн 1803 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2 дахь...” гэснийг “...4 дэх...” гэж өөрчлөн магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч ОТ ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.386.847 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ