Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00560

 

Г..Ф ХХК, Ж.Г- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02133 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 04-ний өдрийн 2034 дугаар магадлалтай,

Г..Ф ХХК, Ж.Г- нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-, Ч.О-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г..Ф ХХК, Ж.Г- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Г..Ф ХХК болон Ж.Г- миний бие нь Хан-Уул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд НТ ХХК-д 1.300.000.000 төгрөгийн төлбөр барагдуулахаар шүүгчийн захирамж гарсан бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 22/2 тоот 290,74 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 23/3 тоот 312,8 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж 23/4 тоот 290,74, м.кв талбай бүхий хувийн орон сууцуудыг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулна гэсэн. Мөнх-Оргил трейд ХХК нь миний талбай бүхий хувийн орон сууцыг 436.110.000 төгрөгөөр, 22/3 тоот сууцыг 469.200.000 төгрөгөөр, 22/4 тоот сууцыг 436.110.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Уг үнэлгээг тогтоохдоо зах зээлийн өнөөгийн бодит ханшаас хэт доогуур үнэлж компанийн болон хувийн орон сууцыг үнэгүйдүүлж бусдад давуу байдал олгосон. Анхны дуудлага худалдаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 70 хувиар, 2 дахь дуудлага худалдааг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 50 хувиар бууруулж зарсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй, ажиллагааг явуулахдаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар бусдад ялгавартай хандаж нэг талд давуу эрх олгосноор төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж борлуулсан. Дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 197.2.4-т Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус бөгөөд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу явагдаагүй хууль бусаар явагдсан гэж үзэж байгаа тул 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр болсон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрлээгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01177 дугаар захирамжаар Ж.Г-, Г..Ф ХХК-иас 1 304 813 910 төгрөгийг гаргуулж НТ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад Ж.Г-ийн өмчлөлд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 21/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот, 22/2 тоот, 24/2 тоот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 87/3 байрны подвалын 5 тоот үл хөдлөх эд хөрөнгүүд нь НТ ХХК-тай байгуулсан Автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээнд бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгч Г..Ф ХХК, Ж.Г- нарын арилжааны банкин дахь дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул Ж.Г-ийн өмчлөлийн төлбөр авагч НТ ХХК барьцааны эд хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 190/05, 190/03, 190/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 190/08, 190/09, 190/07 дугаар тогтоолоор хурааж төлбөр төлөгч Ж.Г-т тогтоолын хувийг гардуулж, үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан. Төлбөр төлөгч Ж.Г-, Г..Ф ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3/115261, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 3/17517, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/24974 дугаар албан бичгүүдээр үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 269 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр Мөнх-оргил трейд ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний Мөнх-оргил трейд ХХК 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2, 23/3, 23/4, тоот амины орон сууцны зориулалттай, 3 дуусаагүй барилгыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1 341 400 000 төгрөгөөр үнэлж тайланг тус газарт ирүүлсэн. Үнэлгээний талаарх 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4/27794 дугаар мэдэгдлийг Г..Ф ХХК-ийн нярав Ц.Бямбадолгорт 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гардуулсан. Төлбөр төлөгчийн үнэлгээний талаар гаргасан нэхэмжпэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02051 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2504 дүгээр магадлалаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Төлбөрт хураагдсан хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/6162 дугаар мэдэгдэл, 3/06 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Г..Ф ХХК, Ж.Г- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонсүрэнд гардуулсан. Хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тухай 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 4/6917 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан боловч төлбөр төлөгч Ж.Г- нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасан нь хуулийн хугацаа хэтэрсэн. Иймд нэхэмжлэлд дурдсанаар 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд НТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Т.Г нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01177 дугаартай захирамжаар Ж.Г-, түүний компани болох Г..Ф ХХК нараас Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 300 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4 813 910 төгрөгийг гаргуулж НТ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь манай компанийн хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор хуулинд заасан ажиллагаа явуулж төлбөр төлөгч буюу Ж.Г-ийн манай компанийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шинжээч байгууллагаар Мөнх-Оргил Трейд ХХК-ийг томилсон. Мөнх-Оргил Трейд ХХК нь үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 1 341 400 000 төгрөгөөр үнэлсэн. Тус газар нь үнэлгээг үндэслэн хуулинд заасны дагуу дуудлага худалдааг зохион байгуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Хүрхрээ хотхоны 22/2, 23/3, 23/4 тоотод байрлах 3 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 70 хувиар тооцож эхний дуудлага худалдааг явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх бөгөөд мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэсэнтэй нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2016 оноос хойш өөрийн санаачилгаар ямар ч төлбөр төлөөгүй, төлбөр төлөхөөс зайлсхийх, оршин суух хаягаа байнга өөрчлөх, дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй байх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж ирсэн. Нэхэмжлэгч Ж.Г- нь 2016 оноос хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд өөрийн санаачлагаар үл хөдлөх хөрөнгийг бусдад борлуулж төлбөрийг барагдуулах эсхүл бусад аргаар төлбөрийг барагдуулах боломж байсан хэдий ч өөрийн эрх ашгийг чухалчилж төлбөр төлөхгүй байх санаа зорилгыг агуулж ирсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс бусдад ялгавартай хандаж нэг талд давуу эрх олгоогүй нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас дуудлага худалдаа явуулах гэж 2 гаруй жилийн хугацаа болсон ба 2 дахь дуудлага худалдаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02133 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг баримтлан  Ж.Г-, Г..Ф ХХК нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 04-ний өдрийн 2034 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Агийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх хэт нэг талыг баримталж, үйл баримт болон нотлох баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан бусдад ялгавартай хандах, давуу эрх болгосноор эд хөрөнгийг үнэгүйдүүлж борлуулсан, Иргэний хуулийн 197.24-т заасан хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна гэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69.2-т заасны дагуу баримт авагдаагүй, хуульд бусаар явагдсан гэсэн үндэслэлийг гаргасан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийнхээ дагуу нотлоогүй, хэрэгт цугларсан баримт үндэслэл тогтоогдсонгүй” хэмээн шүүгч хариуцагч гуравдагч этгээдэд ашигтайгаар буруу үндэслэсэн байна. Учир нь нэхэмжлэгч тал хэргийн нотлох баримтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л нотлох баримтууд цугларсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн хэргийн ажиллагааг нотлох баримтаар авахад энэхүү баримтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр эүйлийн 69.2, 69.2.4, 69.2.5-д заасан нотлох баримт байхгүй бөгөөд энэхүү хуулинд заасан баримт бичгүүдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчид хүргүүлэлгүйгээр хуулинд заагдсан баримт бичиг бүрдэл дутуугаар дуудлага худалдааг явуулж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон талаар гомдол гаргасан мэтгэлцсэн юм. Гэтэл шүүгч нэг талыг барьж өөрөөр дүгнэсэн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 69 дүгээр зүйлийн 69.2, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г..Ф ХХК болон Ж.Г- нар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ, “...шинжээч анхны дуудлага худалдааны доод үнийг хэт багаар тогтоож үнэгүйдүүлсэн, ...хоёр дахь дуудлага худалдааны үнийг 50 хувиар бууруулсанд гомдолтой, ...дуудлага худалдаа явуулахдаа нэг талд давуу эрх олгосон, ...дуудлага худалдааны журам зөрчсөн...” гэснийг, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй  “...шинжээчийн үнэлгээний талаархи гомдлыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, ...анхны дуудлага худалдаанд худалдан авагч ирээгүй, ...хоёр дахь дуудлага худалдаа хуульд заасан журмаар явагдаж, хөрөнгүүдийг гуравдагч этгээд худалдан авсан...” гэж маргажээ.

Энэ хэрэгт НТ ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбар өгсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн боловч шаардлага гаргах хууль зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Ж.Г- болон Г..Ф ХХК-с 1.304.813.910 төгрөг гаргуулж, НТ ХХК-д олгох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01177 дугаар шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан биелүүлэх ажиллагаа явуулж, уг ажиллагааны явцад барьцааны зүйл болох Ж.Г-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 11 дүгээр хороо, Хүрхрээ 1-р гудамж, 22/2 тоот 290.74 м.кв, 23/3 тоот 312.8 м.кв, 23/4 тоот 290.74 м.кв талбай бүхий хувийн сууцуудыг битүүмжлэн хурааж, талууд үнийн талаар харилцан тохиролцоогүйгээс анхны дуудлага худалдааны доод үнийг шинжээчээр тогтоолгожээ. Уг шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур гэж үзэн нэхэмжлэгч Ж.Г- болон Г..Ф ХХК шүүхэд хандсан бөгөөд тэдний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Хан-Уул дүүргийн шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02051 дугаар  шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Дээрх хөрөнгүүд анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэх байгууллага хоёр дахь дуудлага худалдааг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр явуулахаар зарлан, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3/6 тоот тогтоол гаргасан бөгөөд уг дуудлага худалдааны санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь байхаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан “...хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно”, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т заасан “...анхны дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна”, 177.4-т заасан “хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тогтооно” гэснийг зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах бөгөөд тухайн дуудлага худалдааг энэ хууль болон Иргэний хуульд заасан журмын дагуу явуулна гэжээ.

Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулах бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Ж.Г- болон Г..Ф ХХК-ийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хоёр дахь дуудлага худалдааг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр явуулахаар зарлан, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3/6 тоот тогтоол гаргасан, уг тогтоолд хуульд заасан тусгавал зохих мэдээлэл бүрэн бичигдсэн  байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчид хүргүүлбэл зохих бичиг баримтыг хүргүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн болон хураасан тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн талаар улсын бүртгэлийн лавлагаа зэрэг авагдсан, хоёр дахь дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн 3/6 тоот тогтоолд эдгээрийн талаар дурдсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан журам зөрчигдсөн гэж үзэхгүй. Мөн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь Г..Ф ХХК-ийн барьж буй амины орон сууцны хотхонд байрлаж байгаа болох нь үнэлгээний тайланд тусгагдсан, газар барьцааны зүйл болоогүй, газрын эзэмших, ашиглах эрх эсхүл өмчлөх эрхийн талаархи мэдээллийг нэхэмжлэгч өөрөө гаргаагүй байна.

Дээр дурдснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан агуулга нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байх тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 04-ний өдрийн 2034 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02133 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “177.4” гэсний дараа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2” гэж нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Агийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Ж.Г- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ