Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00558

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01134 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар  сарын 24-ний өдрийн 1196 дугаар магадлалтай,

Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ... Б.Г-, Д.З- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 108.946.050,78 төгрөг гаргуулах талаарх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 130.290.614,42 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнээр буюу 209.520.000 төгрөгөөр худалдагдахаар байсан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас багаар үнэлж, дуудлага худалдаанд оруулсан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор хураан авсан. Улмаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 238 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн. Шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, төлбөр төлөгч Б.Г-, Д.З- нарт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/24971 тоот албан бичгээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Улмаар худалдан борлуулах тухай саналтай эсэхийг Б.Г-, Д.З- нарт мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 130.290.602 төгрөгийн 70 хувь буюу 91.203.421 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь буюу 65.145.301 төгрөгөөр оруулахад 110.000.000 төгрөгөөр худалдан борлогдож Г.Золжаргал дуудлага худалдааны ялагчаар тодорсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу төлбөр төлөгч Д.З-, Б.Г- нар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацаа хэтэрсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд ХХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01134 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар  сарын 24-ний өдрийн 1196 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01134 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж шийдвэрлэсэнгүй. Тиймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Г-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.Г-, Д.З- нараас 108.946.050 төгрөг гаргуулж ХХБ ХХК-д олгох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3178 тоот захирамжийг биелүүлэх явцдаа төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн шүүгчийн захирамжид заасны дагуу барьцааны Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамжны 81б дүгээр байрны 7 тоот хаягт байрлах 69.84 м.кв талбай бүхий орон сууцыг шинжээчээр үнэлүүлжээ. Шинжээчийн  тогтоосон үнэ 130.290.602 төгрөгийн 70 хувиар анхны дуудлага худалдааны үнийг зарлаж, энэ талаар нэхэмжлэгч Б.Г-од мэдэгдсэн байна. Энэ ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг ...үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно, үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэснийг тус тус зөрчөөгүй байна. Энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч үнэлгээ тогтоосон мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь бодитой хянаагүй гэх гомдол үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01134 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар  сарын 24-ний өдрийн 1196 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.М-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Б.Г- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ